Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 180

 

Г.Сэрээнэндоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор М.Буяннэмэх,

Шүүгдэгч Г.Сэрээнэндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Одгэрэл,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Цогтбаатар

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 329 дүгээр магадлалтай 201526020178 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Сэрээнэндорж, түүний өмгөөлөгч Ө.Одгэрэл, иргэний хариуцагч Д.Цогтбаатар, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Түвдэн овогт Гомбосүрэнгийн Сэрээнэндорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Сэрээнэндоржийг Улаанбаатар Төмөр Зам Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгийн даргаар ажиллаж байхдаа албан үүргийн хувьд хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас Улаанбаатар Төмөр Зам Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сэрээнэндоржийг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 /хоёр/ жил хүртэл хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Г.Сэрээнэндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2-т зааснаар оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 02 жил хүртэл хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч “Арвижих групп” ХХК-ийн захирал Д.Цогтбаатараас 228,400,000 төгрөг гаргуулж Улаанбаатар Төмөр Зам Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгт олгохоор, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Сэрээнэндорж нь 3 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын: “…тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 02 /хоёр/ жил хүртэл хугацаагаар хасч” гэснийг “…тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 02 /хоёр/ жил хасч…” гэж,  4 дэх заалтын: “…иргэний хариуцагч “Арвижих групп” ХХК-ийн захирал Д.Цогтбаатараас…” гэснийг “…иргэний хариуцагч “Арвижих групп” ХХК-аас...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Сэрээнэндорж, түүний өмгөөлөгч Ө.Одгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч Ө.Одгэрэл, А.Зүмбэрэл нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Сэрээнэндорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэхдээ УБТЗ-ын Хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг дагаж мөрдөх хэдий ч манай байгууллагын онцлог, тусгайлан уламжлал болгон мөрдөж ирсэн дүрэм, журмыг шат шатны шүүхээс цагаатгах талын нотлох баримтуудаар огт үнэлээгүйд гомдолтой байна. Түүнчлэн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай” хуулиас хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна. Төмөр зам нь ОХУ-ын стандартаар баригдсан тул манайд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг Монголд үйлдвэрлэдэггүй, Монголд нээлттэй тендер зарлаад ч өрсөлдөх буюу бэлтгэн нийлүүлэх иргэн, аж ахуй нэгж байгууллага огт байдаггүй тул ихэвчлэн нээлттэй тендер зарлах шаардлагагүйгээр ОХУ-аас тоног, төхөөрөмжөө, төсвийн мөнгө болон олон улсын зээл, санхүүгийн тусламжтайгаар хөдлөх бүрэлдэхүүн болох вагон, зүтгүүрийг хязгаарлагдмал тендер болон шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэн худалдан авдаг уламжлал тогтож хэвшсэн юм. УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан миний бие нь улсын төсвийн ерөнхийлөн захирагч биш бөгөөд Нийгэмлэгийн дүрэмд заасан байгууллагын даргын эрх үүргийн хэм хэмжээг хэтрүүлээгүй зохих дүрэм, журмын дагуу гүйцэтгэж хамтын шийдвэрийн үндсэн дээр 2013 оны 06 дугаар сарын 11 -ны өдөр “Арвижих групп” ХХК-тай ОХУ-д үйлдвэрлэсэн, ТГМ 23В загварын сэлгээний илчит тэргийг 816 000 000 төгрөгөөр худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. 2013 оны төлөвлөгөөнд ТГМ загварын илчит тэргийг худалдаж авахаар төлөвлөгдөж уг илчит тэргийг 816.000.000 төгрөгт багтааж авах талаар тусгагдсан байсан юм. ТГМ загварын сэлгээний илчит тэргийг олон газар үйлдвэрлэдэггүй, тусгай зориулалтын болон олон нийтийн хэрэгцээнд ашигладаггүй тул Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооноос өгсөн үүрэг, урьдчилан төсөвлөгдөн батлагдсан үнийн дүнд нийцүүлэн 2013 онд багтаан худалдаж авах нь байгууллагын удирдлага миний үүрэг гэж ойлгож цохолт хийсэн нь тухайн төлөвлөсөн ажлыг гүйцэтгэж байсантай холбоотой болохоос албан тушаалаа хэтрүүлсэн, урвуулсан асуудал биш юм. Сэлгээний илчит тэргийг худалдан авахдаа үнийг нь би дангаараа шийдвэрлээгүй, тусгай комиссоор хэлэлцэж 3-н компаниас ирүүлсэн үнийг харьцуулж үзсэний үндсэн дээр хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Арвижих групп” ХХК-ийг сонгон шалгаруулж худалдан авалтыг хийх болсон. Тухайн үед өөр Монгол компаниас ямар нэгэн үнийн санал ирүүлээгүй байсан ба ОХУ-ын 2 компаниас үнийн санал рублиэр ирүүлсэн байсан ба тэдгээрийн үнийн санал нь манай батлагдсан төлөвлөгөөний үнийн дүнгээс өндөр үнэтэй байсан тул сонгон шалгаруулаагүй.

Бид худалдан авалтыг хийхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 33 дугаар зүйлийн дагуу харьцуулалтын аргыг сонгож, байгууллагын үнийн комиссоор хэлэлцэн шийдвэрлэсэн асуудал юм. Бидний худалдаж авсан ТГМ сэлгээний илчит тэрэг 2013 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл нэг ч удаа засвар, үйлчилгээнд ороогүй, үр ашигтай ажиллаж байгаа билээ. ТГМ24Б загварын илчит тэрэг нь 1520 мм-ын цариг дээр явдаг, зөвхөн ОХУ-аас худалдан авах боломжтой, зүтгүүр, вагон шиг түгээмэл хэрэглэгддэг техник биш ба байгууллагын хашаанаас гадагш тээвэр, үйлчилгээ хийдэггүй, манай улсын хэмжээнд УБТЗ-д 2 ширхэг л байдаг, нарийн ховор, түгээмэл биш бараа, техник бөгөөд энэхүү ТГМ тэрэгний суурь рамаас бусад эд, анги нь 2012 онд үйлдвэрлэгдсэн шинэ мотор, хөдөлгүүр гэдгийг гэрч, шинжээч нар мэдүүлсэн байдаг. Улсын яллагч ТГМ загварын илчит тэргийг хугацаа дууссан 1987 онд үйлдвэрлэгдсэн гэж байгаа хэдий ч түүнийг дахин шинээр үйлдвэрлэхээ больсон, ТГМ загварын илчит тэрэгт зөвхөн модернизац хийж хөрш залгаа хамтрагч орнуудад ОХУ-аас нийлүүлдэг болоод удаж байгаа юм. Миний гэм буруутайг нотолсон ба яллах дүгнэлтэд яллах нотлох баримт болгон дурдаж байгаа гэрч Х.Итгэлт, М.Энхболд, Б.Азжаргал, О.Энхжаргал, Б.Түвшинтөр, Л.Болд, С.Наранбат, Ш.Жамьяангарав нарын мэдүүлгүүд нь зөвхөн “Арвижих групп” ХХК-иас худалдаж авсан ТГМ загварын илчит тэрэгний техникийн байдал, худалдаж авснаас хойш ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллаж манай байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа талаар мэдүүлсэн байх бөгөөд харин миний гэм буруугийн талаар мэдүүлээгүй байхад яллах нотлох баримтаар үнэлж ирсэнд гомдолтой байна. Намайг Тендерийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар нээлттэй тендер зарлаагүй гэж буруутгаж байгаа бөгөөд ТГМ загварын илчит тэргийг худалдаж авахад энэ заалтын дагуу нээлттэй тендер зарлах ямар ч боломжгүй, олон нийтийн түгээмэл бараа, бүтээгдэхүүн биш, тусгай зориулалтын үйлдвэрээс хасагдсан, зөвхөн захиалгаар үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүн байсан. Тендерийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэжээ. Гэтэл босго үнийг Сангийн яамнаас тогтоох ба манай байгууллага төсвөөс санхүүжилт авдаггүй тул УБТЗ-ын ХНН-ийн худалдан авах бараа, бүтээгдэхүүнд босго үнийг төрийн эрх бүхий байгууллагаас тогтоодоггүй юм. Харин уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар гэрээ шууд байгуулах аргаар мөн хуулийн 34.1.2, 34.1.3-т заасан заалтуудыг үндэслэн худалдан авалт хийсэн нь нотлогдож байгаа юм. “Итгэлт-Эстимэйт” ХХК -иас гаргасан буюу илчит тэрэгний үнэлгээг хийсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Бидний худалдаж авсан ТГМ загварын илчит тэрэгний зөвхөн суурь рамыг хугацаа дууссан бусад гол эд анги болох мотор, хөдөлгүүр бусад эд анги нь шинэ барааг хугацаа дууссан, хуучин илчит тэрэг нийлүүлсэн гэж яллаж байгаа нь учир дутагдалтай юм. 2016 оны 09 дүгээр сард Л.Пүрэвбаатарын, 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Д.Жигжиднямаа, тэдгээрийн өмгөөлөгч нар хохирлын талаар мөрдөн байцаагчид гаргасан тайлбар, албан бичгийг мөрдөн байцаагч, уг хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор, анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. УБТЗ-ын ХНН-д энэ ТГМ загварын илчит тэргийг худалдан авснаар бодит хохирол үүсээгүй байхад “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн ТГМ загварын илчит тэргийг үнэлсэн үндэслэлгүй үнэлгээг үндэслэн ТЗ-д хохирол учруулсан гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм. Иймд Г.Сэрээнэндорж намайг УБТЗ-ын Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан үүргийн хувьд хууль, тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлж модернизац хийгдсэн ТГМ загварын илчит тэргийг нээлттэй тендер зарлан явуулахгүйгээр худалдаж авсны улмаас УБТЗ-ын Хувь нийлүүлэх нийгэмлэгт онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож намайг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 47 дугаар зүйлийн 47.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1 заасан заалтуудыг зөрчөөгүй болохыг тогтоож, надад холбогдуулан үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Иргэний хариуцагч “Арвижих групп” ХХК-ийн төлөөлөгч  хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...“Арвижих групп” ХХК нь 2014 оны 1 дүгээр сард Улаанбаатар төмөр зам ХНН-т ТГМ-23В загварын Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн илчит тэргийг хамтран ажиллах холбогдох гэрээний дагуу хүлээлгэн өгсөн билээ. Өнөөдрийн байдлаар бид энэхүү үйл ажиллагааг явуулсны үр дүнд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Улаанбаатар Төмөр Зам ХНН-т 228.000.000 төгрөгийн өр төлбөртэй, Баянгол дүүргийн татварын хэлтэст 31.000.000 төгрөгийн өр төлбөртэй үлдэхээр байна. Бид ОХУ-ын Транссервис ХХК-аас гэрээгээр 5.200.000 рублиэр худалдаж авахаар анх тохирсон бөгөөд энэ нь тэдний зүгээс санал болгосон хугацаа болон үнэ юм. УБТЗ ХНН болон манай компани аль болох богино хугацаанд нийлүүлэх байсан тул дээрх угсрах хугацааг 30 хоног болгон “Транссервис” ХХК-тай тохиролцсон. Ингэхэд “Транссервис” ХХК-ийн зүгээс ТГМ-23В илчит тэргийг бэлнээр 4.800.000 рубль, дансаар 5.200.000 рубль, нийт 10.000.000 рублиэр богино хугацаанд нийлүүлэхээр болсон. Энэхүү илчит тэргийг бодит байдалд нийцүүлэн үнэлүүлэх нь зөв гэсэн саналтай байна. Мөн бид ашгийн төлөө компани байгуулан ажилласан. Хэн нэгэнд ямар нэгэн байдлаар нөлөөлж, хээл хахууль өгч энэхүү ажлыг аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болох 228.000.000 төгрөгийн өр төлбөрөөс чөлөөлж, УБТЗ ХНН-тэй байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 5% буюу 41.000.000 төгрөгийг гаргуулан манай компанид шилжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Одгэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсгүүдийг зэрэг зарчмуудыг зөрчсөн, 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. “УБТЗ” зөвхөн ОХУ-ын тодорхой тооны үйлдвэрт үйлдвэрлэдэг, зөвхөн төмөр замд хэрэглэх, урд нь өөрт хэрэглэж байгаатай ижил төрлийн сери, загвар бүхий сэлгээний илчит тэргийг худалдан авах зорилгоор худалдан авах үйл ажиллагааг явуулсан. Энэ худалдан авалтыг явуулахдаа тогтсон дүрэм журмын дагуу явуулж, санал ирүүлсэн компаниудаас хамгийн бага үнийн саналыг ирүүлсэн, Монгол улсын хуулийн этгээдийг сонгон авч гэрээ байгуулсан, энэ гэрээ нь өнөөдрийг болтол хүчин төгөлдөр байгаа. Сэлгээний илчит тэрэг худалдан авах гэрээг байгуулахдаа Төмөр замд батлагдан мөрдөж байгаа журмын дагуу Комиссоор хэлэлцэн, хамтын журмаар шийдвэрлэсэн бөгөөд дан ганц Г.Сэрээнэндорж шийдвэрлэсэн асуудал биш юм. АТГ-ын Мөрдөн байцаагч УБТЗ нь ажил үйлчилгээ нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явуулах ёстойг шинжээчид тавьсан асуултаараа тулгасан бөгөөд үүнийг өмгөөлөгч эсэргүүцсэнээр тогтоолоо хүчингүй болгосон, гэхдээ энэ асуултаа албан бичгийн хэлбэрт оруулан өөрчилж, мөн тухайн газартаа явуулж, Г.Сэрээнэндоржийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.2, 47.1, 19.1, 21.1 дэх заалтуудыг зөрчсөн” гэж үзэх гол үндэслэл, нотлох баримт болсон. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.5-д “Хууль хэрэглэх, хуулийн зүйл хэсэг, заалтыг тайлбарлуулах зорилгоор шинжээч томилохыг хориглоно” гэснийг ноцтой зөрчсөн. Шүүх Шийтгэх тогтоол гаргахдаа сэлгээний илчит тэргийг худалдан авсан нь журам дүрмийн дагуу явагдсан, зөвхөн Г.Сэрээнэндорж дангаар энэ асуудлыг шийдвэрлээгүй, холбогдох албаны удаа дараагийн хүсэлт, ажлын шаардлага, нөхцөл байдал, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулсан олон баримтаас ганцыг нь ч дурдаагүй, мөн үгүйсгээгүй байгаа нь “шүүх яллах болон цагаатгах нөхцөл байдлыг бүрэн тогтоох, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэх” хуулийн шаардлагыг биелүүлээгүй. Сэлгээний илчит тэрэг худалдан авах 830.000.000 төгрөгийн хөрөнгийг 2013 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан байсан нь гэрч, УБТЗ-ын Вагоны албаны дарга Л.Болд /15хх-ийн 41/, гэрч, төлөвлөгөө эдийн засгийн албаны дарга Ё.Батбуян /15хх-ийн 48/ нарын мэдүүлэг, хөрөнгө оруулалтын 2013 оны төлөвлөгөөгөөр /16хх-ийн 180/ тус тус нотлогдож байгаа. УБТЗ-ын хэмжээнд мөрддөг “Гэрээ байгуулах журам” /Гэрээг эхлээд хамаарагдах нэгжүүд зөвшилцөнө /15хх-ийн 246-250/, “Худалдан авалт, борлуулалтын алба тоног төхөөрөмж, сэлбэг бараа бүтээгдэхүүний захиалгыг хэрэгжүүлэх журам” /Худалдан авалт борлуулалтын алба үнийн судалгаа авч, үнийн комиссын хурлаар хэлэлцүүлнэ 16хх-ийн 5/, “Үнийн комиссын ажиллах журам” /Үнийн комисс асуудлыг хамтын журмаар шийдвэрлэнэ, энэ шийдвэр нь хууль зөрчсөн тохиолдолд дэмжсэн бүх гишүүд хариуцлага хүлээнэ. 15 хх-ийн 241/ зэрэг дүрэм журмууд хэрэгт авагдсан бөгөөд Г.Сэрээнэндорж эдгээр журмын дагуу үнийн комиссоор хэлэлцүүлсэн, УБТЗ-ын хэмжээнд мөрддөг дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулсан гэдгийг бүрэн нотолж байна. Сэлгээний илчит тэрэг худалдах, худалдан авах анхны гэрээг 2013 оны 6 дугаар сард байгуулж, 2014 оны 1 дүгээр сард Талууд харилцан тохиролцсоноор уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсныг буруутгаж, Эрүүгийн хуулиар шийтгэх үндэслэлгүй юм. Нэмэлт гэрээг тухайн өдөртөө биш, 5 сарын дараа буюу 2014 оны 1-р сард 8 албад зөвшилцөн байгуулсан бөгөөд энэ гэрээгээр УБТЗ-д ашигтай байх хувилбаруудыг нэмж оруулсан, мөн төлбөрийн хугацааг хойшлуулсан гэх мэт бусад компаниудаас санал болгосноос илүү таатай нөхцөлөөр гэрээ байгуулсан болох нь нотлогдож байгаа юм. Г.Сэрээнэндоржийн хувьд хувьдаа ямар нэг ашиг хонжоо олоогүй, олох санаа зорилго ч байгаагүй юм. Эрүүгийн Хуулийн 266 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн улмаас хохирол учирсан байхыг шаарддаг. Гэтэл УБТЗ-д “бодит хохирол” учирсан гэж үзэх үндэслэлгүй байгаа нь УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарын удаа дараагийн албан бичгүүд, 2016 оноос УБТЗ-ын даргаар ажиллаж байгаа Д.Жигжиднямаагийн шүүхэд /хх18-75/, Авилгатай тэмцэх газарт /хх18-77/ болон өмгөөлөгчид өгч байсан албан бичгээр, мөн тухайн илчит тэрэг нь одоо болтол хэвийн ажиллаж байгаа тухай гэрч Б.Азжаргалын мэдүүлэг /хх11/231-233/, албан бичиг / хх12-57/ зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдоно. УБТЗ-ын Дүрмийн Шалган байцаах комиссын үүргийн тухай заалтад Хохирол тогтоох журмыг зааж өгсөн. Мөн УБТЗ Нийгэмлэгийн ажил хэргийг шалган байцааж байх зорилгоор Шалган байцаах комиссыг байгуулна: 2 талын хамтарсан комисс хуралдан, акт тогтоож хохирол алдангийг тогтоодог журамтай. Хохирлын асуудал эргэлзээтэй болсон тул Өмгөөлөгчийн зүгээс нөхцөл байдлыг үнэн бодитоор тогтоох зорилгоор УБТЗ-ын удирдлагад хүсэлт гаргасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр УБТЗ-ын Дарга Д.Жигжиднямаа нь “УБТЗХНН-д хохирол учирсан тохиолдолд ажлын хэсэг байгуулж, хохирлыг судлан тогтоодог бөгөөд тухайн ажлын хэсгийн тогтоосон хохирлыг санхүүгийн тайлан тэнцэлд тусгадаг журамтай байна, өнөөдрийн байдлаар уг гэрээнээс үүдэлтэй бодит хохирол санхүүгийн тайлан тэнцэлд тусгагдаагүй байна, цаашид манай байгууллага хохирогчоор оролцох үндэслэлгүй” гэсэн бөгөөд АТГ-ын мөрдөн байцаагч Д.Доржсүрэн нь Д.Жигжиднямааг байцаахдаа “мөрдөн байцаалтын шатанд УБТЗ ХНН -д онц их хэмжээний буюу 330.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож, хохирогч иргэний нэхэмжлэгчээр танай байгууллагыг төлөөлөн Даваапил оролцсоор байхад та ямар зорилготой албан бичиг ирүүлээд байгаа талаараа мэдүүлнэ үү” гэж, шүүхээр шийдвэрлээгүй байхад хөтөлж асуун айлгасан гэж үзэх үндэслэлтэй. УБТЗ-д 330.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг гаргахад 3 шинжээч оролцсон гэх боловч зөвхөн 2-т нь хууль сануулсан байх тул шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны гэж үзэхэд хүндрэлтэй юм. Мөн шинжээчдийн бүрэлдэхүүнд орсон Г.Оюунчимэг нь 2013 онд УБТЗ-ын хөрөнгийн үнэлгээний ажилд оролцож байсан гэдэг нь Г.Оюунчимэгийн өөрийнх нь өгсөн мэдүүлэг болон Шинжээч Э.Ганбаатарын өгсөн мэдүүлгээр /18хх-ийн 54/ тогтоогдож байна. Мөн үнэлгээний тайланд уг илчит тэргэнд хийсэн Модернизац буюу шинэ мотор, хөдөлгүүрийн үнэ тусгагдаагүй, 2014 оноос хойш өнөөдрийг болтол ажиллаж байгаа элэгдэл хорогдол, ашгийн хэмжээг тусгаагүй зэрэг бүрэн гүйцэд бодит биш үнэлгээ болсон. Сэрээнэндоржийн зүгээс шинжээчийг татгалзах, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсээр байхад эрхийг нь хязгаарлаж, Сэрээнэндоржийн татгалзсан шинжээчдээр дүгнэлт гаргуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Хэрэгт хохирогчоор оролцож байгаа Ж.Пунцагийн хэлснээр “Арвижих групп” ХХК нь “...ашиглалтын хугацаа дууссан, хувийн дугааргүй, обьектын гэрчилгээгүй, төлөвлөгөөт засварын хугацаа дууссан сэлгээний илчит тэргийг УБТЗ-д нийлүүлсэн” бол гэрээний дагуу үүргийн биелэлтийг шаардах, иргэний журмаар маргаанаа шийдвэрлүүлэх эрх нь УБТЗ-д нээлттэй байгаа. Нэмэлт гэрээний дагуу УБТЗ нь 41.600.000 төгрөгийг барьцаанд авч үлдсэн боловч 15.000.000 орчим төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн, 2015 оны 1 дүгээр улирлын байдлаар 13.550.000 төгрөгийн дизель түлш хэмнэсэн, сэлгээний хөдөлгөөний хэвийн ажиллагааг хангаж байгаа нь Зүүнхараагийн ачааны вагоны засварын депогийн дарга Б.Азжаргалын Вагоны аж ахуйн албанд өгсөн тоотоос харагдана /хх12-57/. Дээр дурдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Г.Сэрээнэндорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2-т заасан гэмт хэргийг үйлдээгүй, түүний үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй. Г.Сэрээнэндорж нь “УБТЗ ХНН”-ийн даргын хувьд гэрээ хэлцэл байгуулах эрх нь “УБТЗ” ХНН-ийн Дүрмээр баталгаажсан бөгөөд Илчит тэргийг худалдан авах гэрээг журмын дагуу бүх албадууд хянан баталгаажуулсны /12-р хавтас, 100 хуудсанд - 8 албадын дарга нарын гарын үсэгтэй гэрээ/ эцэст Г.Сэрээнэндорж даргын гарын үсэг зурсан байдаг. Г.Сэрээнэндорж нь хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсэн ямар ч үйлдэл хийгээгүй, ашиг хонжоо олох зорилго агуулаагүй, харин УБТЗ-ын даргын хувьд Төмөр замын хэвийн үйл ажиллагааг хангах үүргээ биелүүлсэн, Г.Сэрээнэндорж нь өөрөө гэрээ байгуулах эрх бүхий этгээд бөгөөд сэлгээний илчит тэргийг УБТЗ-ын өөрийн хөрөнгөөр, УБТЗ-ын дотоодод мөрддөг журам, дүрэм, зөвшөөрөгдсөн хэмжээнд холбогдох журмын дагуу албад хэлтсээр хянуулан, бүх зөвшөөрөл цугларсны эцэст гарсан шийдвэр бөгөөд худалдан авсан сэлгээний илчит тэрэг нь өнөөдрийг болтол буюу 3 жил хэвийн ажиллаж байна. Дээр дурдсан үндэслэл болон хавсаргасан баримтуудыг үндэслэн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 329 тоот Магадлалыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1-д заасан үндэслэлээр Г.Сэрээнэндоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Прокуророос Д.Цогтбаатарыг иргэний хариуцагчаар тогтоож, шүүхээс шийтгэх тогтоолдоо “Арвижих групп” ХХК-ийн захирал Д.Цогтбаатарыг иргэний хариуцагчаар татаж 228.400.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд “Иргэний хариуцагчаар насанд хүрээгүй яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг татан оролцуулж болно” гэж заасан бөгөөд хувь хүн, хуулийн этгээд гэсэн ойлголтууд нь өөр өөр ойлголт бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд биеэ даасан эрх эдэлж, үүрэг хүлээдэг байхад улсын яллагчаас Д.Цогтбаатар гэх хувь хүнийг иргэний хариуцагчаар татсаныг шүүх шийтгэх тогтоолдоо өөрчилж хуулийн этгээд “Арвижих групп” ХХК-ийн захирал Д.Цогтбаатарыг иргэний хариуцагчаар татсан нь хуулийн этгээдэд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хариуцагчийн эрхийг эдлүүлсэн гэж үзэхээргүй байна. “Арвижих групп” ХХК-ийн захирал нь одоо Д.Цогтбаатар биш бөгөөд хуулийн этгээдийг хариуцагчаар татаж байгаа бол захирал хэн байх нь хамаагүй байна. Түүнчлэн Д.Цогтбаатар болон “Арвижих групп” ХХК, “Арвижих групп” ХХК-ийн захирал Д.Цогтбаатар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд заасан хууль ёсоор хариуцвал зохих этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байна. Хууль ёсоор хариуцвал зохих этгээд гэдэг нь прокурор, шүүгчийн дотоод итгэл, үнэмшил, бодол санаагаар тодорхойлогдохгүй ба зөвхөн хууль заасан нөхцөлд хууль ёсоор хариуцвал зохих этгээд болно. Иймд дээрх үндэслэлээр иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Г.Сэрээнэндорж нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд ажиллаж байхдаа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж нээлттэй сонгон шалгаруулалт зарлалгүйгээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй “Арвижих групп” ХХК-тай гэрээ байгуулж шинэ зүтгүүрийг 816.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. “Арвижих групп” ХХК нь гэрээгээ зөрчиж, 1987 онд үйлдвэрлэсэн ашиглалтын хугацаа дууссан зүтгүүрийг оруулан ирж техникийн болон бичиг баримтын шаардлага хангаагүй бараа үйлчилгээ оруулж ирсэн бөгөөд үүний улмаас 330.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учирсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй. Тиймээс анхан болон давж заалдах шатны шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Г.Сэрээнэндорж нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 47 дугаар зүйлийн 47.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтуудыг зөрчин 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Арвижих групп” ХХК-тай ОХУ-д 1987 онд үйлдвэрлэсэн, ашиглалтын хугацаа дууссан ТГМ23В загварын сэлгээний илчит тэргийг 816.000.000 төгрөгөөр худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлээ илтэд хэтрүүлсний улмаас 330.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль нь дан ганц улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авах харилцаагаар хязгаарлагдахгүй бөгөөд төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, мөн 50 болон түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн оролцоо бүхий, Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аливаа хуулийн этгээдийн худалдан авах ажиллагаанд үйлчлэхээр зохицуулагдсан байна.

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад заасан захиалагч бөгөөд Г.Сэрээнэндорж нь Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дээрх хуулийн зохих заалтыг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Сэрээнэндоржийн гэм бурууг хянан хэлэлцэж, Г.Сэрээнэндорж нь эрх мэдлээ хэтрүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин худалдан авах ажиллагаа явуулж, ашиглалтын хугацаа дууссан ТГМ23В загварын сэлгээний илчит тэргийг нийлүүлэх гэрээг “Аривжих групп” ХХК-тай байгуулан, ашиглалтын хугацаа дууссан ТГМ23В сэлгээний илчит тэргийг худалдан авсны улмаас Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгт 330.000.000 хохирол учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг зөв тайлбарлан хэрэглэж, Г.Сэрээнэндоржид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан байх бөгөөд давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, иргэний хариуцагч “Арвижих групп” ХХК-иас хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Ял шийтгэлийг хүндрүүлж байгаа болон хүний эрх зүйн байдлыг ямар нэгэн байдлаар дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй талаарх эрүүгийн эрх зүйн нийтлэг зарчмын дагуу, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг Г.Сэрээнэндоржийн үйлдсэн гэмт хэрэг, түүний үйлдэлд буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Сэрээнэндорж, түүний өмгөөлөгч Ө.Одгэрэл нарын “холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн, иргэний хариуцагч Д.Цогтбаатар, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл нарын “иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 329 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Сэрээнэндорж, түүний өмгөөлөгч Ө.Одгэрэл, иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Цогтбаатар, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Б.ЦОГТ

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН