Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2020/00176

 

Хүний эрхийн үндэсний комиссын

хүсэлттэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00552 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 739 дугаар магадлалтай,

Хүний эрхийн үндэсний комиссын хүсэлттэй,

Хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсанаас учирсан хохиролд 504.314.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Хүний эрхийн үндэсний комиссын шүүхэд гаргасан хүсэлтэд: ...Б.Б-ын дүү А.Б нь Чулуунхороот сумын уурын зууханд ажиллаж байх үедээ хүн амины гэмт хэрэгт сэжиглэгдэж, хилсээр шалгагдаж цагдан хоригдож байхдаа буюу 1995 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нас барсан. Гэтэл уг гэмт хэргийг үйлдсэн этгээд 15 жилийн дараа хэргээ хүлээж, А.Б-ын үйлдэл холбогдлыг Прокурорын тогтоолоор 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хэрэгсэхгүй болгосон. Түүний эцэг, эх болон гэр бүлийн гишүүдэд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санааны ноцтой хохирол учруулсан. Иймд талийгаач А.Б-ын хууль бусаар 14 хоног цагдан хоригдсон хугацаанд авах ёстой байсан түүний цалин хөлс болох 210.000 төгрөг, оршуулгын тэтгэмж 1.000.000 төгрөг, оршуулгын зардалд 3.104.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 500.000.000 төгрөг, нийт 504.314.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр А.Б-ын төрсөн ах болох Б.Болдыг төлөөлж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Прокурорын шүүхэд гаргасан тайлбарт: ...А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасан бусдыг санаатай галдан шатааж, онц хэрцгий аргаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдон, 1995 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн цагдан хоригдож байх хугацаандаа хатги өвчин тусаж, улмаар 1995 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт шилжин хэвтсэн хэдий ч 1995 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нас барсан нь Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 1995 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 5 дугаартай актаар тогтоогдон, түүнд холбогдох хэргийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна. Иймээс А.Б Дорнод аймгийн Чулуун хороот сумын эрчим хүчний 2 дугаар зэрэгтэй зуухны машинистаар ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ирсэн нь нотлогдож байгаа тул оршуулгын зардал, цагдан хоригдсон 14 хоногийн цалин олгоход татгалзахгүй. Харин нэхэмжлэгч А.Б болон түүний гэр бүлийнхэнд учирсан сэтгэл санааны хохиролд 500.000.000 төгрөг нэхэмжилсэн нь баримтаар нотлогдоогүй тул үндэслэлгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00552 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан төрөөс /Хууль зүйн сайдын багцаас/ 710 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 503 604 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 739 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00552 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын төрөөс /Хууль зүйн сайдын багцаас/ гэснийг Засгийн газрын нөөц сангаас гэж, нэхэмжлэгчид гэснийг Б.Б-од гэж, төгрөгийг гэснийг төгрөгт холбогдох хэсгийг тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хүсэлт гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц болон дотоодын хууль тогтоомжоор хохирогч нь сэтгэл санааны хохирлоо мөнгөөр нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах, шударга, хангалттай нөхөн төлбөр авах болон тэтгэвэр, тэтгэмж авах, эрүүдэн шүүгдсэний улмаас хохирогч нас барвал асран хамгаалагч нь нөхөн төлбөр авах эрхтэй болохыг тус тус баталгаажуулсан байдаг. Талийгаач А.Б нь бусдыг санаатайгаар галдан шатааж, онц хэрцгий аргаар амь насыг нь хороосон гэх гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдож, 1995 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн цагдан хоригдож байх хугацаандаа хатги өвчнөөр өвчилж хүндэрсэн ба түүнийг 1995 оны 02 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт шилжүүлж эмчлүүлсэн гэх боловч 1995 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нас барсан байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 1995 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 5 дугаартай актаар “А.Б-ын нүүрний дээд хэсэгт идээт үрэвсэл үүсэж улмаар цусан үржлээр хүндрэн уушгины буглаанууд үүсч хордлого амьсгалын дутагдлаар” нас барсан болохыг тогтоожээ. Харин 1995 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “...Хохирогч Батболдын амь насыг уурын зуухны галч А овогтой Б нь хохироосон болох нь баримтаар тогтоогдсон боловч гэмт этгээд А.Б нь 1995 оны 03 дугаар сарын 16-нд энэ хэрэгт шалгагдаж байгаад нас барсан...” гэх үндэслэлээр А.Б-ад холбогдох эрүүгийн хэргийг хзрэгсэхгүй болгосон бөгөөд 1995 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хэргийг сэргээж мөрдөн байцаалтын ажиллагаа дахин явуулж эхэлсэн байна. Түүнийг нас барснаас хойш 21 жилийн дараа Дорнод аймгийн Прокурорын газраас 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 5/33 дугаар тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Ийнхүү хуулийн байгууллагын ажилтнуудын хайхрамжгүй үйлдэл, буруутай үйл ажиллагаанаас болж А.Б нь хийгээгүй хэрэгт цагдан хоригдож байхдаа амь насаа алдаж талийгаачийн ар гэрийнхэнд нөхөж баршгүй хохирол учирсан. Талийгаачийн ар гэрийнхэнд учирсан хагацал, зовлон, шаналлыг давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанчлан нотлох боломжгүй хэдий ч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй” мөн зүйлийн 230.2 дахь хэсэгт “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх талаар хуульчилсан байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр сэтгэл санааны хохиролд 500.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нотлох баримтад үндэслэгдээгүй буюу сэтгэцийн эмч, сэтгэл зүйчийн туслалцаа авсан эсэх, авсан бол хэдий хугацаанд үргэлжилсэн эсэх талаарх баримтгүй гэх үндэслэлээр Комиссоос хохирогч А.Б-ын төрсөн ах болох иргэн Б.Б-ыг төлөөлж гаргасан нэхэмжлэлийн сэтгэл санааны хохирлыг хэрэгсэхгүй болгож, зөвхөн бодит хохирол болох 710.000 төгрөгийг төрөөс гаргуулж ар гэрийнхэнд нь олгохоор шийдвэрлэсэн нь олон улсын гэрээ, конвенц болон дотоодын хууль тогтоомжийг зөрчсөнөөс гадна талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдийг доромжилсон, хохирогчийн хохирлоо нөхөн төлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос иргэн Б.Б-ыг төлөөлж гаргасан нэхэмжлэлийн сэтгэл санааны хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 739 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, талийгаачийн ар гэрийнхэнд учирсан сэтгэл санааны хохирлыг төрөөс нөхөн олгуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Хүний эрхийн үндэсний комисс хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсан А.Б-ын өв залгамжлагч Б.Б-ын хүсэлтээр шүүхэд хандаж, хохиролд 504.314.000 төгрөг гаргуулах хүсэлт гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

1. Б.Б, А.Б-ын өв залгамжлагч болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, Б.Б-ын хүсэлтээр Хүний эрхийн үндэсний комисс шүүхэд хүсэлт гаргасан нь “Хүний эрхийн үндэсний комиссын тухай 2000 оны хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “...хувь хүн хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд хуулиар тогтоосон журмын дагуу биечлэн болон төлөөлөгчөө оролцуулах” гэж заасныг зөрчөөгүй байна.

2. А.Б, санаатайгаар хүн алах гэмт хэрэгт сэжиглэгдэн, шалгагдаж байхдаа 1995 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өвчний улмаас нас барсан учир түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Уг хугацаанаас хойш 15 жилийн дараа гэмт хэрэг үйлдсэн этгээд хэргээ хүлээсэн тул 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Прокурорын тогтоолоор А.Б-ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дугаар зүйлийн 1-д “Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор шүүгчийн хууль бус ажиллагаанаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагварыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй”-г заасан ба мөн хуулийн 45.8 дугаар зүйлийн 7-д зааснаар нас барсан этгээдийн өв залгамжлагч эд хөрөнгийн хохирол гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Талийгаач А.Б нь эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдах үедээ Дорнод аймгийн Чулуунхороотын эрчим хүчний төвд уурын зуухны машинистаар ажиллаж байсан, тэрээр хууль бусаар 14 хоног цагдан хоригдсон учир уг хугацаанд олгогдоогүй цалинд 210.000 төгрөгийг, түүнчлэн оршуулгын зардалд 3.104.000 төгрөг шаардснаас 1995-2018 онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төгрөгийн ханшийн өөрчлөлтийг харьцуулан 300.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Харин дээрх дүгнэлтээр хохирлын нийлбэр 510.000 төгрөг атал анхан шатны шүүх 710.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн ба энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу байна. Гэвч хяналтын шатны шүүхээс оршуулгын зардлыг 500.000 төгрөгөөр тооцож шийдвэрт заасан нийт үнийн дүнг өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ.

3. Оршуулгын тэтгэмжийг тухайн цаг хугацаанд талийгаачийн ар гэрийнхэн авах эрх нээлттэй байсан, уг тэтгэмжийг аваагүй нь ...хууль бус ажиллагаатай шалтгаант холбоогүй тул 1.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

4. Б.Б-ыг төлөөлж Хүний эрхийн үндэсний комисс хүсэлт гаргахдаа 500.000.000 төгрөгийг сэтгэл санааны хохирол гэж шаардсныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо уг хохирол нь талийгаач А.Б-д эсхүл өв залгамжлагч Б.Б-од учирсан сэтгэл санааны хохирол аль нь болохыг тодруулаагүйгээр “хүсэлт гаргагч шаардлагаа нотлоогүй” гэсэн нь учир дутагдалтай болжээ.

Харин давж заалдах шатны шүүх энэ талаар тодруулж дүгнэлт хийсэн нь зөв байна.

а. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргаж болдог байна. Харин энд заасан эд хөрөнгийн бус хохирлыг гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас хохирсон тухайн этгээд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д заасан субъект шаардах эрхтэй тул Б.Б уг хуулийн зохицуулалтыг үндэслэн шаардлага гаргах эрхгүй, энэ тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй.

Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн  7-д “нас барсан этгээдэд учирсан эд хөрөнгийн хохирлыг өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж зааснаас үзвэл нас барсан этгээдэд учирсан эдийн бус хохирлыг шаардах эрх өв залгамжлагчид шилжихгүй юм.

б. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Хүний эрхийн үндэсний комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгч 500.000.000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ, “дүү А.Б нь хүнийг санаатай алах гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан, цагдан хоригдож байхдаа өвчний улмаас нас барсан, тухайн хэргийг өөр этгээд үйлдсэн нь тогтоогдсон” эдгээр нөхцөл байдлын улмаас Б.Б-од учирсан сэтгэл санааны хохирол гэсэн агуулгаар тайлбарлажээ.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх ба хилсээр шалгагдсан этгээдийн гэр бүлийн гишүүдийн сэтгэл санааны хохирлыг үнэлэх тухай хуулийн тусгайлсан зохицуулалт байхгүй тул Б.Б-ын сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцон гаргуулах үндэслэлгүй байна.

Дурдсан үндэслэлээр сэтгэл санааны хохиролд 500.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэв.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 710.000 төгрөгийн шаардлагыг хангахдаа мөнгийг Хууль зүйн сайдын багцаас гаргуулахаар, мөн өв залгамжлагч Б.Б-од бус, хүсэлт гаргагч Хүний эрхийн үндэсний комисст олгохоор шийдвэрлэсэн нь буруу болсныг залруулж давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв байна. Иймд магадлалыг хэвээр үлдээж, Хүний эрхийн үндэсний комиссын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 739 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч Хүний эрхийн үндэсний комиссын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.11-т зааснаар хүсэлт гаргагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ