Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/396

 

  

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Дөлгөөн,  

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дашдондогийн Эт холбогдох эрүүгийн 2211 00000 0635 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Дашдондогийн Э, /РД:./,

Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээн” төвийн 1 давхарт үсчин ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 43-853 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас А.Гансүхийн биед цээж, духанд шарх гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Энхбатын хамт байж байгаад ажилдаа явах гэж байтал, Энхбат руу Ганаа /Гансүхийн зургийг харуултал мөн байна гэж танив/ гэх хүн залгаад, хүрээд ир гээд байхаар нь бид хоёр тэдний гэрт очтол Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 36-420 тоот/ Уранмандал автобусны буудлын ойролцоо байх/ Гансүх Ууганцэцэгтэй хамт 0,75 литрийн “Хараа” архийг хуваан ууж байсан ба бид 4 хамтдаа тэр архийг ууж дуусгаад, дахин нэг шил 0,75 литрийн “Хараа” архи хувааж ууцгаасан. Тэгтэл Энхбат тасарч унаад унтаад өгсөн. Би Ууганцэцэг гэх эмэгтэй шалихгүй зүйл дээр үг зөрөлдөөд байж байтал Гансүх босож ирээд, миний үснээс зулгаагаад, нүүр царай руу гараараа цохиод, цээж рүү дэвсэж, дахин толгой руу олон удаа цохисон. Ууганцэцэг намайг цохиогүй, Гансүх намайг зодож байхад хараад зогсож байсан. Миний хамар амнаас цус гарсан, толгой хагарсан. Тэгээд миний үснээс зулгаагаад чирэхээр нь өөрийгөө хамгаалахаар гарт тааралдсан юмаараа толгой руу нь цохитол архины шилээр цохисон. Би хаашаа нь цохисноо мэдэхгүй байна, ямар ч байсан шилээр өөрийгөө хамгаалахын тулд цохисон. Тэгж байтал Энхбат сэргэхээр нь бид хоёр гараад бушуухан гараад явсан...” гэх /хавтаст хэргийн 54-55 дугаар тал/,

Хохирогч А.Гансүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгтэл үдийн орчимд манай гэрт Э Энхбатын хамт ирээд бид 4 хамтдаа 1 шил 0,75 литрийн хэмжээтэй “Хараа” архийг хувааж уугаад байж байтал Энхбат тасраад унтаад өгсөн. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Тэгээд Этэй ялихгүй зүйлээс болж маргалдсанаа санаж байна. Гэнэт миний толгой руу тас хийгээд явсан ба цээжээр халуу оргиод эхэлсэн. Тэгээд гараараа үзтэл цус болсон байсан. Тэгээд Э Энхбат нар манайхаас яваад, 103-ын эмч намайг ирж үзээд, гэмтэл согог судлалын үндэсний төвд аваачсан...” гэх /хх-ийн 9х-10х/,

Гэрч М.Ууганцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд юм яриад сууцгааж байсан ба Э тэр үед бусдаасаа арай бага ууж байсан. Тэгээд юм ярьцгаагаад сууж байгаад Э бид хоёр хувийн асуудлаас болоод хоорондоо үг зөрж, маргалдсан. Тэгээд гэрээс гараад бие засах гээд гарахдаа маргалдаж, над руу Э дайраад байхаар нь за одоо хоёулаа маргалдаад яах вэ гэрт оръё гээд орсон. Ороод суугаад байж байтал Гансүх Этэй маргалдаж нэг удаа цохих шиг болсон, тэгтэл Э уурандаа шууд ширээн дээр байсан аяга таваг, шаазан эдлэл, архины шилээр Гансүхийн цээж толгой хэсэг рүү нь олон удаа цохиход Энхбат салгаад Энхбат Э хоёр хамт гараад явсан Тэгтэл Гансүхийн цээжнээс цус гараад байсан, тэгээд би 103 дуудтал ирж үзээд, гэмтэл согог судлалын үндэсний төвд аваачсан...” гэх /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,  

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3344 дугаартай дүгнэлтэд:

А.Гансүхийн биед цээж, духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хавтаст хэргийн 24-25 дугаар талх/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Д.Э нь 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас А.Гансүхийн биед цээж, духанд шарх гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хэрэгт хохирогч А.Гансүх нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Д.Э Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаар дансанд 264,000 төгрөг төлсөн баримт шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн тул шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржигон овогт Дашдондогийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч Д.Эт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã×               П.АРИУНБОЛД