| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2017/00461/И |
| Дугаар | 183/ШШ2017/00634/И |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2017/00634/И
| 2017 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2017/00634 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон 38-18 тоотод оршин суух, Боржигон овогт Юндэнсүрэнгийн Мөнхцэцэг /Регистрийн дугаар:ТЕ80123061/-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буянхишигийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, Зайсан, Дүнжингарав гудамж, 51/1 байр 91 тоотод оршин суух, Хардаг мэргэд овогт Далхсүрэнгийн Баярмаа /Регистрийн дугаар:ЧЗ88030906/-д холбогдох
Гэрээний үүрэгт 11,396,124 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буянхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Мөнхцэцэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буянхишиг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Баярмаатай 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, 5,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 2,5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
Мөн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дахин 2,000,000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 8 сар 10 хоногийн хугацаатай сарын 2,5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,4 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр мөн зээлийн гэрээг байгуулсан.
Эхний зээлийн гэрээний хугацааг нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээний хугацааг харилцан тохиролцож 11 хоногоор сунгасан. Дээрх хоёр гэрээний дагуу нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй.
Анх гэрээг байгуулахад нэхэмжлэгчийг ажилд оруулж өгөхөөр тохиролцсон нь үнэн боловч талууд хүсэл зоригоо илэрхийлэн, хариуцагч өөрөө зээлийн гэрээ байгуулахыг зөвшөөрч гэрээг бичгээр байгуулсан тул уг гэрээний дагуу хүү, алданги нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.
Хариуцагчийн төлөөгүй зээлийг тооцвол эхний гэрээний дагуу үндсэн зээл 5,000,000 төгрөг, нэг сар 10 хоногийн хүү 291,660 төгрөг, алданги 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 94 хоногт, нэг хоногийн 26,458 төгрөгөөр тооцоход 2,487,052 төгрөг, сүүлийн гэрээний дагуу үндсэн зээл 2,000,000 төгрөг, 8 сар 7 хоногийн хүү 411,662 төгрөг, алданги 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 125 хоногт, нэг хоногийн 9,646 төгрөгөөр тооцвол 1,205,750 төгрөг болж байна. Иймд хоёр гэрээний дагуу үндсэн зээл 7,000,000 төгрөг, хүү 703,332 төгрөг, алданги 3,692,802 төгрөг нийт 11,396,124 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Баярмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие үндсэн төлбөр болох 7,000,000 төгрөгийг төлөх бүрэн боломжтой. Анх гэрээний нөхцөл зээлийн гэрээ бус үндсэн 7,000,000 төгрөгийн оронд өөр зүйл дээр тохирсон байсан ба тухайн гэрээний маргаан 2017 оны 1 дүгээр сард боломжгүй болж надаас мөнгө нэхэмжлэх болсон. 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл надаас хүү болон зээлийг нэг ч удаа нэхэмжилж байгаагүй билээ. Миний бие сард 1,500,000 төгрөгний цалинтай ажил хийдэг ба цалингийн зээлтэй, сар бүр 779,000 төгрөгний зээл төлдөг. Иймд тус 7,000,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сараас өмнө хэсэгчлэн төлж барагдуулах боломжтой. Үүнээс өөр боломж байхгүй болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ю.Мөнхцэцэг нь хариуцагч Д.Баярмаад холбогдуулан гэрээний үүрэгт 11,396,124 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь хүлээн авсан 7,000,000 төгрөг буцаан төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
Ю.Мөнхцэцэг Д.Баярмаа нар нь 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч нь 5,000,000 төгрөгийг, нэг сарын хугацаатайгаар зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлийг эргүүлэн төлөх, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож бичгээр байгуулжээ. Түүнчлэн зохигчид харилцан тохиролцож, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрээний хугацааг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Мөн зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч нь 2,000,000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатайгаар зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлийг эргүүлэн төлөх, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0,4 хувийн алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулжээ. /хх 2, 4 дэх тал/
Зохигчид гэрээг бичгээр байгуулсан, хариуцагч нь 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримтын талаар маргаагүй ч зээлийн зориулалтаар мөнгийг аваагүй тул хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч мөнгө буюу хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээх бөгөөд хариуцагчид дээрх мөнгийг зээлийн зориулалтаар бус өөр зориулалтаар өгсөн гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа үгүйсгээгүй байна. Иймд зохигчид гэрээг байгуулах үед мөнгө зээлэх, зээлийн хөрөнгийг буцаан өгөх хүсэл зориг байгаагүй байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэх эрхгүй байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж гэрээг байгуулж болох бөгөөд хэдийгээр зохигчдын хооронд зээлийн харилцаа үүсээгүй ч дээрх гэрээнүүдийн 3-т хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 болон 0,4 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзэв.
Хариуцагч мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул түүнээс алдангийг гэрээгээр тохирсон хэмжээгээр тооцон 3,350,000 төгрөгийг /5,000,000 төгрөг*0,5 хувь*94 хоног+2,000,000төгрөг*0,4хувь*125 хоног/ гаргуулж, нэхэмжлэгчид олгов.
Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 10,350,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Өнөөдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүргэсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Баярмаагаас 10,350,000 /арван сая гурван зуун тавин мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Мөнхцэцэгт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,046,124 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197,288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 191,803 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ