Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар        2022/ШЦТ/426

 

 

 

 

 

  2022        05         11                                   2022/ШЦТ/426

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул, улсын яллагч Ц.Хулан, шүүгдэгч, хохирогч Ж.П, Б.Б, /нар нь өөрөө, өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.П, Б.Б нарт холбогдох эрүүгийн “2211 00000 0865” дугаартай, 186/2022/0393/Э индекстэй хэргийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           1.Монгол улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Говь хангай буйдан” ХХК-нд мужаан ажилтай, ам бүл 3, эх, ахын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 3-696 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж.П,

         2.Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн дуут суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Говь хангай буйдан” ХХК-нд мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 15-278 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Б,

           Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Б нь архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Ж.Птой маргалдаж улмаар түүний толгой руу чулуугаар 1 удаа цохиж, нүүрлүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөж, гарыг нь хазаж эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйх, доод уруулын цус хуралт, баруун долоовор, дунд хуруу, бүсэлхийн зулгаралт, баруун сарвуу, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулах,

           Шүүгдэгч Ж.П нь архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Б.Бтай маргалдаж улмаар түүний нүүрлүү гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь үүдэн дээд зүүн 1-р шүдний булгарал, баруун 1-р шүдний сулрал, дээд уруулын нэвт шарх, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.             

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1. Шүүгдэгч Ж.П нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.2. Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Бгийн:..би ухаангүй согтоод нэг сэрсэн чинь баарны гадаа Пүрэвдорж бид хоёр хоорондоо зодолдож байгаад миний шүд хугарсан, уруул язарсан, хамар хавдахаар нь ээж рүүгээ залгаж яриад ээж ирж авах үед Пүрэвдорж гэрлүүгээ явсан. Намайг Пүрэвдоржоос өөр хэн нэгэн цохиж, зодоогүй. Би өөр хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй. Одоо надад гомдол байхгүй. Пүрэвдорж миний шүдний эмчилгээний мөнгийг төлсөн болохоор нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18 дугаар тал/,

         2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Пийн:...2022 оны 3 дугаар сарын 16-ны өглөө би найз Батзаяа руу утсаар яриад түүнийг дуудаж ирүүлээд бид 2 хоол идэж Батзаяа ганцаараа 2 шил шимийн архийг ганцаараа уусан. Бид 2 Ганболдтой 17 дугаар сургуулийн автобусны буудал орчим уулзаад гурвуулаа Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Дуулга бааранд орсон.  Батзаяа гэнэт уурлаад миний нүдний шилийг шалруу шидээд, ширээн дээр байсан миний цалингийн картыг хугалахаар нь яасан талаар нь асуухад өөдөөс намайг их зэвүүн, миний бөгсийг ухдаг гэх мэтээр хэлээд байсан чинь Ганболд түүнийг түрүүлээд аваад баарнаас гарсан яваад очтол Батзаяа гартаа чулуу барьсан зогсож байгаад миний зүүн зулай орчим нэг удаа цохихоор нь би толгойгоо бариад доошоо тонгойтол миний уруул орчим хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Миний хамраас цус гараад байхаар нь би түүний энгэрээс заамдаж автал миний баруун гарыг хазахаар нь би гараа сугалж аваад уг гараараа Батзаяагийн нүүрлүү нэг удаа цохисон чинь Ганболд ах салгаад Батзаяаг надаас холдуулсан. Батзаяа бид 2 нэлээн их согтсон байсан. Ганболд ах арай эрүүл байсан. Намайг Батзаяагаас өөр хэн нэгэн цохиж зодоогүй гэх мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар тал/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Ганболдын:...нэг мэдсэн чинь 21 цагийн орчим архи, пиво дууссан. Батзаяа, Пүрэвдорж нар гарч яваад эргэж орж ирэхгүй болохоор нь караокеноос гартал үүдэнд Батзаяа, Пүрэвдорж нар хоорондоо зууралдчихсан бие биеэ гараараа харилцан цохилцоод байж байхаар нь би тэр хоёрыг салгах гэж голоор нь ороод больцгоо гэж хэлсэн боловч намайг тоохгүй хоёулаа бие биерүүгээ дайраад харилцан бие биеэ гараараа нүүр, толгой орчим цохиж байгаад салгахаар эргэж бие бие рүүгээ дайраад зууралдаж, харилцан цохилцож байгаад газар хамт унаад дээр, доороо орж ноцолдож байгаад Пүрэвдорж нь босоод гүйж яваад алга болсон. Батзаяа босож суугаад Пүрэвдорж шүд хуга цохьчихлоо гэчихсэн амнаас нь цус гарчихсан байж байсан. Батзаяа гар утсаараа хэн нэгэн рүү залгаад байгаа бололтой байсан боловч цаад хүн нь авахгүй байгаа бололтой байж байгаад гар утсаа машин зам руу шидээд зам дээр унасан гар утас дээгүүр нь машин гарч яваад эвдэрсэн. Пүрэвдорж, Батзаяа нар бие биеэ цохиж зодсон. Өөр хэн нэгэн тэр хоёрыг цохиж зодоогүй гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27 дугаар тал/,     

            2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4463 дугаартай дүгнэлтэд:

           1. Б.Бгийн биед үүдэн дээд зүүн 1-р шүдний булгарал, баруун 1-р шүдний сулрал, дээд уруулын нэвт шарх, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Нэг шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 5 хувь алдагдуулна. Шинжээч эмч Т.Амартүвшин гэх дүгнэлт. /хх-ийн 32-33 дугаар тал/,

           2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4457 дугаартай дүгнэлтэд:

           1. Ж.Пийн биед зүүн чамархайн хуйх, доод уруулын цус хуралт, баруун долоовор, дунд хуруу, бүсэлхийн зулгаралт, баруун сарвуу, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.      

           3.Дээрх гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

           5.Дээрх гэмтэл нь тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

           6. Учирсан гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн шинэ гэмтэл байна.         /хх-ийн 34-35 дугаар тал/

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 

           3.1. Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас             /хх-ийн 69-70 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56, 59 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч Байгалмаагийн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын          21-ний өдрийн 4463 дугаартай дүгнэлт /хх-ийн  32-33 дугаар тал/, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4457 дугаартай дүгнэлт. /хх-ийн 34-35 дугаар тал/

шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, хохирогч Ж.П, Б.Б нар нь нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй, бид хоёр эвлэрсэн гэж мөрдөн шалгах ажиллагаааны явцад бичгээр өгсөн хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

           Шүүгдэгч Б.Б нь архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Ж.Птой маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь чулуугаар нэг удаа цохиж, нүүрлүү нь нэг  удаа өшиглөж, гарыг нь хазаж биед нь зүүн чамархайн хуйх, доод уруулын цус хуралт, баруун долоовор, дунд хуруу, бүсэлхийн зулгаралт, баруун сарвуу, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай  учруулах,

Шүүгдэгч Ж.П нь архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Б.Бтай маргалдаж улмаар түүний нүүрлүү гараараа хэд хэдэн удаа цохиж биед нь үүдэн дээд зүүн нэг дүгээр шүдний булгарал, баруун нэг дүгээр шүдний сулрал, дээд уруулын нэвт шарх, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

         - хохирогч Б.Бгийн:..би ухаангүй согтоод нэг сэрсэн чинь баарны гадаа Пүрэвдорж бид хоёр хоорондоо зодолдож байгаад миний шүд хугарсан, уруул язарсан, хамар хавдахаар нь ээж рүүгээ залгаж яриад ээж ирж авах үед Пүрэвдорж гэрлүүгээ явсан. Намайг Пүрэвдоржоос өөр хэн нэгэн цохиж, зодоогүй. Би өөр хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй. Одоо надад гомдол байхгүй. Пүрэвдорж миний шүдний эмчилгээний мөнгийг төлсөн болохоор нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18 дугаар тал/,

         - хохирогч Ж.Пийн:...очтол Батзаяа гартаа чулуу барьсан зогсож байгаад миний зүүн зулай орчим нэг удаа цохихоор нь би толгойгоо бариад доошоо тонгойтол миний уруул орчим хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Миний хамраас цус гараад байхаар нь би түүний энгэрээс заамдаж автал миний баруун гарыг хазахаар нь би гараа сугалж аваад уг гараараа Батзаяагийн нүүрлүү нэг удаа цохисон чинь Ганболд ах салгаад Батзаяаг надаас холдуулсан. Батзаяа бид 2 нэлээн их согтсон байсан. Ганболд ах арай эрүүл байсан. Намайг Батзаяагаас өөр хэн нэгэн цохиж зодоогүй гэх мэдүүлэг.          /хх-ийн 22 дугаар тал/,

         - гэрч Г.Ганболдын:...нэг мэдсэн чинь 21 цагийн орчим архи, пиво дууссан. Батзаяа, Пүрэвдорж нар гарч яваад эргэж орж ирэхгүй болохоор нь караокеноос гартал үүдэнд Батзаяа, Пүрэвдорж нар хоорондоо зууралдчихсан бие биеэ гараараа харилцан цохилцоод байж байхаар нь би тэр хоёрыг салгах гэж голоор нь ороод больцгоо гэж хэлсэн боловч намайг тоохгүй хоёулаа бие биерүүгээ дайраад харилцан бие биеэ гараараа нүүр, толгой орчим цохиж байгаад салгахаар эргэж бие бие рүүгээ дайраад зууралдаж, харилцан цохилцож байгаад газар хамт унаад дээр, доороо орж ноцолдож байгаад Пүрэвдорж нь босоод гүйж яваад алга болсон…Пүрэвдорж, Батзаяа нар бие биеэ цохиж зодсон. Өөр хэн нэгэн тэр хоёрыг цохиж зодоогүй гэх мэдүүлэг       /хх-ийн 26-27 дугаар тал/,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4463 дугаартай дүгнэлт. /хх-ийн 32-33 дугаар тал/,

           - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4457 дугаартай дүгнэлт. /хх-ийн 34-35 дугаар тал/ болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь  согтуурсан үедээ хоорондоо маргалдаж бие биенийхээ нүүр, толгойн тус газраа цохилцож бие биедээ харилцан гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсдийнхөө  үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь гэрч Г.Ганболдын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын харилцан зодолдож бие биедээ гэмтэл  учруулсанаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байх тул  Ж.П, Б.Б нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч , Ж.П, Б.Б нарыг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч, шүүгдэгч Б.Б, Ж.П нар нь хоорондоо эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж  прокурорт бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгч нарын гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б, Ж.П нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдгээрийн хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Бгаас төрд учруулсан хохирол болох 214.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь “100900020080”  дугаартай дансанд төлүүлэх, Ж.П нь 161.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь “100900020080”  дугаартай дансанд төлсөн  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

                                                                                                            

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Ж.П, Б.Б нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П, Б.Б нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн  зуун тавин мянга/ төгрөгөөр  торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П, Б.Б  нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.

           5. Шүүгдэгч Ж.П, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шүүгдэгч Ж.П нь төрд учруулсан хохирол болох 161.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь “100900020080”  дугаартай дансанд төлж барагдуулсан болохыг дурдсугай.

           7. Шүүгдэгч Б.Бгаас төрд учруулсан хохирол болох 214.000 төгрөгийг  гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь “100900020080”  дугаартай дансанд  оруулсугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

            9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.П, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БАТЖАРГАЛ