Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/579

 

 

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Б.Энэрэл,

хохирогч Р.Г,

шүүгдэгч: Л.Н, түүний өмгөөлөгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Л.Н-д холбогдох эрүүгийн 000000000000 тоот хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Л-ын Н /РД:000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр **** аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 61 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Шандын 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 0  дугаар хороо, Мандал-Овоо 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

 

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/,

 Шүүгдэгч Л.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Мандал-Овоогийн 00-00 тоот хашаанд иргэн Р.Г-ийн толгойн тус газар нь усны саваар цохих, гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохих, модоор гуяруу нь цохих зэргээр зодож, биед нь зүүн гуяны цус хуралт, дээд эрүүний зүүн хажуугийн 3-р шүдний булгарал, дээд уруулын шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Л.Н нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Мандал-Овоогийн 00-00 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Р.Г-ийн толгойн тус газар нь усны саваар цохих, гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохих, модоор гуяруу нь цохих зэргээр зодож, биед нь “зүүн гуяны цус хуралт, дээд эрүүний зүүн хажуугийн 3-р шүдний булгарал, дээд уруулын шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

-Цагдаагийн байгууллагад 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 000000 дугаараас “Өмнө нь намайг зодож байсан ах гэрт хүрээд ирлээ” гэх дуудлагын хуудас /хавтаст хэргийн 135-р хуудас/,

-Хохирогч Р.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр манай охин хашаан дотор нохойнуудаа сул тавиад байж байтал охины урьд өмнө нь зодож байсан хүн нь зодож байсан хүн хашааны хаалга тогшоод байна гэж охин Ууганцэцэг надад хэлэхээр нь би гэрээсээ гараад очтол тэр хүн үгүйн зөрүүгүй барьж байсан усгүй усны саваараа миний толгойруу нүдчихсэн юм. Тэгэхээр нь би та яаж байгаа юм бэ гэж хэлтэл тэр эрэггэй надад юу ч хэлэхгүй байхаар нь би дотроо мэдрэл муутай хүн байж магадгүй гэж бодоод гэрээ тойроод зугтаасан чинь гэрийн үүдэнд байсан сандал аваад надруу шидэх үед миний толгойруу оночихсон юм. Тэгээд би зугтаах үед гэрийн ойролцоо байсан униар зүүн талын гуя хэсэг рүү нэг удаа цохичихоод миний үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би яагаад намайг цохиж зодож байгаа юм бэ гэж хэлтэл миний өөдөөс юу ч дуугарахгүй байсан ба хажуунаас манай охин Ууганцэцэг болиочээ хүн аллаа шүү дээ гэж хэлээд зугтааж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/,

-Гэрч Г.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд ээж бид хоёр гэрээс гараад хаалга онгойлгосон чинь үгийн зөрүүгүй барьж байсан усны саваар ээжийн толгой хэсэгрүү цохьсон. Тэгэхээр нь би айгаад буцаж гэрлүүгээ ороод өөрийн гар утсаа аваад гэрээс гараад цагдаа дуудах гээд байж байтал Л.Н гэх хүн ээжрүү сандал авч шидэж толгой хэсэгт нь оночихсон юм. Тэгээд гэрийн хойно гараад цагдаагийн байгууллагад “өөрийн гар утаснаас намайг урд өмнө зодож байсан хүн ээжийг зодоод байна” гэж дуудлага өгчихөөд буцаад гэрээ тойроод ээж дээр очтол Л.Н гэх хүн ээжийн үснээс зулгаачихсан дээр нь дарчихсан сууж байхаар нь би тэр хүнийг түлхэж унагаагаад өмсөж явсан куртикээр нь толгойг нь ороож гарыг нь тавиулах гэтэл тэр хүн үсийг нь тавихгүй байхаар нь та болиочээ хүн аллаа шүү дээ гэж хэлээд байж байтал цагдаагийн байгууллага ирсэн юм. ...Хэрэг гардаг өдөр амнаас нь архи үнэртэж байсан. Нилээн хэмжээний согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Г-ийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000 дугаартай:

“...1. Р.Г-ийн биед зүүн гуяны цус хурапт, дээд эрүүний зүүн хажуугийн 3-р шүдний булгарал, дээд уруулын шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

-Шүүгдэгч Л.Н-ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Мандал-Овоогийн 00-00 тоотод байрлах гэртээ ганцаараа 0,5 граммын Их монгол нэртэй архи уусан юм. Тэгээд архиа ууж дуусчихаад худгаас ус авах гээд 16 цагийн үед гэрээсээ усны саваа бариад явж байхдаа зүс таних хүний хашаа руу орсон. Тэгсэн зүс таних Р.Г гэх эмэгтэй байж байхаар нь ямар учраас цохисон гэдгээ мэдэхгүй согтуу байсан болохоор шууд нүүрэн тус хэсэгт 2-3 удаа цохисноо санаж тэрнээс өөрөөр яаж цохиж зодсон гэдгийг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Р.Г-ийн охин нь хүн аллаа гээд орилж байх шиг байсан удалгүй цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх байранд хонуулсан юм. Би хохирогчийн биед учирсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэж /хх-ийн 68-69 хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийгөө удирдах чадвартай буюу хэрэг хариуцах чадвартай байсан болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 307 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 122-123-р хуудас/-ээр тогтоогдож байна.

Өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 35-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 36-р хуудас/, 80%-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хавтаст хэргийн 37-р хуудас/, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /хавтаст хэргийн 38-р хуудас/, Ө худалдааны төвийн тодорхойлолт /хавтаст хэргийн 39-р хуудас/, дансны хуулга /хавтаст хэргийн 40-41-р хуудас/, Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэсийн лавлагаа /хавтаст хэргийн 43-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа /хавтаст хэргийн 45-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48-60-р хуудас/ өвчний түүх /хавтаст хэргийн 105-116-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Г-ийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000 дугаартай дүгнэлтээр хохирогч Р.Г-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Л.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Р.Г-ийн толгойн тус газар усны саваар цохих, гараараа нүүрэн тус газар цохиж байгаа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.  

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Н-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Р.Г нь “шүд эмчлүүлэх эмчилгээний зардал гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэвч Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан бөгөөд хохирогчид бодит гарсан зардлыг төлөх үүрэгтэй хэдий ч хохирогчоос эмчилгээний зардлын баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Харин хохирогчид учирсан гэмтэл, эрүүл мэндийн байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Р.Г нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Л.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчийн хувьд үлдэц сэтгэцийн өвчтэй бөгөөд 2010 онд хамгийн сүүлд хэвтэж эмчилгээ хийлгэж байсан. Энэ талаар шинжээч эмч дүгнэлтээр гаргаж өгсөн. Уг дүгнэлт, мэдүүлгээр шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай гэдгийг мэдүүлсэн. Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хүн архи уухгүй байвал эрүүл гэж хэлдэг. Шүүгдэгчийн эмгэг сэдрээд байгаа гол шалтгаан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байгаа учраас сэдрээд байгаа гэдгийг хэлсэн байгаа. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Хохирогч хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй тул иргэний журмаар хохирол төлбөрийг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруу, зүйлчлэл дээр маргаагүй. Хохирол төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Улсын яллагч шүүгдэгчийг 800.000 төгрөгөөр торгоно гэж байна. Гэтэл шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, дүү нь мөн халамжийн мөнгө авдаг. Иймд 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Л.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа, түүний эрүүл мэндийн байдал (хөдөлмөрийн чадвар 80 хувь алдалттай) байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн авч, шүүгдэгч Л.Н-д 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2, дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, хохирогч Р.Г-тэй уулзахыг хориглох”  үүргийг тус тус хүлээлгэж шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.    

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт Л-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-д 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Н-д “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих”, хохирогч Р.Г-тэй уулзахыг хориглох” үүргийг тус тус хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Р.Г гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.УРАНГУА