| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2022/0286/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/392 |
| Огноо | 2022-04-25 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/392
2022 04 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
Улсын яллагч Р.Энх-Оюун,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох,
Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхбатын Нд холбогдох эрүүгийн 2211 00000 0522 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Мөнхбатын Н, /РД: ./,
Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Е март” сүлжээ дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайж 10-13 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Н нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Контас” цагны дэлгүүрт 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллах хугацаандаа хохирогч Ж.Чулуунбатын итгэмжлэн хариуцуулсан цагнуудыг зарсан орлогын мөнгөнөөс 55 ширхэг цагны мөнгө болох нийт 7,031,600 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 200 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч М.Н нь
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч М.Н нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Контас” цагны дэлгүүрт 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллах хугацаандаа хохирогч Ж.Чулуунбатын итгэмжлэн хариуцуулсан цагнуудыг зарсан орлогын мөнгөнөөс 55 ширхэг цагны мөнгө болох нийт 7,031,600 төгрөгийг завшсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Ж.Чулуубат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2004 оноос хойш “Контас” цагны дэлгүүрийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байгаа ба одоогийн байдлаар 3, 4 дүгээр хороолол, “Сандэй плаза” худалдааны төв, “Улаанбаатар” их дэлгүүрийн замын хойд талын 21 дүгээр байрны худалдаа үйлчилгээний зориулалттай өргөтгөлийн 27 тоотод тус тус салбар дэлгүүрүүдтэй үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай “Улаанбаатар” их дэлгүүрийн замын хойд талд байрлах Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо 21 дүгээр байрны өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг “контас” дэлгүүрт Мөнхбат овогтой Н гэх охин худалдагчаар ажилд орсон ба ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 11 дүгээр сараас хойш 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад ажлаа хаяад гарсан байгаа. Ажлаа хаяад гарсан шалтгаан нь М.Н нь 7,303,000 төгрөгийн орлого завшсан үйлдэл нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тооллогоор гарч ирсэн байдаг. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тооллого хийхэд 7,031,600 төгрөгийн үнэ бүхий 56 ширхэг цаг дутсан. Уг цагнуудыг М.Н нь зарчхаад мөнгийг нь өөрөө аваад хэрэглэсэн гэдгээ надад хэлсэн. Манай дэлгүүр нь 2021 оны 11 дүгээр сараас хойш яг сайн нарийн тооллого хийгээгүй юм. М.Н нь өдөрт зарсан цагны тоог хэлж над руу орлогыг шилжүүлдэг ба маргааш нь надаас ирж зарсан цагнуудыг авч эсвэл би аваачиж лангууг буцаан дүүргэдэг юм. Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр М.Номин-Эрдэнийн хамт тооллого хийхэд нэг лангуунууд дотор байх цагнууд дутсан байдаг ба тооллого хийж байхад М.Н нь дундаас нь зугтаасан. Тэгээд маргааш нь худалдагч Шинэзулын хамт үргэлжлүүлэн тооллого хийхэд 56 ширхэг цаг дутсан. М.Н нь лангуунаас 10 ширхэг цаг зарчхаад надад 9 ширхэг цаг зарсан гэж хэлээд нэг цагны мөнгийг өөртөө авдаг байсан ба зарж мөнгийг нь авсан цагны тавиурыг лангуун дотор хийлгүй үлдсэн цагны жижиг тавиуруудын зайг нь холдуулаад тавьчихдаг байсан ба манай дэлгүүр 20 гаруй лангуутай тул би анзаараагүй. М.Номин-Эрдэнийн энэ үйлдэл нь сүүлийн тооллогоор мэдэгдсэн. Манай дэлгүүр 1 ээлжээр ажилладаг М.Нтэй хамт Шинэзул гэж охин хамт ажиллаж байсан...” гэх /хавтаст хэргийн 11-14-р тал/
Гэрч А.Шинэзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүрэг “Улаанбаатар” их дэлгүүрийн замын хойд талд байрлах “Контас” цагны дэлгүүрт худалдагчаар ажилд орж 2 хоног дагалдангаар ажиллаж байгаад өнөөдрөөс гэрээгээ үндсэн худалдагч болгон хийж касс, тооцоо хариуцаж ажиллахаар болсон байгаа. Намайг ажилд орох үед үндсэн худалдагч М.Н гэх худалдагч касс дэлгүүрийн орлого тооцоог хариуцдаг байсан ба би түүний дагалдангаар ажиллаж байсан. Би М.Номин- Эрдэнэтэй 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дэлгүүрийн тооллого хийх хүртэл ажилласан юм. Тэрээр тооллогын үеэр дэлгүүрийн цагийг зарсан мөнгийг хувьдаа авч байсан нь баригдсан. Дэлгүүрийн худалдагч өдөрт зарсан цагны тоо, загварыг захирал Ж.Чулуунбатад хэлээд маргааш өдөр нь захирал руу очиж тухайн цагнуудыг дэлгүүрт авчраад лангуунд хийж зарагдсан цагны зайг нөхөж хийдэг байсан ба сүүлийн буюу 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тооллогоор лангууны тавиур дээр хоосон байгаа дутуу цагнуудыг тулгаж үзэхэд олон тооны цаг дутсан байсан. ...М.Н нь дэлгүүрийн бэлэн орлогыг дэвтрийн завсар хийдэг ба тэр мөнгөөр хоол захиалж иддэг байсан мөн дэлгүүрээс гараад шууд шинэ хувцас авах, үсээ янзлуулах зэрэг анзаарагдсан. Тухайн үед би шинээр ажилд орж байсан болохоор сайн ойлгохгүй байсан ба М.Номин-Эрдэнийг нөхөөд хийдэг байх гэж боддог байсан...” гэх /хавтаст хэргийн 18-р тал/,
Хавтаст хэрэгт авагдсан тооллого хийсэн баримтууд /хавтаст хэргийн 48-49-р тал/,
Шүүгдэгч М.Номин-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 53-р тал/, ял шалгасан хуудас /хавтаст хэргийн 50-р тал/,
шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт, 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүрэг 2-р хорооны “контас” цагны дэлгүүрийн салбар дээр шилжин очиж ажиллаж эхэлснээс хойш надад мөнгөний хэрэг гараад цаг зарчхаад мөнгийг нь бэлнээр өөртөө авсан байдаг ба тухайн мөнгийг хэрэглэчхээд мөнгөтэй болохоороо буцаагаад өгчихнө гэж бодож байсан ч мөнгөтэй болохгүй дахин мөнгөний хэрэг гараад зарсан цагны мөнгийг өөртөө авсаар байгаад миний энэ буруу үйлдэл даамжирсан юм. Миний мөнгө завшсан үйлдэл 2021 оны 11 дүгээр сарын эхээр эхэлсэн байдаг... гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Хохирогч Ж.Чулуунбатын мэдүүлэг, дээр дурдсан гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Н нь гэм буруугийн санаатай үйлдлээр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Контас цагны дэлгүүрт 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллах хугацаандаа хохирогч Ж.Чулуунбатын итгэмжлэн хариуцуулсан цагнуудыг зарсан орлогын мөнгөнөөс 55 ширхэг цагны мөнгө болох нийт 7,031,600 төгрөгийг завшсан нь тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.Номин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч М.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч М.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч М.Нэс 7,031,600 /долоон сая гучин нэгэн мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Хан-Уул дүүрэг 11-р хороо, Цэцэгүн цогцолбор хотхон 104-202 тоотод оршин суух Ж.Чулуунбат /РД: УХ:78011275/-д олгуулахаар шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Мөнхбатын Номин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нд 360 /гурван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Нэс 7,031,600 /долоон сая гучин нэгэн мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Хан-Уул дүүрэг 11-р хороо, Цэцэгүн цогцолбор хотхон 104-202 тоотод оршин суух Ж.Чулуунбат /РД: УХ:78011275/-д олгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД