Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 0170

 

 

2020 оны 3 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2020/0170

Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: “БЭ”

Хариуцагч: МХЕГБТХУАБ Д.С.

Нэхэмжлэлийн шаардлага: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 07/101/170 дугаартай улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Д.С, гуравдагч этгээд Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “БЭ” ХХК нь БЦ барилгыг 2006 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г “Э” ХХК-тай байгуулан бариулсан бөгөөд энэхүү цогцолбор
барилгыг барилгын ажил гүйцэтгэгчээс хүлээлгэн өгсөн талбайн хэмжээ болон Монгол Улсын Барилгын тухай хууль болон холбогдох хууль, журмын дагуу Засгийн газрын эрх бүхий байгууллагын барилгыг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг үндэслэн төлбөрийг бүрэн төлж хүлээн авсан болно.

Улмаар 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Д.Ц нь тус цогцолборын 19 дүгээр давхрын 19Д тоот орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар Монгол Улсын Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д заасны дагуу гэрээ байгуулах саналаа илэрхийлснийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож шинээр ашиглалтад орсон орон сууцыг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2 болон 196.1.5 заасны дагуу Д.Цтэй нүүр тулан уулзаж, түүнд эд хөрөнгийг танилцуулан шилжүүлэн өгч, гэрээ байгуулсан болно.

Гэтэл худалдан авагч нь дээрх байранд нүүн орсон цагаас эхлэн янз бүрийн шалтгаан тоочин гомдол гаргаж байсан бөгөөд гаргасан гомдлыг нь шийдвэрлэж хамтран ажиллахаар манай компанийн зүгээс гаргасан гомдолтой нь холбогдуулан удаа дараа хүсэлт гарган, өөрийнх нь амьдран сууж байгаа 19Д тоот орон сууцанд нэвтрэн орж шаардлагатай цэвэрлэгээ, засварын ажлыг хийж гүйцэтгэж өгөхийг хүсч, шаардлагатай тохиолдолд тухайн орон сууцнаас түр гарган өөрсдийн зочид буудлын тансаг зэрэглэлийн өрөөнд үнэ төлбөргүй байрлуулан, хоол унаагаар үйлчлэн, засварын хугацаанд бүх тавилга, эд хогшлыг зориулалтыг гялгар уутаар бүтээж хамгаалах санал тавьдаг ч хүсэлтийг үл зөвшөөрөн бид бүхнийг орон сууцандаа нэвтрүүлэхгүй байсаар өдийг хүрсэн болно.

Цаашилбал худалдан авагч нь манай компанийн эсрэг нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан бөгөөд уг хэргийн материалд худалдан авагчийн хүсэлтийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 19Д байранд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.С нь хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн дүгнэлт гаргасныг бид анх олж мэдсэн.

Уг улсын байцаагчийн дүгнэлт нь доорх зөрчлийг агуулсан болох талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан албан бичгээр гомдлоо гаргасан болно.

Үүнд:

  1. Дээрх хяналт шалгалтын үйл ажиллагаанд манай байгууллагын төлөөллийг огт оролцуулаагүй, хяналт шалгалт хийгдэх гэж байгаа тухай огт мэдэгдээгүй бөгөөд дүгнэлтэд дурдсан утасны дугаар дээр манай компанийн үл хөдлөх хөрөнгө хариуцсан мэргэжилтэн байдаггүй бөгөөд 0 тоот дугаар дээр байдаг. Түүнчлэн дүгнэлтийн хувийг бидэнд хүргүүлээгүй.
  2. Засгийн газрын эрх бүхий байгууллагуудаас томилогдсон Улсын комисс уг барилгыг бүхэлд нь олон удаа шалгаад өөрсдийн дүгнэлтийг гарган орон сууц, албан контор болон зочид буудлын чиглэлээр ашиглахыг зөвшөөрсөн баримт бичгийг үйлдсэн байдаг бөгөөд дээрх дүгнэлтэд энэ талаар огт дурдаагүй.
  3. Дүгнэлтэд дурдсан Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-дмеханик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц эзлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байхнөхцөлийг манай барилга бүрэн хангаж байгаа бөгөөд бат бэх тал дээр Монгол Улсад мөрдөгдөж байгаа бүх стандарт шаардлагыг хангаж баригдсан болно.
  4. Цаашилбал дүгнэлтэд дурдсан Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д “барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй, галд тэсвэртэй, цахилгаан хангамж, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байхаар төлөвлөгдөн баригдсан байх заасан шаардлагыг бүрэн хангасан бөгөөд галд тэсвэргүй ямар ч материалыг ашиглан бариагүй болно.
  5. Мөн “Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер БНбД 41-01-11-н хавсралтыг”-ын тухайд мэргэжлийн бус энгийн хүний нүдээр харахад шалны халаалтаа хаах, цонхны хөшгөө нээх, салхивчаа онгойлгох зэрэг арга хэмжээ авахгүй бол бүгчим халуун байх нь хүн бүхэнд ойлгомжтой байгаа бөгөөд кондиционерийн хувьд доторх хөргөгч фероныг цэнэглэхгүй бол ажиллахгүй байх нь ойлгомжтой.
  6. Дээрх дүгнэлтэд дурдсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 189дүгээр тогтоолыг бид бүхэн цахим орчноос хайгаад олж чадаагүй бөгөөд 3.7 болон холбогдох заалтад юу гэж дурдсан байдгийг тайлбарлуулах хүсэлтэй байна.
  7. Өрөө тасалгаанууд нь бохирын хурц эвгүй үнэр ихтэй, агаар сэлгэлт муу байсан тухай дүгнэлтэд дурдсантай бид бүхэн өөрсдийн биеэр байгаагүй учир санал нийлэх боломжгүй байгаа бөгөөд худалдан авагчаас өмнө нь ирүүлж байсан энэ гомдлын дагуу байранд нэвтрэн орж доголдлыг шалган, засаж өгөх санал тавьдаг байсан. Харамсалтай нь бидэнтэй хамтран ажиллахгүй удсан учир өөрийнх нь буруутай үйлдлээс болж бөглөрсөн шугамыг коридор хэсэгт нь задалж цэвэрлэж өгсөн бөгөөд тухайн давхрын хөрш болон дээд давхрын өмчлөгч, доод давхрын буудлын өрөөнөөс тухайн үнэр огт үнэртдэггүй бөгөөд ийм гомдол гарч байгаагүй. Худалдан авагч нь байрандаа тоть, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтан тэжээдэг бөгөөд эл үнэр нь тэдгээр амьтдаас гарч байгааг бид үгүйсгэхгүй.

                 Гэвч Улсын байцаагчийн дүгнэлтийг үл зөвшөөрч өөрийн төлөөллийг оролцуулан дахин хяналт шалгалт хийж өгөхийг хүссэн манай хүсэлтэд 2019 оны 02-р сарын 02-ны өдрийн 07/411 тоот албан бичгээр мөн Улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай манай хүсэлтэд 2019 оны 03-р сарын 01-ний өдрийн 07/669 тоот албан бичгээр тус тус татгалзсан хариу өгсөн болно.

                 Цаашилбал худалдан авагч нь энэхүү улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган нийт 6,967,780,856 (зургаан тэрбум есөн зуун жаран долоон сая долоон зуун наян мянга найман зуун тавин зургаан төгрөг) төгрөг нэхэмжилж байгаа нь манай компанийн хэвийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулахаар байгаа бөгөөд Монгол Улсын Захиргааны хуулийн тодорхой заалтуудыг дараах байдлаар ноцтой зөрсөн байх үндэслэлтэй байна. Үүнд:

  • Улсын байцаагчийн дүгнэлт нь зөвхөн Худалдан авагчийн хүсэлтээр хийгдсэн бөгөөд манай компанийн мэргэжлийн техникийн алба хаагчдын төлөөллийг оролцуулалгүй бидэнд огт мэдэгдэлгүй хийсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 болон 40 дүгээр зүйлийн 40.2.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.
  • Улсын байцаагчийн дүгнэлтэд манай компанид хувийг явуулсан гэх боловч манай бичиг хэрэг хариуцсан албан хаагч болон шуудангийн хаягаар огт ирүүлээгүй бөгөөд худалдан авагчаар дамжуулан дүгнэлтийн хуулбарыг танайд өгсөн хэмээн тайлбарлаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дүгээр зүйлийн 43.1 - 43.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна. Улсын байцаагчийн дүгнэлтэд манай компанийн эрх ашгаа хамгаалах боломжийг үл олгон Захиргааны ерөнхий хуулийн 40.2.5 дахь заалтыг зөрчин хугацаа заагаагүй байна.
  • Мөн Улсын байцаагчийн дүгнэлтийг үйлдсэн улсын ахлах байцаагч Д.С нь Өмнө ньуг цогцолборын барилгыг хүлээн авах улсын комиссын бүрэлдэхүүнд багтан хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулан ашиглалтад оруулахыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж байсан байцаагч байгаа нь сонирхлын зөрчилтэй Улсын байцаагчийн дүгнэлт гарсан байж магадгүй гэх хардлагыг төрүүлж байна.” гэв.

Хариуцагч МХЕГБТХУАБ Д.С шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “БЦ” барилгын 19 дүгээр давхрын 19Д тоот орон сууцыг эзэмшигч иргэн Д.Ц нь “манай орон сууц нь оршин суугч бидний эрүүл аюулгүй орчинд тав тухтай амьдрах хэвийн нөхцөл шаардлагыг хангахгүй, өдөртөө маш бүгчим халуун, ....бохирын эвгүй үнэртэй, дуу чимээ ихтэй байгаа тул зохих хяналт шалгалтыг хийж, үзэж шалган зохих дүгнэлтийг гаргаж өгнө үү“ гэсэн гомдлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон манай газрын харьяа Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст 2017, 2018 онуудад хэд хэдэн удаа ирүүлж байсан болно.

Иргэн Д.Цгээс 2018 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Мэргэжлийн
хяналтын ерөнхий газарт ирүүлсэн гомдлыг судлан үзээд, дэд даргын баталсан “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 02/143 дугаартай удирдамжаар 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “БЦ” барилгын 19 дүгээр давхрын 19Д тоот орон сууцны ашиглалтын үеийн төлөв байдалд холбогдох үзлэг шалгалт хэмжилтүүдийг хийж, холбогдох зураг төсөл бичиг баримтууд болон Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтаас хүргүүлсэн 02-14/86 болон 02-14/302 дугаартай албан бичгүүд зэргийг судлан үзээд, миний бие нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 07/101/170 дугаартай дүгнэлтийг гаргасан болно.

Улсын ахлах байцаагчийн 07/101/170 тоот дүгнэлт нь тус
цогцолбор барилгын буюу тухайн орон сууцны бат бэхийн хэсэгт гаргасан
дүгнэлт биш бөгөөд зөвхөн тус барилгын 19 дүгээр давхрын 19Д тоот орон
сууцны ашиглалтын үеийн төлөв байдалд үзлэг шалгалт, хэмжилт хийгээд /тус
орон сууц нь оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдрах
хэвийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхэд/ гаргасан дүгнэлт гэдгийг зөв
ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, иргэн Д.Ц орон сууц нь оршин суугчийн эрүүл аюулгүй орчинд тав тухтай амьдрах хэвийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхэд Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас үзлэг шалгалт хийгээд 07/101/170 тоот дүгнэлт, 02-14/86 болон 02-14/302 дугаартай албан бичгүүдээр зохих хариуг өгсөн гэж ойлгож болно.

Монгол улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төвлөрсөн шугам сүлжээнд
холбогдсон бүх орон сууцны барилгын доторх агаарын хэм нь өрөөний зориулалтуудаасаа хамаараад дунджаар +/18-22/°С хэмтэй байхаар холбогдох хууль, норм дүрэм, стандарт, тогтоол шийдвэрт тодорхой заагдсан байдаг бөгөөд 19Д дугаар орон сууцны өрөө тасалгаануудын доторх агаарын хэм нь байх ёстой заалтаас дунджаар +/9-10/0С-аар их буюу +/28-37/0С байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын “...барилга байгууламжийн хийж, бүтээц, ... ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө...-д аюул учруулахгүй,... тогтвортой байх” гэсэн хэсгийг буюу холбогдох норм дүрэм стандартын зохих заалтуудыг зөрчсөн байх өгөөд энэ нь цаашид оршин суугчдын эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.

Тус байгууллага нь нэхэмжлэлдээ хөргөлт, кондиционерийн хувьд доторх
хөргөлтийн ферон шингэнийг цэнэглэхгүй бол бүгчим халуун байх нь ойлгомжтой
гэж тайлбарласан байгаа нь, хөргөлт агаар сэлгэлтийн систем хэвийн ажиллахгүй байгааг болон өрөө тасалгаа маш бүгчим, халуун байгаа зөрчлөө гэрчлэн баталж байна гэж үзэж байна.

Орон сууц бохирын хурц эвгүй үнэртэй, агаар сэлгэлт муутай
байгаа нь иргэн Д.Цгээс гаргасан гомдол, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч нарын шалгалт хийгээд гаргасан 02-14/86 тоот, 02-14/302 тоот албан бичгүүдэд, мөн улсын ахлах байцаагчийн 07/101/170 тоот дүгнэлтэд тодорхой дурдагдаж бичигдсэн байгаагаар батлагдаж байгаа болно.

“БЭ” ХХК-ийн нэхэмжлэлд “...орон сууцны өрөө тасалгаануудад
бохирын хурц эвгүй үнэр ихтэй байгааг засаж өгөх гэсэн боловч гомдол гаргагч
оршин суугч засуулаагүй” тухай, мөн бөглөрсөн бохирын шугамыг тус орон сууцны
давхарт задалж, онгойлгон гоожуулж бөглөрлийг цэвэрлэдэг” тухай бичигдсэн
байгаа нь энэ хэсэгт бохирын хурц эвгүй үнэртэйг давхар батлан гэрчилж байгаа
үзэж байна.

2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр БЦ барилгын
19 дүгээр давхрын 19Д тоот орон сууцны ашиглалтын үеийн төлөв байдалд
холбогдох үзлэг шалгалт хэмжилтүүдийг хийхээр очиход, тус барилгын ашиглалтыг хариуцагч “БЭ” ХХК-ийн төлөөлөл /99*******/ ирж оролцсонгүй.

Харин цогцолбор барилгын 1 дүгээр давхарт байгаа үйлчилгээний ажилчдаас хяналт, шалгалтад оролцох саналыг тавьсан боловч бид өөр чиг үүргийн ажил эрхэлдэг оролцох боломжгүй гэж татгалзав.

Иргэн Д.Цгээс 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр манай газарт
ирүүлсэн гомдол нь урд өмнө нь манай байгууллагын харьяа Сүхбаатар дүүргийн
Мэргэжлийн хяналтын хэлтэст ирүүлсэн гомдолтой нэгэн ижил гомдол тул, тус
хэлтсийн улсын байцаагч нарын шалгасан шалгалтын үргэлжлэл гэж үзээд 2018
оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гомдол гаргагч иргэн Д.Цг байлцуулан
үзлэг шалгалтыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэсэн болно.

“БЦ” барилгын 19 дүгээр давхрын 19Д тоот орон сууцны
ашиглалтын үеийн төлөв байдалд хийгдсэн үзлэг шалгалт хэмжилтүүд, холбогдох
зураг төсөл, бичиг баримтуудыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр
7/101/170 дугаартай улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг гаргасан болно.

Тус орон сууцны ашиглалтын үеийн төлөв байдалд 2018 оны 5 дугаар сарын
18-ны өдрийн 07/101/170 дугаартайгаар гаргасан улсын ахлах байцаагчийн
угнэлтийн 1 хувийг ашиглалтыг хариуцагч “БЭ” ХХК-д өгье гээд иргэн
ДЦэндсүрэн авч явсан болно. Энэ дүгнэлт нь цогцолбор барилгын зөвхөн 19Д
тоотод л хамааралтай болно. 

“БЦ” барилга байгууламж 2011 онд баригдаж
дууссаныг улсын комиссын зохих бүрэлдэхүүн 101/98/2011 дугаар актаар
ашиглахыг зөвшөөрч хүлээн авсан байна.

Улсын комиссын бүрэлдэхүүн шинэ барилга байгууламжийг хүлээн авч,
цаашид ашиглахыг зөвшөөрсөн нь, ашиглалтын үеийн олон жилийн хугацаанд
ямар ч зөрчил дутагдал илрэхгүй, гарахгүй гэсэн үг биш.

Монгол улсын Эрчим хүчний тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах
татуургын ашиглалтын тухай, Орон сууцны тухай хуулиудад барилга байгууламж
инженерийн шугам сүлжээний ашиглалтыг тусгай зөвшөөрөл бүхий байгууллага
хариуцан ажиллах ёстой гэж тодорхой заасан байдаг.

“БЭ” ХХК нь барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, үйлчилгээний ажлуудыг энэ чиглэлийн тусгай зөвшөөрөлгүйгээр хариуцан ажиллаж  байгаа нь Эрчим хүчний тухай, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Орон сууцны тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчиж байгаа нэмэлт зөрчил илрээд байна.

Тус барилга байгууламж нь анх ашиглалтад орсноосоо хойш одоо хүртэл
тасралтгүйгээр 9 дэх жилдээ ашиглагдаж байгаа болно.

Улсын ахлах байцаагч миний бие нь өөрийн хүсэлтээр биш оршин суугч
иргэний гомдлоор ашиглалтад ороод 9 жил болж байгаа энэ барилгын 19Д тоот
орон сууцны ашиглалтын төлөв байдалд 2018 онд үзлэг, шалгалт хийж
07/101/170 тоот дүгнэлтийг гаргасан болно.

Иймд “БЭ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дээрх
үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд Д.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид “БЭ” ХХК-ийн танилцуулснаар "гадаадын зочдын шаардлагыг дээд зэргээр хангасан" гэх мэт сурталчилгаанд хууртан, 19Д тоот орон сууцыг худалдан авахаар мөнгөө шилжүүлснийхээ дараа тэнд бохирын маш өмхий үнэр байнга ханхалдаг, нэг тал нь  дан шилэн болохоор өдөржин 8 цаг халуун нар шарж, хэт их халдаг, эйр кондишнгүй, агаар солилцдоггүй, хүн амьдрах огт боломжгүй болохыг нь мэдээд уг орон сууцыг авахаас татгалзсан юм. Үнэн хэрэгтээ “БЭ” ХХК энэ байранд хүн амьдрах боломжгүйг мэдсээр байж биднийг залилсан, "19Д-ийн эйр кондишныг ажиллуулна, өмхий үнэрийг нь арилгана, өмхий үнэргүй байраар сольж өгнө, бүрэн засвар хийж өгнө, гэж эсвэл манай Солонгос захирал 3 сард ирнэ, 4 сард шийднэ, 11 сард шийдэж өгнө" гэж удаа дараа хуурч мэхэлсээр, сүүлдээ захирал нь ч, ажилтнууд нь ч утсаа авахгүй зугтдаг болсон.

Нэхэмжлэлдээ хооллосон, үйлчилгээ үзүүлсэн гэж ор ундэсгүй худал зүйл бичжээ.

  1. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр болон 5 дугаар сарын 07-ны өдөр Сухбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч н.Д нарын 2 байцаагч 19Д тоот байрны агааржуулалт, хөргөлт бохирын хурц үнэртэй эсэхийг шалгахаар ирсэн. Тэр үед “БЭ” ХХК-ийн ажилтан н.Б, сантехникийн ажилтнууд байлцсан.

          2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.С ирэх үед Үл хөдлөх хөрөнгийн ажилтан н.Бг утсаар дуудах гэтэл утсаа аваагүй. Зочид буудлын ресепшний ажилтнууд оролцохоос татгалзаж байсан.

  1. N******* вебсайт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан Ц.Шын “БЭ” ХХК”-ийн барилгыг ашиглалтад оруулахаас 4 удаа татгалзсан тухай 2014 оны ярилцлага байдаг. Тэрээр энэ барилгын чанарын ноцтой дутагдалтай гэж дурдсан байсан.
  2. “БЭ” ХХК Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д «ашиглалтын явцад хүний эруүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй байхаар төлөвлөгдөн баригдсан байх» заалтыг ноцтой зөрчиж байна. Бид цэвэр агаар ордоггүй, маш бүгчим, өвөл зуны аль ч үед улиралд өдөржин нар шарж орон сууц нь 32-45 градус хүртэл халуу шатдаг, эйр кондишнгүй, нарны ээвэрлэлт ихтэй (стандартаар бол өдөрт 2 цаг нар үзэхэд хангалттай байх), барилгын дүрэм норм стандарт хангаагүй, бохирын ялзарсан унэрт амьдрах боломжгүй учраас уг байрыг орхиж явахаас өөр ямар ч аргагүй байсан. Хэсэг хугацаанд амьдрах хооронд бид хүчилтөрөгчийн дутагдалд орж, бохирын өмхий үнэрт нь хордож, ажилчид нь гэнэт маш балмадаар дайрч бохирын шугамаа задалж биднийг бүр ноцтой хохироож, бид удаан хугацаагаар эмчлүүлэхэд хүрсэн. Бохирын шугам нь удаа дараа маш ноцтойгоор задарч, эсвэл өөрсдөө ирж задалцгааж бид гүн хордлогод орж байсан. Тэд коридорын ханыг, таазыг нурааж байгаад зассан ч 6 сарын дараа ирэхэд бохирын муухай үнэр нь ханхалсаар л байсан.
  3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан ирээд цонхыг нь хэчнээн нээгээд ч салхи орохгүй, бохирын үнэр, маш бүгчим болохоор агааргүйдэж 30 мин сууж чадахгүй байсан. Бохирын үнэр, хүчилтөрөгчийн дутагдал бол маш их аюултай, эрүүл мэндэд туйлын сөрөг нөлөөтэй. “БЭ” ХХК Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасныг ноцтой зөрчсөөр байдаг.
  4. 19 давхрын 19Д байранд, гаднаас агаар ордоггүй, доторх агаар нь л гадагшилдаг. Ийм байхад агаарыг сэлгэдэг систем угаасаа хийгээгүй байна. Эйр кондишн нь ажилладаггүй. Тэгэхээр бид энэ барилгын доторх бүх бохирдсон агаараар амьсгалж байна. 2013 оны 11 дүгээр сард “БЭ” ХХК-д «эйр кондишноо ажиллуулаач» гэхэд сэлбэг захиалсан, удахгүй ирнэ гээд 2 жил хүлээлгэсэн. Тэр нь ердөө хууран мэхлэлт байсан юм билээ. Хэнд ч юу ч захиалаагүй байсан. Тиймээс бид өөрсдөө маш олон хөргөлтийн компани дуудаж үзүүлэхэд тэд «бид гэмтлийн шалтгааныг нь мэдэхгүй, засах боломжгүй» гэсэн. Ганцхан “С” ХХК компани “Фреоныг нь цэнэглэж өгье” гээд ирсэн. Тэд “Б” зочид буудлын 25 дугаар давхарт байрлуулсан 19Д байрны эйр кондишны машинд фреон хийж өгсний дараа 1 сар орчим хөргөсөн. “Дахиад хөргөхгүй байна” гэхэд “С” ХХК-ийн инженерүүд “Ер нь хөргөлтийн шингэн нь 25 давхраас 19 давхар руу буух замдаа шугам хоолой нь задарч фреон нь алдагдаж байна. Тийм болохоор алдаж байгаа хэсгийг олж засахгүй л бол хортой фреон гадагш алдагдаад байгаа болохоор цаашид засахгүй л бол болохгүй. Үүнийг засах газар байхгүй л байх” гэж тайлбарласан нь биднийг ямар аюултай орчинд байгааг баталж байгаа юм. Энд бохирын шугамны лагийн үнэр, фреонд хордож бидний эрүүл мэнд маш их хохирсон. Барилгын тухай хууль зөрчиж, бидний эрүүл мэндэд хохирол учруулсанд “БЭ” ХХК-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой.
  5. Энэ байранд цахилгаан болон ус тасардаг. Анх бидэнд танилцуулахдаа цахилгаан, ус тасалдахгүй, зочид буудлын үйлчилгээ үзүүлнэ гэж төөрөгдүүлж байсан. Бүгд худлаа байсан.

            Уг барилгын 19 давхарт 3 удаа, подвал В1 давхарт, 19В, 19С гэх мэт орон сууцуудад бохирын шугам нь хагарч, хана таазаар нь бохир урсаж, бохирын шугам гэмтэж эвдэрсэн, зэвэрсэн байсан. 2017 оны 11 дүгээр сард 19 давхрын хана таазыг тэд нурааж, бохирын шугамаа бидэнд урьдчилан хэлэлгүйгээр задалж, бид хордож байсан болохоор цагдаа дуудаж, өөрсдөө бохир усан дундуур гарч явсан. Тэд коридорт бохир ус шалаар нэг асгаж, тэр засвар нь 2 сар гаруй үргэлжилсэн.

            Ингээд 2018 оны 2 дугаар сард бид Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт хандахад улсын байцаагч н.Дийн хамт 2 байцаагч ирж байдалтай танилцсан.

            Мэргэжлийн хяналтын байцаагч нар байлцаж байгаад өмхий, маш халуун байна тохиргоо засвар үйлчилгээгээ хий" гэсний дагуу “БЭ” ХХК-ийн сантехникч нь ирээд уг байран дотор дэмий сэлгүүцэн, ямар ч засвар үйлчилгээ хийхгүй яваад л байсан. Орон сууцан дотор тохиргоо хийх юм угаасаа байдаггүй юм билээ. Гэтэл биднийг байрандаа оруулаагүй, тохиргоо хийнэ гэхэд хийлгээгүй, амьтан байлгасан гэж худал гүтгэсэн байна. “БЭ” ХХК-ийн шугамнаас гардаг лагийн үнэр маш хортой.

            Сүхбаатар дүүргийн улсын байцаагчид дахин 3 сарын дараа 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр дахин шалгахаар ирэхэд “БЭ” ХХК-ийн ажилтан н.Б болон сантехникчид нь байлцсан. 19Д нөхцөл байдал урьдынхаасаа дордсон байдалтай, өмхий үнэр бүр ихэссэн байсныг Сүхбаатар дүүргийн улсын байцаагчид үзсэн, албан тоотдоо дурдсан, тэд нотолно.

            Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.С өөрөө ирж давхар шалгасан.

            Ер нь “БЭ” ХХК сантехникийн шугамаар өмхий үнэр ханхалдаг,
анхнаасаа ийм нөхцөлтэйг мэдсээр байж биднийг төөрөгдүүлж хуурч мэхэлж, орон
сууцаа зарсан бөгөөд бидний мөнгийг буцааж өгөхгүй гэж элдэв арга, заль мэх хэрэглэж, “19Д байранд засвар хийж өгье, үнэрийг нь арилгана" гэхээр нь итгээд олон хөргөлтийн болон барилгын засварын компанитай ярилцаж хүлээсэн боловч юу ч хийж өгөөгүй, хуурч мэхэлж, залилж байсан юм билээ.

            Ингэж “БЭ” ХХК нь залилах гэмт хэрэг үйлдсэнийг Нийслэлийн Прокурор шалгах шийдвэрийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан тул 19Д тоот орон сууцны хүн амьдрах боломжгүй нөхцөл байдлыг, “БЭ” ХХК-ийн буруутай үйл ажиллагааг нарийн тодорхой шалгаж байгаа болно.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч БЭ ХХК тус шүүхэд хандан МХЕГБТХУАБ Д.Сын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 07/101/170 дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэгт үнэлэлт өгч дараах үндэслэлээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. БЭ ХХК нь 2006 онд ЭЭЖК ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Б******* ******* цогцолбор барилгын ажлыг гүйцэтгүүлснийг Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах Улсын комисс 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/98/2011 дугаар актаар үйлдвэрлэл, үйлчилгээ, оршин суух зориулалтаар ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн. Улсын комиссын бүрэлдэхүүнд хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч Д.С орж, актад гарын үсэг зурсан.

2. Иргэн Д.Цгээс 2018 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан ...БЭ ХХК-ийн 19 давхрын 19Д тоот орон сууцны агааржуулалтын системийг шалгаж, дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн өргөдлийг гаргасантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 02/143 дугаар хяналт шалгалтын удирдамжийн үндсэн дээр тус газрын Улсын ахлах байцаагч Д.С Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ.-т заасны дагуу хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Орон сууцны төлөв байдлын тухай 07/101/170 дугаар Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтэд ...тус барилгын 19Д тоот байрыг одоо байгаа төлөв байдлаар нь орон сууцны зориулалтаар ашиглах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

3. Нэхэмжлэгч БЭ ХХК дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ хяналт шалгалтын үйл ажиллагаанд манай байгууллагын төлөөллийг оролцуулаагүй, ...бидэнд мэдэгдэхгүйгээр, дүгнэлтийн хувийг бидэнд өгөөгүй, бидний тайлбар, тодруулгыг харгалзан үзэхгүйгээр дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийн улмаас худалдан авагч Б.Ц Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган нийт 6.967.780.856 төгрөгийг нэхэмжилж байгаа, компанийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулж байна... хэмээн тайлбарлан маргаж байна.

 

4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д заасанчлан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэсэн үндсэн төрөлтэй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч Д.Саас 2018 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр БЭ ХХК-ийн Б******* ******* цогцолбор барилгын 19Д тоотод хийсэн хяналт шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т заасанчлан иргэний өргөдөл, гомдлын үндсэн дээр хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалт болохын хувьд нээлттэй, ил тод байх, шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах зарчмын үндсэн дээр хуульд заасан журам, шаардлагыг баримтлан явагдах ёстой.

5. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагч Д.С нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр БЭ ХХК-ийн Б******* ******* цогцолбор барилгын 19Д тоотод хяналт шалгалтын ажиллагааг явуулахдаа шалгуулагч этгээд болох БЭ ХХК-д шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны хувийг өгөх ажиллагааг хийгээгүй, шалгалтын ажиллагаанд БЭ ХХК-ийн төлөөллийг оролцуулж, тайлбар тодруулга өгөх эрхээр нь хангаагүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6. Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ болон Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан ...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно журмыг зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 07/101/170 дугаартай улсын ахлах байцаагчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдож байна.

6. Маргаан бүхий актад дурдагдсан үйл баримттай холбогдуулан шүүх Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 1/3013 дугаар албан бичгийн дагуу Монгол Улсын зөвлөх инженер Д.Гийг 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 128/ШЗ2019/7893 дугаар шүүгчийн захирамжаар тус хэрэгт шинжээчээр ажиллуулахаар томилсон боловч гуравдагч этгээд Д.Ц нь шүүхээс томилсон шинжээчийг тухайн орон сууцанд нэвтрүүлэлгүй, шинжилгээ хийлгэх боломжоор хангаагүй болох нь Б******* ******* цогцолбор барилгын орон сууцны хэсгийн ашиглалтын талаархи дүгнэлт, шинжээч Д.Гийн мэдүүлэг болон гуравдагч этгээд Д.Цгийн тайлбараар тогтоогдож байна.

Улмаар, шинжээч Д.Гоос тус байрны 19, 20, 21, 22 дугаар давхруудад байрлах орон сууц, офисын зориулалт бүхий өрөөнүүдэд харьцаалах байдлаар хэмжилтийг хийж ...МХЕГ-аас гаргасан одоо байгаа төлөв байдлаар, орон сууцны зориулалтаар ашиглах боломжгүй гэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байна гэх дүгнэлтийг гарган 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдөр тус шүүхэд ирүүлснийг хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс тухайлан маргаан бүхий актад хамаарах Б******* ******* цогцолбор барилгын 19Д тоотод үзлэг, шинжилгээ хийгээгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн маргаж байна.

Үүнтэй холбогдуулан, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасан журмын зөрчсөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын газрын Улсын ахлах байцаагч Д.Сын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууцны төлөв байдлын тухай 07/101/170 дугаар дүгнэлтийг шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4-т заасан нээлттэй, ил тод байх, шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах зарчимд нийцсэн хэмээн үзэх боломжгүй хэдий ч маргаан бүхий актад холбогдох үйл баримтыг шүүхийн журмаар шалган тогтоох боломжгүй байх тул хариуцагчаас хууль журамд нийцүүлэн шалгалтын ажлыг дахин явуулж, дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасныг тус тус үндэслэн МХЕГБТХУАБ Д.Сын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 07/101/170 дугаар улсын ахлах байцаагчийн дүгнэлт дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 07/101/170 дугаартай дүгнэлтийг хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.М