Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2017/00620/И

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хансвилл Их монгол улс гудамж, 103 байрны 1-1403 тоотод оршин суух, Боржигон овогт Цэмбэлийн Хантулга /Регистрийн дугаар: ХБ77070614/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,  Хансвилл Их монгол улс гудамж, 103 байрны 1-1403 тоотод оршин суух, Шарнууд овогт Сүрэнжавын Тунгалаг /Регистрийн дугаар: ХЕ78030462/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, /Өнөр хороолол/ 20-95 тоотод бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Махатма гандийн гудамж, Хансвилл хотхонд байрлах, “Асар протертиз” ХХК /Регистрийн дугаар:5551765/-д

            Хариуцагч:Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 5а байрны 92 тоотод байрлах “Тектоник” ХХК /Регистрийн дугаар:265703/-д холбогдох,

Орон сууцны талбайн зөрүү 34,503,000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 8,007,571 төгрөг, нийт 42,510,571 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч Ц.Хантулгаас алданги 97,124,328 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Хантулга, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.                                                                                                               

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Хантулга, С.Тунгалаг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн тайлбартаа:  Миний бие  “Тектоник” ХХК-ийн барьсан “Асар пропертиз” ХХК-ийн борлуулж байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хансвилл хотхонд байрлах орон сууцнаас 180,1 м.кв талбайтай орон сууцыг нэг мквадратыг 2,100,000 төгрөгөөр тооцон худалдан авахаар 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр А2/1403, 1404 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу нийт төлбөр болох 378,210,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч нь орон сууцыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч хугацаандаа өгөөгүй. Нийслэлийн улсын бүртгэлийн газарт гаргаж өгсөн баримт, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд уг орон сууцны нийт талбайг 179,5 мкв хэмжээтэй гэж тусгасан байдаг ч байрыг 2014 оны 8 дугаар сард хүлээн авахдаа “Асар пропертиз” ХХК-ийн инженерээр хэмжүүлэхэд 174 м.кв талбайтай байна гэж гарсан тул энэ тухай актад тусгасан. Талбайн хэмжээний хувьд бараг зөрүүгүй гэж ойлгосон тул 2014 оны 8 дугаар сараас хойш гомдол гаргаагүй байсан. Гэтэл 2015 оны 4 дүгээр сард эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэхэд миний худалдаж авсан байрны нийт талбай 163,67 м.кв буюу гэрээнд заасан талбайгаас 16,43 мкв-аар бага болох нь тогтоогдсон. Миний худалдаж авсан орон сууцны талбайн хэмжээг худал мэдэгдэж 16,43 м.кв хэмжээний талбайд 34,503,000 төгрөгийг илүү төлүүлсэн байна.

Би байрны төлбөрийг төлөхдөө Голомт банкнаас 235,000,000 төгрөгийг жилийн 15 хувийн буюу сарын 1,25 хувийн хүүтэйгээр зээл авч төлсөн.  Хариуцагч байгууллага талбайн хэмжээг илүүгээр тооцож надаас 34,503,000 төгрөгийг илүү төлүүлснээс би энэ хэмжээнд 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд 8,007,571 төгрөгийг зээлийн хүүд төлөөд байна.

Иймд талбайн зөрүү 34,503,000 төгрөг, зээлийн хүүд илүү төлсөн 8,007,571 төгрөг нийт 42,510,887 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр энэхүү алдангийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.  Түүнчлэн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны тооцоог нийлж, 235,000,000 төгрөгний үлдэгдэлтэй болохыг баталгаажуулж акт үйлдсэн. Уг актаар үлдэгдэл төлбөрийг Голомт банкны зээлээр төлөхөөр тохиролцсноор гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг талууд нэмэлтээр харилцан тохиролцсон гэж үзэж байна.  Өөрөөр хэлбэл гэрээний төлбөр төлөх хугацааг шинэчилэн тогтоосон. Уг тохиролцооны дагуу Голомт банкнаас зээлийн төлбөрийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлснээр үүргээ бүрэн биелүүлсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч С.Хантулга, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Цэцэнбилэг нар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж гаргасан тайлбартаа: Анх 2012 онд уг байрыг захиалахад  зөвхөн нэхэмжлэгч Ц.Хантулгатай гэрээг байгуулсан ч хожим улсын бүртгэлийн гэрчилгээ гарахдаа уг байрны 1403 тоот нь Ц.Хантулга миний нэр дээр, 1404 тоот нь эхнэр С.Тунгалагийн нэр дээр хоёр салж гарсан. Манай байр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувьд хоёр тусдаа гэрчилгээтэй боловч нэг хаалгаар ордог, нэг айл юм. Түүнчлэн нэг гэрээний дагуу захиалсан орон сууц тул нэхэмжлэгч бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд тусгагдсан талбайн хэмжээнээс тус бүрд дутсан хэмжээг тодруулах шаардлагагүй, боломжгүй зүйл. Нэхэмжлэгч С.Тунгалаг нь надтай адил хүсэл зоригтой байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байгаа.

Манай байрны талбайн хэмжээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд тусгагдсанаар тооцвол нийт 179,5 мкв байгаа. Орон сууц хүлээлгэн өгсөн актад талбайн хэмжээг 174 мкв гэдгийг зөвшөөрч авсан тул энэ хэмжээгээр шаардах эрхээ алдсан гэдгийг зөвшөөрч байна. Гэхдээ энэ нь шаардах эрхээ бүхэлдээ алдсан гэсэн үг биш. Хариуцагч гэрээний дагуу 180,1 мкв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй ч дутуу гэдгийг ойлгож харилцан тохиролцож 174 мкв хэмжээтэй гэдэгт итгэж хүлээн авсан.  Гэтэл зөвшөөрч хүлээн авсан энэ хэмжээнээс ч илүү бага байгааг  дахин хэмжилт хийлгэснээр мэдсэн тул тэр хэсгээр нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, орон сууцыг хүлээлгэн өгөхөд зөвшөөрсөн хэмжээ болох 174 мкв хэмжээнээс тооцвол 10,33 мкв талбайн зөрүү гарч байна. Шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр талбайн хэмжээ 162,72 мкв  болохыг тогтоосон боловч бид анхны нэхэмжлэлдээ тооцсон хэмжээ болох 163,67 мкв хэмжээгээр талбайн зөрүүг тооцон нэхэмжилж байна.

Мөн талбайн зөрүүг багасгаж байгаа тул түүнд ногдох хүүг адил хэмжээгээр бууруулж, 10,33 мкв талбайн зөрүү 21,693,000 төгрөг, хүүнд 5,032,125 төгрөг, нийт 26,725,125 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

Хариуцагч “Асар пропертиз” ХХК, “Тектоник” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Хантулга нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Хансвилл хотхоны А2 дугаар байрны 1 дүгээр орцны 1403, 1404 тоотод орших, 180,1 мкв орон сууцыг 378,210,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №А2/1403,1404 тоот орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Гэрээг байгуулагдахаас өмнө Ц.Хантулга нь барилгын зураг төсөл, орон сууцны талбай, үнэ, байршил зэрэг орон сууцтай холбоотой бүхий л мэдээлэлтэй бүрэн танилцснаар гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох замаар хуулийн хүрээнд сайн дурын үндсэн дээр байгуулсан болно.

Хансвилл хотхоны барилгыг Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүдээр гүйцэтгүүлж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсаны үндсэн дээр орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу бариулсан. Тухайн үед Ц.Хантулга нь өөрийн захиалах гэж байгаа А2 дугаар байрны 1 дүгээр орцны 1403, 1404 тоотод орших орон сууцны өрөөний доторх зохион байгуулалт, талбайн хэмжээг өрөө тус бүрээр харуулсан дэлгэмэл машстаб зурагтай танилцан хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан.

Нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгсөн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн актад  орон сууцны талбайн хэмжээг 174 мкв талбайтай  болохыг дурдсан байгаа. Эндээс нэхэмжлэгч нь уг орон сууцны доголдлыг мэдэж хүлээн авсан гэдэг нь тогтоогдож байх тул шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр гарсан талбайн хэмжээнд маргахгүй ч уг байр хоёр тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй тул нэхэмжлэгч тус бүрийн өмчлөлийн талбайн хэмжээнээс хэд дутаж байгаа нь тодорхойгүй, энэ тухай баримтгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь банкнаас зээл авах, хүү төлөх нь манайд хамааралгүй. Иргэний хуульд зааснаар зөвхөн өөрт учирсан бодит хохирлыг нөгөө талаасаа шаардах эрхтэй тул учирсан хохиролд хүүний зөрүү мөнгийг тооцох үндэслэлгүй байна. Иймд Ц.Хантулгын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас дэмжиж гаргасан тайлбартаа:   “Асар пропертиз” ХХК, “Тектоник” ХХК нь иргэн Ц.Хантулгатай 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг байгуулсан. Гэрээгээр орон сууцны төлбөр 378,210,000 төгрөгийг 4 хувааж тохиролцсон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний 2.5-д төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцохоор заасан.

Тэрээр 2012 оны 11 дүгээр сарын 28-нд 113,463,000 төгрөг,  2014 оны 4 дүгээр сарын 24-нд 235,000,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 28-нд 29,747,000 төгрөг төлж, гэрээгээр тохирсон 2, 3 дахь шатны төлөлтийг хугацаа хэтрүүлсэн байна.

Иймд гэрээнд 2013 оны 01 дүгээр сарын 20-нд 113,463,000 төгрөг төлөх ёстой ч 2014 оны 4 дүгээр сарын 24-нд төлсөн тул 458 хоногийн алданги 51,966,054 төгрөг, дараагийн төлбөрийг 2013 оны 3 дугаар сарын 20-нд 113,463,000 төгрөг төлөх ёстой ч 2014 оны 4 дүгээр сарын 24-нд төлсөн тул 398 хоногийн алданги 45,158,274 төгртөг нийтдээ 97,124,328 төгрөгийг Ц.Хантулгаас гаргуулж өгнө үү.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд төлбөрийг төлсөн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс тоологдох тул хугацаа дуусаагүй, шаардах эрхээ алдаагүй гэж үзэж байна. Мөн тооцоо нийлсэн актаар үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлөх талаар тусгаснаас төлбөр төлөх гэрээнд заасан хугацаанд өөрчлөлт оруулсан зүйл биш тул алданги нэхэмжилж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Ц.Хантулга, С.Тунгалаг нар нь “Асар протертиз” ХХК, “Тектоник” ХХК-уудад холбогдуулан орон сууцны талбайн зөрүү 34,503,000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 8,007,571 төгрөг, нийт 42,510,571 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Ц.Хантулга талбайн зөрүүд 21,693,000 төгрөг, хүүд 5,032,125 төгрөг, нийт 26,725,125 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үүнийг нэхэмжлэгч С.Тунгалаг дэмжиж байгаа гэж тайлбарлав.

Нэхэмжлэгч С.Тунгалагаас 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “ Ц.Хантулгын ... гаргасан бүх тайлбар, нотлох баримтыг үүгээр хүлээн зөвшөөрч байна.” Гэж дурдсан байх тул шүүх нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. /хх-191/

Нэг талаас нэхэмжлэгч Ц.Хантулга, нөгөө талаас “Асар пропертиз” ХХК, “Тектоник” ХХК харилцан тохиролцож,  Гүйцэтгэгч нь өөрийн материалаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах А2 дугаар байрны 1403, 1404 тоот, 180,1 мкв талбай бүхий орон сууцыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан барьж дуусган хүлээлгэн өгөх, Захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлсөд нэг метр квадратыг 2,100,000 төгрөгөөр тооцон нийт 378,210,000 төгрөг төлөхөөр тохиролцож 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр А2/1403,1404 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулжээ. /хх 15-16/ Хариуцагч нар нь дахин нэхэмжлэгч Ц.Хантулгатай  уг байрны 1404 тоот 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, Захиалагч нь ажлын хөлсөд 153,300,000 төгрөг төлөхөөр, нэхэмжлэгч С.Тунгалагтай уг байрны 1403 тоот 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, Захиалагч нь ажлын хөлсөд 224,910,000 төгрөг төлөхөөр тус тус 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Орон  сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулжээ. / хх 164-167, 169-172 дахь тал/ 

Улмаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хансвилл хотхоны 103 дугаар байрны 1404 тоот 72,40 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ц.Хантулга, мөн байрны 1403 тоот 107,10 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч С.Тунгалаг болсон нь хэрэгт авагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031679, Ү-2206031680 дугаартай 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх 8, 25/

Зохигчид дээрх орон сууцыг захиалан бариулах хүсэл зоригоо 2012 онд анх илэрхийлэн гэрээг байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүднээс нэхэмжлэгч С.Тунгалагт 1403 тоот орон сууцыг, нэхэмжлэгч Ц.Хантулгад 1404 тоот орон сууцыг хүлээлгэн өгөхөөр 2014 онд өмнөх гэрээг шинэчилж байгуулсан гэж тайлбарлан, гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй байна.  Зохигчдын хооронд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. 

Нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь нэг хаалга бүхий нэг айлын орон сууц гэдэгт талууд маргаагүй тул нэгтгэсэн дүнгээр хамтран нэхэмжилж байгаа, нэхэмжлэгч тус бүрийн өмчлөлийн талбайгаас дутсан хэмжээг тогтоох шаардлагагүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна гэж үзэв.

Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг гэрээнд заасан тоо, хэмжээний дагуу гүйцэтгэж Захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээх бөгөөд Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-д зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-д зааснаар хэрэв ажлын үр дүн доголдолтой бол захиалагч хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардах эрхтэй гэж заажээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд дээрх хоёр орон сууцны талбайн нийт хэмжээг 180,1 мкв гэж,  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд 179,1 мкв гэж, орон сууц хүлээлгэн өгсөн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн актад 174 мкв гэж талбайн хэмжээг өөр өөрөөр тусгагдсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч “Хот айл” ХХК-ийн дүгнэлтээр талбайн хэмжээ 162,72 мкв хэмжээтэй болохыг тогтоосон байна. Зохигчид энэхүү шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хэмжээнд маргаагүй байна.  /хх 26, 87-92/

Харин уг орон сууцыг биет байдлын доголдолтой шилжүүлсэн гэдгийг  нэхэмжлэгч мэдэж байсан нь хүлээлгэн өгсөн актаар тогтоогдож байгаа тул шаардах эрхээ алдсан гэж, нэхэмжлэгч нь гэрээнд заасан 180,1 мкв хэмжээнээс дутсан гэдгийг мэдсэн ч актаар хүлээлгэн өгсөн 174 мкв хэмжээнээс дутуу гэдгийг мэдээгүй тул шаардах эрхээ алдаагүй гэж маргав.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авах үедээ талбайн хэмжээ 174 мкв хэмжээнээс бага, зөрүүтэй байгаа гэдгийг мэдэж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр хэмжилтийг хийлгэснээр 2015 оны 7 дугаар сард доголдлыг мэдсэн болох нь хэрэгт авагдсан “Зууны гүүр” ХХК-ийн тайлангаар нотлогдож байна гэж үзэв. /хх 30-34/

Гэрээний дагуу хүлээлгэн өгсөн дээрх орон сууцны талбайн хэмжээ 162,73 мкв байх боловч нэхэмжлэгч 163,67 мкв гэсэн хэмжээгээр тооцож зөрүүг нэхэмжилж байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч нараас 10,33 мкв талбайн зөрүүнд 21,693,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт  олгох нь зүйтэй. /174 мкв -163,67 мкв=10,33 мкв * 2,100,000 төгрөг/

Харин  нэхэмжлэгч нь хөлс төлөх үүргээ биелүүлэхийн тулд  Голомт банкнаас 235,000,000 төгрөгний зээл авсан тул  илүү төлсөн талбайн хэмжээгээр тооцон хүүний зөрүү 5,032,125 төгрөг гаргуулахаар шаардаж байх боловч талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний улмаас нэхэмжлэгчид учирсан шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй, тэдгээрийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5-д зааснаар захиалагч нь ажлын хөлс 378,210,000 төгрөгийг тохиролцсон графикийн дагуу үе шаттайгаар хувааж төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх алданги төлөхөөр заасан байна. Дээрх тохиролцоо нь алдангийн гэрээг бичгээр байгуулах Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т нийцсэн хүчин төгөлдөр тохиролцоо байна. /хх-15/

Хариуцагч нь захиалагч 2013 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 113,463,000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 113,463,000 төгрөг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүй 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гүйцэтгэсэн тул дээрх хугацааны алдангид 97,124,328 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Хантулгаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна.

Нэхэмжлэгч графикаар тохиролцсон хугацаанд хөлс төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хожимдуулж гүйцэтгэсэн үйл баримтад маргаагүй байна.

 Харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн хөлс төлөх хугацааг харилцан тохиролцож өөрчилсөн тул зөвшөөрөхгүй гэж, хариуцагч нь мөнгийг хүлээн авсан өдрөөс хугацаа тоологдох тул шаардах эрхтэй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар,  гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д тус тус заажээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон 2013 оны 1 дүгээр сарын 20-нд, 2013 оны 3 дугаар сарын 20-нд хөлс төлөх үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг тооцвол 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон байх ба хөлсийг төлсөн 2014 оны 4 дүгээр сараас эхлэн хугацааг тоолно гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны талуудын хоорондын төлбөр тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан баримтад үндсэн үүргийн тухай дурдсанаас алдангийн талаар тусгагдаагүй тул шүүх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх боломжгүй.

Мөн Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан түр зогссон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар 352.2.3, 227 дугаар зүйлийн 227.4, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар “Асар пропертиз” ХХК, “Тектоник” ХХК-иас 21,693,000 /хорин нэгэн сая зургаан зуун ерэн гурван мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Хантулга, С.Тунгалаг нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 5,032,125 төгрөг гаргуулах тухай болон нэхэмжлэгч Ц.Хантулгаас алданги 97,124,328 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 370,524 төгрөг, хариуцагч нараас төлсөн 266,415 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 266,415 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 О.ОДГЭРЭЛ