Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/109

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргалаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн *******,******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатагин овогт *******. /РД: /

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг “Сэргэлэн хараат” гэх газарт хадлангийн ажил хийх үеэр байрлаж байсан гэртээ 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гал түлсний улмаас яндангаас оч үсэрч 6000 га талбайд хээрийн түймэр гарч, байгаль экологид 110556.000 (нэг зуун арван сая таван зуун тавин зургаан мянга) төгрөгийн шууд хохирол, гал түймрийг унтраахад 2528.100 (хоёр сая таван зуун хорин найман мянга нэг зуун) төгрөгийн хохирол буюу нийт 113084.100 (нэг зуун арван гурван сая наян дөрвөн мянга нэг зуу) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн өглөө 7 цагт босоод техник асдаггүй болохоор айл руу явахдаа галаа түлээд гарсан. Тэр айлаасаа шууд цаашаа хадлангийн газар руугаа явсан. Хохирлыг төлж барагдуулна. Би анхаарал болгоомжгүйгээс болж гал алдсан...гэв.

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2021 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 22 цагийн орчимд Чойбалсан сумын 4 дүгээр баг Сэргэлэн хараат гэх газар хээрийн түймэр гарсан гэх дуудлага мэдээлэл сумын Засаг даргын  тамгын газарт ирсэн. Түймэр гарсан газар нь хилийн зурваст багтсан зөвшөөрлийн дагуу олгогдсон хадлангийн газрын байрлаж байсан Монгол гэрээс 6 алхамын зайд ертөнцийн зүгээр урд зүгт чиглэж явсан түймэр. ...түймэрт 6000га газар шатаж 110556.000 төгрөгийн шууд хохирол, түймэр унтраахад гарсан зардалд биензин, шатахуун, шатах тослох материалд 1845.400 төгрөг, түймэр унтраахад дайчлагдан ажилласан төрийн алба хаагч, хүмүүсийн цалин хөлс 528.000 төгрөг, хоол, хүнс, ажлын хувцасны зардалд 154.700 төгрөг 2528.100 төгрөгийн хохирол учирсан. Цаг агаар ертөнцийн зүгээр хойд зүгээс хүчтэй салхитай байсан...” гэжээ. /хх-ийн 26 тал/

 Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчим ертөнцийн зүгээр манай хадлангаас зүүн урд зүгт байх хадлангийн гэрийн урд талаас 4-5 метр зайд хээрийн түймэр гарч байсан...” гэжээ. /хх-ийн 30-31 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай хадлангийн газраас зүүн урд зүгт байх хадлангийн газарт гэх залуу эхнэр, хүүхдийн хамт байсан. ас сонсоход гэх хүний хадлан гэж ярьж байсан. Иргэн эхнэр, хүүхдийн хамт манай хадлангийн гэрт ирдэг байсан. Тухайн түймэр гардаг өдөр хадлангийн өвсийг маань надтай хамт хурааж өгсөн. Улмаар 18 цагийн орчим манай гэр рүү цуг явсан....түймэр байсан гэрээс 4-6 метрийн зайд гэрийн хаалга чиглэлтэй гарч байсан...” гэжээ. /хх-ийн 33-34 тал/

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/06 тоот дүгнэлтэд:

  1. Уг хээрийн түймрийн улмаас 6000га талбай шатсан байна.
  2. Хээрийн түймэрт шатсан Хэрлэн голын хойд Хөх нуур орчмын тойргийн бэлчээрийн 1га газрын суурь үнэлгээ 614200 төгрөг байна.
  3. Хээрийн түймрээс байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Монгол Улсын Ерөнхий сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 03 дугаар сарын 22-ны хамтарсан 106 дугаартай “Журам, жагсаалт шинэчилэн болон шинээр батлах тухай” тушаалаар батлагдсан “Ой хээрийн түймрээс учирсан хохирлыг тооцох журам”-аар тооцсон болно.
  4. Дээрх тушаалын 1 дүгээр хавсралтын 4.7 дахь хэсэгт зааснаар намрын улиралд 0,03 итгэлцүүрээр үржүүлж тооцвол хээрийн  түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирол нь 6000га*614200₮*0,03=110556,600 төгрөг болж байна.
  5. Сумын ажлын хэсгийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/03 дугаартай хохирл тогтоох акт үндэслэлтэй байна.
  6. Шууд хохирол 110556.600 төгрөг бөгөөд шууд бус хохирлын хэмжээг шинжээчийн зүгээс тогтоох боломжгүй байна.
  7. Түймэр гарсан нутаг нь хөрсний үржил шимээ алдаагүй учраас дараа жил бэлчээрийн ургамал илүү сайн ургаж, байгаль өөрийгөө бүрэн нөхөн сэргээдэг тул тухайн хохирлыг түр хугацааны хохирол гэж үзэж байна гэжээ. /хх-ийн 82-83 тал/

Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Д.Баттулгын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 046/08 тоот дүгнэлтэд:

Хариулт-1. Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, оролцогч нарын мэдүүлэг зрэгээс уншихад гал түймрийн голомт нь иргэн гэрийн эсгий гэрийн урд зүгт 5-6 алхам зайнаас эхэлсэн байна.

Хариулт-2. Зуухны янданг хөлөөгүй болон яндагийн гэмтлийн улмаас оч үсэрч хялбар шатах /өвс, цаас/ гэх мэт материалд цонолт өгч гал түймэр гарах боломжтой.

Хариулт-3. Цогтой үнс нурам ил задгай хаяснаас болж гал түймэр гарах боломжтой бөгөөд уг гал түймрийн хэрэгт авагдсан нотлох баримтаар ил задгай үнс нурам хаяснаас гал түймэр гарсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хариулт-4 Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, оролцогч нарын мэдүүлэг зэргээс уншихад уг гал түймэр нь пийшингийн янданг хөөлөөгүй болон гэмтэлтэй задарсан яндан ашиглаж, галлагааг хэтрүүлснээс болж яндагаас оч үсэрч хялбар шатах өвсөнд цонолт өгч гал түймэр гарсан байх магадлалтай.

Хариулт-5 Шинжилгээгээр хэрэгт ач холбогдтой зүйл илрээгүй байна гэжээ. /хх-ийн 62-63 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-16 тал/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17 тал/

- Эд зүйл баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-21 тал/

- Т. гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43, 95-96 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг “Сэргэлэн хараат” гэх газарт хадлангийн ажил хийх үеэр байрлаж байсан гэртээ 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гал түлсний улмаас яндангаас оч үсэрч 6000 га талбайд хээрийн түймэр гарч, байгаль экологид 110556,000 /нэг зуун арван сая таван зуун тавин зургаан мянга/ төгрөгийн шууд хохирол, гал түймрийг унтраахад 2528.100 /хоёр сая таван зуун хорин найман мянга нэг зуун/ төгрөгийн хохирол буюу нийт 113084.100 /нэг зуун арван гурван сая наян дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч , гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/06 тоот дүгнэлт, бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Д.Баттулгын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 046/08 тоот дүгнэлт, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргалаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, 110556.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, 110556.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Т. гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т. хууль бус үйлдлийн улмаас хээрийн түймэр гарч байгаль орчинд 110556.000 төгрөгийн шууд хохирол, гал түймэр унтраахад Дорнод аймгийн Чойлбалсан сумын Засаг даргын тамгын газарт 2528.100 төгрөгийн шууд бус хохирол учирсан бөгөөд иргэний нэхэмжлэгч д шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд шүүх хуралдаан оролцохгүй, шүүгдэгч *******ас байгаль орчинд учруулсан 110556.000 төгрөгийн шууд хохирлыг нэхэмжлэхгүй харин гал түймэр унтраахад гарсан 2528.100 төгрөгийг шууд бус хохирлыг гаргуулж өгнө гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байна.

Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 110556.000 төгрөгийн хохирол, Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газраас гал түймрийг унтраахад 2528.100 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гал түймрийг унтраахад гарсан шууд бус зардал 2528.100 төгрөг, байгаль орчинд учирсан хохиролд “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон шууд хохирол 110556.600 төгрөгийн хохирлуудыг тус тус нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

 

Шүүх гэм хорын хохирлыг гаргуулахдаа Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т “гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэж багасгаж болно” гэж зааснаар түүний байгаль экологид учруулсан хохирлыг багасгаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар шүүгдэгч Т. эд хөрөнгийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, шалтгаан нөхцөл зэргийг харгалзан байгаль орчинд учирсан хохирлын 110556.600 төгрөгийг багасган 1105.560 /нэг сая нэг зуун таван мянга таван зуун жар/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэлээ.

 

Мөн гал түймэр унтраахад гарсан шууд бус хохирол болох 2528.100 төгрөгийг шүүгдэгч *******ас гаргуулж, Дорнод аймгийн Чойлбалсан сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  “төмөр яндан” 3 ширхэгийг шүүгдэгчид буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Т. дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатагин овогт Төмөрхуягийн г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, 110556.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.2-т тус тус зааснаар шүүгдэгч *******ас гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 1105.560 /нэг сая нэг зуун таван мянга таван зуун жар/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ас гэмт хэргийн улмаас учруулсан шууд бус хохиролд нийт 2528.100 /хоёр сая таван зуун хорин найман мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн Т. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Төмөр яндан” 3 /гурав/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д буцаан олгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.БАТЖАРГАЛ