Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2017/00761

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 04 өдөр

          Дугаар 183/ШШ2017/00761

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 35 а байр, 43 тоотод оршин суух, Гоймончууд овогт Баттулгын Солонго /Регистрийн дугаар:ЙР80112269/-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Дэнжийн 11-39Б тоотод оршин суух, Боржигин овогт Цэрэннямын Эрдэнэбаатар /Регистрийн дугаар:МБ89100810/-д холбогдох

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 400,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                          

Нэхэмжлэгч Б.Солонго шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Солонго миний бие нь иргэн Ц.Эрдэнэбаатартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан ба ажлын хөлсийг талууд 700,000 төгрөг байхаар тохиролцсон. Өмгөөлөгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч Ц.Эрдэнэбаатар нь өмгөөллийн хөлснөөс 300,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 400,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Хөлсөө төлөхийг шаардахад удахгүй өгнө түр хүлээ гэсэр өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагчаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Солонго, хариуцагч Ц.Эрдэнэбаатар нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэлийн шаардлага болох 400,000 төгрөгнөөс 100,000 төгрөгийг төлж, үлдэх 90,000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч үлдэх 210,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээг  байгуулж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                       

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                        

                      ҮНДЭСЛЭХ нь:  

                                                                                              

Нэхэмжлэгч Б.Солонго нь хариуцагч Ц.Эрдэнэбаатарт холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 90,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь 310,000 төгрөгнөөс 100,000 төгрөгийг төлж барагдуулан үлдэх 210,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөх, төлүүлэхээр зохигчид эвлэрэн хэлэлцжээ.

Энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Б.Солонгын нэхэмжлэлтэй Ц.Эрдэнэбаатарт холбогдох гэрээний үүрэгт 400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 90,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч 310,000 төгрөгнөөс 100,000 төгрөгийг төлж барагдуулан, үлдэх 210,000 /хоёр зуун арван мянган/ төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөх, төлүүлэхээр  харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,650 төгрөгнөөс тал хувь болох 6,325 төгрөгийг улсын төсвөөс, 3,475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.

           

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

            4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 О.ОДГЭРЭЛ