Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2186

 

 

 

 

 

 

 

 

 

 СМ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01299 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч СМ ХХК-ийн хариуцагч СК ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 374 854 471 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн доголдол арилгах зардал болон учирсан хохиролд нийт 135 404 341 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалтын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, өмгөөлөгч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: СМ ХХК нь СК ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах 5 айлын таун хаус барилгын гадна фасад, цонх, хаалга, бусад өнгөлгөө гүйцэтгэлийн ажлыг 1 646 000 000 төгрөгөөр тооцож, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэн, хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 329 920 000 төгрөг буюу 20 хувийг гэрээ байгуулж, гарын үсэг зурсны дараа ажлын 13 хоногийн дотор манай дансанд шилжүүлэх байсан боловч санхүүжилт орж ирээгүй гэх шалтгаанаар олгоогүй. Манай компани 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс гэрээний дагуу ажлаа эхлүүлж, гадна болон ханын өнгөлгөө, дээвэр, гараашийн дулаалга, хучилтын цутгалт, өрлөг, довжоо, хаяавчны цутгалт, газар шорооны ажлуудыг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хийсэн боловч захиалагч талаас санхүүжилт олгогдоогүй, гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар бид ажлаа зогсоож, өөрсдөө манаач буулгаж, цалинжуулсан.

Захиалагч тал 2015 оны 01 сард 100 000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 186 000 000 төгрөг өгч гадна фасад, цонх, хаалга, гарааш, үүдний хаалгаа хийж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргачихвал худалдан борлогдох гээд байна гэж хэлсэн. Бид өмнө нь хийсэн ажлын гүйцэтгэлийн төлбөрөө төсвөөс хасахад материал авч хүрэхгүй байна, санхүүжилтээ нэм гэсэн боловч одоогоор нэмж өгөх санхүүжилт байхгүй, та нар өөрсдөө мөнгө гаргаад хийж бай, удахгүй БНСУ-аас мөнгө ирнэ гэсэн учраас түүнд итгэж хүлээн зөвшөөрсөн. 2015 оны 01, 02 сард хүйтний улирал байсан учраас ажил хийхэд зардал их гарсан. Бид 2015 оны 3 сарын сүүлээр өөрсдийн хөрөнгө оруулалтаар чулуун фасад, металл цонх, хаалга хийж дуусган, санхүүжилтээ шаардсан боловч мөнгө орж ирээгүй байна, ажлаа явуулж бай, удахгүй өгнө гэсэн тул бид материал авч чадахааргүй болсон.

Иймд гэрээнд заасны дагуу гүйцэтгэлийн ажлын төлбөрийг бүрэн төлөхийг шаардаж, 2015 оны 9 сард албан бичиг өгсөн боловч мөнгө хайж байна гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл мөнгө өгөөгүй. Мөн байр худалдан борлогдоогүй тул СК ХХК-иас гэрээний дагуу хийсэн ажлын үлдэгдэл төлбөр 247 854 471 төгрөг, алданги 100 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч "Сунханконстракшн" ХХК-ийн төлөөлөгч Ким Сунхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар барилгын ажил гүйцэтгэх 1490 тоот гэрээ байгуулагдсан. СК ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд 3 давхар таун хаус бариулахаар захиалга өгч, СМ ХХК-иар сууриас нь эхлэн карказ цутгуулсан. Дараа нь 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээгээр барилгын гадна, дотор засал, хамар ханыг нь өрөх, дээвэр, хаалга, цонх, сантехник, дулаан, цахилгаан гэх мэт иж бүрэн барилга бариулах гэрээг байгуулсан.

2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн барилга бариулах гэрээний 3 дугаар зүйлд зааснаар нийт гэрээний үнийг 1 646 000 000 төгрөг гэж тохиролцсон. Гэрээний үнийн дүнд материал, тээвэр, ажиллах хүч гэх мэт зардлууд багтсан. Гэрээнд гарын үсэг зурах үед гүйцэтгэгч тал буюу СМ ХХК-ийн зүгээс урьдчилсан тооцоогоор 1 646 000 000 төгрөгийн төсөвт өртөг гарч, барилга угсралтын ажлын явцад нарийвчилсан төсвөө гаргаж, 2 талаас батална гэж тохиролцсон. Энэ гэрээний дагуу барилгын гадна фасад, цонх, хаалга угсрах, шиллэх гэсэн ажлууд 2015 оны 01 сард хийгдэж эхэлсэн. Уг ажлыг хийлгэхэд захиалагчийн зүгээс 119 800 ам.доллар буюу 224 396 010 төгрөг өгсөн. Үүний зарцуулалтыг захиалагчийн зүгээс лавлахад гүйцэтгэгчийн зүгээс уг мөнгөөр гадна фасад болон цонхыг шиллэсэн гэсэн тайлбарыг өгсөн. Бодит байдалд цонх, хаалга дутуу суурилагдсан бөгөөд эхний ээлжинд мөнгөний зарцуулалтын тайлангаа өгсний дараа дараагийн санхүүжилтээ өгнө гэсэн. Ингээд гүйцэтгэгч нь захиалагч талаас өгсөн санхүүжилтийг хэрхэн, яаж зарцуулсан талаар болон хийсэн ажлаа танилцуулж, тайлангаа өгөөгүй. Улмаар талуудын хооронд маргаан үүссэн.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон нийт ажил хийгдээгүй бөгөөд 3 давхар барилгын гадна фасадын чулуун хавтан хийгдэж, цонхнууд шиллэгдсэн боловч зарим хэсэг нь дутуу байсан. Иймд захиалагчийн зүгээс хийгдсэн ажлынх нь тоо, хэмжээнд тохирох ажлын хөлсийг өгнө гэсэн байр суурьтай байна. СМ ХХК-иас Г.Сэрээжав төсөв зохиолгосон бөгөөд энэ төсвөөсөө хийсэн ажлуудаа түүж, 468 000 000 төгрөгийн ажил хийсэн ба үлдэгдэл нь 247 854 471 төгрөгийг нэхэмжилж байна. “Эрдэм түм” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 271 314 025 төгрөгийн ажил хийгдсэн гэж гаргасан. Харин Барилгын төсөвчдийн холбооноос 456 159 343 төгрөгийн ажил хийгдсэн гэсэн бол дээрх 2 шинжээчийн дүгнэлт нь хоорондоо 184 845 318 төгрөгийн зөрүүтэй гарсан.

Гэрээгээр тохиролцсон үнийн дүнг шууд ажлын хөлс гэж үзэх боломжгүй. Учир нь хийгдсэн ажлын тоо хэмжээ төсөвт өртгийг тодорхойлохоос өөр аргагүй. Хариуцагчийн зүгээс “Эрдэм түм” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. “Сунхан констракшн” ХХК-ийн хувьд 119 800 ам.доллар буюу 224 396 010 төгрөгийг барилгын ажлын санхүүжилтэд өгсөн тул шинжээч “Эрдэм түм” ХХК-ийн үнэлсэн 271 314 025 төгрөгөөс төлсөн 224 396 010 төгрөгийг хасахад 44 968 225 төгрөгийг төлөх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 44 968 225 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй ба алдангийг хэрхэн яаж бодож 100 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байх тул алдангийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: СМ ХХК-ийн нийт гүйцэтгэсэн бетон цутгалтаас тусдаа гадна, дотор засал, цонхны шил гэх мэт бусад ажлуудад 2 шинжээчийн дүгнэлтээр доголдол илэрсэн. Энэ доголдлыг засах ажлыг “Эрдэм түм” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 60 404 341 төгрөг гэж тогтоогдсон. Иймд гүйцэтгэсэн ажилд илэрсэн доголдлыг арилгах зардалд 60 404 341 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн шинжээчийн дүгнэлтээр “С” ХХК нь гадна фасад болон дээврийн дулаалгууд 6 см нимгэн хөөсөнцөрөөр дулаалсан гэж дүгнэгдсэн. Энэ нь Монгол Улсын барилгын норм, дүрэм, дулаан техникийн нөхцөлд хамгийн багадаа 20 см байх гэсэн шаардлагыг хангаагүй. Тухайн барилга нь Улаанбаатар хотын хамгийн хүйтэн хэсэгт байрладаг бөгөөд энэ нимгэн дулаалгатай байрыг халаахад дулааны зардал их гарна гэсэн тооцоог захиалагчийн зүгээс хийж байна. Өөрөөр хэлбэл дотор хананд нь хөөсөнцөр барьж гипсдэхээс өөр аргагүй болж байна. Иймээс барилгын м.кв нь 50 м.кв орчмоор багасах болж, барилгын 1 м.кв талбайн үнэ 1 500 000 төгрөг гэж тооцвол СК ХХК-д 75 000 000 төгрөгийн шууд хохирол учрахаар байна. Иймд СМ ХХК-иас нийт 135 404 341 төгрөгийг гаргуулж, манай компани ажил гүйцэтгэх гэрээгээ цуцалж байна гэжээ.

Нэхэмжлэгч СМ ХХК-ийн төлөөлөгч С.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Уг барилга баригдах явцад санхүүжилт байхгүйгээс болж заслын явцад барилгын ажил дуусаагүй болохоос биш доголдлын асуудал гараагүй. Мөн Улаанбаатар хотын аль нэг талд хэт хүйтэрдэг тул дулааны зардал өндөр гарч байна гэдэг тооцоо, судалгаа байдаггүй. Дулааны доголдлыг арилгаснаар барилгын ашигтай талбай 50 м.кв орчмоор багассан баримт хэрэгт байхгүй бөгөөд зах зээлийн дундаж ханшаар 1 500 000 төгрөг буюу 75 000 000 төгрөгийн шууд алдагдал, хохирол учирсан талаар нотлоогүй. Мөн гүйцэтгэсэн ажлын доголдлыг засах төсөвт “Эт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн дагуу 60 404 341 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд барилгын ажлын явцад ямар нэгэн жижиг доголдол гарч болдог, энэ нь барилгын ажилд засагдана. Захиалагч талын хүсэлтээр хүйтний улиралд ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд хийсэн ажлын доголдлыг хариуцах боломжгүй. Захиалагч тал хүсэлт гаргаж байж тансаг зэрэглэлийн таун хаус болгоно, заавал давхар хатаасан шилтэй цонх, байгалийн чулуугаар гадна фасадыг хийх шаардлагатай гэсэн учраас талууд харилцан тохиролцож барилгын төсөв нэмэгдсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгэнт захиалагч тал гэрээг цуцалж, хийсэн ажилд илэрсэн доголдлыг манай компаниар гүйцэтгүүлэхгүй гэж байгаа бол бидний хийсэн ажлын доголдлыг арилгах зардалд 60 404 341 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6, 238 дугаар зүйлийн 238.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 355.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч СК ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 287 450 130 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч "С" ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч СМ ХХК-иас төлсөн 1 897 223 төгрөгийг, хариуцагч СК ХХК-иас төлсөн 1 122 283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 287 311 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 дугаар данснаас буцаан олгож, хариуцагч СК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 437 251 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СМ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч СК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Учир нь Шүүхийн шинжилгээний тухай хууль зөрчиж дахин шинжилгээ хийлгэх тухай шүүгчийн захирамж биелэгдээгүй бөгөөд дахин шинжилгээ хийлгэхээр бүрэлдэхүүнтэй шинжээчийг томилсон. Шинжээчийн бүрэлдэхүүнд Барилгын төсөвчин үнэлгээчдийн холбоо (ийм нэртэй холбоо байхгүй), Барилгын инженерүүдийн холбоог хамтад нь оруулсан байх боловч шинжээчийн дүгнэлтийг Барилгын төсөвчдийн холбоо дангаар гаргасан. Энэ нь хэрэгт авагдсан дүгнэлт хүргүүлэх тухай албан тоот, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэргээс тодорхой харагдана.

Бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээ хийлгэхээр шүүхээс томилсон нөхцөлд шинжээчдийн бүрэлдэхүүн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 21, 22 дугаар зүйлд заасан журмын дагуу шинжилгээ хийж, шинжилгээний эцэст үр дүнгээ нэгтгэн гаргах ёстой. Гэтэл шинжээчийн бүрэлдэхүүн томилогдсон Барилгын инженерүүдийн холбооны санал дүгнэлт байхгүй байгаа нь бүрэлдэхүүнтэй шинжилгээ хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна. Мөн дан ганц Барилгын инженерүүдийн холбооны дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд тооцох боломжгүй. Түүнчлэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт зааснаар зохицуулсан. Харин 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд зөвхөн шинжээчдийн гарын үсэг зурж тамга, дарсан байгаа нь шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу баталгаажаагүй байна. Хуульд заасан журмын дагуу баталгаажаагүй шинжээчийн дүгнэлтийг шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Хэрэгт авагдсан баримтын дагуу Барилгын төсөвчдийн холбоо нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргах этгээдээр С.Э, Б.О нарыг томилсон. Ийнхүү томилогдсон шинжээчдээс Б.О-д хуульд заасны дагуу эрх, үүрэг тайлбарлаж, гарын үсэг зуруулсан. Харин шинжээч С.Э-т хуульд заасан журмын дагуу эрх, үүрэг тайлбарлаж, гарын үсэг зуруулаагүй байна. Гэтэл С.Э нь шинжээчийн дүгнэлтийн ихэнхи тооцооллыг хийж, дүгнэлтэд гарын үсэг зурсан этгээд юм. Шинжээч С.Э-т хууль сануулаагүй байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл болсон. Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хуульд заасан журмын дагуу шинжээчээр томилогдоогүй Т.Э гэгчийг шинжилгээ хийх үйл ажиллагаанд дур мэдэн татан оролцуулан шинжээчийн дүгнэлтийн 2 дахь нүүрийн 3 дахь догол мөрт "... материалуудын чанарын талаар маргаантай байгаа тул барилгын материалын итгэмжлэгдсэн сорилын лабораториор шинжлүүлж, дүгнэлт гаргуулах, мөн материалын чанарт мэргэжлийн хөндлөнгийн шинжээч ажиллуулах зүйтэй гэж үзсэн тул хөндлөнгийн шинжээчээр МУ-ын Зөвлөх инженер, стандартын ахлах шинжээч Т.Э ажилласан болно." гэсэн байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т зааснаар шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд гагцхүү мөрдөгч, прокурор, шүүгч, төрийн эрх бүхий байгууллага байхаар заасан бөгөөд шинжилгээ хийж буй шинжээч ордоггүй. Шинжээч нь дур мэдэн хөндлөнгийн өөр шинжээчийг томилж, ажиллуулах шаардлагатай гэж үзэж байгаа нь өөрт байхгүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Шинжээчээр томилогдсон этгээдийн тусгай мэдлэг нь дүгнэлт гаргахад хангалтгүй гэж үзвэл дүгнэлт гаргахаас татгалзах эрхтэй болохоос өөрийн мэдэхгүй асуудлаар дахин өөр шинжээчийг томилох ёсгүй. Хөндлөнгийн шинжээч гэх Т.Э (хууль сануулаагүй) нь дүгнэлт гаргахад оролцсон нь шинжээчийн дүгнэлт, дүгнэлтийн эцэст зурсан гарын үсэг зэргээр нотлогдож байна. Дурын этгээдийг шинжилгээний үйл явцад дур мэдэн татан оролцуулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмууд болон мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан "шинжээч" гэж зохих журмын дагуу томилогдсон этгээд байх гэсэн хуулийн шаардлагыг тус тус зөрчигдөхөд хүргэсэн байна. Мөн шинжээч нь дур мэдэн өөр шинжээчийг томилсон асуудал яригдаж байна.

Түүнчлэн Т.Э нь "СК" ХХК-ийн барилгын гадна талын чулуун хавтанг шинжилсэн эсэх нь эргэлзээтэй. Учир нь тухайн барилгаас дээж авч, Т.Э-д өгсөн эсэх нь тодорхойгүй, дээж авч сорьц өгөхдөө "СК" ХХК-ийн төлөөлөгчийг байлцуулж, акт үйлдээгүй, түүнд мэдэгдээгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтэд шууд үр дүнг тусгасан нь тун эргэлзээтэй дүгнэлт болсон. Шинжээч нь шинжилгээ хийхийн тулд өөрийн санаачилгаар баримт цуглуулж, хуулиар хориглосон үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Хэрэгт авагдсан "Шинжээчийн дүгнэлт"-д маргаан бүхий байрны гадна фасадын чулуу, дулаалгын хөөсөнцөр зэргийг итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлж, байгалийн чулуу мөн болохыг тогтоолгосон талаар тодорхой, ойлгомжтой тусгасан. Шинжээч нь маргаан бүхий байрнаас дур мэдэн дээж авч, чулуу болон хөөсөнцөр зэргийг лабораториор шинжлүүлэх ажиллагааг зохион байгуулж, шинжилгээний хариуг дүгнэлт гаргахдаа ашигласан. Холбогдох лабораторийн шинжилгээний дүн, хариу нь шинжээчийн дүгнэлтийн хавсралтаар авагдсан. Чулуун хавтаны лабораторийн шинжилгээг Барилга архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лабораторийн эрхлэгч Б.Ө, Д.Р нар хийсэн. Харин хөөсөнцөрийг Барилгын хөгжлийн төвийн барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн дарга Ж.Э, Г.Ц нар гаргасан. Томилогдсон шинжээчид нь эдгээр этгээдүүдийг шүүхийн шинжилгээний ажилд дур мэдэн татан оролцуулж, дүгнэлтийг нь ашигласан байх бөгөөд шинжилгээ хийсэн Б.Ө, Д.Р, Ж.Э, Г.Ц нарт хууль сануулаагүй ба хуульд заасан журмын дагуу чулуу, хөөсөнцөрийг шинжлүүлэхээр шүүхээс томилоогүй. Энэ үйл ажиллагаа нь шинжээч томилох эрх бүхий шүүгчийн шийдвэр (захирамж)-аас гадуур болж өрнөсөн байна. Мөн хэрэгт авагдаагүй БНХАУ-аас нийлүүлсэн материалуудын дагалдах бичиг баримтуудыг олж аван (хаанаас, хэнээс, яаж гэдэг нь тодорхой бус), баталгаат орчуулгаар орчуулуулж, дүгнэлтдээ ашигласан байх ба эдгээр баримтуудыг хаанаас, хэнд байхад, хэрхэн олж авсан нь тодорхойгүй байна. Баримтуудыг шүүхээр дамжуулан аваагүй. Шинжээч томилохоос өмнө эдгээр баримт хэрэгт авагдаагүй нь 2 хавтас бүхий хэргийн материалаас тодорхой харагдаж байна.

Шинжээч дээрх үйл ажиллагааг дур мэдэн хэрэгжүүлснээр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасныг зөрчсөн. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь эргэлзээгүй, бүрэн үнэлээгүй. Хэргийн 102-116 дугаар талд нэхэмжлэгч талын гаргаж өгсөн "УА" ХХК-ийн 5 айлын таун хаусийн барилгын гүйцэтгэлд хяналт хийсэн төсвийн тооцоолол, шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээч "Эт" ХХК-ийн гаргасан барилгын төсвийн тооцоолол /1хх-201-236 дугаар тал/, шүүгчийн захирамжаар дахин шинжилгээ хийхээр томилогдсон Барилгын төсөвчдийн холбооны гаргасан Барилгын төсвийн тооцоолол 2 дугаар хавтаст хэргийн 15-20 дугаар талд тусгагдсан бөгөөд түүнчлэн анх нэхэмжлэл гаргах үеийн нэхэмжлэгч талын төсвийн тооцоолол зэрэг нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Гэтэл шүүгч Барилгын төсөвчдийн холбооны гаргасан төсвийн тооцооллыг бусад тооцооллоос яагаад үндэслэлтэй гэж үзсэн, бусад тооцоолол нь яагаад буруу гэж дүгнэсэн зэргийг тайлбарлалгүйгээр шууд дараагийн шинжээчийн дүгнэлтийг үнэн гэж дүгнэж, түүний тооцооллоор шийдвэр гаргасан нь дээр дурдсан зохицуулалтыг зөрчсөн шийдвэр болсон. Монгол Улсын Дээд Шүүхийн 2008, 2014 оны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шинжээчийн дүгнэлтийн зөвлөмжийн 3.2-т “Шүүх шийдвэр гаргахдаа шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон тохиолдолд хэрэгт авагдсан бусад нотлох баримт нь шинжээчийн дүгнэлтээр хэрхэн үгүйсгэгдэж байгаа болон хэргийн шийдвэрлэлтэд хэрхэн нөлөөлж байгаа үндэслэлийг тодорхой зааж өгөх ёстой бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг анхан шатны шүүх хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй болно” гэж заасан.

Мөн ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан эсэх талаарх дүгнэлтийг өгөөгүй. Нэхэмжлэгчээс барилгын ажлыг гүйцэтгэхэд гарсан зардал, ажлын хөлсийг бүхэлд нь гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл барилгын ажил бүрэн хийгдэж дуусаагүй болох нь шинжээчийн дүгнэлтүүд, мөн талуудын тайлбар зэргээр нотлогдож байна. Нэхэмжлэгч хийж гүйцэтгэвэл зохих ажлаа бүхэлд нь хийгээгүй, ажлын эцсийн үр дүнг хүлээлгэж өгөөгүй атлаа ажлын хөлс, зардлаа шаардсан нь нэхэмжлэгч талаас “гэрээг цуцалсан эсэх тухай” асуудлыг тодруулахад хүрч байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ цуцлах талаар тусгаагүй ба ажлын эцсийн үр дүнг хуульд заасны дагуу хүлээлгэн өгч акт үйлдээгүй. Энэ нөхцөлд ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан эсэх талаар ямар нэг дүгнэлт өгөлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь буруу байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барилгын материал худалдаж авсан тухай санхүүгийн анхан шатны баримтууд хэрэгт авагдаагүй байхад шүүх эдгээр баримтыг гаргуулаагүй. Хэрэгт маш олон хуудас нотлох баримтын шаардлага хангаагүй, хоёр талын гарын үсэг, тамгагүй мэдээ, мэдээллийн шинж чанартай баримтууд авагдсан бөгөөд үүнээс дүн шинжилгээ хийж, хэргийн үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Шинжээч мөн адил нотлох баримтын шаардлага хангасан баримт байхгүй байхад юунд үндэслэж дүгнэлтээ гаргасан тодорхойгүй. Энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч нэхэмжлэгчээс барилгын материалын анхан шатны баримтуудыг гаргуулаагүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон дахин шинжилгээ, түүний үр дүнд гарсан "шинжээчийн дүгнэлт" зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хуульд заасан журмын шаардлага хангаагүй байх тул эдгээр нь нотлох чадвараа алдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна.

Нэхэмжлэгч СМ ХХК, хариуцагч СК ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 374 854 471 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гүйцэтгэсэн ажлын доголдол арилгах зардал болон хохиролд нийт 135 404 341 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилжээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талууд гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргаагүй, харин барилгын ажлын чанар, гүйцэтгэлийн хувь хэмжээ, гүйцэтгэсэн ажлын үнэлгээний талаар маргаж, хэн аль нь маргаж буй асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан байна. 

Шүүх талуудын хүсэлтийг үндэслэн Барилгын төсөвчин үнэлгээчдийн холбоо болон Барилгын инженерүүдийн холбоог шинжээчээр томилон дүгнэлт гаргуулж, уг дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ. /хх-5-7,128 дугаар тал/

Шинжээчийн дүгнэлт гаргасан дээрх байгууллагууд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар “... шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийгдэх” зохицуулалтад хамаарч байхад анхан шатны шүүх мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 13, 14 дүгээр зүйлд заасан эрх үүрэг тайлбарлах, хууль сануулах, ашиг сонирхлын зөрчлийн талаар тодруулах зэрэг ажиллагааг хийсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Тодруулбал, шүүхээс хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасны дагуу шинж ээч Т.Энхтуулд эрх, үүргийг тайлбарлаагүй байх тул шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг хуульд заасан шаардлага хангасан баримт гэж үзэхгүй учир шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ. /хх-12-13, 20, 74-75 дугаар тал/

Түүнчлэн мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу шүүгч Ж.С-д хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан иргэний хэргийг ямар үндэслэлээр шүүгч Д.Э-т хуваарилагдсан талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй байгааг анхаарах нь зүйтэй.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн үндэслэлийг нотолсон агуулга нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдээгүй, зөрүүтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлөөс шалтгаалан талуудын хооронд үүссэн маргаан, хэргийн нөхцөл байдал, нотлох баримтаар тогтоогдож буй үйл баримт зэрэгт эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01299 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 970 210 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  

                        ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                   

                                                                                    Ч.ЦЭНД