Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2014/0120

 

“Т б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Ч.Б, хариуцагч Л.Д, түүний төлөөлөгч Ч.Т нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 529 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлоор, “Т б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Х, П.Днарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Ц.Х, улсын байцаагч П.Д-нарын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 210172 тоот актын тогтоох хэсгийн 1а, 2а, 2б-г хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Ц.Х, татварын улсын байцаагч П.Д нар “Т б” ХХК- ийн 2009-2011 оны санхүүгийн байдалд татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж , татварын улсын байцаагчийн 210172 тоот актаар 52.712.1 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан. “Т б” ХХК нь актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсан бөгөөд уг зөвлөл татварын улсын /ахлах/ байцаагчийн актыг хэвээр баталсан.

Борлуулалтын орлого дутуу тооцсонд татвар ногдуулсан тухайд, “Т б” ХХК-ийн татвар ноогдолт, төлөлтөд Эрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн албан тоот, Татварын ерөнхий газрын дэд даргын баталсан удирдамжийн дагуу шалгалт хийсэн. Шалгалтын явцад “Т б” ХХК-тай холбоотой 2010 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 007634001 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар “И Д Э” ХХК- д 8541.8 мянган төгрөгийн барааны борлуулалт хийсэн хөндлөнгийн мэдээллийг Эрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн. Уг борлуулалтыг борлуулалтын орлогод тусгаагүй байсан.

Татварын албаны ирүүлсэн хөндлөнгийн мэдээллээр 2009 оны 002885057 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар “Эм И Ар Ти Эс” ХХК-д 32800.0 мянган төгрөгийн, 2010 оны 1690568 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар “Дорнын илч” ХХК-д 1111.8 мянган төгрөг, 1690575 тоот падаанаар “Зүүнхараа трейд" ХХК-д 600.0 мянган төгрөг, 5837138 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар “Болоршоо” ХХК-д 2601.8 мянган төгрөг, 7670675 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар “Сандэй плаза” ХХК-д 2867.7 мянган төгрөг, 7691179 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар “Лхатүшиг” ХХК-д 545.5 мянган төгрөг , 7634001 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар “Лхатүшиг” ХХК-д 545.5 мянган төгрөг, 2011 оны 6659961 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар “Монфреш шүүс” ХХК-д 5454.5 мянган төгрөг, 7691475 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар “ЭДТС” ХХК-д 667.6 мянган төгрөгийн бараа борлуулсны орлогыг тайланд тусгаагүй. Мөн дээрхи нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авагч байгууллагууд нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаас хасалт хийсэн байна.

Маркетингийн үйл ажиллагааны талаар, “Таванбогд” ХХК нь борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор худалдан авагчдад урамшууллын янз бүрийн ажлуудыг санаачлан зохион байгуулж ажилладаг. Энэ үйлчилгээнийхээ төлбөрийг “Адванс агро” компани, ХЕРЮХ корпорацаас авдаг. Энэ үйлчилгээний орлогыг санхүү болон орлогын албан татварын тайлан дээр орлогоор хүлээн зөвшөөрч, гарсан зардлыг тайлант ^ хугацааны зардлаар тайлагнасан байдаг. Хэдийгээр харилцах дансанд энэ үйлчилгээний төлбөр мөнгөөр орж ирсэн ч энэ нь үйлчилгээний орлого юм. Иймд дээрх үйлчилгээний орлого нийт 81532.4 мянган төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу албан татвар ногдуулсан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож татварын улсын /ахлах/ байцаагчийн актыг хэвээр баталж өгнө үү гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 529 дүгээр шийдвэрээр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.8, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Т б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Ц.Х, улсын байцаагч П.Д нарын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 210172 тоот актын тогтоох хэсгийн 1а, 2а, 26 заалтуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Ц.Х, татварын улсын байцаагч П.Д нарын 2012 оны 11 сарын 03-ны өдрийн 210172 тоот актын тогтоох хэсгийн 1а, 2а, 2б-г хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр актын 26 заалтыг хүчингүй болгосныг үл хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна.

Тус компани нь борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх зорилгоор худалдан авагчдад урамшууллын янз бүрийн ажлуудыг санаачлан зохион байгуулж ажилладаг. Энэ үйлчилгээнийхээ төлбөрийг Адванс агро компани, ХЕКОХ корпорацаас авдаг ба Адванс агро компаниас 2010 онд олгосон 34214.3 мянган төгрөг, 2011 онд 29047.7 мянган төгрөг, ХЕРОХ корпорацаас 2010 онд 8715.4 мянган төгрөг, 2011 онд 9555.0 мянган төгрөг, нийт 81532.4 мянган төгрөгийг хүлээн авч уг үйлчилгээний орлогыг санхүү болон орлогын албан татварын тайлан дээр орлогоор хүлээн зөвшөөрч, гарсан зардлыг тайлант хугацааны зардлаар тайлагнасан байдаг. Хэдийгээр харилцах дансанд энэ үйлчилгээний төлбөр мөнгөөр орж ирсэн ч энэ нь үйлчилгээний орлого юм.

Дээрх үйлчилгээний нийт 81532.4 мянган төгрөгийн орлогод Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”, 7.1.4-т “Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ" гэж заасныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулж, торгууль алданги тооцсон.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 629 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, татварын улсын байцаагчийн 210172 тоот актын тогтоох хэсгийн 2б-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

  1. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 210172 тоот актын тогтоох хэсгийн 1а, 2а-д заасан барааны борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд дутуу тооцож, татвар ногдох орлого бууруулсан гэх зөрчлийн тухайд:

Хариуцагч татварын улсын байцаагчид “Т б” ХХК-ийг 2009-2011 онуудад барааны борлуулалтын орлогыг тайланд дутуу тооцож, татвар ногдох орлого бууруулсан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр 79511.9 мянган төгрөгийн зөрчилд 7951.2 мянган төгрөгийн нөхөн татвар, 2385.4 мянган төгрөгийн торгууль, 2641.9 мянган төгрөгийн алданги ногдуулжээ. Гэвч тус компани нь зөрчилд дурдсан НӨАТ-ын падаануудаар борлуулалт хийгээгүй байна. Тодруулбал,

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, тус компанийн борлуулалт хийсэн гэх 2009 оны НӨАТ-ын 002885057 дугаар падаан нь “Т т” ХХК-ын борлуулалт хийсэн, “Т к” ХХК-ийн санхүүгийн тэмдэгтэй, “Эм И Ар Ти” ХХК-ийн худалдан авалт хийсэн падаан, 2010 оны 007634001, 005837138 дугаартай падаануудыг тус компани худалдаж аваагүй, 007670675, 007691179 дугаартай падаануудыг “Т б косметик” ХХК борлуулалтаар бүртгэсэн, 2011 оны 007691475 дугаартай падааныг “Т б к” ХХК, 006659961 дугаартай падааныг “Т б трейд” ХХК борлуулалтаар тайлагнасан, 001690568, 001690575, 007681950, 007982862, 008978900 дугаартай падаануудаар тус компани борлуулалт хийгээгүй болох нь тогтоогджээ.

Иймд “Т б” ХХК-ийг дээрх падаануудаар борлуулалт хийсэн гэж үзэж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үндэслэлгүй тул дээрх зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Хариуцагч нар актын тогтоох хэсгийн 1а, 2а-д заасан зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй байна.

  1. Актын тогтоох хэсгийн 2б-д заасан маркетингийн үйл ажиллагааны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тооцсон гэх зөрчлийн тухайд:

Нэхэмжлэгч “Т б” ХХК нь АНУ-ын “Хегох” корпораци, Тайландын “Адванс агро” компанийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютерээр ажилладаг байх бөгөөд бэлтгэн нийлүүлэгч, дээрх компаниудаас сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааны дэмжлэг болгон тус компанид 2010 онд 50431.9 мянган төгрөг, 2011 онд 42585.6 мянган төгрөг, нийт 93017.5 мянган төгрөгийг шилжүүлжээ. Нэхэмжлэгч нь уг орлогыг үйл ажиллагааны орлогод тусган, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн байна.

Мөн тус компанид нийлүүлэгч компаниас маркетингийн үйл ажиллагааны дэмжлэг болгон шилжүүлсэн мөнгөн орлогыг ажил, үйлчилгээний орлого гэж үзэж НӨАТ ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.8, 7 дугаар зүйлийн 7.1-д заасантай нийцэхгүй байна. Учир нь,

Нэхэмжлэгч “Т б” ХХК нь ажил, үйлчилгээ үзүүлээгүй, өөрөөр хэлбэл, сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааны зориулалтаар үүссэн мөнгөн дэмжлэгийн хариуд нэхэмжлэгч хуулийн этгээд ямар нэгэн ажил үйлчилгээ үзүүлээгүй тул хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Татварын ерөнхий газарт хандаж, дээрх мөнгөн орлогын талаар лавлагаа хүсэхэд 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 8/133, 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 8/2102 дугаар албан бичгүүдээр “...гадаад бэлтгэн нийлүүлэгчээс маркетингийн үйл ажиллагаанд зориулж хүлээн авсан мөнгөн ба мөнгөн бус дэмжлэгийг бусад орлогоор бүртгэнэ. Мөнгөн хэлбэрээр үзүүлж байгаа дэмжлэг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд хамаарахгүй...” гэсэн хариу өгчээ.

Эдгээр байдлуудаас дүгнэхэд нийлүүлэгч компаниас маркетингийн үйл ажиллагааны дэмжлэг болгон шилжүүлсэн мөнгөн орлогыг ажил, үйлчилгээний орлого гэж үзэж НӨАТ ногдуулах үндэслэлгүй тул энэ үндэслэлээр гарсан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 529 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

Ц.ЦОГТ

Д.БАТБААТАР

Б.МӨНХТуяа