Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2098

 

В.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/02264 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч В.Эгийн, хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 908 078 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

            Нэхэмжлэгч В.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 253 дугаар шийдвэрээр хариуцагч “Д” ХХК нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг шүүхий шийдвэр гарсан 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөр тооцож барагдуулсан. Гэвч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон хариуцагч “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н-Э-ийн 54 тоот тушаал 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гарсан боловч ажилд нь эгүүлэн аваагүй байна. Иймд “Д” ХХК-иас дээрх тушаал гарсан өдрийг хүртэлх нэхэмжлэгчийн ажилгүй байсан 7 сарын цалин хөлс 6 480 014.51 төгрөг, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 54 тоот тушаал гарсан өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.

            Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл ажилд нь эгүүлэн томилсон гэх “Д” ХХК-ийн захирал Б.Н-Э-ийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 54 тоот тушаалын эх хувийг хариуцагчаас гардан аваагүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг нөхөн сэргээж, “Д” ХХК-ийн захирал Б.Н-Э-ийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 54 тоот тушаалын 2 дугаар заалтыг хэрэгсэхгүй болгож, В.Эг “Д” ХХК-ийн худалдааны төвд өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, хариуцагч “Д” ХХК-ийн захирал Б.Н-Э-ийн 54 тоот тушаал гарсан 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх нэхэмжлэгчийн ажилгүй байсан 7 сарын цалин 6 480 014.51 төгрөг, мөн дээрх тушаал гарсан өдрөөс нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан 6 сарын цалин хөлс болох 5 428 064.01 төгрөгийг, нийт 11 908 078 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/00253 дугаар шийдвэрийг бид хуульд заасан эрхийнхээ хүрээнд давж заалдсан, мөн хяналтын шатны шүүхээс 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тус хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Нэхэмжлэгч нь бидэнтэй холбоо барилгүй байсаар 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл ирүүлсэн.

            Үүний дагуу нэхэмжлэгчийг ажилд томилсон 54 тоот тушаалыг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гаргаж, ажилгүй байсан хугацааны олговрыг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр бүрэн төлж барагдуулсан. Шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгчийг “Д” ХХК-иас гаргуулан авсан цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан өгч, дэвтэртээ бичилт хийлгэх боломжтой гэж тэмдэглээд шийдвэр биелүүлэх ажиллагааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч В.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-Е нь гүйцэтгэх захирал Б.Н-Э-тэй уулзан, нэхэмжлэгчийг ажилд эргэж орохгүй, бид дахин цалин хөлсний талаар шүүхэд хандана гээд холбоо тасарсан.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо гаргах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иргэн В.Эгаас шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн үндэслэлгүйгээр ажлаас халсанд тооцож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5 428 064.01 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь Улсын дээд шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 173 тоот захирамж гарснаар хэрэв ажилд нь оруулаагүй гэж үзэж байгаа бол эрхээ зөрчигдсөнийг тэр үед бүрэн мэдсэн буюу мэдэх ёстой байсан. Мөн мэдсэнийхээ дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан гэж үзэж байна. Уг тушаалаар нэхэмжлэгч В.Эг ажлаас халаагүй, хэрэв ажлаас хууль бусаар халагдсан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тус шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд эрхээ сэргээлгэхээр хандах боломжтой байсан.

            Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан байх тул нэхэмжлэгч хуульд заасан хугацаандаа нэхэмжлэлээ гаргаагүй буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна. Уг тушаал нь тэр чигтээ нэхэмжлэгч В.Эг ажилд эргүүлэн авах, хугацаа нь дууссан хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулах, мөн 3 дахь заалтаар цалин хөлсийг нь цалингийн системийн дагуу олгохыг санхүүгийн албаны даргад даалгасан агуулгатай буюу шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн шийдвэр юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-иас 4 137 951.20 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Эд олгож, нэхэмжлэлээс 7 770 127.41 төгрөгт холбогдох хэсэг болон ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгч В.Эгийн ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Д” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227 379 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХК-иас 81 157 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас илүү төлөгдсөн 9 881 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч В.Эд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг зохих ёсоор, хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Нэхэмжлэгч В.Э нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 253 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон боловч ажилд эгүүлэн томилох тухай 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 54 тоот тушаал гарах хүртэл 7 cap ажилгүй байсан. Иймд уг хугацааны цалин буюу 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 6 480 014.51 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Уг шаардлагын зарим хэсгийг шүүхээс хангаж шийдвэрлэхдээ дээр дурдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 253 дугаар шийдвэр 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хугацаанд явагдсан ба үүний дараа 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзжээ. Дээр дурдсан үйл баримтын хугацаагаар тооцож үзвэл нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилох тушаал гаргасны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоол гарсан өдрөөс шаардлага гаргах 3 сарын хугацааг тоолсон нь үндэслэлгүй байна. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь зөвхөн шүүхийн шийдвэрээр тоггоогдсон төлбөрийн хэмжээнд буюу гүйцэтгэх хуудсанд тусгагдсан төлбөрийн хэмжээнд явагдана. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг ямар ч шүүхийн шийдвэргүйгээр ажил олгогчоос албадан гаргах ажиллагаа хийгдэхгүй тул уг үйл баримтаас буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт "Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй" байна. Иймд нэхэмжлэгч нь өөрийг нь үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шаардах эрхтэй гэдгээ мэдэх ёстой бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 253 дугаар шийдвэрийн дагуу ажилтанд олгогдохоор тогтоогдсон 8 472 468 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны данс руу “Д” ХХК-иас шилжүүлсний дараа мөн өдөр В.Э нь уг мөнгийг хүлээн авсан ба уг мөнгийг хүлээн авах үедээ шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацааны цалин хөлс дутуу байгааг, үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар асуух буюу эрхээ зөрчигдсөнийг мэдэх ёстой байсан боловч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно" гэж заасан.

Шүүхийн шийдвэрийн дагуу В.Эг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 54 тоот тушаалаар ажилд эгүүлэн авсан ба уг тушаалыг тухайн өдөртөө түүнд мэдэгдсэн, мөн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн. Гэвч В.Э нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу мөнгийг нь хүлээн авсан атлаа өөрийн дураар ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, ажилдаа ирээгүй, ажил олгогч бусдыг албадан хөдөлмөрлүүлэх боломжгүй. Уг үйлдлээ цайруулахын тулд В.Э болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-Е нар нь “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилох тухай 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 54 тоот тушаалыг ажлаас халсан тушаал гэж мушгин гуйвуулж, үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Өөрөөр хэлбэл бид шүүхийн шийдвэрийг цаг хугацааны хувьд 2016 оны 8 дугаар дугаар сарын 09-ний өдөр “Д” ХХК-д холбогдох Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн албан тоотын дагуу 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ажилд эгүүлэн авах тухай тушаал гаргаж, нэхэмжлэгч В.Эг ажилд эгүүлэн авсан, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Д” ХХК-ийн данснаас ажилтанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг суутгалгүйгээр 8 472 468 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны данс руу татан авсан, ажилтан өнөөдрийг хүртэл өөрийн биеэр нийгмийн даатгалын дэвтрээ авч ирээгүй бөгөөд өөрт ногдох шимтгэлээ өгч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтээ хийлгэх эрх нь нээлттэй. Иймээс нэхэмжлэгч В.Э нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаагүй. Иймд 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ажилд эгүүлэн авах тухай тушаал гаргаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд өгснөөр В.Э урьд эрхэлж байсан ажлаа гүйцэтгэх ёстой буюу тухайн өдрийг хүртэл В.Эгийн ажилгүй байсан хугацааг тоолох ёстой байсан боловч тэрбээр өөрийн дураар ажил албаа гүйцэтгээгүй учир тушаал гарснаас хойш түүнийг ажил олгогчийн буруутай шийдвэрийн улмаас ажил үүргээ гүйцэтгээгүй буюу ажилгүй байсан гэж үзэх боломжгүй тул уг хугацаанаас шаардах эрхээ хэрэгжүүлэх 3 сарын хугацааг тоолоход шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч В.Э нь хариуцагч “Д” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлэн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 11 908 078 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ. Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн гэж маргасан бөгөөд энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч В.Э нь “Д” ХХК-ийн захирлын 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 176 дугаар тушаалаар ашиглалтын хэлтсийн харилцаа үйлчилгээний албаны зохион байгуулагчийн ажлаас халагдсан байх ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/00253 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 579 дүгээр магадлалаар В.Эг “Д” ХХК-ийн ашиглалтын хэлтсийн цэвэрлэгээ үйлчилгээний албаны зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 8 412 468 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болгосон байна.

Нэхэмжлэгч В.Э анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ажил олгогчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 54 дүгээр тушаал гарсан өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулахаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авахаас татгалзсан учир 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, түүний шаардлагын агуулга Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байна. Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэжээ. Хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр батлагдан хүчин төгөлдөр болох хүртэлх хугацааны, мөн уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бүх хугацаанд нэхэмжлэгчийн авах ёстой байсан цалинтай тэнцэх нөхөх олговрыг ажил олгогч хариуцах хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх энэ талаарх үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг зөв тодорхойлон цалинтай тэнцэх нөхөх олговорт 4 137 951 төгрөг гаргуулан, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг хариуцагч “Д” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр үйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад нийцсэн тул хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Шүүх, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй учир дүгнэлт хийх шаардлагагүй байна.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/02264 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахад урьдчилан төлсөн 81 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                         А.ОТГОНЦЭЦЭГ

                                          Ч.ЦЭНД