Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шинжээч Г.Батхуяг,

амь хохирогч Г.*******, З.******* нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох эрүүгийн 2115001750296 дугаартай, 163/2022/0094/Э индекстэй хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1992 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, ******* аймгийн ******* сумын Яргуйт багийн 30-23 тоотод оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 29 настай, эрэгтэй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгаас Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны чиглэлд сайжруулсан шороон зам дээр 69-68 ОРО улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6, 3.7.а, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний Хангал сумын 2 дугаар багийн нутаг гэх газарт зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Г.*******, Ч.******* нарын буюу хоёр хүний амь насыг хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.*******, шинжээч Г.Батхуяг нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2115001750296 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй; архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгаас Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны чиглэлд 69-68 ОРО улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Хангал сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Г.*******, Ч.******* нарын буюу хоёр хүний амь нас хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

   2. Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.*******ын өгсөн: 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэртээ амраад байж байтал орой болсон хойно хойд талын Хасаа ах эмнэлэг дээр ир гэж байна гээд дуудсан. Тэгээд дүү охиныг гуйгаад эмнэлэг дээр ирсэн. Тэгсэн д осол гарсан байсан. Охин маань газар дээрээ нас барсан байсан. Хүүхдүүдийг эмнэлэг рүү аваад явсан. Хүү нэгдсэн эмнэлэг дээр ирээд нас барсан. Би хүүгээ нас барсан гэж бодоогүй. Одоо хүртэл 2 хүүхдээ мартаж чадахгүй, гомдолтой байна. Хүүхдээ залуугаараа явна гэж бодоогүй. Үргэлж 2 хүүхдээ бодож амьдарч байна. Үнэхээр хэцүү байна. Охин маань нас барсан өглөөгөө ажилтай байсан байна лээ. Цэргийн анги дээр шалгалт ирээд ажилдаа ирэхгүй байна гээд утсаар нь ярихад ******* утсыг нь аваад *******ийг утсаар ярих боломжгүй байна гэсэн байсан. Тэгээд дараа нь дахиад залгахад шүд нь өвдөөд гэж хэлсэн гэсэн. Ажлынхан нь бид нар үзүүлье гэхэд бид нар өөрсдөө эмнэлэгт үзүүлчихээд аваад ирнэ гэж хэлээд тэр хүмүүсийг ирүүлээгүй байсан. Тэр хүмүүс аваад явсан бол амьд байх байсан. Дахиад утсаар ярихад нь хадам ээжийн бие тааруу Хялганат явж байна гэж худлаа хэлсэн байсан. Тэрний өмнөх өдөр дүүгээ Хялганат хамт явъя гэж хэлэхэд нь одоо ажилтай, маргааш явъя гэж хэлсэн байсан. Эгчийгээ явахгүй болохоор шууд гараад ирсэн байсан. Бидэнд ирэх талаараа болон машин авсан талаараа хэлээгүй. Машин авсан гэж хэлээгүй, гэнэт ийм зүйл болсон. Надад үнэхээр хэцүү байна. Гурван хүүхэд өнчин үлдсэн, миний хувьд хүнд байна. Миний охиныг ажилд нь явуулсан бол ийм зүйл болохгүй байсан. Тэрэнд харамсаж байна. Хоёр хүүхдийг маань нэг өдөр алсан гэж төсөөлөхөд хэцүү байна. Оршуулгын зардал нэхэмжлэхгүй. Машиныг журмын хашаанаас авмаар байна, зөвшөөрлийн бичигтэй байж өгнө гэсэн. Машин дотор хүүхдүүдийн дугуй байгаа, авмаар байна. Машиныг аваад төмөрт өгмөөр байна гэх мэдүүлэг,

   3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Батхуягийн өгсөн: Би таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргахад байлцсан. Жолооч ******* Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн. Жолооч зогсоох арга хэмжээ авах ёстой ч зогсоох арга хэмжээ аваагүй. Энэ хүн аюул саад учрах үед зам тээврийн осол гаргахгүй байх үүднээс арга хэмжээ авах ёстой. Тормоз авч бүрэн зогсолтын арга хэмээ аваагүй нь зам дээрх фото зураг дээр тодорхой байгаа. Тээврийн хэрэгслийн мөр байгаа ч тормозны мөр байхгүй байгаа тул дүрэм зөрчсөн гэж үзсэн. Аюулгүй байдлаа хангахын тулд 2 үүрэгтэй. Тээврийн хэрэгсэл жолоодож байгаа бол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад осол гаргахгүй байх үүрэгтэй. Зам тээврийн осол гарахаар бол аль хохирол багатай үйлдлийг хийх ёстой. ******* зогсоох арга хэмжээ аваагүй. Самбаачлах хугацаа гэж байдаг ч энэ хүний биеийн онцлог, зам, хурдаас шалтгаална. Тухайн үед замын нөхцөл сайн байсан ч жолоочийн самбаачлах хугацаа хангалтгүй байсан. Учир нь жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул самбаачлах хугацаагаа алдсан. Тээврийн хэрэгслийн жолооч эрхийн үнэмлэхтэй байх ёстой. Архи хэрэглээгүй, тээврийн хэрэгслийн мэдлэгтэй хүн жолоодох үүрэгтэй. гэж тэр хүргэж өгсөн хүн үнэмлэхтэй эсэхийг мэдэхгүй. Зөрчлийн тухай хуульд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд жолоогоо шилжүүлсэн бол 100.000 төгрөгөөр хасаж 2 оноо хасна гэж байгаа. Жолооч хүнд үүрэг байгаа. Зорчигч нарт хамгаалах бүсийг зүүлгэх үүрэгтэй. Зорчигч согтууруулах ундааны зүйл уусан нь мэдэгдэхээр байх юм бол түүнийг урд суудал дээр суулгахгүй байх үүрэгтэй. Жолоочийн хажуугийн суудалд согтуу хүн суулгахыг хориглосон. Ямар ч аюул, саад бий болсон ч зогсоох арга хэмжээ авах ёстой. Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм дээр тулгарах гэж орж ирсэн. Жолооны хүрд татаж байна гэдэг нь аюул тулгарч байна, иймд тохиолдолд зогсолт хийх үүрэгтэй гэх мэдүүлэг,

4. Хэргийн газарт үзлэг хийсэн: Уг хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Хангал сумын 2 дугаар баг, гэх газар байх ба ...ертөнцийн зүгээр толгойн хэсэг нь баруун урд зүгт харсан, ...цэнхэр өнгийн шорттой, хар хөх богино ханцуйтай цамцтай, доош харсан байрлалтай эмэгтэй хүний цогцос байв. ...Ертөнцийн зүгээр замын зүүн талд урд зүг рүү харсан байрлалтай онхолдсон тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгсэл нь цагаан өнгийн 69-68 ОРО улсын дугаартай Соната-6 загварын тээрийн хэрэгсэл байх ба дөрвөн дугуй нь дээрээ байрласан, хэлбэр дүрсээ алдсан байв. Тээврийн хэрэгслийн ойр орчимд тээврийн хэрэгслийн эд зүйл эмх замбараагүй цацагдаж тарсан байв. ...Үзлэгийн явцыг кримналистикийн шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авав.  ...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 05-13 дугаар тал/,

5. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь Соната-6 загварын 69-68 ОРО улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд уг тээврийн хэрэгсэл хэлбэр дүрсээ алдсан байв. Тээврийн хэрэгслийн баруун урд, зүүн урд, зүүн хойд дугуй хийтэй, зүүн хойд дугуй хийгүй байв. ...Уг тээврийн хэрэгслийг 14-82 ОРО улсын дугаартай Toyata Hino загварын тээврийн хэрэгслээр ******* аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байр луу зөөвөрлөхөөр тогтов”  гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 16-19 дүгээр тал/,

6. Цогцост үзлэг хийсэн: Уг цогцос нь 162 см урттай, толгойдоо 40 см урттай бор шар өнгийн үстэй, биеийн галбир зөв, мах мариа өөхөн эдийн хөгжил дутуу, мөчид бүрэн, 31 настай эмэгтэй хүний цогцос байв. ...гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 72-75 дугаар тал/,

7. Цогцост үзлэг хийсэн: Уг цогцос нь 148 см урттай, толгойдоо 7 см урттай шар бор өнгийн үстэй, биеийн галбир зөв, мах мариа өөхөн эдийн хөгжил дутуу, мөчид бүрэн, 13 настай эрэгтэй хүүхдийн цогцос байв. ...гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 85 дугаар тал/,

8. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.*******ын өгсөн: 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байхад манай хойд айлын хүн болох Хасаа /бүтэн нэрийн мэдэхгүй/ хашааны цаанаас дуудаад ******* аймгийн нэгдсэн эмнэлэг дээр яаралтай очоорой гэж хэлүүлж байна гэхээр нь би ******* аймгийн нэгдсэн эмнэлэг рүү нөхрийн хамт явсан. Талийгаач нь гэх хүнтэй амьдарч байхад ******* төрсөн, түүний дараа Чулуун гэх хүнтэй амьдарч байхдаа хоёр дахь хүүхэд болох ийг гаргасан. Үүний дараа ******* гэх хүнтэй танилцаж , гэсэн хоёр хүүхэдтэй болж, *******тай гэр бүлээ 2015 онд батлуулсан. Гомдолтой байна, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар тал/,

9. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.ийн өгсөн: Би талийгаач Г.*******тэй 2015 онд салснаас хойш уулзаагүй. Харин талийгаач Н.*******тэй 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хамгийн сүүлд зам дээр таарсан. ...Талийгаач Н.******* нь 2008 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* сумын нэгдсэн эмнэлэгт төрсөн, 0-5 нас хүртлээ ээж Г.*******ийн гар дээр өссөн. Би 5-7 нас хүртэл нь хамт амьдарсан юм. Талийгаач Н.******* их дөлгөөхөн зантай, бусдын хайрыг булаасан их ажилсаг хүүхэд байсан. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр тал/,

10. Насанд хүрээгүй гэрч Н.ийн өгсөн: 2021 оны 8 дугаар сард яг өдрийн санахгүй байна. Аав *******, талийгаач ээж *******, талийгаач ах *******, дүү , нарын хамт өөрсдийнхөө саарал өнгийн Соната-6 загварын тээврийн хэрэгсэлтэй ******* аймгаас Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд байдаг эмээ ******* дээр очихоор явж байсан. Талийгаач ээж ******* лаазтай пиво уугаад явж байсан ба засмал зам дуусаад шороон зам дээр явж байхад талийгаач ээж ******* аав ******* хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Хоорондоо хэрэлдэж байгаад ээж жолооны хүрднээс нэг удаа татаад машин замын хажуу руу онхолдож 3 удаа өнхөрсөн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Сэрээд хартал машин дөрвөн дугуйн дээрээ зогссон, машин дотор бид хоёр сууж байсан машины гадаа зүүн талд , аав ******* хоёр зогсож байсан. Би машинаас буугаад эргэн тойрноо харахад талийгаач ******* ах машины баруун талын урд дугуйны хажууд доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд бид нар эмнэлгийн машинаар ******* аймгийн нэгдсэн эмнэлэг явсан. Тухайн өдөр ээж, аав хоёр гэртээ байхдаа том савтай пиво хувааж уусан. Ээж замд явахдаа лаазтай пиво уусан. Ээж согтсон байсан. ...Аав хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Бусад нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/,

11. Гэрч Б.ий өгсөн: Би *******, талийгаач ******* нарын эзэмшлийн цагаан өнгийн Соната-6 загварын тээврийн хэрэгслийг жолоодоод *******, талийгаач ******* нарыг дөрвөн хүүхдүүдийнх нь хамт Эрдэнэтийн пост хүртэл машиныг жолоодож явсан. Эрдэнэтийн пост өнгөрч зогсоод ******* машинаа жолоодоод цааш явсан. Би тэндээсээ шууд ******* аймгийн төв рүү ажлаа хийхээр явсан. Тухайн өдрөөс хойш 3-4 хоногийн дараа зам тээврийн осол гарч талийгаач ******* болон хүү ******* нар нь нас барсныг мэдсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 122 дугаар тал/,

12. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн: 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 59 дугаартай: Талийгаачийн цогцост зулай, дух, нүдний ухархай, хамар, хацар, хоншоор, суурь ясны шугаман болон олон тооны бутарсан хугарал, хугарал орчмын булчин дахь цус хуралт, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, цох, хамрын нуруу, баруун бугалганы гадны дунд хэсэг, тохойн үений язарсан шарх, баруун бугалга, шуу, баруун зүүн өвдөг, баруун зүүн шилбэ, баруун хөлийн сарвуу, хэвлий, баруун чих, баруун зүүн хацрын зулгаралт, зүүн чихний дэлбэн, зүүн мөр, зүүн шуу, зүүн өвдөг, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Талийгаачид үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 68-71 дүгээр тал/,

13. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн: 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаартай: Талийгаачийн цогцост хэвлийн хөндий болон аарцгийн хавсарсан гэмтэл, зүүн талын сүүжний тогоо орчмын үйрч бяцарсан хугарал, хугарал орчмын булчин дахь их хэмжээний цус хуралт, дэлүүний няцрал, орчны цус хуралт, дотуур цус алдалт, цох, баруун хацрын зүсэгдсэн шарх, хэвлийн цус хуралт, зүүн төмсөгний цус хуралт, ар нуруу хэвлийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 81-83 дугаар тал/,

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4363 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн Д.******* 29 нас, эр /этил үзэх цус/ гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Д.******* 29 нас, эр /этил үзэх цус/ гэж хаягласан цусанд 1.3 промилли спиртын агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.3 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 107-109 дүгээр тал/,

15. Мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн: Жолооч *******ын ******* нь жолоо барих эрхийн үнэмлэхгүй байна. Д.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтад заасан жолоочид дараахь зүйлийг хориглоно: “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөний улмаас осол гарсан байна гэх магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 99 дүгээр тал/,

15. Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай: ...Жолооч Д.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Жолооч Д.******* нь Соната-6 загварын 69-68 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6 "хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.7.а “Жолоочид дараах зүйлийг хориглоно: Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч Д.******* нь Соната-6 загварын 69-68 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон, мөн замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөрдөөгүйн улмаас уг зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр тал/,

16. Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай: Жолооч Д.******* нь Соната-6 загварын 69-68 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон, мөн замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйл “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг мөрдөөгүйн улмаас уг зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвчид зурсан схемээс харахад тоормосны мөргүй, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд тоормосны мөрний талаар тэмдэглэлд тусгагдаагүй байна. Осол гарахад байгалийн нөхцөл, газрын гадарга, бусад хүчин зүйл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...Замын цагдаагийн тасгийн шинжээч, ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Төрбат, зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Б.Өнөрбат, ахлах дэслэгч С.Намхайжанцан нарын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №12 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Тээврийн хэрэгслээр зорчиж яваа зорчигч жолооны хүрднээс татаж чангаах тохиолдолд зам тээврийн осол гарахад нөлөөлнө. /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн /6.2.а “зорчигч хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, жолоодлогод саад болохыг хориглоно” гэж заасан байдаг мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн /6.2.а “зорчигч хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, жолоодлогод саад болохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тохиолдолд жолооч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 159-161 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.*******ын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол нөхцөл байдлыг гэрчилсэн насанд хүрээгүй гэрч Н., гэрч Б. нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Хангал сумын 2 дугаар баг, гэх газар байх ба ...ертөнцийн зүгээр толгойн хэсэг нь баруун урд зүгт харсан, ...цэнхэр өнгийн шорттой, хар хөх богино ханцуйтай цамцтай, доош харсан байрлалтай эмэгтэй хүний цогцос байсан талаарх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн: 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 59 дугаартай талийгаач Г.*******ийн цогцост хийсэн задлан шинжилгээний материалаас үзэхэд талийгаач Г.******* нь зулай, дух, нүдний ухархай, хамар, хацар, хоншоор, суурь ясны шугаман болон олон тооны бутарсан хугарал, хугарал орчмын булчин дахь цус хуралт, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, цох, хамрын нуруу, баруун бугалганы гадны дунд хэсэг, тохойн үений язарсан шарх, баруун бугалга, шуу, баруун зүүн өвдөг, баруун зүүн шилбэ, баруун хөлийн сарвуу, хэвлий, баруун чих, баруун зүүн хацрын зулгаралт, зүүн чихний дэлбэн, зүүн мөр, зүүн шуу, зүүн өвдөг, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтлийн улмаас нас барсан гэх, талийгаач Ч.*******гийн цогцост хийсэн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаартай талийгаач Ч.******* нь хэвлийн хөндий болон аарцгийн хавсарсан гэмтэл, зүүн талын сүүжний тогоо орчмын үйрч бяцарсан хугарал, хугарал орчмын булчин дахь их хэмжээний цус хуралт, дэлүүний няцрал, орчны цус хуралт, дотуур цус алдалт, цох, баруун хацрын зүсэгдсэн шарх, хэвлийн цус хуралт, зүүн төмсөгний цус хуралт, ар нуруу хэвлийн зулгаралт бүхий гэмтлийн улмаас нас барсан гэх дүгнэлтүүд, Д.******* нь Соната-6 загварын 69-68 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон, мөн замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйл “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг мөрдөөгүйн улмаас зам тээврийн осол гарсан гэх мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн магадлагаа, Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Батхуягийн өгсөн мэдүүлэг, жолооч Д.******* нь 1.3 промилли буюу согтолтын хөнгөн зэрэгтэй байсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4363 дугаартай дүгнэлт зэргийг  харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Д.******* нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн Булган аймгийн Хангал сумын чиглэлд 69-68 ОРО улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэн авч замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хангал сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Г.*******, Ч.******* нарын буюу хоёр хүний амь нас хохироосон шүүгдэгч Д.*******ын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Г.*******, Ч.******* нарын биед тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдсэн, үхлийн шалтгаан болсон нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.*******ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

       Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.******* жолоодож явсан, тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

       Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Д.*******ын үйлдэл нь замын хөдөлгөөний дүрмээр хориглосон тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр; архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; түүнчлэн согтуу зорчигчийг жолоочийн хажуугийн суудалд суулгаж тээвэрлэсэн байхаас гадна түүнийг жолооны хүрднээс татаж хөдөлгөөнд аюул, саад тулгарах үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хоёр хүний амь хохирч хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 69-68 ОРО улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийг жолоодон гэр бүлийн хамт Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон орохоор зорчиж явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6, 3.7.а, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Хангал сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газарт зам тээврийн осол зорчигч Г.*******, Ч.******* нарын буюу хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас түүний эхнэр Г.*******, хүү Ч.******* нарын амь хохирч хүнд хор уршиг учирсан ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.*******, А. нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд талийгаач нарыг оршуулахтай холбоотой гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.******* нь насанд хүрээгүй 2010 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн *******ийн , 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн *******ын , 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн *******ын нарын асран хамгаалагчаар тогтоогдож асаргааны тэтгэмж авч байгаатай холбоотойгоор шүүхийн хэлэлцүүлгийн шатанд насанд хүрээгүй гурван хүүхдэдээ сар бүр 300.000 төгрөгийн нөхөн төлбөр төлөх талаар шүүгдэгч Д.******* нь иргэний нэхэмжлэгч М.*******тай эвлэрэн хэлэлцэж, харин эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийг эдэлсний дараа тэтгэмжийн асуудлаар дахин хэлэлцэхээр тохиролцсон байна.

Иймд шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд насанд хүрээгүй гурван хүүхдийн тэжээн тэтгэхтэй холбоотой амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******тай тохиролцож сар бүр 300.000 төгрөгийг төлөхөө илэрхийлснийг дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.*******ын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, нөхөн төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.*******ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэргийн нэгдүгээр хавтасны 178-190 дэх талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн Могод сумын Засаг даргын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.******* нь одоо ам бүл ганцаар ******* аймгийн ******* сумын Яргуйт багийн 30-23 тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нэг удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.

Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, энэ гэмт хэргийн улмаас хайртай дотны хүмүүсээ алдаж бага насны 3 хүүхэд нь өнчирч үлдэж байгаа зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгч Д.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч насанд хүрээгүй гурван хүүхдийн тэжээн тэтгэхтэй холбоотой амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******тай тохиролцож, сар бүр 300.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь энэ хуульд заасан шударга ёсны зарчим болоод аливаа шийдвэр гаргахдаа хүүхдийн эрхийг дээдлэх, хүүхдийг аль болох урт хугацаагаар эцэг, эхээс салгахгүй байх зэрэг Хүүхдийн эрхийг хамгаалах хууль, Олон Улсын Хүүхдийн эрхийн конвенцын үзэл баримтлалд нийцнэ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт болон тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,  ******* аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байгаа Соната-6 загварын 69-68 ОРО улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******ад олгохоор шийдвэрлэлээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Д.*******, амь хохирогч Г.******* нар нь хэрэг үйл явдал болсон гэх 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хэн аль нь архи, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрсдийн эзэмшлийн 69-68 ОРО улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийг Эрдэнэтийн пост хүртэл өөрийн найз Б.ийг гуйж жолоодуулсан, Б. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд болох Д.*******т жолоог шилжүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон нь шүүхээс шүүгдэгч Д.*******ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхөөргүй байна, харин улсын яллагч дээрх нөхцөл байдлыг зохих журмын дагуу шалгаж шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,  ******* аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байгаа Соната-6 загварын 69-68 ОРО улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******ад олгосугай.

7. Шүүгдэгч Д.******* нь насанд хүрээгүй гурван хүүхдийн тэжээн тэтгэхтэй холбоотой амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******тай сар бүр 300.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.******* нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, нөхөн төлбөрийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД