Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 53

 

 

                                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

            Улсын яллагч Ж.Отгонбаяр,

            Шүүгдэгч О.Ихбаяр, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт О.Ихбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625021086 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Увс аймагт төрсөн, 28 настай, боловсролгүй, мэргэжилгүй, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо Дэнжийн 60 дугаар гудамжны 01 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Цагдаагийн академийн 1 дүгээр гудамжны 48-2-15 тоотод ам бүл-4, эхнэр, хүүхэд хадам ахын хамт оршин суудаг,

2007 оны 8 дугаар сарын 07-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 180 цаг албадан ажил хийлгэх ялаар,

2008 оны 2 дугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2008 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, Боржигон овогт Отгонбаярын Ихбаяр /регистрийн дугаар ЦА 87071177/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч О.Ихбаяр нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3 дугаар сургуулийн урд талд автобусны буудал дээр иргэн Э.Билгүүний куртикны баруун халааснаас “Ай Фоне-4эс” маркийн гар утсыг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн

байхдаа давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Сандэй” худалдааны төвийн гадна талд Солонгос улсын иргэн Ким И Соны /Kim Yiseon/ куртикны баруун халааснаас Самсунг Галакси Эс-5 маркийн гар утсыг хулгайлж 330.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч О.Ихбаяр шүүхийн хэлэлцүүлэгт “…мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө..”гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“…Би 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 19:00 минутын орчим СБД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 3-р сургуулийн автобусны буудал дээр автобусанд суух гэж байсан үл таних 30 орчим насны эрэгтэй хүний куртикны баруун талын халааснаас баруун гараараа гар утсыг нь аваад буудлаас баруун тийш жоохон яваад энгийн хувцастай цагдаа ирээд надад үзлэг хийхэд миний биеэс хулгайлсан гар утас гарч ирээд би цагдаагийн газар хүргэгдэж ирсэн…, …тэгээд халаасны хулгайн хэлтэс дээр шалгагдсан. Ингээд шалгагдаж байх хугацаандаа 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Сандэй” худалдааны төвийн урд талд явж байгаад намхан биетэй эмэгтэй хүний хар урт куртикных нь баруун талын халаасанд гар утас байхаар нь би халааснаас нь хулгайлчихсан юм. Хулгайлчхаад удалгүй бас энгийн хувцастай цагдаад баригдсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-67, 71/,

 

Хохирогч Э.Билгүүний “…2016 оны 4 дүгээр сарын 18-ны 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 сургуулийн автобусны буудал дээр автобусанд суух үедээ куртикны баруун талын халаасанд байсан I PHONE 4-S маркийн гар утсаа хулгайд алдаад цагдаагийн байгууллагад хандсан. Би анх гар утсаа 2012 онд Америкийн нэгдсэн улсаас монгол мөнгөөр 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан одоо би 350.000 төгрөгөөр үнэлж байна. Надад одоогоор сэжиглэж байгаа хүн байхгүй би автобусанд ороод утсаа алдсан гэдгээ мэдсэн. …Би хулгайд алдсан гар утсаа хүлээж авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-13, 23/,

 

Хохирогч Ким И Соны /Kim Yiseon/ “…2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг “Сандэй” худалдааны төв рүү ороод гар утсаа үзэхэд алга болсон байсан. Тэгээд өөрийн дугаар луугаа залгахад миний утсыг авахгүй байж байгаад нэлээн байж байгаад ахиад өөрийн дугаар луу залгахад “Цагдаа байна. Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дээр ирж гар утсаа аваарай.” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллага дээр ирж хулгайд

алдсан гар утсаа авсан. Би гар утсаа алдах үедээ куртикныхаа баруун халаасанд хийгээд цахилгааныг нь татсан байсан. Би гар утсаа хулгайд алдах үедээ Чон Тэгү гэх найзын хамт явж байсан. Чон Тэгү нь 90968185 гэх гэсэн дугаартай монгол хэл мэдэхгүй. Би хулгайд алдсан гар утсаа 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Тэди төв дээрээс 340.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо би гар утсаа 330.000 төгрөгөөр үнэлж байна…” гэсэн мэдүүлэг /хх-47/,

 

гэрч Б.Даваажавын “...Би Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст эргүүлийн офицер ажилтай гэхдээ одоогоор Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Дөрөвдүгээр хэлтэс буюу Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст түр хугацаагаар ажиллаж байна. 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр би эрүүгийн төлөөлөгч Тэмүүжингийн хамт БЗД-н 14-р хорооны “Сандэй” худалдааны төвийн хажууд явж байхад Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй байдаг О.Ихбаяр явж байхаар нь уулзаад биед нь үзлэг хийхэд халааснаас нь Самсунг галакси Эс-5 маркийн цагаан өнгийн гар утас гарч ирсэн. Тэгэхээр нь О.Ихбаяраас асуухад хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаараа ярьсан...” гэх мэдүүлэг /хх-53/,

 

гэрч Ц.Ганболдын “...Би Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст жижүүрийн цагдаа ажилтай одоогоор Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Дөрөвдүгээр хэлтэс буюу Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст түр хугацаагаар ажиллаж байна. 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн орчимд Сүхбаатар дүүгийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3 дугаар сургуулийн автобусны буудал дээр ажил үүргээ гүйцэтгэж байхад Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй байдаг О.Ихбаяр нь үл таних эрэгтэй хүний халааснаас гар утас хулгайлж байх үед нь би барьж авч үйлдэл дээр нь таслан зогсоосон. Тэгээд цагдаагийн байгууллагад авч ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-26/,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-15, 43/, Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16, 17, 45, 46/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-72, 78/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-73, 74/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-76, 77, 92/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-88, 89/ зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч О.Ихбаяр нь 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3 дугаар сургуулийн урд талд автобусны буудал дээр иргэн Э.Билгүүний куртикны баруун халааснаас “Ай Фоне-4эс” маркийн гар утсыг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2016 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Сандэй” худалдааны төвийн гадна талд Солонгос улсын иргэн Ким И Соны /Kim Yiseon/ куртикны баруун халааснаас Самсунг Галакси Эс-5 маркийн гар утсыг хулгайлж 330.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч Э.Билгүүний “…Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3 сургуулийн автобусны буудал дээр автобусанд суух үедээ куртикны баруун талын халаасанд байсан I PHONE 4-S маркийн гар утсаа хулгайд алдаад цагдаагийн байгууллагад хандсан. …Би хулгайд алдсан гар утсаа хүлээж авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй…”,

хохирогч Ким И Соны /Kim Yiseon/ “…Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг “Сандэй” худалдааны төв рүү ороод гар утсаа үзэхэд алга болсон байсан. Тэгээд өөрийн дугаар луу залгахад “Цагдаа байна. Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дээр ирж гар утсаа аваарай.” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллага дээр ирж хулгайд алдсан гар утсаа авсан. …”,

гэрч Б.Даваажавын “...2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр би эрүүгийн төлөөлөгч Тэмүүжингийн хамт БЗД-н 14-р хорооны “Сандэй” худалдааны төвийн хажууд явж байхад Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй байдаг О.Ихбаяр явж байхаар нь уулзаад биед нь үзлэг хийхэд халааснаас нь Самсунг галакси Эс-5 маркийн цагаан өнгийн гар утас гарч ирсэн. Тэгэхээр нь О.Ихбаяраас асуухад хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаараа ярьсан...”,

гэрч Ц.Ганболдын “...2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн орчимд Сүхбаатар дүүгийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3 дугаар сургуулийн автобусны буудал дээр ажил үүргээ гүйцэтгэж байхад Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй байдаг О.Ихбаяр нь үл таних эрэгтэй хүний халааснаас гар утас хулгайлж байх үед нь би барьж авч үйлдэл дээр нь таслан зогсоосон...” гэсэн мэдүүлгүүд, Эд зүйлийн үнэлгээ, Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, шүүгдэгч О.Ихбаярын сэжигтэн, яллагдагч шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

Түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Ихбаярыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Билгүүнд 250.000 төгрөгийн, хохирогч Ким И Сонд 330.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ тогтоосон

баримтаар тогтоогдсон боловч хохирогч нар нь өөрийн эд зүйлийг буцаан авсан, тэдгээр нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.Ихбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч О.Ихбаярын дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тэрээр үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

 

Шүүх шүүгдэгч О.Ихбаяр ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгасан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаас хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.Ихбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Отгонбаярын Ихбаярыг бусдын эд хөрөнгийг бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Шүүгдэгч Отгонбаярын Ихбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан О.Ихбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.    

 

4.Эрүүгийн 201625021086 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан О.Ихбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ихбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               З.БОЛДБААТАР