Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2016/0592/З/ |
Дугаар | 39 |
Огноо | 2017-02-06 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 39
“Есөн талст оргил констракшн” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 625 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 767 дугаар магадлалтай, “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 625 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1.10, 33 дугаар зүйлийн 33.2.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 43 дугаар зүйлийн 43.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн “Нийлүүлэгч “Аврасиа” ХХК болон “Ньюхеритаж” ХХК-иудын НӨАТ-ын падаантай холбоотой 242.675.293,1 төгрөгийн НӨАТ-ыг хасч өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, худалдан авагч “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн НӨАТ-ын тайланд уг дүнгээр хасалт хийж залруулахыг дүүргийн татварын хэлтсийн даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 767 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 625 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх магадлалыг гаргахдаа хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. ...Татварын албаны зүгээс шүүхийн тодорхой шийдвэргүйгээр цахим тайлангийн системд засвар оруулах нь техникийн талаасаа боломжгүй байгаагаа албан тоотоор, түүнчлэн шүүх хуралдаан дээр хүртэл тайлбарласан байтал анхан шатны шүүх үүнийг огт анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн.
Татварын алба нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааныг хууль бусаар ашиглан улсын төсөвт төлөгдөх албан татварыг бууруулсан үйлдэлд холбогдох падааны тайлагналтын жагсаалт гэгчийг татвар төлөгчид цахимаар ирүүлж, эдгээр падааны тайлагналтыг залруулахыг мэдэгдэн, айлгаж, шахаж шаардсаны дагуу татвар төлөгч тайландаа залруулга хийж хүргүүлсэн байтал анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд ““мэдэгдэх хуудас” нь татварын хяналт шалгалтын явцад тогтоосон татварын актад үндэслээгүй, харин нэхэмжлэгчийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээ нэмэгдүүлэн тайландаа залруулга хийж, төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайландаа тусгасныг үндэслэсэн болно” гэж дүгнэсэн нь огт ойлгомжгүй юм. Үүнийг давж заалдах шатны шүүх мөн анхаарсангүй.
Татварын алба нь анх цагдаагийн байгууллагаас ирүүлсэн, шүүхээр хэн гэм буруутай болох нь эцэслэн тогтоогдоогүй мэдээллийг үндэслэн залруулга хийхийг татвар төлөгчдөөс шаардсан байдаг ба “Есөн талст оргил констракшн” ХХК-д бараа худалдсан “Аврасиа” болон “Ньюхэритаж” нэртэй 2 компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг ашиглан улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон Дашдондог овогтой Хишигдэлгэр гэдэг хүн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 199 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн тул энд “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн албан тушаалтнууд буруугүй болох нь нэгэнт тогтоогдсон.
Нийлүүлэгч компани нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуулийн дагуу хэрэглэж буй эсэхийг шалгах нь худалдан авагчийн бус харин татварын байгууллагын үүрэг, худалдан авагчийн зүгээс нийлүүлэгчийн тамга, гарын үсэгтэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг тайландаа оруулж, харьяа Татварын албаар баталгаажуулж, нягтлан бодох бүртгэлийн журнал бичилтүүдийг холбогдох хууль журмын дагуу хийж байсан билээ.
Давж заалдах шатны шүүх магадлалынхаа “хянавал” хэсэгт “нэхэмжлэгч нь “Аврасиа” ХХК, “Ньюхэритаж” ХХК компаниудаас бодитоор худалдан авалт хийснээ нотлоогүй, харин нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хий бичүүлж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон” гэж огт үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэлээ. Манай тохиолдолд Татварын алба хяналт шалгалт хийж акт тогтоосон бус нэхэмжлэгчийн албан тушаалтнууд эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаагүй, зөвхөн цагдаагийн бичгээр Татварын алба айлган дарамталж, өөрийнх нь хүсэл зоригоос гадуур албадан залруулга хийлгэсэн юм. Үүнийгээ ч удаа дараагийн шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч байсан.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтуудыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хянавал:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч “Есөн талст оргил констракшн” ХХК нь “...“нийлүүлэгч Аврасиа” болон “Ньюхэритаж” ХХК-иудын хий бичилттэй НӨАТ-ын падаантай холбоотой 242675.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч өгөхгүй байгаа татварын албаны эс үйлдэхүйг тогтоож, худалдан авагч “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн НӨАТ-ын тайланг уг дүнгээр хасалт хийж залруулахыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэлийг “...татварын албанаас шахаж шаардсанаар НӨАТ-ын тайландаа залруулга хийсэн, нийлүүлэгч компани нь НӨАТ-ын хий бичилттэй падаан ашигласанд манай компани буруугүй нь зохих этгээдэд ял шийтгэл ногдуулсан шүүхийн тогтоолоор тогтоогдсон, шүүхийн шийдвэрийг биелүүлж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулж, шинэ акт гаргаагүй” гэх үндэслэлээр гаргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, татварын цахим тайлангийн системээр “Есөн талст оргил констракшн” ХХК-ийн захирал Д.Нямаад “нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааныг хууль бусаар ашиглан улсын төсөвт төлөгдөх албан татварыг бууруулсан үйлдэлд холбогдох падааны тайлагналтын жагсаалт” гэх баримтыг хүргүүлж, энэ жагсаалтад орсон падаануудын тайлагналтыг 2014 оны 4 дүгээр сарын НӨАТ-ын тайлангаар залруулах, залруулж тайлагнаагүй тохиолдолд эрүүгийн хариуцлагад татагдаж болзошгүйг анхааруулсны дагуу нэхэмжлэгч нь уг жагсаалт дахь “Аврасиа” болон “Ньюхэритаж” компанийн 2013 оны 17 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг НӨАТ-ын тайлангаасаа хасч, эдгээрт холбогдох нэмэгдсэн өртгийн албан татвар 242675.2 мянган төгрөгөөр төлөх татварын дүнгээ нэмж 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр тайлангаа залруулсан байна.
Залруулгын дараа “хий бичилттэй” падаанд холбогдох дүнгээр буюу 242675.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр үүссэн ба нийт 388499.3 мянган төгрөгийн татварын өр төлөхийг Чингэлтэй дүүргийн Татварын албаны 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 35201527227 дугаар мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгчээс шаардсан, нэхэмжлэгч нь өөрийн хийсэн залруулгаа “учир холбогдлыг мэдэлгүй, өөрийн хүсэл зоригоор бус шахаж шаардсаны дагуу хийсэн” гэх үндэслэлээр 242675.2 мянган төгрөгийн НӨАТ-ыг хасч өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, тайланд залруулга хийхийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 758 дугаар шийдвэрээр “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэж, уг мэдэгдэх хуудсыг түдгэлзүүлсэн, хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын алба нь мөн дүн бүхий 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 160525888 дугаар мэдэгдэх хуудсыг дахин бичиж шүүхийн уг шийдвэрийг биелүүлжээ.
Үүний зэрэгцээ нэхэмжлэгч нь 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдахаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын 4,950,000,000.0 төгрөгийн орлогоо шинээр тайлагнасан ба “хий бичилттэй” падаанд холбогдуулан дээрх 2 компанийн зохих этгээд нь эрүүгийн хариуцлага хүлээсэн талаар маргаагүй байна.
Эндээс үзвэл, бэлтгэн нийлүүлэгч “Аврасиа”, “Ньюхэритаж” ХХК-ийн бичсэн 17 ширхэг падааныг “хий бичилттэй”-г мөрдөн байцаалтын шатанд тогтоосныг үндэслэн Татварын албанаас тус падаануудад холбоотой худалдан авалт, уг худалдан авалтанд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа “залруулах”-ыг нэхэмжлэгчид мэдэгдсэн нь Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Татварын алба, татварын улсын байцаагч хуульд заасны дагуу татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх, татварын ногдлыг тодорхойлох, татвар төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбоотойгоос бусад асуудлаар татвар төлөгчийн үйл ажиллагаанд оролцохыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Нөгөө талаар нэхэмжлэгч нь “залруулах” уг шаардлагыг хууль бус гэж үзсэн бол Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8-д “татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг татварын алба, татварын улсын байцаагчаас шаардах,...”, 17.1.9-д “татварын алба, татварын улсын байцаагчийн хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаар гомдлоо түүнийг шууд захирдаг болон дээд шатны албан тушаалтанд, түүнчлэн шүүхэд гаргах...” гэж заасны дагуу “эрхээ” хэрэгжүүлээгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй, бодит байдал дээр “залруулга” хийснээр “татварын өртэй болсон”-той маргаж байгаа нь тогтоогджээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь “Аврасиа”, “Ньюхэритаж” компаниудын 17 ширхэг падаанд тусгагдсан “худалдан авалт, үүнд ногдох НӨАТ”-ыг “бодитойгоор хийгдсэн худалдан авалт болох, үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн талаарх баримт гаргаж маргаагүй, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр тайлан гаргасан зэргээс үзвэл “залруулга”-ын улмаас төлөх ёстой болсон 242675.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг “хасч тооцохгүй байгаа” гэх хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль ёсных гэж үзнэ.
Дээрх байдалд үндэслэн дүгнэвэл, “залруулга” хийлгэх тухай хариуцагч Татварын албаны шаардлага нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, уг залруулгаар “тайланд”-аа төлөхөөр тусгасан нэмэгдсэн өртгийн албан татвараас нэхэмжлэгчийг чөлөөлөх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих Татварын ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, “эс үйлдэхүй” нь хууль бус болох нь тогтоогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 625 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 767 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ