Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2014/0085

 

 

 

 

 

       
 
 
   


Т-Ө у” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 500 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Т-Ө у” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/278 дугаартай “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа\ “...Нийслэлийн Засаг дарга 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар Тахилт өндөр уул ХХК-нд нийтийн эдэлбэрийн гудамж талбайд, дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагыг үндэслэлгүй, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлснээрээ Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалтуудыг зөрчсөн байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/278 дугаар захирамжаар 2007 оны 577 дугаар захирамжийн “Тахилт өндөр уул” ХХК-нд холбогдох заалтыг хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгон шийдвэрлэсэн болно.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/278 дугаар^ захирамж нь хуулийн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна"” гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 500 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, 17.7, 17.8.4, 17.14 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан "Т-Ө у" ХХК-ийн "Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/278 дугаар захирамжийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Манай компани нь газар эзэмших эрхийг авахдаа Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хүсэлтээ гаргасан. Ийнхүү хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмших эрхийг олгосон гэж ойлгож байгаа.

Бид хууль болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, газрын төлбөрийг тухай бүрт нь төлж байсан, мөн газраа зориулалтын дагуу ашиглахын тулд холбогдох зөвшөөрлийг авах, зураг төслийг батлуулахаар хүнд сурталтай албан тушаалтан, байгууллагуудаар явсаар өдийг хүрсэн. Гэтэл газар олгосон нь хууль бус гэх үндэслэлээр олон жилийн хөдөлмөр, хөрөнгө оруулалтыг маань үгүй болгосон захирамжийг хэвээр үлдээсэн шүүхийн шийдвэр дараах байдлаар үндэслэлгүй байна. Үүнд:

1/ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 "...заасан хэмжээнээс илүү газар эзэмших асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ..." гэжээ. Гэтэл манай компани уг газрын анхны эзэмшигч бус, газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан тул энэхүү зохицуулалтад хамаарахгүй юм. Харин Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн үйлдэл нь хуульд нийцээгүй гэж үзээгүй атлаа газар эзэмших эрх үүсэхэд тавигдах шаардлагыг биелүүлээгүй гэж 2013 онд хүчингүй болгосон нь ойлгомжгүй байна.

2/ Бид энэхүү газрыг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар тус газрыг 5 жилийн хугацаатай эзэмшихээр болсон ба 2010 оны 09 сарын 30-ний өдрийн 677 дугаар захирамжаар эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, контор, үйлчилгээний барилгын зориулалттай барилга барих зөвшөөрөл авсан.

Манай компани нь барилгын зураг төслийг "А" ХХК-аар хийлгэсэн бөгөөд энэхүү зураг төслийн ажилд барилга барихаар төлөвлөж байгаа барилгын газарт бохир усны шугам сүлжээ байхгүй болох нь тодорхой байгаа бөгөөд энэхүү зураг төслийн ажлыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын дарга гарын үсэг зураг баталгаажуулсан нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна. Эрх бүхий байгууллага нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шалгаж судлаад боломжтой гэж баталгаажуулсан гэж ойлгож байгаа.

Эдгээр байгууллагын чиг үүргийг Засаг дарга хэрэгжүүлэн, шийдвэрлэдэг бол мэргэжлийн байгууллага ажиллах, хот байгуулалт хийх шаардлагагүй биз ээ.

Ийнхүү Анхан шатны шүүхээс манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын А/278 тоот захирамжийг хэвээр үлдээсэн нь манай компанийн барилга барихын тулд хийсэн хөрөнгө оруулалт, түүнчлэн инженер геологийн судалгааны ажил, барилгын зураг төслийг хийлгэж, барилга угсралтын бэлтгэл ажлыг хангаад байгаа маань дуусгавар болж манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж, ихээхэн хэмжээний хохирол амсахад хүрээд байна.

Иймд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн 500 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. Чингэлтэй дүүргийн дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 400 м.кв газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын тамгын газраас “Тахилт- Өндөр уул” ХХК-д шилжүүлэн, 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 677 дугаар захирамжаар газрын зориулалтыг контор, үйлчилгээний барилгын болгон өөрчлөхдөө хэмжээг нь 0.021 га болгон багасгажээ.

Ийнхүү нэхэмжлэгч компанид газар эзэмших эрхийг олгохдоо нийтийн эдэлбэрийн гудамж, зам талбайд, дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагыг үндэслэлгүй, дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд эзэмшүүлсэн гэдэг үндэслэлээр 2007 оны 577 дугаар захирамжийн “Тахилт- Өндөр уул” ХХК-д холбогдох хэсгийг Нийслэлийн Засаг дарга өөрөө 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/278 дугаар захирамжаараа хүчингүй болгосон байна.

Хэрэгт авагдсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт газрын кадастр мэдээллийн хэлтсийн шүүхэд ирүүлсэн шугам сүлжээний зураг болон шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн бусад баримтуудаар маргааны бүхий газрын ойр орчмын шугам сүлжээний байгууламжуудын байршил тогтоогдсон байх бөгөөд түүнийг маргаан бүхий газрын байршилтай харьцуулж үзэхэд нэхэмжлэгчид анх эзэмшүүлсэн газар нь усан хангамжийн болон ариутгах татуургын шугамуудын дээр олгогдсон. Мөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 677 дугаар захирамжаар газрын байршлыг шилжүүлэн уг шугамуудтай давхцалгүй болгосон хэдий ч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 /Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно./, 17.14/Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно/-д заасан хамгаалалтын зурвас газартай давхцалтай хэвээр байгаа болох нь тогтоогдож байгаагийн зэрэгцээ Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нийтийн эдэлбэрийн газарт хамаарах талбайд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь тогтоогджээ.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн эрх бүхий байгууллагуудаас тухайн газарт үйлчилгээтэй орон сууцны барилга барих шаардлагатай зөвшөөрлүүдийг холбогдох хууль, журмын дагуу авсан гэх үндэслэл нь нэхэмжлэлийг хангах шалтгаан болохгүй бөгөөд хууль бус актын улмаас хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс шаардах түүний эрх нээлттэй.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ

 

ШҮҮГЧ                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧ                                                         Д.БАТБААТАР