Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 53

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар М.Номинчимэг,

улсын яллагч Н.Энхтуяа,

шүүгдэгч Г.Энхбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнхтөр /¹0340/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Гомбосүрэнгийн Энхбаярт холбогдох 201525031843 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 114 дүгээр байрны 4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2000 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2000 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 07 дугар сарын 11-нд хугацаа дуусч суллагдсан, 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 cap хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 cap 26 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж суллагдсан, ялтай байдал нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан заалтад хамаарч Эрүүгийн хуулийн 78 дугаар дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болгогдсон, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Гомбосүрэнгийн Энхбаяр /РД- ЖЮ73112971 /

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Г.Энхбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 09 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүчит шонхор" захын автомашины зогсоол дээр байсан 26-09 УБЯ улсын дугаартай "Портер" маркийн автомашины кабин дотроос 8000 төгрөгийн үнэтэй эмэгтэй гар цүнх 1 ширхэг, 3000 төгрөгийн үнэтэй түрийвч 1 ширхэг, 150.000 төгрөгийн үнэтэй U-970 загварын Жи-Мойбалын гар утас 1 ширхэг, нэг бүр нь 18.300 төгрөгийн үнэлгээтэй иргэний цахим үнэмлэх 2 ширхэг, бэлэн 470.000 төгрөг хулгайлж, Д.Отгонтуяад 667.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүү Анхбаяртай уулзахаар Хүчин шонхор зах явсан. Замдаа өмнө нь шоронд хамт байсан хоёр найзтайгаа тааралдаад хоёр шил архи уусан. Тэгээд би согтох гээд байхаар нь тэр хоёроос автобусны мөнгө асуухад байхгүй гэхээр нь хүүгээсээ унааны мөнгө авахаар явсан. Замдаа Портер машины дотор байсан эмэгтэй хүний цүнхийг авсан. Гэхдээ би өөрийнхөө буруу үйлдлийг ухаараад цүнхийг буцааж өгөхөөр уг машин руу явсан. Гэтэл өөдөөс нэг залуу ирж намайг барьж аваад цагдаа дуудсан гэв. 

Хохирогч Д.Отгонтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын эхээр мах зарах гэж Улаанбаатар хот руу явсан. Гэтэл манай нөхөр махаа тэргэн дээр тавиулаад хиллүүлэх гээд орохдоо намайг махаа хараарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө цүнхийг Портер машиныхаа суудлын арын нугас гэдэг юманд хоёр дээлэнд ороож тавьчихаад хүүхэд урд суудал дээр унтаж байхаар нь гартал нэг булган малгайтай хүн мах хулгайлах гээд зогсож байхлаар нь би тэр хүнийг цаашаа бай гэж түлхчихээд махныхаа хучлагыг янзлачихаад эргэтэл нөхөр миний цүнхийг барьчихсан нөгөө булган малгайтай залууг барьж аваад урдаас ирж байсан... Миний цүнхийг аваад явсан. Цүнхэн дотор түрийвч, дотор нь 470.000 төгрөг, гар утас, хоёр иргэний үнэмлэх тийм зүйлүүд байсан... манай хүүхэд унтаж байсан болохоор цоожлоогүй...Эд зүйлээ олоод авсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/

 

Гэрч Д.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: "... Би тэр өдөр эгчтэйгээ хамт Хүчит шонхор хүнсний зах дээр мах зарж байсан юм. Махаа хараад байж байтал хажуу талд мах зарж байсан дугаарыг нь сайн мэдэхгүй цэнхэр өнгийн портер машины хаалга онгойхоор нь хартал нэг эрэгтэй хүн уг машины кабин дотроос цүнхийг нь аваад хаалгыг нь аяархан хаагаад авсан цүнхээ урдаа бариад явсан юм. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод нөгөө эрэгтэйг барьж автал нөгөө хүн "энэ цүнх минийх" гэж хэлээд зугтаахаар нь би дахиж араас нь гүйгээд хувцаснаас нь сайн зуурч аваад байж байтал портер машин дээр мах зарж байсан эмэгтэйн нөхөр нь бололтой нэг хүн ирээд цүнхтэй эд зүйлээ мөн байна гэж хэлээд аваад цагдаад дуудлага өгсөн юм... огт танихгүй хүн хаалгыг нь онгойлгоод дотроос нь цүнх аваад явахаар нь хулгайч байна гэж шууд мэдсэн... тэр ах ганцаараа явж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20х/

Яллагдагч Г.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Хүчит шонхор захын хашаан дотор явж байхад жаахан согтуу явж байгаад 09.00 цагийн орчим байх зах дээр тэрэг түрдэг хүү Анхбаяртай уулзах гэж яваад портер маркийн машины суудал дээрээс эмэгтэй гар цүнхийг нь хулгайлан авсан. Тэгээд уг цүнхийг хулгайлан аваад явах гэж гэж байгаад^үл таних эрэггэй хүнд баригдсан...хулгай хийх үедээ нилээд согтолттой байсан …" гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/

 

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон комиссын дүгнэлт /хх-ийн 19х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Энхбаяр нь давтан үйлдлээр согтуугаар 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 09 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүчит шонхор" захын автомашины зогсоол дээр байсан 26-09 УБЯ улсын дугаартай "Портер" маркийн автомашины кабин дотроос 8000 төгрөгийн үнэтэй эмэгтэй гар цүнх 1 ширхэг, 3000 төгрөгийн үнэтэй түрийвч 1 ширхэг, 150.000 төгрөгийн үнэтэй U-970 загварын Жи-Мойбалын гар утас 1 ширхэг, нэг бүр нь 18.300 төгрөгийн үнэлгээтэй иргэний цахим үнэмлэх 2 ширхэг, бэлэн 470.000 төгрөг хулгайлж, Д.Отгонтуяад нийт 667.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-26х/, хохирогч Д.Отгонтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17х/, гэрч Д.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: "... Би тэр өдөр эгчтэйгээ хамт Хүчит шонхор хүнсний зах дээр мах зарж байсан юм. Махаа хараад байж байтал хажуу талд мах зарж байсан дугаарыг нь сайн мэдэхгүй цэнхэр өнгийн портер машины хаалга онгойхоор нь хартал нэг эрэгтэй хүн уг машины кабин дотроос цүнхийг нь аваад хаалгыг нь аяархан хаагаад авсан цүнхээ урдаа бариад явсан юм. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод нөгөө эрэгтэйг барьж автал нөгөө хүн "энэ цүнх минийх" гэж хэлээд зугтаахаар нь, ..." гэх мэдүүлэг /хх-ийн 20х/, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон комиссын дүгнэлт /хх-ийн 19х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Г.Энхбаярыг давтан үйлдлээр бусдын агуулах саванд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэх оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Г.Энхбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлсэн 1158 дугаартай шийтгэх тогтоол гарсаны дараа, өмнөх 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн дээрхи хулгайн гэмт хэргийг шийдвэрлэж байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт заасан журмыг баримтлан түүнд шүүх ял оногдуулав.

 

            Хохирогч Д.Отгонтуяа нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…эд зүйлээ олоод авсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэж /хх-ийн 17х/ мэдүүлж байх тул Г.Энхбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Г.Энхбаяр нь шүүхийн дуудсан цагт ирээгүй тул түүнийг шүүх хуралдаанд албадан ирүүлж, таслан сэргийлэх арга хэмжээг чангатгах тухай шүүгчийн захирамж 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гарсан боловч, тэрбээр 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн цагдан хоригдож эхэлсэн байх ба нийт 5 хоног цагдан хоригдсон байна.

 

Г.Энхбаярт ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын хэмжээ, шүүхээр удаа дараа шийтгүүлсэн хувийн байдал зэргийг нь харгалзан үзэв. Мөн шүүгдэгчийн хавтаст хэрэгт авагдсан эмнэлгийн картыг үндэслэн хувийн байдлын нь харгалзан түүнд оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэв. 

  

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297  298, 299 дүгээр зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овгийн Гомбосүрэнгийн Энхбаярыг давтан үйлдлээр, бусдын агуулах саванд нэвтэрч, эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт заасныг журамлан Г.Энхбаярт шүүхээс оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялд, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сар баривчлах ялыг хөнгөн ялыг хүндэд нь багтааж, мөн урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын бүрэн биечлэн эдлэсэн нийт 6 /зургаа/ сар баривчлах ялыг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тоолж, түүний нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сар хорих ялаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Энхбаярын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Г.Энхбаярын цагдан хоригдсон нийт 5 /тав/ хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд нь оруулж тооцсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Г.Энхбаяр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Г.Энхбаярын эдлэх ялын хугацааг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Энхбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ