Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/96

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, шүүгч Д.Отгонбаатар, шүүгч Э.Энэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

иргэдийн төлөөлөгч В.Ууганболд,

хохирогч Ш.Төмөрбаатар, түүний өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, М.Даваасүрэн,

шүүгдэгч Х.Хишигбаяр, Б.Содномдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Х.Хишигбаярт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Б.Содномдоржид тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915005390034 дугаартай, 163/2021/0082/Э индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Чонос овогт Хишигдалайн Хишигбаяр, Булган аймгийн Орхон суманд 1991 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, тус аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн Ар булаг гэх газарт оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 30 настай, эрэгтэй, /РД: ГЖ91101215/.

Монгол Улсын иргэн, Чонос овогт Баярсайханы Содномдорж, Булган аймгийн Орхон суманд 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, тус аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн Ар булаг гэх газарт оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, 32 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: ГЖ89020419/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Хишигбаяр нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт хамт архи ууж байсан Ш.Төмөрбаатарын хоолойг суран тэлээгээр оосорлон боомилж мотоциклын араас уяж Б.Содномдоржоор чирүүлэн бусадтай бүлэглэн хүн алахыг завдсан, мөн Ш.Төмөрбаатарын төмсөгнөөс базаж бие махбодын зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Содномдорж нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт хамт архи ууж байсан Х.Хишигбаяраар Ш.Төмөрбаатарын хоолойг суран тэлээгээр оосорлон боймлуулж мотоциклын араас уяулан чирч бусадтай бүлэглэж хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 1915005390034 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар Х.Хишигбаяр, Б.Содномдорж нар нь  2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган сумын “Цагаан хаалга” гэх газарт цуг архи ууж байсан Ш.Төмөрбаатартай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа Х.Хишигбаяр нь түүний хоолойг суран тэлээгээр оосорлон боомилж мотоциклын араас уяж, Б.Содномдоржоор 20-30 метр газар чирүүлсэн, Ш.Төмөрбаатарын тэлээг тайлж авах үед түүний өмд нь шувтархад Х.Хишигбаяр нь төмсөгнөөс нь базаж татсан, улмаар Х.Хишигбаяр, Б.Содномдорж нар нь хоорондоо “наадахыг чинь гүйцээчихье, бид хоёрт гай болно” гэж ярилцан  Ш.Төмөрбаатарыг мотоциклын араас дахин хоолойгоор нь оосорлон 8-9 метр газар Б.Содномдоржоор чирүүлэх  явцдаа Х.Хишигбаяр нь төмсөгнөөс нь дахин базаж бие махбодийн зовиур үүсгэн эрхшээлдээ оруулснаар Б.Содномдорж нь гутлаа үнсүүлэх зэргээр Ш.Төмөрбаатарын амь бие, эрх чөлөөнд нь халдаж алахыг завдсан үйлдлээрээ түүний эрүүл мэндэд зүүн төмсөггүй, баруун шанаа ташаанд зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Хишигбаярын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Содномдоржийн өгсөн: Тухайн үйл явдал нь 2019 оны 11 дүгээр сарын үед Булган аймгийн Булган сумын нутагт байх Цагаан хаалга гэх газарт болсон. Хишигбаяр бид хоёр цагаан хаалганы цаад талын дэлгүүрээс хүүхдүүддээ юм авахаар орсон. Тэгсэн дэлгүүрт байсан нэг хүн архины мөнгө хүрэхгүй байна гэхэд Хишигбаяр мөнгө өгч архийг нь авч өгсөн. Тэгээд нөгөө хүнтэйгээ хамт нэг айлд очоод нөгөө архийг зургуулаа хувааж уусан. Тэр айлаасаа гарч ирээд буцаад дэлгүүрт ирсэн ба Төмөрбаатар мөн нэг хүнтэй хамт гарч ирсэн. Тэгээд нэг юм авах гэсэн юм, мөнгө дутаад байна, утсыг маань авчих гэхээр нь нэг шил архи авч өгөөд дөрвүүлээ хувааж уусан. Тэгсэн хохирогч Хишигбаярыг чи Жонхуу Далайгийн банди уу гээд байсан. Хишигбаяр аавыгаа өмөөрөөд хоорондоо маргах гээд байсан. Нөгөө архиа ууж дуусаад намайг бие засаад байж байхад мотоциклын гэрэлд Төмөрбаатар, Хишигбаяр хоёр дээр, доороо ороод ноцолдоод байсан. Тэгээд би буцаж ирээд тэр хоёрыг салгаад Хишигбаяраар мотоциклоо бариулаад явсан. Хоолойгоор нь оосорлож чирээгүй. Хишигбаяр ноцолдож байхдаа төмсгийг нь базсан байх, би тэр үед хараагүй гэх мэдүүлэг,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Төмөрбаатарын өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад Эрдэнэбаяр гэх айлд очсон. Тэнд очих гээд явж байхад Мацаг гээд залуу бид нартай нийлсэн. Эрдэнэбаяр 6.000 төгрөг өгөхөд Мацаг архи авч ирнэ гээд мөнгийг аваад гарсан. Тэгээд энэ Содномдорж, Хишигбаяр нарыг дагуулаад нэг шил архитай орж ирсэн. Архиа уучихаад Орхоны мал Жагааг таних уу гэсэн гурвын гуйлгачдыг юуг нь таньдаг юм гэсэн. Би гарсан хойноо Содномдоржид утсаа өгөөд дэлгүүр ороод нэг шил юм аваад өг гэхэд дэлгүүрээс нэг шил архи аваад айлын хашаанд очиж уусан. Тэр үедээ би хэний хүүхэд вэ? гэж энэ хоёроос асуусан. Би нэг жил Бүрэгхангай сумын ард амьдарсан, таньдаг болохоор жонхуу Далай гуайн хүүхэд үү гэж асуусан. Содномдорж бид хоёр маргаж бие биенээ нэг цохисон, тэр үед Хишигбаяр над руу дайрсан. Содномдорж Хишигбаярыг тэлээг нь тайлаад ав гэсэн. Тэгээд тэлээг маань тайлахад миний өмд шувтраад түрсикний араас татахдаа төмсгийг маань базсан. Миний хоолойг суран тэлээгээр оосорлон боомилж мотоциклын араас Хишигбаяр уяад Содномдорж асаалттай мотоциклоор намайг чирсэн. Тэгээд Хишигбаяр нэг мөсөн гүйцээхгүй бол новширно гээд дахиж чирсэн. Хишибаярыг дахин төмсөгнөөс базаж байхад Содномдорж надаар гутлаа үнсүүлсэн. Энэ үед хүн яаж ч чадахгүй юм байна лээ, би аргагүйн эрхэнд гутлыг үнссэн. Төмсгийг маань базахаа болиод суллагдсан ч гүйж болохгүй байсан. Тэгээд нэг мөсөн гүйцээнэ гээд чирэхээр нь ингээд л үхэх нь гэж бодоод үхсэн хүн шиг хөдөлгөөнгүй болсон. Тэгээд энэ хоёрыг намайг орхиод нэлээн зайтай явсны дараа овгор шорооны ард орж нуугдахад цус алдсан байсан. Хэвтэж байгаад өглөө үүрээр гэртээ харьсан. Намайг эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсоны дараа Хишигбаяр 5.000.000 төгрөгөндөө 3.000 000 төгрөг болон 1 адуу өгсөн болохоор Хишигбаярт гомдолгүй. Намайг хагалгаанд ороод гарах гэхэд ор хоногийн зардал өг гээд эрүүл мэндийн дэвтрийг барьцаанд авсан. Тэгээд Содномдорж тэр мөнгийг төлж өгсөн. Мөн даагатай гүү өгсөн, 1.000.000 төгрөгөөр үнэлсэн. Ээж, эгчтэйгээ хамт ирэхдээ нэг хонь гаргаж өгсөн. Содномдорж өмнө нь ярьснаар үлдэгдэл 3.000.000 төгрөгөө өгөх юм бол гомдолгүй. Манайд сууж байгаад Х.Хишигбаяр, Б.Содномдорж нар нь тус бүр 5.000.000 төгрөг өгнө гэж тохирсон, одоо 3.000.000 төгрөгийг Содномдоржоос авна гэх мэдүүлэг,

4. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Төмөрбаатарын өгсөн: ...Тэгээд Далайгийн банди миний өмдний суран тэлээг тайлж хоолойг минь боож оосорлоод нөгөөх нь асаалттай мотоцикл дээр гараад суучихсан хаазлаад байсан ба Далайгийн банди хоолойгоор минь оосорлосон. Тэлээгээ мотоциклын араас уяад чирч нэлээд хэсэг газар явж байгаад зогссон. Тэгээд тэр хоёр залуу миний дээрээс дэвсээд Далайгийн банди нь миний араас бэлэг эрхтнээс хүчтэй базсан. Тэгсэн би өөрийн эрхгүй босоод ирсэн ба доошоо тонгойчихсон нөгөөх залуу араас засаанаас базчихсан чигээрээ байж байхад хамт явсан залуу нь миний гутлыг үнс гээд өөрийнхөө өмсөж явсан хромон гутлыг 2-3 удаа үнсүүлсэн. Төмсөгнөөс тавингуут нь би зугатаагаад засмал зам хөндлөн гарчихсан. Араас Далайгийн банди гүйцэж хүрч ирээд дахиад төмсөгнөөс базсан. Тэгсэн нөгөөх нь мотоциклоо унаад гэрлээ тусгаад араас хүрээд ирсэн. Тэгээд нэг мөсөн гүйцээчихье гэж хоорондоо яриад Далайгийн банди миний суран тэлээгээр дахиж хоолойгоор оосорлоод гүйцээчихье гээд нөгөөх нь мотоциклоороо чирсэн. Гүйцээчихье гээд хоорондоо яриад байсан. Ойролцоогоор 20-30 орчим метр газар чирсэн. Тэгээд би худлаа үхсэн юм шиг хэвтээд байсан чинь хоолойноос маань тэлээг маань мултлаад сундлаад тэр хоёр яваад өгсөн. Далайгийн хүүхэдтэй хамт явсан залуу мотоциклыг унаж намайг хоёр удаа чирсэн. Энэ хоёр залуу намайг зодох, мотоциклоор чирэхэд хоёулаа оролцсон гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/,

2020 оны 02 дугаар сарын 07-ны хохирогчооор дахин өгсөн: Намайг газар унахад Хишигбаяр миний төмсөгнөөс санаатайгаар баруун гараараа маш чанга базаад дээш татахад нь би өөрийн эрхгүй боссон чинь Хишигбаяр гараа тавьсан. ...Эхлээд Содномдорж миний баруун шанаа руу гараараа 1 удаа цохисон, дараа нь мотоциклоор чирсний дараа зугтаагаад гүйж байхад Хишигбаяр араас ирээд хавсарч газар унагаасны дараа төмсгөөс базсан, яг нийлж зодоогүй. Харин мотоциклоор чирэхдээ тэр хоёр үгсэн тохиролцож Содномдорж Хишигбаярт наадахаа мотоциклын араас оосорло гэж хэлсэн. Хишигбаяр миний хүзүүг оосорлож мотоциклоос уясан, чирэхийг нь Содномдорж мотоциклоо жолоодож чирсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дугаар тал/,

2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хохирогчоор дахин өгсөн: Би Хишигбаяртай нүүрэлдэх ямар ч шаардлага байхгүй. Би ямар согтуу тасарсан байсан биш мэдэлгүй яахав дээ. Хэргээ хүлээхгүй гэсэн л санаа гаргаад байна. ...Миний мэдүүлэг хэзээ ч өөрчлөгдөхгүй. Би Далайгийн хүүхэд гэж Хишигбаярыг хэлсэн юм. ...Надад гэмтэл учруулсан Хишигбаярт би гомдолтой байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр тал/,  

2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хохирогчоор дахин өгсөн: Намайг эмнэлгээс гараад удаагүй, 2-3 хоногийн дараа л байх Хишигбаяр, Содномдорж нар ээж, дүү, эгч нартайгаа ирээд надаас уучлалт гуйсан. Ингэж уучлалт гуйж байхдаа Содномдорж би таны төмсгийг бол базаагүй, Хишигбаяр таны төмсгийг базсан, Хишигбаярын гар нь цус болсон байсан. Би таныг ганц, хоёр цохисон, миний буруу уучлаарай, би боож үхмээр байна, та гомдолгүй гээд хэлээд өгөөч. Би танд портер машин, 2-3 адуу өгье гэж ярьсан. Би Содномдоржид чи намайг мотоциклоор чирсэн биздээ гэхэд Содномдорж үгүй гэж хэлэхгүй толгой дохиод намайг мотоциклоор чирсэнээ хүлээн зөвшөөрсөн. Хишигбаяр нь би согтуудаа ийм зүйл хийчихлээ уучлаарай, эмчилгээний мөнгийг чинь бүрэн барагдуулъя, асуудалгүй. Би таны төмсгийг базсан согтуудаа ийм юм болчихлоо, мөнгө төгрөг бол асуудал байхгүй, би танд өгнө өө, гомдолгүй гээд хэлээд өгөөч гэж байсан. Би Содномдорж, Хишигбаяр хоёрын дагуулж ирсэн хүмүүсийг танихгүй, нэрийг нь мэдэхгүй. Хишигбаяр миний өмдний тэлээгээр миний хүзүүг оосорлож мотоциклын арын улсын дугаарын урд байрлах хөндлөн төмөрнөөс уяж, намайг ойролцоогоор 20-30 метр орчим Содномдорж мотоциклоор чирсэн. Содномдорж мотоциклоор намайг чирэх явцад Хишигбаяр миний баруун талд намайг хараад алхаад яваад байсан. Намайг чирч байсан мотоцикл зогсонгуут би хүзүүндээ оосорлуулсан байсан тэлээг тайлаад ойролцоогоор 3-4 метр зайд гүйж зугтаахад Хишигбаяр миний араас гүйж ирээд намайг барьж аваад дахиж миний төмсөгнөөс базсан. Хишигбаяр миний төмсөгнөөс базсан чигээрээ Содномдоржид хандаж энийг нэг мөсөн гүйцээхгүй бол дараа нь новшроод байх юм биш үү гэж хэлэхэд Содномдорж мотоциклоо унаад Хишигбаяр бид хоёр дээр ирэхэд Хишигбаяр дахиж миний хүзүүнд тэлээ оосорлоод мотоциклд анх уясан газраасаа уяхад Содномдорж ойролцоогоор 8-9 метр газар чирээд зогсохоор нь би худлаа үхсэн юм шиг хөдөлгөөнгүй газар хэвтсэн чинь миний хүзүүнд оосорлосон байсан тэлээг тайлаад Хишигбаяр, Содномдорж хоёр яваад өгсөн гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 236-237 дугаар тал/,

5. Гэрч Т.Одгэрэлийн өгсөн: Тухайн үед гэртээ ирэхдээ Орхоны хоёр залуу намайг зодсон л гэж ярьсан. Мотоциклоос чирээд нэг нь бэлэг эрхтнээс базсан. Тэгээд мотоциклын араас миний тэлээгээр оосорлож чирсэн гэж ярьсан. ...Нөхрийн маань өмсөж явсан өмдний өвдөгний залгаа оёдол болон салтаа нь урагдчихсан байхаар нь би гараараа оёсон. Тэгээд мэс заслын эмч нартай уулзахад хагалгаанд орно, хүнд хагалгаа хийх гэж байна гээд ар гэрийнхэн болох биднээс гомдол саналгүй гэсэн бичиг хийлгэж авсан. Тэгээд хагалгаанд орсон. Төмөрбаатарыг эмнэлгээс гараад 4-5 хонож байхад Содномдорж нь хадам ээж, хоёр эгч, хүргэн ахынхаа хамт ирээд Содномдорж Төмөрбаатарт хандаж ахаа би гар бие оролцсон, таны өмдний тэлээг Хишигбаяраар тайлуулаад би таны хүзүүг тэлээгээр боосон. Хишигбаяр таныг мотоциклын арын улсын дугаарын урд байрлах хөндлөн төмөрнөөс уясан. Хишигбаяр таны төмсгийг базсан. Танаар би гутлаа үнсүүлсэн нь үнэн гэж хэлээд та энэ хэргээс намайг салгаад өгөөч цагдаа дээр байхад нь салгаад өгчих заавал шүүх, прокурор гээд яахав дээ, би таны эмчилгээний мөнгө төгрөгийг төлье. Энэнээс л салгаад өг, танд портер машин, морь өгье гэж хэлэхээр нь би манайд тийм юм хэрэггүй шүү, манайх гадаанаа машинтай авчраад хэрэггүй шүү гэж хэлсэн чинь Содномдоржийн эгч нь /нэрийг нь мэдэхгүй/ ахаа одоо энэ хэргээс л манай дүүг салгаад өгөөрэй, эмчилгээний мөнгө төгрөг дээр санаа зоволтгүй гэж хэлчихээд яваад өгсөн. Төмөрбаатарыг эмнэлгээс гараад 7-8 хонож байхад Хишигбаяр нь өөрийн дүү болон нэг танихгүй эрэгтэй хүний хамт гурвуулаа ирсэн. Содномдорж нь хадам ээж, хүргэн ахынхаа хамт ирсэн ба тэдгээр хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй. Содномдорж хэлэхдээ Хишигбаяр бид хоёр нийлээд таныг зодсон гэж хэлсэн чинь Хишигбаяр тийм ээ ах аа бид хоёр нийлж байгаад таныг зодсон гэж хэлсэн. Хишигбаяр Төмөрбаатарт хандаж ах аа би таны төмсгийг базсан. Содномдорж надаар таны өмдний тэлээг тайлуулчихаад хүзүүг оосорлуулаад гутлаа үнсүүлээд байсан гэж хэлэхэд Содномдорж тэгсэн ах аа намайг уучлаарай гэж хэлэхэд Төмөрбаатар би угаасаа болсон үйл явдлыг мэдэж байгаа цагдаад гомдол гаргасан байгаа гэж хэлсэн. Содномдорж, Хишигбаяр хоёр Төмөрбаатарт хандан бид хоёр танд тав, таван сая төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд бүгд яваад өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-55, 238-239 дүгээр тал/,

 6. Гэрч Т.Болормаагийн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 05 цагийн үед хүргэн дүү Төмөрбаатар орж ирсэн. Тэгээд хоёр хүнд алуулах дөхлөө, намайг мотоциклоор чирсэн гэж ярьсан ба өөр ямар нэг зүйл хэлэлгүй газарт дээлээ нөмрөөд унтаад өгсөн. Өглөө би нөхрийнхөө цай, хоолыг хийгээд байж байхад хүүхэд Дашням нь Төмөрбаатарын нүүр, хамрынх нь цусыг ариун цэврийн цаасаар арчаад байсан ба хальт харахад нүүр ам нь цус болсон байсан. ...Тэгээд байж байтал дүү Т.Одгэрэл утсаар залгаад Төмөрбаатар өглөө таныг гарахад ямар байсан юм бэ?, эмнэлэгт түргэнээр хүргэгдэн очиж байна гэнэ гэж хэлсэн. Тэгээд би түргэний хаалгаар ороод тосож авахад явж чадахгүй, тэргэнцэр дээр суулгачихсан эмч нь авч орж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/,

7. Гэрч Д.Энхтуяагийн өгсөн: Төөгөөгийн нүүр нь цус болчихсон, өмд нь салтаагаараа цус болчихсон алцаганаад явж чадахгүй бөхийчихсөн байдалтай байсан. Төөгөө надад хандан эгчээ надад түргэн дуудаад өгөөч гэхээр нь тэр дороо 7034103 дугаар луу залгаж манай Аз Хур дэлгүүр дээр хүнд зодуулсан байдалтай хүн ирсэн гэж түргэн тусламжид дуудлага өгсөн. …Төөгөөгийн баруун хацар, шанаа цус болчихсон байсан. Шалбарч гэмтсэн үү, цустай гараараа барьсан уу гэдгийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/,

8. Гэрч Д.Очирхуягийн өгсөн: Би Хишигбаяр, Содномдорж нарыг 2014 он, 2015 оноос таньдаг болсон. ...Саяхан 2019 оны 11 дүгээр сарын эхээр 08, 09-ний үеэр санагдаж байна Хишигбаяр, Содномдорж нар харанхуй болсон байхад ианай гэрт цагдаагаас дуудсан, хоночихоод маргааш цагдаа явна гэж хэлээд ирсэн. Ингээд манайд байж байхдаа Хишигбаяр нь “Содномдоржийг хүн цохиод авахаар нь би тэр хүнийг заамдаж аваад цохиж унагаагаад төмсөгнөөс нь базсан” гэж хэлэхээр нь би “чи чинь хүний төмсөг базчихаад юун бахархалтай ярьдаг юм билээ дээ” гэсэн чинь Хишигбаяр “яадаг юм, базчихсан юм чинь тэгээд дуудаж байгаа биз” гэж ярьсан. Тухайн үед нь байгаагүй болохоор болсон асуудлыг би мэдэхгүй байна. Хишигбаярын надад ярьсныг нь л хэллээ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар тал/,

9. Гэрч Д.Алтанзулын өгсөн: Тэр хоёр 2019 оны 11 сард цагдаагаас дуудсан гээд манайд хоносон. Хишигбаяр нь хүний төмсөг базсан гэж ярьсан. Тэгэхэд нь би хүний төмсөг базчихаад юун бахархалтай ярьдаг юм гэж хэлсэн. Хишигбаяр яадаг юм, базчихсан тэгээд цагдаагаас дуудаж байгаа биз гэж ярьсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 2-3 дугаар тал/,

10. Гэрч А.Алтангэрэлийн өгсөн: Төмөрбаатар гэдэг хүн манай эмнэлэгт 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13 цагт зүүн төмсөгний гэмтэл, ил шарх үхжилт гэдэг оноштойгоор 103 түргэн тусламжаар дамжиж ирснийг би хүлээн авч 15 цагт эмч нарын хамтаар хагалгаанд орсон. Төмөрбаатарын биеийн байдал хүндэвтэр дотуур өмд нь цус /салтаа хэсэгтээ/ болчихсон ухаан санаа саруул, асуусан асуултад хариулж байсан. Яасан талаар асуухад хүнд зодуулсан, төмсөг базсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дугаар тал/,

11. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 309 дугаартай: Магадлуулагч Ш.Төмөрбаатарын биед зүүн төмсөггүй, баруун шанаа ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна. Зүүн төмсөггүй гэх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун шанаа, ташаанд зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна. Эдгээр гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт 50% алдагдуулна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дугаар тал/,

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай: Уг хүрэмний баруун гарын суганы оёдлоос эгц доош 52 см зайд ханцуйны үзүүрийн залгаас оёдол хэсэгт 15х9 см хэмжээтэй урагдалтай байна. Дээрх урагдалтууд нь хүчтэй татаж чангаах хүчний үйлчлэлийн улмаас үүссэн байж болно. Гуталд үүссэн салалт болон ханзарсан урагдалт нь удаан хугацааны эдэлгээнээс үүссэн байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 72-76 дугаар тал/,

12. Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компаний шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 210146 дугаартай: 33-07 БУЗ улсын дугаартай Даюун загварын мотоцикл зах зээлийн үнэлгээ 1.900.000 төгрөг, элэгдэл 855.000 төгрөг, үлдэх өртөг 855.000 төгрөг гэж тогтоолоо гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 14-18 дахь тал/,  2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 210147 дугаартай: 5 тооны хязаалан эр хонь 475.000 төгрөг, 10 тооны төлөг эр 800.000 төгрөг, 15 тооны эм төлөг 1.050.000 төгрөг, 20 тооны бүдүүн эм хонь 2.400.000 төгрөг нийт 4.725.000 төгрөг гэж тогтоолоо гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 21-25 дахь тал/,

13. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Б.Содномдоржийн өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, болсон асуудлыг би үнэнээр нь ярьсан, прокурорын тогтоолд дурдсан хохирогч Төмөрбаатарыг 20-30 метр мотоциклоор огт чирээгүй, би түүнийг чирэх талаар огт санаачилга гаргаагүй. Хишигбаяр гүйцээчихье гээд Хишигбаяр нь Төмөрбаатарын төмсөгнөөс базаад дээр доороо ороод ноцолдоод байхаар нь би мотоциклын хойд улсын дугаарын хөндлөн төмөрнөөс уясан байсан бүсний үзүүрийг тайлж Хишигбаярыг чирээд мотоциклдоо суулгаад аваад явсан. Би хохирогчид ямар ч гэмтэл учруулаагүй, маргалдаа ч үгүй. Би хохирогч Төмөрбаатар ахтай цагдаа дээр анх тааралдахад Төмөрбаатар эмнэлгээс сая гарчихлаа, эмнэлгийн мөнгийг өгч чадахгүй эрүүл мэндийн дэвтрээ барьцаанд тавьчихлаа, дахиж эмнэлэгт үзүүлэх боломжгүй болчихлоо. Ахынх нь төмсөг өвдөөд байна, уг нь үзүүлмээр байна, дахиж эмнэлэгт хэвтмээр байна, нөгөө залуу чинь ирэхгүй байна гэж хэлэхээр нь би хэд хоногийн дараа Төмөрбаатар ахтай утсаар яриад эмчилгээний зардлын 550.000 төгрөгийг Булган аймгийн эмнэлэг дээр очиж Төмөрбаатарын ахын эхнэрт нь өгсөн. Төмөрбаатар, түүний эхнэр хоёр энэ асуудал болсноос хойш байнга эмчилгээний мөнгө яасан бэ гэх зэргээр миний 99553709 дугаарын утас руу залгаж ярьдаг байсан. Утасны жагсаалтыг гаргуулмаар байна. Үүнээс хойш 6-7 хоногийн дараа Хишигбаяр над руу яриад хоёр талаасаа нэг нэг хонь аваад эргэж очъё гэхээр нь би нэг хонь аваад хадам ээж, эгч Пүрэвсүрэн, Баасансүрэн нартай хамт Төмөрбаатар ахын гэрт нь очсон. Очоод биеийг нь асуухад Төмөрбаатар, түүний эхнэр хоёр өндөр залуугийн аав Далай гуай 1 хонины мах авч ирээд хамт архи ууж байгаад явахдаа буцаагаад хонины махаа аваад явчихсан, та нар арай тэгэх юм биш биз дээ гэж хэлэхэд нь юу гэж тэгэхэв дээ гэж би хэлсэн. Манай эгч манай дүү яасан юм бэ гэсэн чинь Төмөрбаатар танай дүү ч хамаагүй л дээ, Далайгийн банди миний төмсгийг базчихсан юм гэж хэлэхэд нь эгч тэгвэл цагдаа шүүх үнэн зөвийг нь олж өгнө биз дээ гэж хэлээд бид нар явсан. Тэр үед тогтоолд дурдсан шиг машин тэрэг авч өгнө, би хүзүүгээр нь ороосон, би гар бие оролцсон, гутлаа үнсүүлсэн гэх үгсийг хэлээгүй, одоо л сонсож байна. Гутал үнсүүлсэн үйлдэл ч болоогүй. Төмөрбаатар болон түүний эхнэртэй зах дээр 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр тааралдахад Төмөрбаатар ах над дээр ирээд ах нь модонд явж идшээ бэлддэг юм, одоо хүнд юм ч өргөж чадахгүй болчихлоо, ахдаа идэшний адуу өгчих, хүүд маань унах бага морь өгчих гэхээр нь би хэд хоногийн дараа Төмөрбаатарт 1 гүү, 1 даага аваачиж өгсөн. Түүний дараа бас нилээн хэд хоногийн дараа сар, өдрийг нь мэдэхгүй Хишигбаяр, түүний дүү Хишигбат хоёр манай саахалт айлын хүн болох Баттөр, Цэгмэд хоёрын утас руу залгаад намайг дуудуулж ярихад хохирогчийнд очиж тохирох гэж байна, яаралтай аймгийн төв рүү ороод ир гэж ярихаар нь би явсан. Тэр үед манай гэрт гар утас холбогддоггүй байсан учир саахалт айлын хүнээр дамжуулж дуудуулсан юм. Намайг аймгийн төв орох хооронд буюу сүлжээ орж ирмэгц Хишигбаяр миний 99553709 дугаарын утас руу бараг 10-аад удаа ирж байна уу, ирж байна уу гэж залгасан. Намайг гэрээсээ гараад аймгийн төвд ирж байтал бүрэнхий тасраад орой болж байсан ба хохирогч Төмөрбаатар ахын гэрт бүрэнхийд бид нар орсон. Тэр өдөр би төрсөн ээж Даваасүрэн, хадам ах Цэдэндаш нартай явж байсан. Хишигбаяр нь дүү Хишигбат, ах Мягмарсайхан нартайгаа хамт явж байсан ба хохирогч Төмөрбаатар ах, түүний эхнэр нарт Хишигбат мөнгөөр тохиръё хэд юм гэсэн чинь Төмөрбаатар ах тав, таван сая төгрөг өгчих. Тэгээд салцгаая гэж хэлэхэд Хишигбаяр, Хишигбат нар за гэж хэлсэн. Бид нарын зүгээс за гэж хэлээгүй, үгүй ч гээгүй гараад явсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,

14. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Х.Хишигбаярын өгсөн: Анх архи уусан айлд Төмөрбаатар “гурвын мол Жагаа гэж таних уу” гэж Содномдоржоос асуухад Содномдорж “гурвын гуйлгачдыг танина, мэднэ” гэж хэлээд Содномдорж, Төмөрбаатар хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Содномдорж, Төмөрбаатар, Мацаг, бид дөрөв “Цагаан хаалга”-ны ертөнцийн зүгээр баруун талд нь байдаг хүнсний дэлгүүрээс Содномдорж бид хоёр 0.5 литрийн Хараа нэртэй архи хоёр шилийг аваад Содномдорж, Төмөрбаатар, Мацаг бид дөрөв хүнсний дэлгүүрийн урд байдаг, ногооны талбайн хажууд газар суугаад хүнсний дэлгүүрээс авсан Хараа нэртэй 0.5 литрийн 2 шил архийг хувааж уусан. Төмөрбаатар, Содномдорж хоёр хоорондоо юм ярьж байхад дундуур нь Мацаг элдэв юм ярьж орж ирсэн чинь Содномдорж уурлаад Мацаг руу дайрах гээд шүдээ зууж хөмсгөө зангидаад, баруун гараа атгаж байхад нь Төмөрбаатар “боль чи” гэж хэлсэн чинь Содномдорж, Төмөрбаатарын зүүн талын шанаа хэсэгт баруун гараа атгаж байгаад 1 удаа цохиход Төмөрбаатар баруун тал руугаа газар унахад Мацаг яваад өгсөн. Би Төмөрбаатар ахыг өргөж босгоод газар өвдөглүүлээд суулгасан. Содномдорж, Төмөрбаатар хоёр дахиад юм яриад суусан. Тэр хооронд би мотоциклээ асааж унаад Төмөрбаатар, Содномдорж хоёр дээр очиход Төмөрбаатар ах дээшээ харсан байдалтай газар ёо, ёо гэж хэлээд хэвтэж байсан. Би мотоциклээс буугаад очиход Содномдорж надад хандан “наадахныхаа өмдний тэлээг нь аваадах” гэж хэлэхээр нь би Содномдоржоос “яах гэж байгаа юм” гэж асуухад Содномдорж юу ч хэлээгүй би Төмөрбаатар ахын өмдний тэлээг нь тайлаад Содномдоржид өгөөд яах гэж байгаа юм гэж асуухад Содномдорж жоохон айлгаадхая гэж хэлээд Содномдорж бид хоёр Төмөрбаатар ахын өмдний тэлээгээр Төмөрбаатар ахын хоолойг оосорлоод үзүүрийг нь мотоциклын арын улсын дугаарын доор байдаг хөндлөн төмөрнөөс Содномдорж бид хоёр хоёулаа хамжиж уяад Содномдорж намайг мотоциклоо асаагаад чир гэж хэлэхээр нь би мотоциклоо асаагаад үүдэн хойморын зайтай газар Төмөрбаатар ахыг чирээд зогссон. Содномдорж бид хоёр Төмөрбаатар ахын хүзүүнд оосорлосон байсан тэлээг тайлаад Төмөрбаатар ахыг тэр газар орхисон. Содномдорж бид хоёр явах гэж байхдаа Содномдорж Төмөрбаатар ахыг өөрийнхөө өмсөж явсан хромон гутлыг үнс гэж хэлээд Төмөрбаатар ахаар баруун талынхаа хөлний хромон гутлыг 3 удаа үнсүүлчихээд Төмөрбаатар ахыг тэр газар нь үлдээчихээд Содномдорж бид хоёр харихаар яваад өгсөн гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст 35-37 дахь тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хавтасны 32-34 дэх тал/, мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 35-37 дахь тал/, зэргийг судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч В.Ууганболд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.Хишигбаяр, Б.Содномдорж хоёр нь хохирогч Ш.Төмөрбаатарын эмзэг эрхтэнг базаж хүнд гэмтэл учруулж, мөн хохирогчийн өмдний тэлээгээр хоолойг оосорлож мотоциклоор чирч Б.Содномдорж нь гутлаа үнсүүлж тохуурхан доромжилсон хэрэг үйлдсэн юм байна. Шүүх хуралдаанд суусан иргэдийн төлөөлөгч миний зүгээс шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ш.Төмөрбаатар, гэрч Т.Одгэрэл, Д.Энхтуяа, Д.Очирхуяг, А.Алтангэрэл нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ш.Төмөрбаатарын тухайн өглөө 05 цагийн үед нүүр, ам нь болон өмд нь салтаагаараа цус болчихсон алцаганаад явж чадахгүй бөхийчихсөн байдалтай гэртээ ирсэн болон тэрээр Орхоны хоёр залуу намайг зодож мотоциклоор чирээд, нэг нь бэлэг эрхтнээс базсан. Мотоциклын араас тэлээгээр нь оосорлож чирсэн гэж ярьж байсан, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13 цагт зүүн төмсөгний гэмтэл, ил шарх үхжилт гэдэг оноштойгоор 103 түргэн тусламжаар дамжиж эмнэлэгт ирснийг хүлээн авч 15 цагт хагалгаанд оруулсан, Ш.Төмөрбаатарын биеийн байдал хүндэвтэр дотуур өмд нь цус /салтаа хэсэгтээ/ болчихсон ухаан санаа саруул, асуусан асуултад хариулж байсан гэж хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, учирсан хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, хохирогч Ш.Төмөрбаатарын өмсөж байсан гэх хүрэмний баруун гарын суганы оёдлоос эгц доош 52 см зайд ханцуйны үзүүрийн залгаас оёдол хэсэгт 15х9 см хэмжээтэй урагдалтай, дээрх урагдалтууд нь хүчтэй татаж чангаах хүчний үйлчлэлийн улмаас үүссэн болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт, хохирогч Ш.Төмөрбаатарын биед зүүн төмсөггүй, баруун шанаа, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдсон, энэхүү гэмтэл шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой ба уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 309 дугаартай дүгнэлт зэргийг харьцуулан судалж эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Х.Хишигбаяр, Б.Содномдорж нар нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган сумын Цагаан хаалга гэх газарт цуг архи ууж байсан Ш.Төмөрбаатартай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа бүлэглэн түүний хоолойг суран тэлээгээр оосорлон боомилж, 2 удаа мотоциклын араас уяж чирэх, Х.Хишигбаяр нь Ш.Төмөрбаатарын төмсөгнөөс удаа дараа базаж татах, ийнхүү эрхшээлдээ оруулсанаар Б.Содномдорж нь өөрийн гутлыг үнсүүлэх зэрэг үргэлжилсэн үйлдлээр түүний амьд явах эрхэд халдаж алахыг завдсан гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхээр завдах гэдэг нь гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байдлыг ойлгох бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Төмөрбаатарын өгсөн “...Хишигбаяр дахиж миний хүзүүнд тэлээ оосорлоод мотоциклд анх уясан газраасаа уяхад Содномдорж ойролцоогоор 8-9 метр газар чирээд зогсохоор нь би худлаа үхсэн юм шиг хөдөлгөөнгүй газар хэвтсэн чинь миний хүзүүнд оосорлосон байсан тэлээг тайлаад Хишигбаяр, Содномдорж хоёр яваад өгсөн гэх мэдүүлгээр шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шүүгдэгч Х.Хишигбаяр, Б.Содномдорж нар нь гэмт хэргийг туйлд нь хүргэхээс сайн дураар татгалзсан, хүнийг алахыг завдсан гэмт хэргийг үйлдээгүй гэж үзсэн хэргийн нөхцөл байдал болон цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

Шүүгдэгч Х.Хишигбаяр, Б.Содномдорж нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн хохирогчийн амь бие, эрх чөлөөнд халдаж буй өөрсдийн үйлдлээс хүний эрүүл мэнд хохирох, амь нас эрсдэх аюултайг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд энэ үйлдлийг шууд санаатай хийж хор уршигт хүргэснээр шүүгдэгч нарын үйлдэл нь гэм буруугийн ”санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүнийг алахыг завдсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэргийн тухай ойлголтод гэмт хэргийн тус тусдаа эхлэл, төгсгөлтэй хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлдэл, эс үйлдэхүй хамаарах бөгөөд ижил буюу төсөөтэй гэмт хэрэг байж улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр өөр гэмт хэргийн шинжийг агуулдаг онцлогтой юм.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд Б.Содномдоржийн зааж зааварласнаар Х.Хишигбаяр нь хохирогчийн өмдний суран тэлээг тайлж хоолойгоор нь оосорлон боомилж мотоциклын араас уяж, Б.Содномдорж нь мотоциклыг жолоодон чирсэн хоёр удаагийн үйлдэл, хохирогч Ш.Төмөрбаатарын тэлээг тайлах үед өмд нь шувтрахад болон мотоциклоор чирэх явцад Х.Хишигбаяр нь түүний төмсгөөс базаж татах байдлаар гэмтээж өрөөсөн төмсгийг  мэс заслын аргаар авах хүртэлх хүнд гэмтэл учруулж байгаа үйлдлүүд нь хоорондоо нягт холбоотой, үргэлжилсэн үйлдлээр дээрх хор уршгийг бий болгож буй нь нийлбэрээрээ нэг гэмт хэргийн буюу хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн объектив талыг бүрдүүлж байх тул хохирогч Ш.Төмөрбаатарын биед шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-т заасан хүнд гэмтэл учруулсан шүүгдэгч Х.Хишигбаярын үйлдлийг тусад нь зүйлчлэх шаардлагагүй байна, өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Хишигбаярын энэ үйлдэл бие даасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

     Иймд шүүгдэгч Х.Хишигбаяр, Б.Содномдорж нарын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх шинжээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар дангаар зүйлчилж, прокурорын газраас шүүгдэгч Х.Хишигбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Х.Хишигбаяр, Б.Содномдорж нарын гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоог хангалттай шалгаж тогтоосон, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч нарыг гэм буруутай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий шүүхийн дүгнэлттэй тохирч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Хишигбаяр, Б.Содномдорж нарыг бүлэглэж хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.Хишигбаяр, Б.Содномдорж нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Төмөрбаатар нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн нугасны мэдээ алдуулалтан дор зүүн төмсөг авахуулах мэс заслын эмчилгээнд орсноор зүүн төмсөггүй болж, энэ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа нь хэргийн 1 дүгээр хавтасны 10-23, 67-68 дахь талд авагдсан өвчний түүх, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна.

Хохирогч Ш.Төмөрбаатар нь эрүүл мэнддээ учирсан дээрх хохирол, хор уршигтай  холбогдуулан хэрэгт иргэний нэхэмжлэлийн баримтыг ирүүлээгүй, харин шүүгдэгч Х.Хишигбаяр, Б.Содномдорж  нар нь хохирогчтой гэм хорын хохирлын дүн дээр эвлэрэн хэлэлцэж тус бүр 5.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон талаар хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт дурдагдаж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр шүүгдэгч  Х.Хишигбаяр нь 3.000.000 төгрөг, хоёр тооны адуу буюу нийт 5.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Содномдорж нь нэг тооны хонь, даагатай гүү, 550.000 төгрөг буюу нийт 2.000.000 төгрөгийг хохиролд тус тус төлсөнг  дурдаж, шүүгдэгч Х.Хишигбаяр, Б.Содномдорж нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч Ш.Төмөрбаатарын цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хоёр.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Хишигбаяр, Б.Содномдорж нар нь бүлэглэж хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүх гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Хишигбаяр, Б.Содномдорж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.Хишигбаяр, Б.Содномдорж нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч Х.Хишигбаяр, Б.Содномдорж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг сайн дураараа төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

           Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон 1 дүгээр хавтаст хэргийн 84-95 дахь талд авагдсан шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Х.Хишигбаяр нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн “Ар булаг” гэх газарт мал маллан амьдардаг байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Б.Содномдорж нь ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн “Ар булаг” гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.Хишигбаяр, Б.Содномдорж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хорих ялыг ялгамжтайгаар оногдуулж, шүүгдэгч Х.Хишигбаярыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Содномдоржийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь энэ хуульд заасан шударга ёсны зарчим, шүүгдэгч нарын гэм бурууд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Х.Хишигбаярын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 562 хоногийг, Б.Содномдоржийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 344 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Х.Хишигбаяр, Б.Содномдорж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Хишигбаяр, Б.Содномдорж нар нь төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт  Х.Хишигбаярын эзэмшлийн 4.725.000 төгрөгийн үнэ бүхий 50 тооны бог мал битүүмжилсэн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4/14 дугаартай, шүүгдэгч Б.Содномдоржийн эзэмшлийн 33-07 БУЗ улсын дугаартай Даюун загварын мотоцикл битүүмжилсэн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4/16 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг /хх1-214, 217 тал/ тус тус хүчингүй болгож хөрөнгийг шүүгдэгч нарын өмчлөл эзэмшилд үлдээж, хохирогч Ш.Төмөрбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Хишигбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Чонос овогт Хишигдалайн Хишигбаяр, Чонос овогт Баярсайханы Содномдорж нарыг бүлэглэж хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Хишигбаярыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Содномдоржийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хишигбаярт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн, шүүгдэгч Б.Содномдоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хишигбаярын цагдан хоригдсон 562 /таван зуун жаран хоёр/ хоног, шүүгдэгч Б.Содномдоржийн цагдан хоригдсон 344 /гурван зуун дөчин дөрөв/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Хишигбаяр, Б.Содномдорж нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд тус тус цагдан хорьсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Х.Хишигбаяр 5.000.000 /таван сая/, Б.Содномдорж 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг тус тус төлснөөр төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт шүүгдэгч Б.Содномдоржийн эзэмшлийн 33-07 БУЗ улсын дугаартай Даюун загварын мотоцикл, шүүгдэгч Х.Хишигбаярын эзэмшлийн 4.725.000 /дөрвөн сая долоон зуун хорин таван мянга/ төгрөгийн үнэ бүхий 50 /тавь/ тооны бог мал тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч нарын өмчлөл эзэмшилд үлдээж, хохирогч Ш.Төмөрбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД

                                        ШҮҮГЧИД                                 Д.ОТГОНБААТАР

                                                                                Э.ЭНЭРЭЛ