Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/339

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            05           04                                         2022/ШЦТ/339                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Ц.Гэрэлчимэг, шүүгдэгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Г-ийн Г-од холбогдох эрүүгийн 22100 0000 0448 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Нийтийн тээвэр нэгдүгээр бааз автобусны жолооч, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, урьд:

- Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 276 дугаар зүйлийн 3-д зааснаар 02 жил, 277 дугаар зүйлийн 1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлд зааснаар хөнгөн ялыг хүндэд багтаан нийт эдлэх ялыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг биеэр эдэлж байгаад Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 131 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 06 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Г-ийн Г /РД:хххх/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Автобус 1 дүгээр баазын гадаа жолооч Б.Б-тэй маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд “...тархи доргилт, баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, зүүн хөмсөг, баруун нүдний доод зовхи, зүүн чихний дэлбээ, баруун шууны зулгаралт, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт, хэлний язарсан шарх, зулайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч Г.Г Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.Гоос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо болсон хэргийн талаар нэмж хэлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Одоо энэ хүсэлтээ дэмжиж, прокуророос гаргасан ялын саналыг дэмжиж байна. Хохирогчид эмчилгээний зардлыг шилжүүлсэн байгаа.“ гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 22100 0000 0448 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 03 сарын 27-ны өдөр 10:00 цагийн орчимд өөрийн ажилладаг автобус бааз дээр ирж, өөрийн жолооддог автобусаа засварт оруулсан. Засварт оруулаад байж байхад 15:00 цагийн өнгөрч байхад манай нөгөө ээлжийн жолооч Г.Г ирсэн.

Тэгээд автобусаа засвараас гаргаад маргааш нь ажилд гаргахаар хамтдаа угааж бэлдээд гараашид байрлуулчхаад ажлаасаа 15 цагийн өнгөрөөгөөд гарсан. Тэгээд Г.Гын хамт дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай Хараа архи аваад, Хос өргөөгийн урд, дулааны шугамын хажууд архиа хувааж ууж суухдаа Г.Год “чи автобусаа эвдэлсэн” гэхэд “чи намайг дээшээ доошоо ярилаа” гээд ...маргалдаад, намайг заамдаж унагаагаад, толгой руу өшиглөөд байхаар нь гараараа нүүрээ хаагаад “одоо болъё хөгшөөн” гэхэд “чи муу дандаа новширч матдаг” гээд өшиглөж байгаад салаад явсан. Ингэхдээ чулуу шидээд миний толгойг оносон. Тэгээд би гэртээ харихад эхнэр маань цагдаад дуудлага өгсөн.

Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Томографын зураг авхуулсан 130.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Эмнэлгийн байгууллагад үзүүлж эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. ” гэсэн мэдүүлэг (хэргийн 09-10, 12 дахь тал),

 

2. ШШҮХ-ийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4954 тоот:

1. Б.Б-ийн биед тархи доргилт, баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, зүүн хөмсөг, баруун нүдний доод зовхи, зүүн чихний дэлбээ, баруун шууны зулгаралт, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт, хэлний язарсан шарх, зулайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр цохих, үрэх механизмаар үүснэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 19-20 дахь тал),

 

3. 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 37-41 дэх тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Гын яллагдагчаар өгсөн:

“...Ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Б.Б- ...намайг хэлэх хэлэхгүй зүс бус үгээр доромжлоод, чам шиг юмнуудыг Багануурын шоронд шаадаг байлаа гэхээр нь тэвчээр алдаад гараараа нүүр лүү нь цохиод, ноцолдож зууралдаад газар хамт унасан. Тэгээд нүүр лүү нь хэд хэдэн нүүр лүү нь цохисон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 35 дахь тал) мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 48 дахь тал), иргэний үнэмлэх баримтын лавлагаа (хэргийн 60 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 61 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 62 дахь тал), Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 441 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар баримтууд (хэргийн 72-73, 75-76 дахь тал), Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 131 дугаартай шүүгчийн захирамж, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт баримтууд (хэргийн 79-80 дахь тал), шүүгдэгч Г.Гоос өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын хяналтын шатанд гаргасан хүсэлт (хэргийн 81 дэх тал) баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Б.Б- нь хохирол төлбөр хүлээн авсан талаар илэрхийлсэн ба шүүгдэгчээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (хэргийн 81 дэх тал) 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 121 дугаартай прокурорын тогтоолоор шийдвэрлэж, Г.Год хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг прокуророос танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч, ял тохирсон, прокуророос эрүүгийн 22100 0000 0448 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт тухайлан заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Гын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Автобус 1 дүгээр баазын гадаа жолооч Б.Б-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд “...тархи доргилт, баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, зүүн хөмсөг, баруун нүдний доод зовхи, зүүн чихний дэлбээ, баруун шууны зулгаралт, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт, хэлний язарсан шарх, зулайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:   

- хохирогч Б.Б-ийн “...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байх Автобус нэгдүгээр баазад автобус эвдэрсэн байсан бөгөөд би 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр засвараас гаргах гээд 10 цагт ажил дээр ирээд байж байхад ээлжийн жолооч Г.Г ирсэн. Тэгээд автобусаа засвараас гаргаад, маргааш ажилд гаргахаар хамтдаа угааж бэлдээд гараашид байрлуулчхаад ажлаасаа 15 цагийн өнгөрөөгөөд гараад, Г.Гын хамт дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай Хараа архи аваад, Хос өргөөгийн урд дулааны шугамын хажууд архи хувааж ууж суухдаа Г.Год “чи автобусаа эвдэлсэн” гэхэд “чи намайг дээшээ доошоо ярилаа” гээд ...маргалдаад, намайг заамдаж унагаагаад, толгой руу өшиглөөд байхаар нь гараараа нүүрээ хаагаад “одоо болъё хөгшөөн” гэхэд чи муу дандаа новширч матдаг” гээд өшиглөж байгаад салаад явсан, ингэхдээ чулуу шидээд миний толгойг оносон. Тэгээд би гэртээ харихад эхнэр маань цагдаад дуудлага өгсөн.

Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Томогафийн зураг авхуулсан 130.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Эмнэлгийн байгууллагад үзүүлж эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. ” гэсэн мэдүүлэг (хэргийн 09-10, 12 дахь тал),

- ШШҮХ-ийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4954 тоот:

1. Б.Б-ийн биед тархи доргилт, баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, зүүн хөмсөг, баруун нүдний доод зовхи, зүүн чихний дэлбээ, баруун шууны зулгаралт, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт, хэлний язарсан шарх, зулайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр цохих, үрэх механизмаар үүснэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 19-20 дахь тал),

- 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 37-41 дэх тал) болон шүүгдэгч Г.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 35 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хохирогч Б.Б-ийн биед учирсан “тархи доргилт, баруун ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, зүүн хөмсөг, баруун нүдний доод зовхи, зүүн чихний дэлбээ, баруун шууны зулгаралт, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт, хэлний язарсан шарх, зулайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.Г нь түүний нүүрэн тус газар гараараа цохисны үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.Гын дээрх гэмт үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.

 

Хэргийн хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.  

 

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд хохирогч нь томографын зураг авхуулсан 130.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, нийт 138.000 төгрөг эмчилгээний зардалд нэхэмжилснийг шүүгдэгч Г.Г нь нөхөн төлсөн баримттай байна (хэргийн 82 дахь тал). Иймд шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Г нь урьд ял шийтгүүлж байсан талаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 48 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар баримтууд (хэргийн 72-73, 75-76 дахь тал) тус тус хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүх, шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

 

Шүүх, шүүгдэгч Г.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт Г.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

                                                             ТОГТООХ нь:

 

1. Б овогт Г-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Год 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Б.Б-өд 138.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

 

5. Энэ хэрэгт Г.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД