Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/604

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Баасандорж,

улсын яллагч: Ж.Энхжаргал,

шүүгдэгч: П.М нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.М-д холбогдох эрүүгийн 000000000000 тоот хэргийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт П-ын М /РД: 00000000000/,

Монгол улсын иргэн, ****оны ** дугаар сарын **-ний өдөр ***** хотод төрсөн *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжмэлийн технологийн мэргэжилтэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, 6 настай дүү, ахын хамт, Архангай аймгийн Хотонт сумын 0 дугаар баг, Б  бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Мандалвоо, 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 06-ны шөнө 01 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 05 дугаар хороо, МТ шатахуун түгээх станцын зүүн замд Тоуоtа Аlliоn маркийн 00-00 ААА  улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” 3.7.”Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...согтууруулах ундаа, ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох’’, 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажууд гэрэлтүүлгийн шон мөргөж зорчигч Д.О-ын эрүүл мэндэд хүнд, Э.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан, “000000” ХХК-нд 860.000 төгрөгийн хохирол, Тоуоtа Аllion маркийн 00-00 ААА  улсын дугаартай автомашины эзэмшигч Б.Б-ид 4.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч П.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 06-ны шөнө 01 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 05 дугаар хороо, МТ шатахуун түгээх станцын зүүн замд Тоуоtа Аlliоn маркийн 00-00 ААА  улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” 3.7.”Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...согтууруулах ундаа, ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох’’, 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хажууд гэрэлтүүлгийн шон мөргөж, зорчигч Д.О-ын эрүүл мэндэд хүнд, Э.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “000000” ХХК-нд 860.000 төгрөгийн хохирол, Тоуоtа Аllion маркийн 00-00 ААА  улсын дугаартай автомашины эзэмшигч Б.Б-ид 4.160.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал, үйл баримт нь эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

              -Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4-р хуудас/,

              -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-16-р хуудас/,

              -Жолооч П.М-ийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер

багажаар үлээлгэн шалгахад 0.58%-ийн үзүүлэлттэй...” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 10-р хуудас/,

              -Хохирогч  Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тухайн үед машин хайж байгаад найз М-тэй гэрийн гадаа тааралдаад ойр зуурын юм ярьж байгаад чи намайг ахын гэрт хүргээд өгөөч гэтэл найз за гэж хэлээд Тоуоto Allion маркийн автомашин асаагаад явсан. Тухайн үед манай хамгийн бага дүү болох М-ийн үсний найр болж байсан тэгээд тэр найрнаас Э, Т гэх хоёр найзын хамтаар гэрээс гараад гадаа зогсож байсан. Тэгээд бид дөрөв Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхон буюу манай ах Г-ын гэрлүү явж байсан. Тухайн үед бид дөрөв Сонгинохайрхан дүүргийн Өндөр настан гэх газар явж байсан тэгээд би юу ч санахгүй байгаа тухайн үед би ухаан алдаад уначихсан байсан нэг сэрсэн чинь Гэмтлийн эмнэлэгт миний толгойд оёдол тавьж байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19- 20-р хуудас/,

              -Хохирогч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 05-ны шөнийн 23 цагийн орчим М, Т бид гурав О-ын үсний найр дууссаны дараа Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Мандал-Овоо 0-0 тоот гэрт нь орж би 3 аяга айраг уусан тэд нар бас хэдэн аяга айраг уусан байх сайн мэдэхгүй, уугаад байсан тэгээд шөнийн 00 цаг 00 минут өнгөрч байхад бид дөрөв гэрээс нь гараад Т-гийн харшил хөдлөөд О машинаа асаах гэтэл машин нь асахгүй болохоор нь М гэр лүүгээ ороод аавынхаа машиныг аваад гараад ирье гэж хэлээд ороод машиныг нь унаад гараад ирсэн.Тэгээд М машинаа жолоодон би хойд талд нь зүүн, харин О миний хажуу баруун талд Т урд талын жолоочийн хажуу суудал дээр суугаад бид нар 21 дүгээр хорооллын эмийн санд орж эм авчхаад Хилчин дээр О-ыг гэрт нь буулгах гээд явж байгаад замдаа шон мөргөсөн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24-р хуудас/,

              -Иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өглөө 09 цагт ажлаас буугаад өөрийн эзэмшлийн Тoyota Allion маркийн 00-00 ААА  улсын дугаартай машиныг жолоодон гэртээ очоод өдөр 12 цагийн үед охиноо сургуулиас нь авчхаад гэртээ амарсан. Гэртээ байхдаа 0.5 л архи ганцаараа уугаад орой 19 цаг өнгөрч байхад унтсан. Намайг унтах үед М дүү М-ийн хичээлийг хийлгээд байж байсан. Намайг унтаж байхад М аав машинаа унаад манай найз нарыг эмийн санд хүргээд өг гэхээр нь би аав нь чадахгүй архи уусан чи өөрөө машинаа унаад хүргээд өгчих нэг бол машин унадаг хүн байвал унуулаад явчих гээд машины түлхүүрийг М өгөөд унтаж амарсан. Маргааш өглөө нь 06 цагийн үед сэрээд байшингийн цонхоор хартал машин байхгүй байхаар нь эхнэрийн дүү Я-тай утсаар холбогдож машинаа асуухад өчигдөр шөнө М хүүхдүүдийн хамт явж байгаад шонгийн мод мөргөж осол гаргасан гэсэн..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/, 

              -Иргэний хариуцагч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Би иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр ярьсан нэмж ярих зүйл байхгүй. “...бусдад учирсан хохиролыг тухайн автомашины эзэмшигч этгээд барагдуулах үүрэгтэйг ойлгож мэдсэн гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-р тал/,

              -Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн гэрэлийн шон манай 000000” ХХК-ний эзэмшлийнх байгаа юм. Ослын улмаас манай байгууллагын гэрэлтүүлгийн шонд эвдрэл гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-р хуудас/,

              -Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр М, Т, Э, О бид 4 23 цагийн үед О-ын дүү болох М-ийн үсний найранд очоод би 3 аяга, М 2 аяга, Э 1 аяга, О 3-4 аяга айраг уугаад сууж байгаад 00 цаг 20 минут өнгөрч байх үед гэрээс нь бид дөрөв гараад гадаа зогсож байтал хүйтэнд миний харшил хөдлөөд О-ын машинтай цуг явах гэж байтал асаагүй, тэгээд хоорондоо ярилцаж байгаад М би ааваас асуугаад өгье гээд гэрлүүгээ орсон. М аавынхаа Toyota Allion маркийн 41-15 улсын дугаартай серийг нь мэдэхгүй машиныг жолоодон би хажуу талын урд жолооч М-ийн хойд талд О, миний ард талд Э сууж явсан. Бид нар 21 дүгээр хорооллын эмийн сан орж харшлын эм аваад машинтайгаа хөдлөөд О бид хоёрыг хүргэж өгье гээд дээшээ шинэ давхраас өндөр настны буудал өгсөж явах үед М 70-80 км цагийн хурдтай явж байсан. Би зүүн хажуу талруу харсан чинь Toyota prius-20 маркийн машин манай машины зүүн талаар өнгөрсөн. Тэгээд жолооч М рүү харсан чинь баруун талруугаа дараад баруун урд дугуй бродурь даваад 80 м яваад тэгээд баруун хойд дугуй дахиж бродурь даваад 10 м яваад гэрлийн шон мөргөсөн. Баруун талаараа цаашаа бол юм санахгүй байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-р хуудас/,

              -Гэрч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “манай дүү М 2003 онд төрөөд удаагүй өвөө П-ийн нэр дээр шилжсэн, нийслэл хотод 62 дугаар сургуульд сурч байгаад 9-р анги төгсөөд Монс политехникийн коллежид сурч засварчин мэргэжлээр төгссөн. Одоо М эрхэлсэн ажил байхгүй гэртээ дүүгээ хардаг. Даруухан төлөв жоохон ноймоодуу хүнтэй юм яриад нийтэч талдаа. Тэр шөнө осол болсон тухай М-ийн найз Нандин-Эрдэнэ хүрээд ир нөгөө хэд аваарт орсон байна гэж тэгээд би яваад очсон чинь цагдаа ирсэн төвийн бүрэлдэхүүн ирээгүй М ганцаараа зогсож байхаар нь юу болсон талаар асуусан чинь М би өөрөө машин жолоодсон гээд өөр юм яриагүй шоконд орсон харагдсан. Машинд явсан 3 найзыг нь түргэн аваад явсан машин нь баруун хэсгээрээ шон мөргөж их хэмжээний эвдрэл учирсан харагдсан би М-ийг болон цуг явсан 3 хүнийг гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-р хуудас/,

              -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Э-ийн 2022 оны 3 дугаар саран 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000000 дугаартай:

-1. Э.Э-ын биед эрүүний баруун талд салаа болон зүүн талд их бие дайрсан хугарал, зүүн чих, шанаанд зүсэгдсэн шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. 3үсэгдсэн шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтмол алдалтанд нөлөөлөхгүй /хавтаст хэргийн 47-48-р хуудас/,

              - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.С-ийн 2022 оны 3 дугаар саран 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000дугаартай:

- 1.Д.О-ын биед гавлын баруун чамархай, суурь ясны хугарал, их тархины баруун чамархай, духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хоншоор ясны хугарал, баруун дух, чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүгэгдэнэ.

3. Учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй /хавтаст хэргийн  51-53-р хуудас/ ,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Э-ийн 2022 оны 3 дугаар саран 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:

1. Б.Т-ийн биед зулайн хуйханд язарсан шарх, зүүн нүдний зовхи, баруун шилбэнд цус хуралт, зүүн гарын 2 дугаар хуруунд язарсан шарх, 4 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хавтаст хэргийн 56-57-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Автотехникийн лабораторийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 0000 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 71-91-р хуудас/,          

-“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 0000 дугаартай дүгнэлт нийт 5.110.000 төгрөг /хавтаст хэргийн 64-68-р хуудас/,

-2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 000 дугаартай мөрдөгчийн магадлагаа:

1.Тоуоtа Allion маркийн 00-00 ААА улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч П овогтой М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ.

б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: гэсэн заалтын а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй      эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх /хавтаст хэргийн 92-94-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогч нарын биед учирсан гэмтлийг бодитой нотлосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо. 

Шүүгдэгч П.М-ийн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 05-ны шөнийн 22 цагийн үед гудманд голдоо О, Э, Т, бид дөрөв уулзаад О-ын дүүгийн үсний найранд очье гэж ярилцаад 22 цаг 40 минутын орчим гэрт нь алхаж очсон. Ойрхон тэндээ бид дөрөв айраг уусан. Би 2 аяганы тал айраг уусан хэсэг хугацааны дараа 00 цагийн үед гэрээс нь гарсан. Т найзын харшил хөдлөөд 21 дүгээр хороолол орж 24 цагийн эмийн сангаас эм авах шаардлагатай гээд бид дөрөв ярилцаад би аавынхаа машиныг доошоо унаж явж болох уу гэж асуух болсон. Тэгээд гэртээ орсон чинь аав унтаж байсан эхлээд аавыг дуудсан чинь аав сэрээд надад машиныхаа түлхүүрийг өгөөд өөрсдөө унаад яв гэж хэлэхээр нь би гараад аавын Toyota Allion маркийн 00-00 ААА  улсын дугаартай хөх өнгийн машиныг би жолоодоод хашаанаас гаргаж ирээд Т миний хажууд суугаад Э, О нар хойд суудалд суугаад 21 дүгээр хороолол орж эмийн сангаас харшлын эм аваад буцаад би жолоодон хилчин орж Отгобаатарыг хүргэж өгөхөөр явж байгаад МТ шатахуун түгээх станцын ойролцоо очтол өндөр настангийн автобусны буудал дээр цагдаагийн машин харагдсан би сандраад 2 дугаар эгнээгээр явж байгаад 1 дүгээр эгнээ рүү ороход 1 дүгээр эгнээгээр явж байсан Toyota prius маркийн автомашин 2 дугаар эгнээ рүү зөрж ороход тэр машин зүүн талаар 2 дугаар эгнээгээр ойрхон гарсан шүргэлцээгүй би тэр машиныг шахаж байна гэж бодоод тооромз гишгэтэл зүүн тооромз бариагүй баруун гар талын дугуйн тооромз барьсан тэгээд брожур мөргөх шиг болоод би нүдээ аниад тэгээд түс тас гээд явсан. Рrius маркийн машин намайг шахаагүй би цагдаагийн машин хараад сандарсан болохоор тэгж бодсон. Нэг мэдсэн нэг танихгүй ах намайг сэрээсэн ахын дүү машинаас гараарай тэгээд би цонх давж гарсан би цагдаа эмнэлэгт дуудлага өгөөгүй надаа гар утас байхгүй болохоор дараа нь машинаас гар утсаа олж авсан. Цуг явсан хүмүүс манралтын байдалтай байж байтал цагдаагийн машин ирсэн. Би энэ машиныг хөдөө усанд явахдаа нэг удаа барьж байсан хотод барьж байгаагүй надад машин жолоодох эрхийн үнэмлэх байхгүй жолооны курсэд суугаагүй....” гэж /хавтаст хэргийн 111-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа, жолооч мөн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 144-р хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 143-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 142-р хуудас/, байнга оршин  суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 145-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 146-р хуудас/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 147-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 148-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлаа /хавтаст хэргийн 149-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.  

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн нотлож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.М нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Э-ийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000000 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.Э-ын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.С-ийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3888 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.О-ын эрүүл мэндийн амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Э-ийн 2022 оны 3 дугаар саран 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Т-ийн эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон.

Шүүгдэгч П.М нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь 0,58% үзүүлэлттэй илэрсэн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 10-р хуудас/ мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 92-94-р хуудас/-аар нотлогдож байгаа. 

Улмаар мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуугийн гэрэлтүүлгийн шон мөргөсний улмаас дээрх хохирол, хор уршгийг бий болгосон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэсэн гэмт хэргийн шинжтэй. Уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “согтуурсан үедээ” 2.2 “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” 2.3 “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлуудыг хуульчилсан.

Иймд шүүгдэгч П.М-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Иргэний нэхэмжлэгч “000000000000” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч шонгийн хохирол болох 860.000 төгрөг нийт авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй мөн хохирогч Д.О, Э.Э, иргэний нэхэмжлэгч Б.Т, Б.Б  нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.М-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 “тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3 “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тус тус тогтоож, албадлагын арга хэмжээ  авахуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлж ирээгүй болно...” гэх дүгнэлттэй шүүгдэгч П.М нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно гэв.  

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч П.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүлийн хувьд аав, дүү, ахын хамт амьдардаг байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Харин шүүгдэгч П.М-ийн хувьд дээрх хөнгөрүүлэх болон бусад нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, талуудын ял тохиролцсон байдал зэргийг тус тус харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх; гэж заасан.

 мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно. гэж заасантай  шүүгдэгч П.М-ийн дээрх нөхцөл байдлууд нийцэж байна.

Иймд дээрх зүйлүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн  хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 “тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3 “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тус тус тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг …хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгчид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасныг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б  овогт П-ын М-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч П.М-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Шүүгдэгч П.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 “тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн 3 дахь хэсгийн 3 “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тус тус тогтоож, албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 4. Шүүгдэгч П.М нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болон тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.  

   5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч П.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, тогтоолын хувийг Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд тогтоолын хувийг хүргүүлсүгэй.  

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.УРАНГУА