Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/311

 

 

 

 

 

 

 

 

 

   2022          04           22                                      2022/ШЦТ/311                             

                                                                                                                     

   

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д овогт И-ын Б-д холбогдох эрүүгийн 22100 0467 0271 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч И.Б нарыг тус тус оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Д овогт И-ын Б /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 5 дугаар гудамжны 72 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ж.Г-ын нүүрэн тус газарт гараараа цохих, архины шилээр гар, толгойд нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “...баруун гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны хугарал, дух, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, баруун хацар, хүзүү, зүүн шуунд зулгаралт, хамар, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам, чигчий хуруунд цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч И.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч И.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хүсэлтээ дэмжиж байна, мөн прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн зөвшөөрч байна. Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн, одоо шүүхэд нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй.

Хохирогч бид хоёр өмнө хамт ажиллаж байсан юм. Тэгээд түүнийг гэртээ дуудаж, бууз жигнэсэн. Гэтэл Ж.Г- 1 шил архи уучихаад намайг учиргүй харааж эхэлсэн. Би “манай гэрт ирчихээд намайг доромжиллоо” гэж хэлээд түүнийг цохисон нь үнэн. Ж.Г- намайг боосон учраас би гарыг нь мушгисан юм. Гэхдээ буруу зүйл хийснээ ойлгосон, миний буруу. Би Ж.Г-од эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг төлсөн байгаа.“ гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 22100 0467 0271 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Г-ын хохирогчоор өгсөн:

“...2022 оны 01 дүгээр сарын 29-ний орой танил И.Бын гэрт ууц эвдэх гэж ирсэн бөгөөд тухайн үед н.Төмөрбаатар, И.Б, н.Уламбаяр нар пиво уугаад сууж байсан. Шөнө 03 цагийн үед И.Б надад “гэрт хоноод яваарай” гэхээр нь хонохоор болсон юм. Бид нар тухайн үед 0.75 литрийн 2 шил Хараа нэртэй архи уусан. Тэгээд архи уугаад сууж байхад И.Б нь н.Уламбаяр болон өөрийн төрсөн хүүхдүүдээ гэрээсээ хөөгөөд “зайл” гээд байхаар нь би И.Бд “чи чинь ямар тэнэг пизда вэ” гэхэд “чи намайг манай гэрт пизда гэдэг хэн бэ” гээд ширээн дээр байсан архины шил аваад, толгойны орой хэсэг 2-3 удаа цохисон. Тэгээд миний толгой өвдөөд байхаар нь би толгойгоо хамгаалаад баруун гараараа хаахад гарын сарвуу хэсэг рүү 2 удаа архины шилээр цохисон. Миний чигчий хуруу өвдөөд байхаар нь би И.Баас архины шилийг хурааж аваад, орон доогуур шидсэн юм. Тэгээд би н.Төмөрбаатарт “цагдаад дуудлага өгөөч” гэж хэлээд И.Б-ыг хөдөлгөхгүй барьж байхад миний нүүр болон толгой руу гараараа цохиод байсан. Тухайн үед би ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй зодуулсан. Би гомдолтой байна, миний баруун гарын чигчий хуруу гэмтсэн байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 09 дэх тал),

 

2. ШШҮХ-ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2431 тоот:

1. Ж.Г-ын биед баруун гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны хугарал, дух, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн шанаа, баруун хацар, зүүн хацар, хүзүү, зүүн шуунд зулгаралт, хамар, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам, чигчий хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

4. Дээрх баруун гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх дух, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн шанаа, баруун хацар, зүүн хацар, хүзүү, зүүн шуунд зулгаралт, хамар, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам, чигчий хуруунд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 16-17 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч И.Бын яллагдагчаар өгсөн:

“...2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө манай гэрт н.Төмөрбаатар, н.Уламбаяр, Ж.Г гурав ирсэн ба бид нар нийлж архи, пиво уусан. Гэтэл хэсэг хугацааны дараа Ж.Г- намайг “пизда” гэхээр нь “чи манай гэрт ирчихээд намайг яагаад пизда гээд байгаа юм бэ” гэж хэлээд, Ж.Г-ын цээж рүү хоёр гараараа түлхсэн ба бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд, дахин Ж.Г-той маргалдсан. Миний толгой болон баруун гар луу гараа атгаж байгаад цохисон, мөн хүзүүг хоёр гараараа боогоод байхаар нь би харилцан зодолдсон. Ингэхдээ зүүн шанааг нь зүүн гараараа маажсан. Тухайн үед би маш их уурласан байсан болохоор түүнийг хэрхэн яаж цохисноо сайн мэдэхгүй байна. Миний мэдэхээр би архины шилээр Ж.Г-ын толгой руу 1-2 удаа цохисон ба ингээд байж байхад цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 49 дэх тал) мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (хэргийн 30 дахь тал), иргэний үнэмлэх баримтын лавлагаа (хэргийн 31 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 34 дэх тал), И.Б-аас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын хяналтын шатанд гаргасан хүсэлт (хэргийн 62 дахь тал) баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн шүүгдэгч И.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Ж.Г- нь хохирол төлбөр хүлээн авсан талаар илэрхийлсэн ба шүүгдэгчээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 62 дахь тал) 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 86 дугаартай прокурорын тогтоолоор шийдвэрлэж, И.Бд хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг прокуророос танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч, ял тохирсон, прокуророос эрүүгийн 22100 0467 0271 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт тухайлан заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч И.Бын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч И.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 5 дугаар гудамжны 72 тоотод “манай гэрт ирчихээд намайг пизда гэж хэллээ” хэмээн Ж.Г-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хохирогч Ж.Г-ын нүүрэн тус газарт гараараа цохих, архины шилээр гар, толгойд нь цохих зэргээр зодож, биед нь “...баруун гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны хугарал, дух, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн шанаа, баруун хацар, зүүн хацар, хүзүү, зүүн шуунд зулгаралт, хамар, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам, чигчий хуруунд цус хуралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:   

- хохирогч Ж.Г-ын: “...2022 оны 01 дүгээр сарын 29-ний орой танил И.Бын гэрт ууц эвдэх гэж ирсэн бөгөөд тухайн үед н.Төмөрбаатар, И.Б, н.Уламбаяр нар пиво уугаад сууж байсан. Шөнө 03 цагийн үед И.Б надад “гэрт хоноод яваарай” гэхээр нь хонохоор болсон юм. Бид нар тухайн үед 0.75 литрийн 2 шил Хараа нэртэй архи уусан. Тэгээд архи уугаад сууж байхад И.Б нь н.Уламбаяр болон өөрийн төрсөн хүүхдүүдээ гэрээсээ хөөгөөд “зайл” гээд байхаар нь би И.Бд “чи чинь ямар тэнэг пизда вэ” гэхэд “чи намайг манай гэрт пизда гэдэг хэн бэ” гээд ширээн дээр байсан архины шил аваад, толгойны орой хэсэг 2-3 удаа цохисон. Тэгээд миний толгой өвдөөд байхаар нь би толгойгоо хамгаалаад баруун гараараа хаахад гарын сарвуу хэсэг рүү 2 удаа архины шилээр цохисон. Миний чигчий хуруу өвдөөд байхаар нь би И.Баас архины шилийг хурааж аваад, орон доогуур шидсэн юм. Тэгээд би н.Төмөрбаатарт “цагдаад дуудлага өгөөч” гэж хэлээд И.Быг хөдөлгөхгүй барьж байхад миний нүүр болон толгой руу гараараа цохиод байсан. Тухайн үед би ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй зодуулсан. Би гомдолтой байна, миний баруун гарын чигчий хуруу гэмтсэн байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 09 дэх тал),

- ШШҮХ-ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2431 тоот:

1. Ж.Г-ын биед баруун гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны хугарал, дух, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн шанаа, баруун хацар, зүүн хацар, хүзүү, зүүн шуунд зулгаралт, хамар, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам, чигчий хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

4. Дээрх баруун гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх дух, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн шанаа, баруун хацар, зүүн хацар, хүзүү, зүүн шуунд зулгаралт, хамар, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам, чигчий хуруунд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 16-17 дахь тал) болон шүүгдэгч И.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 49 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтогдсон байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хохирогч Ж.Г-ын биед учирсан “баруун гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны хугарал, дух, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн шанаа, баруун хацар, зүүн хацар, хүзүү, зүүн шуунд зулгаралт, хамар, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам, чигчий хуруунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч И.Б хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохих, архины шилээр гар, толгойд нь цохих зэргээр цохиж зодсоны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч И.Бын дээрх гэмтэл үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч И.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.

 

Хэргийн хохирогч Ж.Г-ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.  

 

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд хохирогч Ж.Г- нь “...И.Баас эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг хүлээн авсан” хэмээн мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлтээ бичгээр гаргасан баримттай (хэргийн 61 дэх тал) байх тул шүүгдэгч И.Баас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч И.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 34 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт И.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурагаадсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                               

ТОГТООХ нь:

 

1. Д овогт И-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Быг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт И.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурагаадсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд И.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД