| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 183/2017/00362/И |
| Дугаар | 183/ШШ2017/00686/И |
| Огноо | 2017-03-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2017/00686/И
| 2017 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2017/00686 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Бридж Плаза, 102 тоот байранд байрлах, “Эвридэй Интернэшнл” ХХК /Регистрийн дугаар:2742756/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 61-13 тоотод бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Их тэнгэрийн гудамж, Анома хотхоны 76 дугаар байр, 5 тоотод байрлах, “Гастро сервис” ХХК /Регистрийн дугаар:2767473/-д холбогдох
Гэрээний үүрэгт 7,711,652 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Долгормаа, Л.Бямбасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Эвридэй Интернэшнл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани Г.Цэрэнчимэг захиралтай “Гастро сервис” ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулан бараа бүтээгдэхүүнээ захиалгын дагуу нийлүүлэн ажиллаж байсан. “Гастро сервис” ХХК нь гэрээнд заасан хугацааны дагуу төлбөрөө барагдуулалгүй 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 7,711,652 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг харилцан батлалцаж, тооцоо нийлсэн акт үйлдсэн. Үүний дагуу удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан ч холбогдох утсаа авахгүй алга болсон. Иймд хариуцагчаас үлдэгдэл төлбөр болох 7,711,652 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Долгормаа, Л.Бямбасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,711,652 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 27-нд 660,000 төгрөгөөр, сүүлийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр үлдэх 451,652 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Хэрэв эхний сарын төлбөрөөс эхлэн тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эвридэй Интернэшнл” ХХК нь хариуцагч “Гастро сервис” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 7,711,652 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 7,711,652 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 27-ны өдөр 660,000 төгрөгөөр, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр үлдэх 451,652 төгрөгөөр тус тус төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрэв.
Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХнь:
1.“Эвридэй Интернэшнл” ХХК-ний нэхэмжлэлтэй “Гастро сервис” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,711,652 /долоон сая долоон зуун арван нэгэн мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийг 2017 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 27-ны өдөр 660,000 төгрөгөөр, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр үлдэх 451,652 төгрөгөөр тус тус төлөх, төлүүлэхээрхарилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 57 дугаар зүйлийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2214 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 138,336 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигчид энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ