| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2022/0042/Э |
| Дугаар | 2022/ШЦТ39 |
| Огноо | 2022-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.Оргилболд
Хохирогч Ж.О
Шүүгдэгч Б.Г, Э.Б-Энарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, Э.Б-Энарт холбогдох эрүүгийн 2122002130008 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн
Монгол Улсын иргэн
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Б-Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Ц-С” гэх газарт байрлах амралтын газарт, иргэн Ж.О-ыг Б.Г гэгчид зодуулсны дараа, гэнэт гараараа цохиж унаган толгой нүүр хэсэг рүү нь ээлжлэн цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, нүдний эвэрлэгт цус хуралт, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Э.Б-Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би О, Г хоёрыг салгасан. Тэгсэн О намайг цохиод уруулын дээр урж самардсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед компаниас зохион байгуулсан амралтанд явсан. Дурсгалт газраа үзээд орой хоолоо идээд сууцгаах хооронд би унтаж амарсан. Орой 21 цагт босч ирэхэд манайхан нэлээн халсан байсан. Тухайн үед Ө гэх ахалж байсан хүн унтах зохион байгуулалтад орсон. Саравчны тэнд Б-Этэй таараад тамхи татаж байхад эмэгтэйчүүдийн гэр гэрэлтэй байхаар нь очтол О эмэгтэйчүүдтэй ууж байхаар нь юм яриад ууцгаасан. Би О-ын шууд удирдлага учраас маргааш ажилтай унтаж амраарай гэж хэлэхэд ойлголоо гэсэн. Би тэр үед унтаж амаръя гээд байж байтал О орж ирээд өөдөөс та нар яагаад инжинер гэхээрээ хүн дарамталдаг юм, би ажлаа мэдэж байна гээд маргаж эхэлсэн. Манай ажил осол аваар гарах өндөр эрсдэлтэй байдаг. О та нар май шүү гээд хараалын үг урсгаад байсан. Тэгээд хоорондоо маргаж байтал хүүхнүүд намайг авсан тэр хооронд Б-Э, О-ыг цохиж байсан. Тэгээд унтаж амрах гэж байхад О араас орж ирээд юм ярих гээд байгаа юм шиг дагуулж гараад чи намайг захиралд матсан гээд байсан. О өмнө ажлын алдаа гаргаж ажлаас халагдах гэж байсан юм. Тэр үед нь би даргад хэлж авч үлдэж байсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн шөнө бид тусдаа өрөөнд юм яриад сууж байтал энэ 2 орж ирээд юм яриад хамт уусан. Би маргааш нь шөнийн ээлжийн ажилтай байсан. Над руу хуруугаараа чичлээд явж амар гээд тушаахаар нь би яагаад надад тушаагаад байгаа юм гэсэн чинь “чи миний албан тушаалын доод ажилтан” гэхээр нь би өөрийгөө мэдэж байна гэж хэлэхэд чи хэзээ өөрийгөө мэддэг байсан юм, би чамайг мэднэ, чи дарга болсон юм уу, тийм том болсон юм уу гэж хэлсэн. Өмнө нь компани дээр алдаа гаргасан нь миний алдаа байгаагүй, Батбаярын алдааг би янзлаад хөөцөлдөөд зохицуулж байсан. Тэрийг миний гаргасан алдаа болгосон. Захирал дуудаад чи ажлын хариуцлага алддаг юм байна, өргөдлөө өгөөд яваарай гэж илт дарамталж эхэлсэн. Манай захирал удирдлагууд бүгд солигдсон байсан. Түүнтэй холбоотойгоор намайг дарамталсан гэж үзэж байгаа. Би хамар ясны хугаралтай, хамар битүүрээд нус хатаад зовуурьтай байгаа. Уг нь хагалгаанд ороод мөнгөө нэхэмжлэх ёстой юм билээ. Энэ асуудлаас болоод ажилдаа яваагүйн улмаас халагдсан. Би цалингийн зээл авсан, эхнэр хүүхдээ хараад гэрт байдаг учраас и санхүүгийн боломжгүй болсон. Би тийм гэмтэлтэй болчихоод эмчлүүлж чадахгүй өвчин намдаах эмээр аргацаасан. Эмнэлгээр яваад ямар эмчилгээ хийлгэх талаар бичүүлж авсан. Надад хагалгаанд орох зардал байхгүй, энэ хүмүүсээс болж ажилгүй болсон учраас мөн цалингаа нэхэмжилж байгаа. Бензины зардал 20.000 төгрөг, эм авсан 4.500 төгрөг, эмчид үзүүлсэн 35.000 төгрөг, томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, хамрын хагалгаанд орох зардал 1.790.000 төгрөг, цалин 1.900.000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ” гэв.
Шүүгдэгч Б-Э-ий мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...О буцаж орж ирээд уулгаж идүүлэхгүй юм бол яах гэж авч явдаг юм. Г-аа, Б-Ээ хоёр пизда минь гэж хэлсэн. Тухайн үед Г инженер Оыг чи намайг пизда гэдэг хэн юм бэ? гээд заамдаж аваад маргалдан зодолдож эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан. О чи бол илүү шүү чамд хамаагүй гэж хэлээд миний нүүр хэсэгт 1 удаа цохиж, 1 удаа маажсан. Тэгэхээр нь би О-ын нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд байж байтал эмэгтэйчүүд намайг салгасан. Би Оыг түлхэж газарт унагаад дээр нь гарч суугаад 2-3 удаа баруун болон зүүн гараараа ээлжлэн нүүр хэсэгт нь цохисон. Би гэмтлийн зэргээ тодорхойлуулахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/
Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би О-аа эртхэн амар гэхэд юм дуугарахгүй байгаад байхаар нь 2-3 удаа давтаж хэлтэл О уулгаж идүүлэхгүй юм бол яах гэж та нар ийм юм зохион байгуулдаг юм. Гэхээр нь чи маргааш ажилтай шүү дээ гэхэд би өөрөө ажлаа мэдэж байна, та нар инжинер гэхээрээ ингэж дарамталдаг юм уу, чи бол май шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би чиний аюулгүй ажиллагааг хариуцдаг, чи маргааш согтуу байвал ажилд гаргахгүй, тийм учраас эртхэн амар гэж хэлэхэд О өөдөөс дайраад хэл амаар доромжлоод байхаар нь О бид хоёр маргалдаж эхэлсэн. Тухайн үед О гэрийн баруун талын орон дээр сууж байхаар нь би явж очоод чи яг яах гээд байгаа юм гэж хэлээд О-тай зууралдаж нэг хоёр цохилцоод орон дээр зууралдаад унахад гэрт байсан эмэгтэйчүүд болон Б-Э нар биднийг салгасан. Тэгэхэд Б-Э О-аа чи ингэж болохгүй шүү дээ инжинер хүний өөдөөс гэж хэлэхэд О Б-Э-ийг чи илүү шүү гэж байх шиг байсан. Намайг эмэгтэйчүүд салгаад аваад явсны дараа О Б-Э хоёр барьцалдаж аваад зодолдож байсан. О намайг хэл амаар доромжлоод байхаар нь би О-тай зууралдаж байгаад нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж, мөн нэг удаа нүүр хэсэгт нь мөргөсөн. Би гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/
Хохирогч Ж.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн үдээс хойш байгууллагаараа буюу 29 хүний бүрэлдэхүүнтэй Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутагт байх “Ц-С” гэх газарт очиж нэрийг нь мэдэхгүй гэр амралтын газарт хоноглохоор болсон. Тэгээд хоолоо идэж дараа нь бөөнөөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тусдаа Б, Х, Б, Б-Э, Г, З, Т нарын хамт нэг гэрт орж дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд байж байтал Г инжинер намайг захирангуйгаар О-аа чи явж амар, яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад гэж асуухад Г нь чи маргааш ажилтай гэж хэлсэн. Хариуд нь би өөрийгөө мэдэж байна, маргааш шөнө ажилтай гэхэд, Г нь чи өөрийгөө мэддэг гэж юу байдаг юм, би чамайг мэддэг юм, би чамайг наряд /ажлын зааварчилга/ өгдөг, би чамайг мэдэж байна гэж орилж дайраад тулж ирээд толгойгоороо миний дух хэсэгт 1 удаа мөргөөд, гараараа 2-3 удаа миний нүүр толгой хэсэг рүү цохисон. Тэгэхэд хүмүүс салгаад Г-аа чи ямар дээрэлхүү юм, чиний инжинер байх хамаагүй шүү гэж хэлээд Б, Х, Б нар цааш аваад явсан. Тэгээд би тухайн гэрийн зүүн талынх нь орон дээр сууж байтал Б-Э нь зүгээр зогсож байгаад гэнэт л баруун гараараа миний нүүр хэсэг рүү цохиод, намайг газарт унагаж дээр гарч суугаад толгой, нүүр хэсэг рүү 2 гараараа ээлжлэн цохисон. Тэгтэл Б, Х, Б нар ирээд Б-Э-ийг дахиж салгасан. Г, Б-Э 2 намайг зодсон. Г миний дух хэсэгт мөргөж, нүүр толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Б-Э намайг гараараа цохиж газарт унагаад дээр гарч суугаад 2 гараараа ээлжлэн миний нүүр толгой хэсэгт цохисон. Хүмүүст зодуулсны улмаас нүүр битүү хавдсан, 2 нүд цус хуралттай хавдсан, хамар 2 талаасаа цөмөрсөн, хугаралттай, баруун гуяны урд хэсэгт хөхөрсөн байгаа. Одоо толгой их өвдөж байна. Миний биед учирсан тархи доргилт гэмтлийг 2021 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Г гэх инжинер миний дух хэсэгт 1 удаа мөргөж, шанаа толгой руу 2-3 удаа цохисоноос болж миний тархи доргилт гэмтэл учирсан гэж бодож байна. Харин хамар ясны хугарал, нүдний эвэрлэгт цус хуралт гэмтлийг тухайн шөнө Б-Э миний нүүр, нүд рүү маш олон удаа цохисон тэрнээс болж үүссэн гэмтэл. Би тухайн 2 хүнд зодуулаад биеийн байдал муу нүүр ам гэмтэлтэй байснаас болоод ажилдаа явж чадаагүй ажлаасаа халагдсан. Тэгээд цалингүй болсон нэг сарын 1.950.000 төгрөг нэхэмжилж байна. Байцаалт өгөхөөр Цагдаа руу явсан бинзений 70.000-80.000 баримт байгаа тухайн мөнгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлгүүд /хх-ийн 08-09, 12/
Гэрч Б.Хийн: “...Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутагт байх “Ц-С” гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр очсон юм. Тэндээ хонохоор болж бид нэг гэр амралтын газар буудаллаад 2021 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө буюу шөнийн 00 цаг өнгөрч байсан. Би гар утсаа оролдоод гэрийн зүүн талын орон дээр сууж байсан юм. Тухайн үед миний хажууд Г ах, баруун талын орон дээр О ах суучихсан, Б-Э, Б 2 хойд талын орон дээр хэвтэж байсан байх. О ах, Г ах хоёр хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд нэг хартал Г ах, О ахыг гараараа цохиж байх шиг байсан. Тэгээд нэг хартал Г ах, О ах хоёрыг Б салгаж байсан. Тэгтэл Б-Э ах, О ахыг гараараа цохиж байх шиг байсан. Тухайн үед би ойртоогүй юм. Тэр хоёрыг хэн салгасаныг анзаараагүй. Би О ах дээр очиход нүүрнийх нь баруун хэсэг хөхөрч хавдсан байсан. Би О ахын нүүрэнд хүйтэн жижиг савтай ус тавьж байгаад унтсан. Миний мэдэж байгаагаар Б-Э ах, О ахын нүүр хэсэгт гараараа цохиж байсан. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй. Г ах, О ах хоёр зууралдаад байх үед Б салгасан. Тэр хоёр хэрхэн яаж зодолдсоныг мэдэхгүй байна. Өмнө нь О ахын биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Тухайн асуудлын дараа О ахын нүүрний баруун хэсэг хөхөрч, хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
Гэрч Б.Б-Э-ний: “... Манай ээлжийн ажилчид 2021 оны 10 дугаар сарын 28-ны өглөө Улаанбаатар хотоос гарч Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутагт байх “Ц-С” гэх газарт очсон. Тэндээ байж байгаад амралтын газарт хонохоор болоод бөөнөөрөө хоол идэж дуулж байгаад гэр гэртээ орцгоосон. Тэгээд эмэгтэйчүүдийн хамт гэртээ байж байх үед О орж ирсэн. Удалгүй араас нь Г, Б-Э нар орж ирсэн. Г, Б-Э, О нар нь гэрт орж ирээд нэг архи задалсан ба тухайн архийг хэр их уусан гэдгийг мэдэхгүй байна. Тэгэхэд Г маргааш ажилтай одоо амарцгаая гэхэд О “би өөрийгөө мэдэж байна” гэж хариулсан. Тухайн үеэс л Г, О хоёр хэрэлдэж эхэлсэн юм. Зодсон асуудлыг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/
Гэрч Б.Б-ийн: “2021 оны 10 сарын 28-ны өдөр ажлынхантайгаа “Цагаан сурага” үзээд зүүн тийш байдаг гэр амралт руу явсан. Гэр амралт дээр орой 20 цагийн үед очоод хоол унд идээд согтууруулах ундааны зүйлс ууцгаасан. Эмэгтэйчүүдээрээ тусдаа гэрт байхад О орж ирсэн. Тэгээд бид нар 1 шил архи хувааж уугаад сууж байхад 23 цагийн үед Т эгч гаднаас нилээн согтуу орж ирэхээр нь би оронд нь оруулж хэвтүүлээд өөрөө хажууд нь хэвтэж байгаад унтчихсан. Манай гэрт хүмүүс маргалдах чимээнээр сэртэл О, Б-Э хоёр зүүн урд талд хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэр хоёрын баруун талд нь Г зогсож байгаа харагдсан. Яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Манай гэрээс гар гэр рүүгээ явж амарцагаа гэж хэлээд тэр гурвыг гаргасан. Өглөө сэрээд ажлынхантайгаа уулзтал Оын хоёр нүд нь хөхөрчихсөн байсан. Яг юу болсныг нь сайн мэдээгүй. Би тухайн үед унтаж байсан болохоор мэдэхгүй байна. Би зодолдож байсныг нь хараагүй. Гэрт хоорондоо хэл амаараа л муудалцаад чанга, чанга дуугараад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн18/
Гэрч Д.С-ын: “...Тухайн өдөр 23 цагийн үед ажилчдаа амраах үүрэг чиглэл өгөөд тус тусынхаа гэрт ороод амарцгаасан. Би ч гэртээ ороод унтаж байтал, гэнэт манай гэрт чанга дуу чимээ гараад байхаар нь хартал Г болон Б-Э нар хоорондоо ямар нэгэн зүйлийн талаар ярилцаж байсан. Тэгтэл О гэрт орж ирээд Г, Б-Э хоёр руу инжинер гэхээрээ оператор руугаа ингэж дайрдаг юм уу? гээд хэрүүлийн шинжтэй үг хаяад хараагаад байсан. Энэ явдлаас өмнө нь эмэгтэйчүүдийн гэрт Г, Б-Э, О нар хоорондоо муудалцсан байсан гэсэн. Тухайн үед би өөр гэрт унтаж байсан болохоор юунаас болж маргалдсан хэн нь хэнийгээ цохисоныг мэдэхгүй. Тэгээд би Оыг гэрээс дагуулж гараад өөр гэрт оруулаад унтаж амар гэж хэлээд гарч яваад бие засаж байхад бас л орсон гэртээ унтаж байсан Батхуяг гэх хүнтэй маргалдах чимээ гараад байхаар нь дахиж гэр рүү ороод дагуулж гараад өөр гэрт оруулсан. Тэгтэл дахиад Баттимур гэдэг хүнтэй маргалдсан. Тэгээд дахиж өөр гэр рүү оруулаад унтуулж амраасан. Өглөө нь Оын баруун талын нүд нь хөхөрчихсөн байсан. Намайг гэр рүү орох үед Баттимур, Батхуяг нартай О гэгч нь зодолдоогүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26/
Гэрч Э.Б-ын: “...2021 оны 10 сарын 28-ны өглөө 07 цагт ажлын газрынхан Улаанбаатар хотоос Говийн чиглэлд “Ц-С” гэдэг амралтын газар очсон. Очих газраа очоод хоол, унд ууж идээд сууж байсан. Тухайн үед манай ажилчид 5 гэр авсан. Би нэг сэргэхэд өөрийнхөө хонох ёстой гэр дотор сэргэсэн. Тэгтэл гаднаас үйлдвэрийн хяналтын ажилтан О орж ирээд би зодуулчихлаа гээд орилоод байсан. Тухайн үед О-ын баруун нүд шанаа орчим нь бага зэрэг хавдсан байсан. Би О-аас хэнд зодуулсан талаар асуухад геологич Б-Э, үйлдвэр хариуцсан инжинер Г хоёрын нэг нь цохисон гэж ярьж байсан. Би яг нүдээр хараагүй болохоор үнэхээр цохиулсан юм уу унаж тусаад нүүр нь хавдсан юм уу сайн мэдэхгүй байна. Миний ойлгосноор бол тэр гурав хамт ууж сууж байгаад маргалдсан юм шиг байна лээ. Тэгээд О чи байсангүй гэх мэтээр над руу уурлаад орилж хашгираад байсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Гэхдээ зодолдож цохилцсон асуудал байхгүй. О ерөнхийдөө гэр рүү ороод хүмүүсийг өдөөд маргаан үүсгээд байсан. О ерөнхийдөө архи уусан үедээ их тавьтаргүй зантай юм байна гэдгийг мэдсэн. О Б-Э, Г нартай ямар шалтгааны улмаас муудалцсан талаар хэлээгүй. Тэр 3 хаана муудалцсан талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28/
Гэрч -: “...Би компаны ажилчидтайгаа 2021 оны 10 сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын “Ц-С” гэх газар нэг хоносон. Ажилчидтайгаа архи дарс уугаад орой унтахаар болоод өөрийн хуваарилсан гэр рүү ороод унтсан. Унтаж байсан чинь О орж ирээд зодуулчихлаа гэсэн. Тэгээд О-ыг харсан чинь нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь би амар гэж хэлээд байж байсан чинь С инжинер орж ирээд О-ыг авч гарсан. Би О-тай маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Бид хоёр нэг байрны хүмүүс байгаа юм. Ямар нэг маргаан зодоон болохоор асуудал үүсээгүй. О Б-Э, Г хоёрт зодуулчихлаа гэж хэлж байсан. О надад хүнд зодуулчихлаа гэж хэлээд нилээд ууртай чанга яриад миний орон дээр сууж байсан. О бид хоёр хоорондоо маргалдаж зодолдоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 30/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-2/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 260 дугаартай:
1,2) Ж.О-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, нүдний эвэрлэгт цус хуралт, зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
5) Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, хамар ясны хугарал, нүдний эвэрлэгт цус хуралт, зовхинд цус хуралт гэмтэл нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн хөнгөн, зулгарсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.”гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-35/
Оршин суугаа хаягийн бүртгэл /хх-ийн 63-64/
Эд хөрөнгийн бүртгэлтэй эсх лавлагаа /хх-ийн 67/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68-69/
Төрийн банкны 2021 оны 12 сарын 30-ны 39/729 дугаартай: “Э.Б-Э, Б.Г нар нь тус банкинд харилцах данстай тухай” албан бичиг /хх-ийн 71/
Хас банкны 2022 оны 01 сарын 04-ний өдрийн 04 дугаартай: “Э.Б-Энь тус банкинд харилцах данстай тухай” албан бичиг /хх-ийн 72/
Хаан банкны 2022 оны 01 сарын 06-ны өдрийн 5450/01 дугаартай: “Э.Б-Э, Б.Г нар нь тус банкинд харилцах данстай тухай” албан бичиг /хх-ийн 73/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-75/
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 10 сарын 21-ний өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-78/
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сароын 30-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 80-84/
Хохирлын баримтууд /хх-ийн 88, 91/
Хохирогч Ж.О-ын “Хамрын хугаралын улмаас хагалгаанд орох шаардлагатай тул хагалгааны зардал 1.790.000 төгрөг, зодуулсны улмаас ажилдаа явах боломжгүй болсон тул сарын цалин 1.900.000 төгрөгийг нэхэмжилмээр байна” гэх хүсэлт, ЭМЖЖ эмнэлгт үзүүлсэн талаарх баримт /хх-ийн 92-94/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Ц-С” гэх газарт байрлах амралтын газарт, иргэн Ж.О-тай “чи маргааш ажилтай шүү дээ эртхэн унтаж амар гэхэд би өөрөө ажлаа мэдэж байна, та нар инжинер гэхээрээ ингэж дарамталдаг юм уу, чи бол май шүү гэж хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдан, түүнийг толгойгоороо дух хэсэг рүү нь 1 удаа мөргөж, гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, нүдний эвэрлэгт цус хуралт, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.Б-Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дундговь аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Ц-С” гэх газарт байрлах амралтын газарт, иргэн Ж.Оыг Б.Г гэгчид зодуулсны дараа, гэнэт гараараа цохиж унаган толгой нүүр хэсэг рүү нь ээлжлэн цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, нүдний эвэрлэгт цус хуралт, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
шүүгдэгч Б.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би О-ын шууд удирдлага учраас маргааш ажилтай унтаж амраарай гэж хэлэхэд ойлголоо гэсэн. Би тэр үед унтаж амаръя гээд байж байтал О орж ирээд өөдөөс та нар яагаад инжинер гэхээрээ хүн дарамталдаг юм, би ажлаа мэдэж байна гээд маргаж эхэлсэн. О та нар май шүү гээд хараалын үг урсгаад байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,
шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “О намайг хэл амаар доромжлоод байхаар нь би О-тай зууралдаж байгаад нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж, мөн нэг удаа нүүр хэсэгт нь мөргөсөн.” гэх,
шүүгдэгч Б-Э-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би О, Г хоёрыг салгасан. Тэгсэн О намайг цохиод уруулын дээр урж самардсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх
шүүгдэгч Б-Э-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “би О-ын нүүр хэсэгт 2-3 удаа цохисон юм. Тэгээд байж байтал эмэгтэйчүүд намайг салгасан. Би О-ыг түлхэж газарт унагаад дээр нь гарч суугаад 2-3 удаа баруун болон зүүн гараараа ээлжлэн нүүр хэсэгт нь цохисон.” гэх
хохирогч Ж.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн шөнө бид тусдаа өрөөнд юм яриад сууж байтал энэ 2 орж ирээд юм яриад хамт уусан. Би маргааш шөнийн ээлжийн ажилтай байсан. Над руу хуруугаараа чичлээд явж амар гээд тушаахаар нь би яагаад надад тушаагаад байгаа юм гэсэн чинь чи миний албан тушаалын доод ажилтан гэхээр нь би өөрийгөө мэдэж байна гэж хэлэхэд чи хэзээ өөрийгөө мэддэг байсан юм, би чамайг мэднэ, чи дарга болсон юм уу, тийм том болсон юм уу гэж хэлсэн. Би хамар ясны хугаралтай, хамар битүүрээд нус хатаад зовуурьтай байгаа. Уг нь хагалгаанд ороод мөнгөө нэхэмжлэх ёстой юм билээ. Энэ асуудлаас болоод ажилдаа яваагүйн улмаас халагдсан. Надад хагалгаанд орох зардал байхгүй, энэ хүмүүсээс болж ажилгүй болсон” гэх,
хохирогч Ж.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г нь чи өөрийгөө мэддэг гэж юу байдаг юм, би чамайг мэддэг юм, би чамайг наряд /ажлын зааварчилга/ өгдөг, би чамайг мэдэж байна гэж орилж дайраад тулж ирээд толгойгоороо миний дух хэсэгт 1 удаа мөргөөд, гараараа 2-3 удаа миний нүүр толгой хэсэг рүү цохисон. Тэгэхэд хүмүүс салгаад Г-аа чи ямар дээрэлхүү юм, чиний инжинер байх хамаагүй шүү гэж хэлээд Б, Х, Б нар цааш аваад явсан. Тэгээд би тухайн гэрийн зүүн талынх нь орон дээр сууж байтал Б-Э нь зүгээр зогсож байгаад гэнэт л баруун гараараа миний нүүр хэсэг рүү цохиод, намайг газарт унагаж дээр гарч суугаад толгой, нүүр хэсэг рүү 2 гараараа ээлжлэн цохисон. Тэгтэл Б, Х, Б нар ирээд Б-Э-ийг дахиж салгасан. Г, Б-Э 2 намайг зодсон. Г миний дух хэсэгт мөргөж, нүүр толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Б-Э намайг гараараа цохиж газарт унагаад дээр гарч суугаад 2 гараараа ээлжлэн миний нүүр толгой хэсэгт цохисон. Хүмүүст зодуулсны улмаас нүүр битүү хавдсан, 2 нүд цус хуралттай, хавдсан, хамар 2 талаасаа цөмөрсөн, хугаралттай, баруун гуяны урд хэсэгт хөхөрсөн байгаа” гэх,
гэрч Б.Хийн: “....2021 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө буюу шөнийн 00 цаг өнгөрч байсан. ... О ах, Г ах хоёр хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд нэг хартал Г ах, О ахыг гараараа цохиж байх шиг байсан. ...Тэгтэл Б-Э ах, О ахыг гараараа цохиж байх шиг байсан.” гэх,
гэрч Б.Б-Э-ний: “...Удалгүй араас нь Г, Б-Э нар орж ирсэн. Г, Б-Э, О нар нь гэрт орж ирээд нэг архи задалсан ба тухайн архийг хэр их уусан гэдгийг мэдэхгүй байна. Тэгэхэд Г маргааш ажилтай одоо амарцгаая гэхэд О “би өөрийгөө мэдэж байна” гэж хариулсан. Тухайн үеэс л Г, О хоёр хэрэлдэж эхэлсэн юм. Зодсон асуудлыг мэдэхгүй байна.” гэх,
гэрч Б.Б-ийн: “...Манай гэрт хүмүүс маргалдах чимээнээр сэртэл О, Б-Э хоёр зүүн урд талд хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэр хоёрын баруун талд нь Г зогсож байгаа харагдсан. Гэрт хоорондоо хэл амаараа л муудалцаад чанга, чанга дуугараад байсан.” гэх,
гэрч Д.С-ын: “...гэнэт манай гэрт чанга дуу чимээ гараад байхаар нь хартал Г болон Б-Э нар хоорондоо ямар нэгэн зүйлийн талаар ярилцаж байсан. Тэгтэл О гэрт орж ирээд Г, Б-Э хоёр руу инжинер гэхээрээ оператор руугаа ингэж дайрдаг юм уу гээд хэрүүлийн шинжтэй үг хаяад хараагаад байсан. Энэ явдлаас өмнө нь эмэгтэйчүүдийн гэрт Г, Б-Э, О нар хоорондоо муудалцсан байсан гэсэн. ...Өглөө нь О-ын баруун талын нүд нь хөхөрчихсөн байсан. Намайг гэр рүү орох үед Баттимур, Батхуяг нартай О гэгч нь зодолдоогүй байсан.” гэх
гэрч Э.Б-ын: “...гаднаас үйлдвэрийн хяналтын ажилтан О орж ирээд би зодуулчихлаа гээд орилоод байсан. Тухайн үед О-ын баруун нүд шанаа орчим нь бага зэрэг хавдсан байсан. Би О-аас хэнд зодуулсан талаар асуухад геологич Б-Э, үйлдвэр хариуцсан инжинер Г хоёрын нэг нь цохисон гэж ярьж байсан. О Б-Э, Г нартай ямар шалтгааны улмаас муудалцсан талаар хэлээгүй.Тэр 3 хаана муудалцсан талаар мэдэхгүй.” гэх
гэрч Д.Б-ийн: “...унтаж байсан чинь О орж ирээд зодуулчихлаа гэсэн. Тэгээд О-ыг харсан чинь нүд нь хөхөрчихсөн байсан. ...О Б-Э, Г хоёрт зодуулчихлаа гэж хэлж байсан. О надад хүнд зодуулчихлаа гэж хэлээд нилээд ууртай чанга яриад миний орон дээр сууж байсан. О бид хоёр хоорондоо маргалдаж зодолдоогүй.” гэх мэдүүлгүүд
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 260 дугаартай: Ж.О-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, нүдний эвэрлэгт цус хуралт, зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Тухайн гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, хамар ясны хугарал, нүдний эвэрлэгт цус хуралт, зовхинд цус хуралт гэмтэл нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэргээр шүүгдэгч Б.Г, Э.Б-Э нар нь гэмт хэргийг урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь; “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Э.Б-Э нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Г, Э.Б-Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, тэдэнд холбогдуулж Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Б.Г, Э.Б-Э нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ж.О-ын эрүүл мэндэд “Тархи доргилт, хамар ясны хугарал, нүдний эвэрлэгт цус хуралт, зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Ж.О нь шүүхийн хэлэлцүүлэгт бензины зардал 20.000 төгрөг, эм авсан 4.500 төгрөг, эмчид үзүүлсэн 35.000 төгрөг, томографийн зураг авахуулсан 120.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд хамрын хагалгаанд орох зардал 1.790.000 төгрөг, цалин 1.900.000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ гэж мэдүүлжээ.
Хохирогчийн нэхэмжлэлээс бензины зардал 20.000 төгрөг, эм авсан 4.500 төгрөг, эмчид үзүүлсэн 35.000 төгрөг, томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, нийт 179.500 төгрөгийн баримтууд нь хэрэг учрал болсон цаг хугацаатай тохирч байх тул шүүгдэгч Б.Г, Э.Б-Э нараас 179.500 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч Б.Г-аас 89.750 төгрөг, шүүгдэгч Э.Б-Ээс 89.750 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Ж.О-т олгохоор шийдвэрлэлээ.
Харин хохирогч Ж.О нь хамрын хагалгаанд орох зардал 1.790.000 төгрөг, цалин 1.900.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлж байх боловч энэ талаар шүүхэд ямар нэгэн баримт ирүүлээгүй учир энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Г, Э.Б-Э нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч Б.Г, Э.Б-Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Б-Эд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулан шийтгэж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Г, Э.Б-Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Б.Г, Э.Б-Э нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Г, Б овогт Э-ийн Б-Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-ын Г-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э-ийн Б-Эд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулан шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Э.Б-Э нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Э.Б-Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч нарт анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-аас 89.750 төгрөг, шүүгдэгч Э.Б-Ээс 89.750 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Ж.О-т олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.О-ын хамрын хагалгааны зардал 1.790.000 төгрөг, цалин 1.900.000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Э.Б-Э нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР