Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/101

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга С.Аззаяа

Улсын яллагч Э.Ууганзаяа

Шүүгдэгч Э.*******, Д.******* тэдний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн яллагдагч *******хаан овогт *******ийн *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч бургууд овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2136001970080 дугаартай, 178/2022/0094/Э индекстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Аливаа гоулд ХХК-д жолооч ажилтай, ам бүл-1, ганцаараа амьдрах, Нийслэлийн ******* дүүрэг дүүргийн 6 дугаар хороо,10 дугаар хороолол, ******* хутагт ******* гудамж 106 дугаар байрны 141 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, Тавин овогт *******ийн *******

2.Монгол улсын иргэн, 1961 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын багийн 7-18 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, бургууд овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  нь  Э.******* нь архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Олзвойн 10-14 тоотод байрлах иргэн Б.ын гэрт иргэн Д.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа Д.*******г зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Олзвойн 10-14 тоотод байрлах иргэн Б.ын гэрт иргэн Э.*******той таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүнийг зодож Э.*******ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 06-ны орой 17-18 цагийн үед Д.*******гийн гэрт очиход Д.******* ах орондоо хэвтэж байсан. Та хот яваагүй юм уу гээд асуугаад нүүр лүү нь харахад нүүрэн хэсэг нь хавдчихсан, хүн танихааргүй болчихсон байсан. Би юу болсон талаар асуухад  надад “би хүүхдүүд дээрээ очмоор байна” гэж цаасан дээр бичиж өгсөн. Би эмийн сангаас эм авч өгөхөд “ миний толгой маш их өвдөж байна” гээд толгойгоо бариад байсан...” гэх мэдүүлэг / хэргийн 5-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн...Э.*******ын биед дээд эрүүний зүүн талын 3 дугаар шүдний уналт, доод эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний 2 дугаар зэргийн хөдлөл гэмтэл тогтоогдлоо. Э.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, тухайн үеийн шинэ гэмтлүүд байна. Э.*******ын биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын  хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 11.52.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх 668 дугаартай дүгнэлт / хэргийн 12-13-р хуудас/

Хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд Б.той уулзаад 2-3 шил архи хувааж уугаад Б.ын Ховд аймгийн Жаргалант сумын  Цамбагарав баг, Олзвойн 4а-д байрлах гэрт нь очсон. Өглөө сэрэхэд Э.******* гэх залуу миний биен дээрх цусыг арчиж өгч байсан.Өөр зүйл санахгүй байна...” гэх мэдүүлэг / хэргийн 36-37-р хуудас/

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр би Далантай гэдэг айлд монтаж хийж өгөөд Далантайтай хамт 2 шил архи хувааж уучихаад гэртээ хүргүүлсэн.Намайг гэрт ирэхэд хэн ч байгаагүй ба унтаж байгаад хүмүүс зодолдох чимээнээр сэрэхэд  Д.*******, Э.******* хоёр зодолдож байхаар нь дундуур нь орж салгасан.Тухайн үед Д.******* “Э.******* миний шүдийг хугалчихлаа” гэж хэлж байсан. Д.*******гийн зүүн нүд нь хөхөрсөн, хамарнаас нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг / хэргийн 41-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн...Д.*******гийн биед тархины хоёр талын дух болон чамархайн дэлбэнгийн тархмал хэлбэрийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины баруун чамархайн дэлбэнгийн арын суурь хэсгийн эдэд няцрал, тархины баруун чамархайн дэлбэнд няцрал, 2 талын хацар хэсгийн цус хуралт, 2 нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байх бөгөөд  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 47-48-р хуудас/

Д.*******гийн “ Өвчний түүх”-ийн хуулбар / хэргийн 49-76-р хуудас/

Шинжээч эмч Д.Тогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Д.******* нь биед тархины хоёр талын дух болон чамархайн дэлбэнгийн тархмал хэлбэрийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины баруун чамархайн дэлбэнгийн арын суурь хэсгийн эдэд няцрал, тархины баруун чамархайн дэлбэнд няцрал гэмтэл авсан байна. Эдгээр гэмтэл нь цаг хугацааны хувьд тухайн хүний биеийн онцлог, эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.Дээрх гэмтлийг авсан хүн хэвтрийн дэглэм барих ёстой, босож явах боломжгүй.Тухайн гэмтлийг бүрэн гүйцэт эдгээхгүйгээр босож явах, ямар нэгэн доргилт авах юм бол дээрх тархины гэмтлүүд сэдэрч нас барах эрсдэлтэй байдаг...” гэх мэдүүлэг / хэргийн 88-р хуудас/

Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:”...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12-13 цагийн үед найз Б.той уулзаад 2-3 шил архи уусан.Ямар нэртэй архи ууснаа санахгүй байна.Маргааш өглөө нь сэрэхэд Э.******* миний цусыг арчиж байсан.Э.******* “та намайг цохисон шүү” гэж хэлж байсан. Э.*******ыг ямар шалтгааны улмаас зодсоноо санахгүй байна.Би архи уусан үедээ хатуу хорон үг хэлчихдэг.Тэр үүднээс Э.*******той маргалдсан байх гэж бодож байна.Тэгээд Б.ын гэрээс гараад гэртээ очиж хэвтсэн. Манай дүү Л. хөдөөнөөс ирээд миний нүүр царайг хараад юу болсон талаар асуухад нь би санаж байгаа зүйлээ хэлсэн.Удалгүй найз Б.ын хамт хот руу явсан...” гэх мэдүүлэг / хэргийн 111-р хуудас/

Хохирогч Э.*******ын мөрдөн шалгах ажилллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би ганцаараа 0.33 граммын архи уучихаад хадам ах Б.ын гэрт байж байсан. Орой нь 19-20 цагийн үед хөдөөнөөс хадам ах Б. найз Д.*******гийн хамт архи уучихсан ирсэн.Бид гурав нийлээд 3 шил архи хувааж уусан. Тэгээд би тэр хоёрт хоол хийж өгчихөөд орондоо ороод хэвтэж байтал Д.******* ширээн дээр байсан тавагтай идээ, хоол ундыг гараараа түлхэж унагаад ширээ аваад шидэхээр нь би “ боль” гээд Д.*******г бариад автал гараараа миний ам руу цохиход миний дээд талын үүдэн шүдний дараагийн шүд  унасан. Миний хиймэл шүд 3 хуваагдсан, доод талын нэг шүд хөдөлсөн.Баруун нүдний доод хэсэг хөхөрсөн байсан.Миний нүдний хөхрөлт 2,3 хоногийн дараа арилсан...” гэх мэдүүлэг / хэргийн 123-р хуудас/

Шүүгдэгч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:”...тухайн үед миний уур хүрээд Д.*******гийн нүүрэн хэсэгт гараараа 4,5 удаа цохисон. Хэсэг хугацааны дараа ухаан ороод харахад Д.******* хадам ахын гэрт оронд орчихсон хэвтэж байсан. Би “ таны бие яаж байна “ гэж асуухад “ толгой эргээд байна” гэж хэлсэн Би “ та миний шүдийг хугалсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хэргийн 125-р хуудас/ зэрэг баримт болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч  Э.*******, Д.******* нар  нь 2021 оны 10 дугаар сарын сарын 05-ны өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Олзвойн 10-14 тоотод байх Б.ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа хоорондоо зүй бус харилцаж нэгнээ зодож, Э.******* Д.*******гийн биед хүнд гэмтэл, Д.******* Э.*******ын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.******* нь  хохирогч Д.*******гийн биед хүнд гэмтэл учруулсан болох нь Д.*******гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Д.гийн мэдүүлэг, Д.*******гийн өвчний түүх,шинжээч эмчийн мэдүүлэг, шүүгдэгч Э.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, шүүгдэгч Д.******* нь хохирогч Э.*******ын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь Э.*******ын хохирогчоор өгсөн мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 668 дугаартай шинжээчийн дүгнэлт,   тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь согтуурсан үедээ харилцан бие биедээ хүнд болон хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг тус тус гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

 

Шүүгдэгч Э.*******, Д.******* нар нь харилцан нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулан нэгэндээ хохирогч болсон байх бөгөөд хэн хэн нь үйлдлээ хянах чадваргүй согтуу үедээ үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд танхайрах сэдэлтэй,  гэмт хэргийг  санаатай үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нар нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн гарах хор уршгийг мэдэх, ойлгох насны хүмүүс хэдий ч үг, үйлдлээ хянах чадваргүй болтлоо согтуурч, хоорондоо зүй бус харьцсанаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан

шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь нь хохирогч Д.*******гийн биед  хүнд гэмтэл, шүүгдэгч Д.******* нь хохирогч Э.*******ын биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20, 668 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон.

Шүүгдэгч Э.******* нь хохирогч Д.*******д хохирлын 2400000 төгрөг төлсөн нь хэргийн 194 дүгээр хуудсан дахь баримтаар нотлогдож байх бөгөөд хохирогч Д.******* ...цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэсэн байх тул шүүгдэгч Э.******* бусдад төлөх төлбөргүй байна.

Мөн хохирогч Э.******* “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.*******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,шүүгдэгч Д.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.*******, Д.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Э.*******, Д.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 145,146-р хуудас/ -аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.*******ын хувийн байдлын талаар гэрч Б.Энхдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Э.******* нь нөхөрсөг, хүнд тусархуу,даруухан зан ааштай хүн.Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг,архи уусан үедээ хэн нэгэнтэй маргаж байгааг нь хараагүй, унтаад амарчихдаг.Одоо Улаанбаатар хотод эхнэрийн хамт амьдардаг... гэх мэдүүлэг /хэргийн 129--р хуудас/

Шүүгдэгч Д.*******гийн хувийн байдлын талаар гэрч Т.Бүжинчимэгийн өгсөн...Д.******* нь зан ааш сайтай,хүнтэй зөв боловсон харьцдаг,хүнд тусархуу, түргэн ууртай хүн.Ховд аймгийн Жаргалант суманд ганцаараа амьдардаг...гэх мэдүүлэг / хэргийн 133-р хуудас/, шүүгдэгч Д.*******,Э.******* нарын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа,”Аливаа гоулд” ХХК-ний  тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг  11000 нэгжтэй тэнцэх хэмжээний 11000000 төгрөгөөр торгох ял  шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.*******гээр торгох ялын 600000 төгрөгийг 05 сарын хугацаанд, шүүгдэгч Э.*******оор торгох ялын 11000000 төгрөгийг 1 жилийн хугацаанд тус тус  хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганзоригоос: шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирол төлбөрөө төлсөн, бусдад төлөх хохиролгүй, улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар,

Шүүгдэгч Э.*******, Д.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг  11000 нэгжтэй тэнцэх хэмжээний 11000000 төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.*******од оногдуулсан 11000000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд, шүүгдэгч Д.*******д оногдуулсан 600000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд тус тус  хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******, Д.******* нарт тайлбарлаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн 2136001970080 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,34.2, 36.2, 36.6- 36.8, 36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч бургууд овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч бургууд овогт *******ын *******г зургаан зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 / зругаан зуун мянган/ төгрөгөөр торгох,

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 11000000/ арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялын 600000 төгрөгийг 05 /тав/  сарын хугацаанд, шүүгдэгч Э.*******од оногдуулсан торгох ялын 11000000 төгрөгийг 1 /нэг/ жилийн хугацаанд тус тус  хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******, Д.******* нарт мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн 2136001970080 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.*******, Д.******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Э.*******, Д.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС