Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/355

 

Ж      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

улсын яллагч Ж.Баянжаргал,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч П.Ганбилэг нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нарантуяагийн Мд холбогдох эрүүгийн 2211 00101 0217 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Нарантуяагийн М, /регистрийн дугаар ./,

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дүгээр сарын 25-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот Багануур дүүрэг 1-р хороо Сургалтын задгай 5-10 тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул Алтай хотхон 108-16 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн офицерын үүрэг буюу “гэмт хэрэг захиргааны зөрчлийн хүлээн авах, хойшлуулшгүй ажиллагаа явуулах, хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэх” гэх, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.8 дахь заалтад заасан эрхээ тус тус хэрэгжүүлж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, зөрчил үйлдсэн иргэн Р.Мөнхтогтоход 100,000 төгрөгийн торгууль ноогдуулах нэрийдлээр хуурч мэхлэн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5750317961 тоот дансаар 100,000 төгрөгийг нь авч, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 0127128 дугаартай шийтгэлийн хуудсаар Р.Мөнхтогтоход Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000 төгрөгийн торгууль оногдуулан, Р.Мөнхтогтохыг “100,000 төгрөгөөр торгож байна” гэж хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар үлдсэн 90,000 төгрөгийг нь залилан авч, 90,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн иргэн А.Тэнгист зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн торгууль ноогдуулах нэрийдлээр хуурч мэхлэн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5750317961 тоот дансаар 100,000 төгрөгийг нь авч, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 0127125 дугаартай шийтгэлийн хуудсаар А.Тэнгист Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000 төгрөгийн торгууль оногдуулан, А.Тэнгисийг “100,000 төгрөгөөр торгож байна” гэж хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар үлдсэн 90,000 төгрөгийг нь залилан авч, 90,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн иргэн Б.Одгэрэлд 100,000 төгрөгийн торгууль ноогдуулах нэрийдлээр хуурч мэхлэн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5750317961 тоот дансаар 100,000 төгрөгийг нь авч, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1176181 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Одгэрэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000 төгрөгийн торгууль оногдуулан, Б.Одгэрэлийг “100,000 төгрөгөөр торгож байна” гэж хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар үлдсэн 90,000 төгрөгийг нь залилан авч, 90,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн иргэн Л.Дамдиндоржид 100,000 төгрөгийн торгууль ноогдуулах нэрийдлээр хуурч мэхлэн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5750317961 тоот дансаар 100,000 төгрөгийг нь авч, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 0127124 дугаартай шийтгэлийн хуудсаар Л.Дамдиндоржид Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000 төгрөгийн торгууль оногдуулан, Л.Дамдиндоржийг “100,000 төгрөгөөр торгож байна” гэж хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар үлдсэн 90,000 төгрөгийг нь залилан авч, 90,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 115 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Н.М.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь, би анхнаасаа өөрөө ч мэдээгүй явж байсан асуудал сөхөгдөж гарч ирэхэд би 3 минутын дотор дансныхаа хуулгыг аваад ирсэн. Хэрвээ би мэдэж байсан бол дансны хуулга авч ирэхгүй байх боломжтой байсан байх.  Надад үнэхээр нууж хаах зүйл байсан бол би заавал 2 жилийн дансны хуулга биш 6 сарын ч юм уу хуулгаа авч ирэх ёстой байсан байх. Энэ хэрэг эргэлзээтэй байгаа гэж үзэж байна. Би энэ танхимд энэ шүүгдэгчийн сандалд сууж байгаагаа эргэлзээтэй гэж үзэж байна гэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.М нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн офицерын үүрэг буюу “гэмт хэрэг захиргааны зөрчлийн хүлээн авах, хойшлуулшгүй ажиллагаа явуулах, хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэх” гэх, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.8 дахь заалтад заасан эрхээ тус тус хэрэгжүүлж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, зөрчил үйлдсэн иргэн Р.Мөнхтогтоход 100,000 төгрөгийн торгууль ноогдуулах нэрийдлээр хуурч мэхлэн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5750317961 тоот дансаар 100,000 төгрөгийг нь авч, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 0127128 дугаартай шийтгэлийн хуудсаар Р.Мөнхтогтоход Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000 төгрөгийн торгууль оногдуулан, Р.Мөнхтогтохыг “100,000 төгрөгөөр торгож байна” гэж хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар үлдсэн 90,000 төгрөгийг нь залилан авч, 90,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн иргэн А.Тэнгист зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн торгууль ноогдуулах нэрийдлээр хуурч мэхлэн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5750317961 тоот дансаар 100,000 төгрөгийг нь авч, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 0127125 дугаартай шийтгэлийн хуудсаар А.Тэнгист Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000 төгрөгийн торгууль оногдуулан, А.Тэнгисийг “100,000 төгрөгөөр торгож байна” гэж хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар үлдсэн 90,000 төгрөгийг нь залилан авч, 90,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн иргэн Б.Одгэрэлд 100,000 төгрөгийн торгууль ноогдуулах нэрийдлээр хуурч мэхлэн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5750317961 тоот дансаар 100,000 төгрөгийг нь авч, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1176181 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Одгэрэлд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000 төгрөгийн торгууль оногдуулан, Б.Одгэрэлийг “100,000 төгрөгөөр торгож байна” гэж хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар үлдсэн 90,000 төгрөгийг нь залилан авч, 90,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн иргэн Л.Дамдиндоржид 100,000 төгрөгийн торгууль ноогдуулах нэрийдлээр хуурч мэхлэн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5750317961 тоот дансаар 100,000 төгрөгийг нь авч, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 0127124 дугаартай шийтгэлийн хуудсаар Л.Дамдиндоржид Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000 төгрөгийн торгууль оногдуулан, Л.Дамдиндоржийг “100,000 төгрөгөөр торгож байна” гэж хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар үлдсэн 90,000 төгрөгийг нь залилан авч, 90,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Р.Мөнхтогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажил руугаа очих зорилгоор Баянбүрдийн тойрог дээр байрлах цагдаагийн постын урд талын гэрлэн дохиогоор, явган зорчигчийн гарцаар, ногоон гэрлээр зам хөндлөн гарч явахад хүрэн улаан өнгийн “RX 450” маркийн машин дайрах шахаад урдуур өнгөрөхөөр нь дургүй хүрээд машиных нь буруу талын хойд хаалга руу нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолооч бууж ирээд надтай маргалдсан би өөрийн 99022606 дугаарын утсаар 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. Дуудлагын дагуу цагдаагийн алаг машинтай 2 цагдаагийн алба хаагч ирсэн. Тэгээд намайг машиндаа суулгаж хорооны цагдаа дээр хүргэж ирсэн. Ингээд намайг торгосон цагдаагийн алба хаагч “таны буруу учраас Зөрчлийн хуулиар 100,000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авхуулна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд цагдаагийн алба хаагчийн дансанд 100,000 төгрөг шилжүүлэн өгч шийтгэлийн хуудас бичүүлж авсан. Тэр шийтгэлийн хуудсан дээр хэдэн төгрөг гэж бичсэн эсэхийг анзаараагүй, зүгээр гарын үсэг зураад данс руу мөнгө шилжүүлээд явсан. Би хувьдаа 100,000 төгрөг шилжүүлсэн учраас 100,000 төгрөгөөр торгуулсан гэж ойлгож байна. Миний гаргасан зөрчил ямар торгуулийн шийтгэлтэй болохыг би мэдэхгүй...” гэх /1-р хавтаст хэргийн 50-53-р тал/,

Цагдаагийн газрын захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /1-р хавтаст хэргийн 55-р тал/,

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 264/96 дугаар албан бичгээр ирүүлсэн жижүүрийн офицер Н.Мөнхтулгын шийдвэрлэсэн зөрчлийн жагсаалт, /1-р хавтаст  хэргийн 222-p тал/,

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0127128 дугаар шийтгэлийн хуудас, /1-р  хавтаст хэргийн 232-р тал/,

Хохирогч А.Тэнгис мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хаан банкны 5055890694 тоот данс нь миний нэр дээр бүртгэлтэй харилцах данс юм. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр миний төрсөн өдөр байсан болохоор миний түрээслэн амьдарч байгаар орон сууцанд манай найзууд ирээд тоглож, наргиад шуугилдсан... манай байрны оршин суугч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс цагдаагийн алба хаагч ирээд Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 нэгжээр буюу 100,000 төгрөгөөр торгоно гэсэн. Би ч зөрчлөө хүлээн зөвшөөрч 100,000 төгрөгөөр торгуулахаар болж бэлэн мөнгө байгаагүй учраас дансаар шилжүүлж болох уу гэж цагдаагаас асуухад цагдаа "энэ данс руу шилжүүл" гэж хэлээд Хаан банкны данс өгсөн би тэр дансанд нь 100,000 төгрөг шилжүүлж өгсөн. Одоо тэр дансны дугаарыг санахгүй байна... Цагдаагийн алба хаагч 100,000 төгрөгөөр торгоно гэж хэлээд надаас дансаар 100,000 төгрөг авсан учраас намайг 100,000 төгрөгөөр л торгосон гэж ойлгож байна. 10,000 төгрөгөөр торгох тухай бол юу ч яриагүй...” гэх /1-р хавтаст хэргийн 130-131-р тал/,

Цагдаагийн газрын захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /1-р хавтаст хэргийн 136-р тал/,

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 264/96 дугаар албан бичгээр ирүүлсэн жижүүрийн офицер Н.Мөнхтулгын шийдвэрлэсэн зөрчлийн жагсаалт, /1-р хавтаст хэргийн 222-р тал/,

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0127125 дугаар шийтгэлийн хуудас, /1-р хавтаст хэргийн 133, 229-р тал/,

Хохирогч Б.Одгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хаан банкны 5063359368 тоот данс миний нэр дээр бүртгэлтэй данс байгаа юм. Би энэ дансыг олон жил ашиглаж байна. Би Н.М гэж хүнийг танихгүй. Түүний дансанд мөнгө шилжүүлж өгсөн дансны хуулгыг харлаа. Би зөрчил гаргаад бэлэн мөнгө байхгүй болохоор дансаар шилжүүлж өгсөн байх гэж бодож байна. Түүнээс танихгүй хүнд тэр дундаа цагдаагийн алба хаагчид өөр шалтгаанаар мөнгө шилжүүлж өгнө гэж байхгүй. Мэдээж 100,000 төгрөгөөр торгоно гэсэн учраас л 100,000 төгрөгийг шилжүүлж өгсөн байна. Би зөрчил гаргасан учраас л торгуулсан байна. Яг тодорхой санахгүй байна...” гэх /1-р хавтаст хэргийн 151-152-р тал/,

Цагдаагийн газрын захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /1-р хавтаст хэргийн 158-р тал/,

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 264/96 дугаар албан бичгээр ирүүлсэн жижүүрийн офицер Н.Мөнхтулгын шийдвэрлэсэн зөрчлийн жагсаалт, /1-р хавтаст хэргийн 220-р тал/,

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1176181 дугаар шийтгэлийн хуудас, /1-р хавтаст хэргийн 154, 235-р тал/,

Хохирогч Л.Дамдиндорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хаан банкны 5400782076 тоот данс нь миний эзэмшлийн данс мөн. Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн уулзварын урд байдаг 9 дүгээр байрны 4 давхар 47 тоотод найз Шинэбаярынд 2-3 пиво уугаад байж байтал доод айлын хүн танай нойлоос ус алдаад байна гээд надтай маргалдаад гарсан. Удалгүй 2 цагийн үед 2 цагдаа ирээд доод айлаас чинь гомдол ирсэн гээд намайг аваад явсан. Тэгээд торгуулийн арга хэмжээ авхуулахаар болж нэг цагдаагийнх нь данс руу 100,000 төгрөг шилжүүлээд шийтгэлийн хуудас авч машинаас нь буусан. Би тэр шийтгэлийн хуудсыг хаячихсан. Ахлах дэслэгч Н.М надад торгуулийн хуудас өгсөн...” гэх /1-р хавтаст хэргийн 184-186-р тал/,

Цагдаагийн газрын захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /1-р хавтаст хэргийн 190-р тал/,

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 264/96 дугаар албан бичгээр ирүүлсэн жижүүрийн офицер Н.Мөнхтулгын шийдвэрлэсэн зөрчлийн жагсаалт, /1-р хавтаст хэргийн 222-р тал/,

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0127124 дугаартай шийтгэлийн хуудас, /1-р хавтаст хэргийн 187, 228-р тал/,

Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн данс эзэмшигчийн мэдээллийг хүргүүлсэн албан бичиг /1-р хавтаст хэргийн 242-p тал/,

Шүүгдэгч H.Мөнхтулгын Хаан банкны 5750319572 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 65, 74-р тал/,

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/690 дугаартай тушаал /2-р хавтаст хэргийн 116-р тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 91-p тал/,  

шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт, энэ асуудал нь ажил үүрэг гүйцэтгэж байх явцад иргэнийг албадан ирүүлэх шаардлагатай байсан иргэнд үзлэг хийж байхад тухайн хүнийг саатуулах байр руу хүргэж өгдөг албаны авто автомашинд ажилладаг хоёр албан хаагчид эд зүйлийг нь хүлээлгэж өгсөн. Тэр хооронд болохоор үзлэг хийсэн иргэний бөгж нь алга болсон байсан. Гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа тул түүнийг саатуулах үндэслэлгүй юм байна гээд хялбаршуулсан журмаар шийдвэрлээд бөгжний хохирлыг барагдуулж өгнө гэж хэлсэн. Тухайн торгуулийг өөрийнхөө хувийн данс руу авсан байдаг. Нямрагчаа гэх манай албаны ахлах албаны шалгалт хийнэ гэж хэлсэн. Албаны шалгалт хийгдэж эхэлсэн. Албаны шалгалт хийгдэж байх явцад чи яагаад иргэнээс хувийнхаа дансаар торгуулийн мөнгийг аваад байгаа юм бэ гэх асуудал яригдсан. Тухайн торгуулийн мөнгийг хувийнхаа дансаар авч болохгүй гэсэн зүйл байхгүй. Ялгаа байхгүй биетээр болон бэлнээр болон хувийн байдлаар хүлээж авсан ч захиран зарцуулах эрх үүснэ. Аль аль талдаа адилхан байгаа учраас би энэ талаар тайлбарлаж хэлсэн. Чиний дансаар авч байгаа сонирхол татаад байна дансныхаа хуулгыг надад аваад ир гэж хэлэхээр замын эсрэг тал руу гараад Банкны киоск машинаас дансныхаа хуулгыг 3 минутын дотор сүүлийн 2 жилийнхээ дансны хуулийг авч ирж өгсөн. Тэр хуулга дээр торгууль, торгууль гэсэн зүйлүүд байгаа би түүнийг хүлээн зөвшөөрсөн. Харин энэ яригдаад байгаа зүйл бол бид хэд анхнаасаа торгуулийн хуудсыг ахлах байцаагчаас хүлээж авахдаа арав болон хориор нь цуг нэг дор хүлээж авдаг. Харин иргэнд шийтгэл оногдуулахдаа газар дээр нь бичээд бичээд торгуулийн арга хэмжээг аваад явдаг. Энэ дөрвөн удаагийн зүйл яригдаж байгаа. Шөнө оройн цагаар болон согтууруулах ундааны зүйл хүмүүс хэрэглэсэн хүмүүс дээр очиж ажилладаг. Торгуулийн арга хэмжээ авсан хүмүүс дуртай байдлаар торгуулна гэж байдаггүй. Торгуулийн үнийн дүн, хуулийнхаа зүйл заалтыг бичиж тэмдэглэж өгдөг. Тухайн иргэнтэй маргаан үүссэн учраас зүйл заалт болон үнийн дүнг бичиж амжаагүй байдаг. Би тухайн хүнийг хэдэн төгрөгөөр торгосноо мэдэхгүй байсан. Тухайн үед би байгууллагынхаа данс руу хийхдээ тухайн үед хэдэн төгрөгөөр торгосноо мэдэхгүй байсан. Шийтгэлийнхээ хуудас дээр мөнгөн дүн юм уу,  хуулийнхаа зүйл заалтыг аль нэгийг тавьсан бол ийм алдаа мадаг гарахгүй байсан. Алдаа мадаг гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдлийг би хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гэж ойлгож байна. Тухайн үед би залилъя гэж байсан бол дансаар хүлээж авахгүйгээр бэлнээр авах боломжтой нөхцөл байдал байсан. Би тухайн үед тэр иргэдийг завшиж, залилах шаардлага байгаагүй. Тухайн үед би өөрийнхөө унаж байсан машинаа зарж борлуулсан байсан миний дансанд 3-4 сая төгрөг байсан. Надад үнэхээр мөнгө төгрөг хэрэг боллоо гэх байдлаар хүмүүсийг залилах нөхцөл байдал байгаагүй гэх, хохирогч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.М нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангаж, албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаатайгаар хорих ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэргийн шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэр, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэргийг  тал бүрээс нь харгалзаж нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжтой гэж дүгнэн шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох нийт 360,000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Хохирогч Р.Мөнхтогтох, Б.Одгэрэл, Л.Дамдиндорж, А.Тэнгис нар хохирол нэхэмжлээгүй болохыг дурдав.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Нарантуяагийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Нарантуяагийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох нийт 360,000 гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.  

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        П.АРИУНБОЛД