Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2017/00815

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 10 өдөр

           Дугаар 183/ШШ2017/00815

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Платиниум барилгын 701, 702 тоотод байрлах, “Нью энержи стар” ХХК /Регистрийн дугаар:5030749/-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учралын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буянт ухаа, 16-284 тоотод байрлах, “Тэмүүлэлхангай” ХХК /Регистрийн дугаар:5608252/-д холбогдох

Гэрээний үүрэгт 115,412,625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Содномдаржаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

 

Нэхэмжлэгч “Нью энержи стар” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нью энержи стар” ХХК болон  “Тэмүүлэл хангай” ХХК-ний хооронд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр NES-15-43 дугаартай газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээг байгуулсан. Манай компани гэрээнд заасан хугацаа болон нөхцөлийн дагуу гэрээний зүйл болох газрын тосны бүтээгдэхүүнийг хариуцагч талд нийлүүлсэн. Энэ талаар талууд маргаан байхгүй.

Гэрээний дагуу хариуцагч “Тэмүүлэл хангай” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг тогтоосон хугацаанд төлөлгүй тодорхойгүй шалтгаанаар хойшлуулдаг. Бид гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсаны дагуу хариуцагч тодорхой хэмжээгээр төлсөөр 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үлдэгдэл төлбөр 76,941,750 төгрөг байна. Бид хамтран ажиллаж байгаа харилцагч байгууллагын хувьд нөхцөл байдлыг нь ойлгож хүлээцтэй хандсаар ирсэн боловч төлбөрөө төлж барагдуулалгүй өнөөдрийг хүрлээ.

Гэрээний 4.2-т хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон бөгөөд  талууд тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд алданги тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232.4-т зааснаар хасч, нийтдээ үндсэн төлбөр 76,941,750 төгрөг, алданги 38,470,875 төгрөг нийт 115,412,625 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Талууд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцож  зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс гадна хамтран ажиллах тухай гэрээг байгуулсан нь үнэн. Гэхдээ уг хамтран ажиллах гэрээгээр хариуцагч байгууллагын талбайд шатахууныг байрлуулах сав суулгахад хамтран ажиллах талаар зохицуулсан тул нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэв.

 

Хариуцагч “Тэмүүлэл хангай” ХХК, түүний өмгөөлөгч Ж.Содномдаржаа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тэмүүлэл хангай” ХХК нь “Нью энержи стар” ХХК-тай шатахуун худалдан авах, тус компанийн шатахууны борлуулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын компаниудтай холбон зуучилж өгөх, компаниудад дамжуулан борлуулах зэргээр хамтран ажиллаж ирсэн. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр NES-15-44  дугаартай хамтран ажиллах гэрээ, мөн өдөр NES-15-43 тоот газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулан ажиллаж ирсэн.

Дээрх гэрээний дагуу манай компани “Нью энержи стар” ХХК-иас 250,000,000 орчим сая төгрөгийн шатахууныг гуравдагч этгээдэд зуучлан борлуулж өгсөн байдаг. Үүнээс хамгийн сүүлд “Сасаёоба гоулд” ХХК-д дамжуулан авч өгсөн шатахууны төлбөрийг гуравдагч талаас төлбөрөө төлөхгүй байгаагаас шалтгаалж энэхүү маргаан, үл ойлголцол үүссэн. Манай компанийн зүгээс шатахуун авсан, гуравдагч этгээдэд нийлүүлсэн гуравдагч талаас төлбөрөө авч чадахгүй нөхцөл байдалд байна гэдгийг нэхэмжлэгчид дурдаж байсан.

Бидний зүгээс нэхэмжлэлийн үндсэн үнийн дүн болох 76,941,750 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийг тодорхой хувиар бууруулсан тохиолдолд эвлэрч, сайн дураараа төлбөрийг барагдуулахад бэлэн гэдгээ удаа дараа хэлсэн байгаа. Мөн гуравдагч тал болох “Сасаёоба гоулд” ХХК-д холбогдуулан манай компанийн зүгээс нэхэмжлэл гаргаж, шүүхээр шийдвэрлүүлж байгаа. Энэхүү шийдвэр гарч гуравдагч талаас төлбөрөө авснаар цаг алдалгүй төлбөрөө төлөхөд бэлэн. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухай бүрт нь биелүүлж ирсэн бөгөөд энэ удаагийн үүссэн асуудал бол бидний зүгээс хамаарахгүй бусад хүчин зүйлээс шалтгаалсан тул алдангийн хувь хэмжээг 50 хувиар бууруулж өгөхийг хүсч байна.

Мөн манай байгууллагын хувьд бол хууль, эрх зүйн ойлголт дутуугаас болж өндөр алданги төлбөртэй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан нь алдаа болсон бөгөөд талуудын хооронд үүссэн харилцааг ерөнхийд нь харахад зуучлалын харилцаа үүссэн байдаг. “Нью энержи стар” ХХК-иас нэхэмжилж байгаа шатахууныг манай компани ашигласан зүйлгүй гэдгийг харгалзан үзнэ үү гэв.

 

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Нью энержи стар” ХХК нь хариуцагч “Тэмүүлэл хангай” ХХК-д холбогдуулан гэрээний үндсэн төлбөрт 76,941,750 төгрөг, алданги 38,70,875 төгрөг, нийт 115,412,625 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь үндсэн төлбөр 76,941,750 төгрөг, алданги 50 хувиар тооцон  төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

            “Нью энержи стар” ХХК, “Тэмүүлэл хангай” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр NES-15-43 тоот “газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр “Нью энержи стар” ХХК нь Архангай аймгийн цэнхэр сум, Орхон багт 150,000 литр газрын тосны бүтээгдэхүүнийг  2015 оны 10 дугаар сард нийлүүлэх, “Тэмүүлэл хангай” ХХК нь нэг нэг литр тутмыг 1500 төгрөгөөр тооцон, ачилт хийсэн өдрөөс 10 хоногийн дотор хөлсийг төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар тооцон алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Талууд гэрээ байгуулсан гэдэгт маргаагүй байх ба дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Зохигчид уг гэрээний дагуу нийт 242,922,000 төгрөгний бүтээгдэхүүн нийлүүлсэн, 2016 оны 2 дугаар сарын 03-ны байдлаар тооцооны үлдэгдлийг баталгаажуулахад 90,941,750 төгрөг байсан, хамгийн сүүлд 2016 ны 7 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлснөөр үлдэгдэл 76,941,750 төгрөг байгаа гэдэгт маргаагүй байна.

Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ нь нэхэмжлэлийн шаардлага болсон худалдах худалдан авах гэрээтэй хамааралгүй, өөр асуудлыг зохицуулсан байсан гэж,  харин хариуцагч нь худалдан авсан газрын тосны бүтээгдэхүүнийг бусдад дамжуулан худалдсан, өөрийн хэрэгцээнд ашиглаагүй, талуудын хооронд давхар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байсан гэж татгалзын үндэслэлээ тайлбарлав.

Хариуцагч нь бүтээгдэхүүнийг бусдад худалдан борлуулсан, “Тэмүүлэл хангай” ХХК нь зуучлалын үүрэг гүйцэтгэсэн, талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байх боловч энэ тухайгаа баримтаар нотлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд байгуулсан гэх хамтран ажиллах гэрээг гаргуулах хүсэлтээсээ татгалзсан тул хариуцагчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэв.

Иргэний хуульд зааснаар худалдагч нь гэрээгээр тохирсон биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх бөгөөд худалдан авагч өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан зүйлийг хэрхэн захиран зарцуулах нь шинэ өмчлөгчийн эрхийн асуудал юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа алдангийг хариуцагч байгууллагаас сүүлчийн төлбөр төлсөн өдрөөс хойш 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тооцох, хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т  заасан хэмжээнээс хэтэрч байгаа тул хасч тооцсон гэж тодруулж байх тул шүүх дээрх хугацааны алдангийг тооцож хариуцагчаас алдангид 23,851,896 төгрөг /нэг хоног 384,708 төгрөг*62 хоног/  гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас үндсэн төлбөр 76,941,750 төгрөг, алданги 23,851,896 төгрөг нийт 100,793,646 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг хангагдсан хэмжээгээр хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Тэмүүлэл хангай” ХХК-иас 100,793,646 /нэг зуун сая долоон зуун ерэн гурван мянга зургаан зуун дөчин зургаан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Нью энержи стар” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,618,979 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 735,014 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 661,918 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                О.ОДГЭРЭЛ