Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1084

 

 

 

 

 

 

 

 

 

С.Хт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрхэмбаяр,

хохирогч Б.Б,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 903 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ш.Эрдэнэбилэгийн бичсэн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлд үндэслэн С.Хт холбогдох 1808031960953 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогтой С-н Х, 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Бариа засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны ............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлтүй, /регистрийн дугаар: ..................../,

С.Х нь 2018 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Залуус” хорооллын гадна зогсоолд байрлуулсан иргэн Б.Бийн эзэмшлийн 19-14УНХ улсын дугаартай “Тоёота Харриер” загварын тээврийн хэрэгслийг үзүүртэй зүйлээр зурж гэмтээн бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: С.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Хт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

С.Хын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 520.000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Эрдэнэбилэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч С.Х нь 2018 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Залуус” хорооллын гадна зогсоолд байрлуулсан иргэн Б.Бийн эзэмшлийн 19-14 УНХ улсын дугаартай “Тоёота Харреэр” загварын тээврийн хэрэгслийг үзүүртэй зүйлээр зурж гэмтээсэн үйлдэл хийсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

“Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн “Гэмтээх” гэх ойлголтод эд зүйлс, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан, ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан, түр хугацаагаар зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг хэлнэ. Өөрөөр хэлбэл зарим гэмтлийг засвар үйлчилгээгээр сэргээснээр анхны байдалд нь эргүүлэн оруулж болдог онцлогтой.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор “Костий эстимэйт” ХХК-ийн шинжээчийг томилж дүгнэлт гаргуулсан. Уг хөрөнгийн үнэлгээний тайланд: Урд, хойд буфер 40.000 төгрөг, зүүн урд, баруун урд, баруун хойд крыло 20.000 төгрөг, баруун урд хаалга 30.000 төгрөг, шууд зардал 170.000 төгрөг, Шууд бус зардал: 2 буфер, 3 крыло, хаалга будах зардал 400.000 төгрөг, 600 гр будаг, мат, лак 120.000 төгрөг, шууд бус зардал 520.000 төгрөг буюу үнэлгээгээр тогтоогдсон нийт дүн 690.000 төгрөг гэжээ. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг дээр дурдсан шууд болон шууд бус зардал гэсэн үнэлгээний тайлангийн тодорхойлолтыг үндэслэн “шууд зардал” гэснийг “хохирол”, “шууд бус зардал” гэснийг “хор уршиг” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасантай нийцэхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тайланд шууд зардал гэж дурдагдсан 170.000 төгрөг нь тухайн эд хөрөнгийг анхны байдалд нь оруулахад зарцуулах мөнгөн дүн биш болох нь тодорхой байхад анхан шатны шүүх хууль зүйн ямар үндэслэлээр гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хор уршигын ойлголт нь хууль зүйн ойлголт, харин шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгож гаргуулсан нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөнгөн дүнгээр тооцоход чухал ач холбогдол бүхий илэрхийлэл юм. Түүнчлэн хяналтын прокурор М.Сансарсайхан яллах дүгнэлт үйлдэхдээ дээрх гэмт хэргийн улмаас 520.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн нь гэмт хэргийн хохирлын мөнгөн дүнг мөн адил буруу тооцсон байна. Иймээс хөрөнгийн үнэлгээний тайланд дурдагдсан 690.000 төгрөг нь бүхэлдээ тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу гэмтээсэн автомашиныг анхны байдалд нь оруулахад зарцуулсан мөнгөн дүн гэж үзэх бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзнэ. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 903 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Прокурор Б.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэмт хэргийн улмаас нийт 690.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгөнөөс зөвхөн 170.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж шүүх үзсэн. 170.000 төгрөг нь автомашинд зурагдсан гүн зураасыг арилгаж, замаска тавих зардал юм. Замаска тавьсаны дараа будах зардал нь 400.000 төгрөг, будахад гаргах туслах материалын зардал нь 120.000 төгрөг байгаа. 690.000 төгрөгийг зарцуулж байж энэ автомашинд учирсан эвдрэл, гэмтэл анхны байдалд орж гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилах байсан. Шүүх үүнд үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Дүгнэлтийн хавсралт хэсэгт тайлангийн тогтоогдсон дүнг шинжээч шууд болон шууд бус зардал гэж хоёр янзаар задалж үзсэн. Анхан шатны шүүх шууд зардлыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шууд бус учирсан зардлыг гэмт хэргийн хор уршиг гэж дүгнэсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасантай нийцэхгүй байна гэж үзэж байна. Хяналтын прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 520.000 төгрөгийн хохирол учирсан гэж буруу дүгнэсэн. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхэд зүйчлэлд өөрчлөлт орохгүй учраас 690.000 төгрөг болгож тогтоогоод энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анхан шатны шүүх хуралдаан болсон талаар мэдээгүй. Надад “Монгол шуудан” ХХК-иар баримт ирсэн, шүүхийн шийтгэвэртэй танилцахад С.Хыг цагаатгасан байсан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад /яллагдагч, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч/ мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл хохирогч Б.Бт шүүх хуралдааны тов мэдэгдсэн талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй, тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд “Шүүхээс надад шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, шүүх хурал болсон талаар мэдээгүй, гэрийн хаягаар цагаатгах тогтоолыг шуудангаар ирүүлсэн байсан.” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хохирогч шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох эрхтэй”, мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж тус тус хуульчилсныг ноцтой зөрчжээ.

Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой, хүний эрхийг зөрчсөн энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн үзэх боломжгүй байгааг дурдаж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн ажиллахыг  анхааруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулан мэтгэлцээний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлох замаар прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд бодит байдлыг тогтоох, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 903 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, С.Хт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан прокурор Ш.Эрдэнэбилэгийн бичсэн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг энэхүү шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 903 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, С.Хт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд хүргүүлтэл С.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                Ц.ОЧ