Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0468

 

“Мэргэван” ХХК, “Сод Монгол Групп” ХХК-иудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганболд нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 223 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Мэргэван” ХХК, “Сод Монгол Групп” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Нарангэрэл, улсын байцаагч Б.Итгэлбат, О.Сайханзаяа нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 223 дугаар шийдвэрээр Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.5, 9.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/20 дугаар дүгнэлт, мөн өдрийн 5/71, 5/72 дугаар албан шаардлагууд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Д.Нарангэрэлийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0000003, 0000004 дугаар шийтгэврүүдийг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Шийдвэрийн үндэслэх хэсгийн нэг дэх заалтын "Мэргэван" ХХК-нд холбогдох хэсэгт хийсэн дүгнэлтийг эс зөвшөөрч байна.

Энэ хэсэгт шүүх Өрсөлдөөний тухай хуулийг буруу тайлбарласан байна. Өрсөлдөөний тухай хуульд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг давамгай байдлаа буруугаар ашиглан ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь давамгай байдлаа буруугаар ашиглан "... зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзахыг..." хориглосон байна.

Гэтэл шүүгч дүгнэлт хийхдээ бусад аж ахуй нэгжийн өрсөлдөөнийг хязгаарлаагүй байна гэж дүгнэсэн байна. Тухайн үед агаарын тээврийн хөлөг сумлах үйлчилгээний зах зээлд "Мэргэван" ХХК ганцаараа үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ байдлаа буруугаар ашиглаж хэрэглэгчийг хясан боогдуулах үйл ажиллагаа явуулсан байтал шүүгч буруу дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл "Мэргэвэн" ХХК-д өрсөлдөгч байхгүй байсан тул бусад өрсөлдөгчийн үйл ажиллагаанд саад учруулах тухай ойлголтыг авч үзэх нь учир дутагдалтай байна.

Дараах нотлох баримт болон хавтас хэрэгт авагдсан агаарын хөлөг сумлах гэрээнээс ялгавартай үнээр шатахуун борлуулж байсан нь харагдаж байна. "Мэргэван" ХХК-иас шатахуунаа аж ахуй нэгжүүдэд ялгавартай үнээр борлуулж байсан талаараа ирүүлсэн.

2015 оны эхний улирлын байдлаас харахад "Мэргэван" ХХК нь ЗХ 303 дугаар анги, "Томас Эйр" ХХК-тай агаарын хөлөгт нийлүүлэх 1 тонн шатахууны үнийг 2376 мянган төгрөгөөр, "Аэромонголиа" ХХК-тай 2872 мянга 800 төгрөгөөр гэрээ хийсэн байна. Эдгээр хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй, бичмэл нотлох баримтад тулгуурлалгүй нэхэмжлэгч талын зөрүүтэй аман тайлбарыг бодитой мэтээр шүүх дүгнэсэн нь хэргийг тал бүрээс нь бодитой авч үзээгүй байна.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь заалтын улсын байцаагчийн 5/71 дугаартай албан шаардлагатай холбогдох дүгнэлтийг эс зөвшөөрч байна.

Улсын байцаагчид 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 5/20 дугаар дүгнэлт, 5/71 дүгээр албан шаардлагыг гаргаж, тухайн өдөр нь "Мэргэван" ХХК-д хүргүүлсэн бөгөөд эдгээр шийдвэрийг захиргааны хэрэг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хүчингүй болгуулахаар 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хандсан бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаа өнгөрсөн байсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн асуудлаар шүүх дүгнэлт хийгээгүй.

Энэхүү давж заалдах гомдлын 1 дүгээр хэсэгт заасан үндэслэлээр "Мэргэван" ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг зөрчсөн тул улсын байцаагчийн албан шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй гарсан болно. Мөн маргаан бүхий захиргааны актыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д "захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай" гэж дүгнэсэн бөгөөд актын аль хэсэг нь утга агуулгын алдаатай гэдэг нь тодорхойгүй байна.

Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн нэгдүгээр заалтын "улсын байцаагчийн 5/20 дүгнэлтийн "Мэргэван" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсгийг эс зөвшөөрч байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. Мөн Улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 5/71 дугаартай "Мэргэван" ХХК-д холбогдох албан шаардлагыг хэвээр үлдээж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэлийг хангасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/20 дугаар дүгнэлт, 5/71, 5/72 дугаар албан шаардлагаар харилцан хамаарал бүхий “Сод Монгол Групп” ХХК, “Мэргэван” ХХК-ниудыг гэрээний үнийг ам.доллараар хийж байгаа нь Төлбөр тооцоо, үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн, мөн онгоцны шатахууны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзэж, онгоцны шатахуун нийлүүлэх, дамжуулан хадгалахдаа ялгавартай үнээр гэрээ хийдэг, эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5-д заасныг зөрчсөн гэж тус тус дүгнэн, уг зөрчлөө арилгахыг шаарджээ.

Шүүх хариуцагчийг удирдамжид заагаагүй үндэслэлээр шалгасан гэж үзэж, уг дүгнэлтийг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Шалгалтын удирдамжид “... бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, нийлүүлэлтийн байдлыг судлан шалгахаар заасан бөгөөд энэ хүрээнд нэхэмжлэгч компаниудыг ялгаатай үнээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж байгааг тогтоосон байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7-д зааснаар “акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байсан” гэж үзэхээргүй байна.

Мөн нэхэмжлэгчээс ялгавартай үнээр гэрээ хийдэг үндэслэлээ “... ууршилт бохирдлоос шалтгаалах битүүмж бүхий хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт зэрэг нь тодорхой технологийн дагуу өртөг зардал шаардахаас гадна хэзээ хаана, ямар нөхцөлд ямар байдлаар хүлээлцэх зэрэгт хамаарах үе шат, дамжлага бүхий үйл ажиллагаа нь тодорхойлогдож үнэ ялгавартай тогтоогддог гэсэн нэхэмжлэгчийн тайлбартай холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй атлаа уг тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэн, хариуцагчийг энэ талаар ямар нэгэн баримт материалд үндэслэж дүгнэлт гаргаагүй зөвхөн гэрээний үнэнд үндэслэн дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь хариуцагч нь онгоцны шатахуун хэрэглэгч “Аэро Монголия” ХХК болон “Блу Скай Авиэйшн” ХХК-ийн хүсэлтийн дагуу шалгаж, нэхэмжлэгч “Мэргэван” ХХК-ийг “МИАТ” ТӨХК, Зэвсэгт хүчний 303 дугаар анги, нэр бүхий компаниудтай ялгавартай үнээр хийгдсэн гэрээнүүдийн хуулбарыг ирүүлсэн байх бөгөөд тухайн компани тус бүртэй ямар шалтгаанаар ялгавартай үнээр гэрээ хийсэн, хилийн үнэ болон бусад хүчин зүйл нөлөөлсөн эсэхийг шалгасны үндсэн дээр нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй эсэх, маргаан бүхий акт хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхээр байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн аман тайлбарыг бодитой мэтээр дүгнэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлтээр зөрчил гаргасан болохыг тогтоосон учраас уг зөрчлийг арилгахыг шаардаж, гаргасан зөрчилд нь арга хэмжээ авах бүрэн эрхийг Өрсөлдөөний тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар улсын байцаагчид олгосон байх тул “утга агуулгын илэрхий алдаатай, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүх улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг гаргах “эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж дүгнэсэнтэйгээ холбоотойгоор дээрх байдлаар дүгнэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иймд маргаан бүхий актуудыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул дээр дурдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч компаниуд нь “давамгай байдалтай аж ахуйн нэгжид хамаарах эсэхтэй холбоотой баримтуудыг бүрэн цуглуулж, маргаан бүхий актыг хууль бус эсэх, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 223 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.МӨНХТУЯА         

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ