Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/63

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

           Нарийн бичгийн дарга Ж.Бдэлэг

           Улсын яллагч Б.С

           Шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч: Ж.Ч,

         Шүүгдэгч П.П-ын өмгөөлөгч: Б.Э,

         Шүүгдэгч Т.У, Ц.Н, М нарын өмгөөлөгч: Т.Д,

        Шүүгдэгч: П.П, Т.У, Ц.Н, М, Ч.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.П, Т.У, Ц.Н, М, Ч.Б нарт холбогдох эрүүгийн 2022000800024 дугаартай  хэргийг 2022 оны  01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн

Монгол Улсын иргэн

Монгол Улсын иргэн

Монгол Улсын иргэн 

 

Монгол Улсын иргэн

 

    Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Х.М, Ч.Б, П.П, Ц.Н, Т.У нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 12 цагаас 18 цагийн хооронд Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, явуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ 2020 оны 02 сард У бид хоёр У хотоос Дундговь аймагт сүү ачиж ирсэн. Маргааш нь У хот руу буцах гээд Ч.Б-ын гэрт очиж хоол идчихээд гарахаар очсон. Гэтэл Ч.Б Дундговь аймгийн Гурвансайхан сум руу жоншинд явах гэж байгаа гэхээр нь хамт явахаар болоод очиж жонш ухаж байгаад цагдаад баригдсан. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг нөхөн төлнө” гэв.

Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Т.У, Х.М ах нар У хотоос ирээд жонш гарч байна гэж яриад урагшаа явсан. Ухсан газарт шороог нь гаргаад байж байтал цагдаа ирсэн. Байгаль орчин экологид учирсан хохирлыг төлнө. Эрүүл мэндийн хувьд 4 жилийн өмнө суугаа байж байгаад явдаг болсон. Группт байдаг, хувиараа гагнуур хийдэг.

Цагаан дэл гэх газар жонш гарч байна бүгдээрээ тийшээ явъя гэсэн. Экскаватор техникээ аваад шөнөдөө “Цагаан дэл” гэх газар руу явсан. Маргааш нь Ц.Н-ын машиныг нь гуйгаад араас нь Н-тай хамт очсон. Тэр газраа очоод Н гэр рүүгээ утсаар ярина гэхээр нь овоон дээр сүлжээ хайгаад явж байтал цагдаа ирсэн. Цагаан дэл гэх газар нь жонш олборлодог. 2-3 жил хүмүүс хууль бусаар ашигласан газар байдаг. Тийм газар болохоор гайгүй байх гэж бодсон. Ухсан байсан газрын шороог нь хусаж байгаад цагдаад баригдсан. Тэр газраас ямар нэгэн олборлолт, борлуулалт хийсэн зүйл байхгүй. Та бүхний ажлыг алдагдуулаад зогсож байгаадаа харамсаж байна. Тусдаа авлигал өгсөн гэх хэрэг байгаа. Эрх зүйн байдлыг харж үзээч гэж хүсч байна. Би анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байсан. Манай өмгөөлөгчийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдал байсан гэж үзэж цагаатгах байр суурьтай оролцсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэнсэх шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”2020 онд хүүхдийн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа гарч Дундговь аймгийн Хулд суманд очиж амьдарч байсан. Суманд ирээд П.П-тай танилцаж найзууд болсон. Тухайн үед Ням гээд том тэрэг жолооддог залуугийн туслах жолооч хийж байсан. Би ажлаасаа гараад суманд ирсэн ажилгүй байсан. Эхнэр, ээж хоёр сумын хүндэтгэлийн өргөөг ажиллуулдаг, би өөрөө ажилгүй байсан. Тухайн үед би ээжтэй Дундговь аймагт хүнсний зүйл цуглуулах, эмчид үзүүлэх ажилтай ирсэн байхад П.П над руу утсаар ярьсан. Шинжилгээний хариу авна гээд Дундговь аймагт хонох шаардлага гарсан. Би Дундговь аймагт хонох болсон учир П-тай хамт явсан. Тэгээд Гурвансайхан сум яваад цагдаатай нь уулзчихаад Цагаан дэл гэх газар руу явах  замдаа төөрсөн. Хаана төөрснөө мэдэхгүй байна. Цагаан дэл гэх газар очиход машин техник, хүмүүс ирсэн байсан. Шөнө төөрөөд нойргүй явсан учир машиндаа унтаж байхад цагдаа ирж Гурвансайхан сум руу авч яваад мэдүүлэг авсан. Өөр зүйлгүй. Миний бие энэ хэрэгт холбогдох үед Дундговь аймгийн Хулд суманд амьдардаг байсан. Одоо эхнэр хүүхэдтэйгээ У хотод амьдарч байна. Ажил албандаа орж чадахгүй байна. Мөн авлигал өгсөн хэргээр шалгагдаж байгаа. Найзынхаа гуйсан хүсэлтийн хариуд ажил албандаа орж чадахгүй 2 жил явлаа. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгөөч гэж хүсч байна. Байгаль орчинд учруулсан хохирлыг бүрэн барагдуулна. Тэнсэх шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай нэг ах У хотоос Дундговь аймаг руу сүү хүргээд өг гэхээр нь явах гэтэл ганцаардаад Х.М ахыг гуйгаад явсан. Тухайн шөнө Дундговь аймагт ирж сүүгээ өгчихөөд буцахаасаа өмнө Ч.Б руу ярьтал адууны мах чанаж байна гэхээр нь очиж идсэн. Гэрт нь очиход жоншийг хүмүүс ухаад байна. Хэдүүлээ явж жонш ухъя гэхээр нь хамт явъя гээд явсан. Тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэж яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрч байна. Хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уул усаа ухаж сүйтгэсэндээ гэмшиж байна. Бага шийтгэл оногдуулж тэнсэж өгнө үү гэж хүсч байна” гэв.

 

           Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Дундговь аймгийн Гурвансайхан сумын засаг даргын тамгын газраас албан ёсоор томилогдон хохирогчоор оролцож байна. Учир нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай Гурвансайхан сумаас баруун урагш 30 гаран километрт байх “Цагаан дэл” гэх нэртэй газарт хүмүүс хууль бусаар очиж газрын хэвлийд халдаж жонш олборлосон асуудал
 гаргасан. Уг асуудлыг аймгийн цагдаагийн газраас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн газар дээр нь очиж хүмүүсийг баривчилсан гэсэн.  Хүмүүс техник хэрэгсэлээр ойролцоогоор газрын хөрснөөс 5-6 метр орчим ухаж орхисон байсан. Бас хажууд нь 80 метр зайд газрын хэвлийгээс доошоо 2-3 метр ухаж орхисон байсан. Тэр газраас жонш гардаг гэж ярьдаг. Сүүлд тэр газрыг хүмүүс нүхийг нь булсан байсан. Миний сонссоноор экскаватор, трейлер, 2 жижиг тэрэгтэй 6 хүн очсон гэж хэсгийн төлөөлөгч хэлж байсан. Миний зүгээс ухагдсан талбайн экологи-эдийн засгийн үнэлгээ хэд гэж гарч ирнэ, тэр хэмжээгээр нь хохирлоо төлүүлнэ.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26-28 /

 

            Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 07-ны шөнө Дундговь аймгийн төвөөс 02 цагийн үед Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэл" гэх газарт Хулд сумын иргэн М.П-той хамт трейлер дээр экскаватор ачаад ирсэн. 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 13  цагийн үед хуучин ухсан байсан газрыг дээрээс нь шороог авч эхлээд Пухсан. Тэр газрыг 3 метр ухаад жонш гарахгүй болохоор нь болиод баруун урагш 100 метр зайд дахин өөр газарт очиж экскаватораар ухсан. Би ойролцоогоор тэр газрыг 3 метр ухаж байтал 16 цагийн үед сумын хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч нар ирэхээр нь бид нар үйл ажиллагаагаа зогсоосон. Намайг Хулд суманд байхад Э утсаар яриад Гурвансайхан сумын нутаг Цагаан дэл гэх газарт миний экскаваторыг аваад П-ийн трейлер дээр ачаад тэр газар аваачсан. Тэнд байсан хүмүүсийг огт танихгүй, хэн дуудсаныг мэдэхгүй.  Намайг шөнө ирэхэд тэр газар хүн байгаагүй, маргааш өдөр нь машинтай хүмүүс ирсэн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 37-38 /

 

       Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд  2 дахь удаа өгсөн: “ Би 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумаас Дундговь аймгийн Луус суманд очсон. Хулд сумын харъяат Э нь Луус суманд ирж экскаватор бариад жоншны уурхайд ажиллаад өгөөч гэж дуудсан юм. Би Луус суманд Э-ийн экскаваторыг барьж 15 хоног уурхайд ажиллаад ажил дуусаад Дундговь аймгийн төв рүү ороод 8 хонож байтал Э утсаар яриад Гурвансайхан сумын “Цагаан дэл”-д ажиллахаар боллоо экскаватороо ачаад яваарай гэж хэлсэн. Тэгээд экскаватороо трейлер дээр ачаад П-ийн хамт очсон. Биднийг очиход тэнд 3 машинтай 5 хүн очсон байсан. Би Э-ийн экскаваторыг барьдаг жолооч нь байсан. Ямар нэгэн ашигт малтмал олборлож тээвэрлээгүй. М.Пийг танина, бид хоёр Дундговь аймгийн төвөөс экскаватор трейлер дээр ачаад хамт Цагаан дэл рүү очсон. Бусад хүмүүсийг нь танихгүй.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 80-81/

 

      Гэрч О.Э-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 02 сарын 07-ны өдөр намайг суман дээр айлд байхад утсаар П гэх залуу яриад та дэлгүүр онгойлгох боломж байна уу, би дэлгүүрээс юм авах гэсэн юм гэж хэлсэн. П-ыг манай үеэл дүүгийн ангийн хүүхэд гэдэг утгаар нь таньдаг юм. Тэгэхээр нь би дэлгүүр онгойлгох боломж байхгүй. Ахын дүү гэрт ирээд хоол идчих гэсэн. Тэгтэл тэр залуу бас нэг залуу дагуулж ирсэн. Тэр залууг өмнө нь харсан Н гэх хүн байсан. Айлд хоол идээд хамт гарсан. Бид нар Гурвансайхан сумаас урагш хөдөө хээр гараад нэг машиндаа ороод уулзсан. Нэг шил Эвок нэртэй архи гаргаж ирэхээр нь тэр архинаас нь уугаагүй. Тэр хоёр залуу надаас танай сумын урд талд нэг жонштой газар байдаг уу? гэхээр нь би тэнд жоншны уурхай байдаг байсан гэж хэлсэн. Тэгтэл надад бид хоёр жонш ухах гэсэн юм яах уу? гэхээр нь би тэр асуудалд орохгүй миний ажилд битгий хүндрэл учруулаарай гэж хэлээд салсан. Тэр залуучуудын нэгийг нь П.П, нөгөөг нь Н гэдэг юм. Тэр залуучуудад би тэр газрыг ухах талаар ямар нэгэн тохирсон зүйл байхгүй, ух гэж огт хэлээгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 39-41/

 

           Гэрч Г.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр намайг гэртээ байхад хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч О.Э утсаар залгаад Гурвансайхан сумаас баруун урагш 28 километрт “Цагдаан дэл” гэх газарт хүмүүс хууль бусаар жонш ухаад байна, иргэнээс дуудлага ирлээ хоёулаа явах уу гэсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд сумын цагдааг хүлээгээд байж байтал ерөөсөө ирээгүй, гар утас нь холбогдохгүй болсон. Манай сумын Мөнхсаруул гэх залуу утсаар яриад дуудлага гарсан. Эрдэнэ цагдаа явсан уу? гэхээр нь яваагүй, би хүлээж байна гэтэл хэсгийн төлөөлөгчтэй утсаар яръя гэсэн. Удалгүй хэсгийн төлөөлөгч Б.Өирээд хамт дуудлага өгсөн газар руу явсан.  ...Цаашаа яваад жонш ухаад байгаа газарт очтол Гранд марк-2 маркийн 12-55 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, нэг трейлер улсын дугаарыг нь хараагүй, мөн нэг экскаватор 3000 маркийн улсын дугааргүй машинууд газар ухаад зогсож байхаар нь хэсгийн төлөөлөгч наад үйл ажиллагаагаа зогсоо гээд хууль ёсны шаардлага тавьж үйл ажиллагааг нь зогсоосон. Тэгээд тусгай зөвшөөрөл байна уу гэхэд байхгүй гэсэн. Орой 18 цагийн үед аймгаас групп ирээд тухайн хүмүүсийг бүгдийг нь аваад сум руу явсан....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 42-43/

 

        Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай сумын иргэн М.П-той“Өндөр ээж”-ийн ар талд хадам ах Бын хашаанд уулзсан. Тэгээд П надаас Гурвансайхан суманд нэг ажил байна, би очиж үзчихээд ирье гэж хэлсэн. Тэгээд миний экскаваторыг эндээ байлгаж бай, ажил гарвал би хөлсөөр түрээслэе гэхээр нь би өөрийнхөө ковшийг аваад Луус сум руу явсан. Би экскаватороо нэг цагийг нь 75.000 төгрөгөөр бодож У гэх хүнд түрээслүүлэхээр болсон. Намайг ахын хашаанд байхад аллион маркийн машинтай У, М, Б гэх хүмүүстэй Пл ярьж тохирсон юм билээ. Харин би Пид экскаватороо чи өөрөө мэд гээд өгсөн. Тэрнээс тэр хүмүүсийг хаана ямар газар хууль бусаар ухаж байсныг нь мэдэхгүй. Тэр хүмүүс надтай ярьж тохирсон зүйл байхгүй. Энэ экскаватор нь 80-88 УН улсын дугаартай Хьюндей 3000 маркийн экскаватор. Миний өмч хөрөнгө байгаа юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Мөнхгэрэл гэдэг хүний нэр дээр байдаг. Мөнхгэрэл гэх хүнээс 2018 онд 180 сая төгрөгөөр худалдаж авч байсан юм. Би тэр хүнд 165 сая төгрөг өгөөд байна. Одоо 15 сая төгрөгийг удахгүй өгнө. Надтай энэ хүмүүс огт яриагүй, би энэ хүмүүсийг огт танихгүй.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 48-49/

 

         Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд 2 дахь удаагаа өгсөн: "... БуянБ 2020 оны 02 сард миний экскаваторыг хөлсөөр барьж байсан хүн байгаа юм. Н бид хоёр нэг нутгийн нэг үеийн залуучууд байгаа юм. У, П, М, Б гээд байгаа хүмүүсийг огт танихгүй. 2020 оны 02 сард би экскаватороо П-ийн трейлер дээр ачаад Сайнцагаан сумын төвд “Өндөр ээж” зоогийн газрын хойд талд хашааны гадаа байж байхад аллион маркийн машинтай санагдаж байна 2 хүн ирээд “Гурвансайхан сум руу 2-8 хоногийн ажил байна ажиллах уу? жоншны ажил байна. А лицензтэй газар байгаа, тэнд ажиллана гэж хэлсэн. Тэр үед 2 сая төгрөгөөр ажиллахаар болсон. Тэгээд Пийг Гурвансайханд ажил гарсан явах уу? гэсэн тэгье гэхээр нь БуянБын хамт явуулсан. Миний экскаваторыг хөлсөлнө гээд аваад явсан. Хэн тийшээ явах санаа гаргасныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 75-77/

 

           Гэрч М.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 02 сарын 07-ны өдөр Э ирээд Гурвансайхан суманд 2 хоногийн газар шорооны ажил гарсан тийшээ явж ажиллах уу? хэдээр явах вэ? гэхээр нь би  2.000.000 төгрөгөөр явна гэж хэлсэн. Э энэ хүмүүс зам зааж өгнө гээд У, Б, М нарыг надтай уулзуулсан. Орой нар шингэж байхад аймгийн төвөөс би трейлерыг унаад надад зам зааж өгөх У, Б, М нарыг дагаад бараг 3 цаг явсан. Хээр зогсоод энд ажиллана гээд тэндээ унтаад өглөө боссон. Өглөө сэрэхэд П, Н хоёр марк-2 машинтай ирчихсэн байсан. Э Гурвансайхан суманд газар шорооны ажил гарсан явах уу? гэхээр нь тэр газарт очсон. Хууль бус юм хийж байгаа талаар би мэдээгүй. Гурвансайхан суманд очсон хойно Б, М, У гурав л асуудалгүй газар 2 хоног ухна гээд яриад байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 73-74/

 

       Гэрч Ж.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр У хотод байхад Б.Бнад руу 80220288 дугаараас залгаад түрээсээр явдаг экскаватор олдох уу? энд нэг экскаватор оруулах гээд техник хайгаад байгаа юм гэсэн. Тэгэхээр нь ямар хүмүүс хайгаад байгаа юм? Зөвшөөрөлтэй юм уу? гэхэд Гурвансайхан сумын хөдөөгийн хоёр малчин байгаа юм, бууцных нь хажууд жонш гараад байгаа гэнэ, зөвшөөрөлтэй гэсэн, асуудалгүй газар, хоёр өдөр ажиллана гэсэн гэж хэлсэн. М асуугаад байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь аймагт ирээд Пийг трейлертэй болохоор нь залгаад ... Өндөр ээжийн хойно очиж уулзсан. Тэгээд би Б руу залгаад Өндөр ээжийн хажууд унаа тэрэгтэй чинь уулзаад зогсож байна гэхэд М нэг залуутай хамт машинтай ирсэн. Тэр залууг нь сүүлд У гэж мэдсэн. П, Э хоёр бага түлш байгаа түрээсээ урьдчилж авна гэхээр нь би “Б руу залгаад түрээсээ урьдчилж авна гэж байна” гэж ярьсан. Удаагүй 1 сая төгрөг данс руу чинь хийчихлээ гэхээр нь би шууд П-ийн 5462067361 гэсэн данс руу 1 сая төгрөгийг хийсэн. Б унаа техник олоод өг гэхээр нь олж өгсөн.” гэх мэдүүлэг /2 хх-ийн 183-184/

 

       Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай найз М над руу залгаад “Би Дундговь аймгийн Гурвансайхан суманд зөвшөөрөлтэй газарт жонш ухах гэж байна, надад экскаватор олоод өгөөч" гэж хэлсэн. Би тухайн үед Түвшинтөгс гэх найз руугаа залгаад “М-ын хэлсэн зүйлийг хэлсэн. Тэгэхэд М, Түвшинтөгс хоёр хоорондоо яриад тохиролцсон байсан.” гэх мэдүүлэг /2 хх-ийн 185/

 

       Гэрч Б.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2019, 2020 онуудад Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан.  Би 2020 оны 02 сарын 08-ны өдөр Дундговь аймаг дахь цагдаагийн газарт ирүүлсэн “Гурвансайхан сумын Цагаан дэл гэх газар хууль бусаар жонш олборлоод байна” гэх дуудлага мэдээллийн дагуу холбогдох хойшлуулшгүй ажиллагааг явуулж хэргийн газарт үзлэг хийж хүмүүсээс мэдүүлэг авсан.  2019 оны гэрчийн бланкууд дээрээ оныг нь засаагүй тэр cap өдрөө бичсэн байсан. Түүнээс М.П, П.П, Т.У нараас 2020 оны 02 сарын 08-ны өдөр мэдүүлэг авсан” гэх мэдүүлэг /2 хх-ийн 190 /

 

       Шинжээч Ч.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Дүгнэлтэд тусгагдсан хүрээлэн буй орчинд учирсан эклогийн хохирлын хэмжээ 4.533.000 төгрөгийн үнэлгээнд нөхөн сэргээлтийн зардал багтсан. Нөхөн сэргээлтийн зардал нь 729.000 төгрөг болсон. 2020 оны 4 сард Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг Цагаан дэл гэх газар дээр метр болон жи пи эс дроны зураг зэрэг багажуудын хэмжилтийн мэдээллийг үндэслэн гаргасан болно. Мөн тухайн үед Дундговь аймгийн Цагдаагийн газрын эклогийн мөрдөгч цагдаагийн хошууч Б.Амарбаярын өгсөн хэргийн газрын ухагдсан хэмжээ, гүний хэмжээний мэдээллүүдэд үндэслэн гаргасан” гэх мэдүүлэг /2 хх-ийн 191/

 

     “Global environ” ХХК-ийн Экологийн хохирлын үнэлгээ хийсэн 2020 оны 4 сарын 18-ны өдрийн 11/20 дугаартай “1. Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан дэл гэх газарт нийт 1425м2 талбайд газар ухагдсан болно.

         2. Нийт хүрээлэн буй орчинд учирсан экологийн хохирлын хэмжээ 4.533.000.9 төгрөг болно.” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 85-102/

 

       “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 04 сарын 03-ны өдрийн 1000748 дугаартай “ Э.Б-ийэзэмшлийн 4080 УБИ улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэгдсэн 2010 онд Монгол Улсад орж ирсэн ZZ3251 маркийн автомашины зах зээлийн үнэлгээг 2021 оны 04 дүгээр сарын 03-ны байдлаар 25.000.000 төгрөгийн үнэтэй байгааг тодорхойлов...” гэх авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 164-167 /

 

    “Ашид билгүүн" ХХК-ийн 2021 оны 04 сарын 03-ны өдрийн 1000738 дугаартай “ Ц.М-ийн эзэмшлийн 8088 УН улсын дугаартай 2009 онд үйлдвэрлэгдсэн 2014 онд Монгол Улсад орж ирсэн Robex 300LC маркийн автомашины зах зээлийн үнэлгээг 2021 оны 04 дүгээр сарын 03-ны байдлаар 105.000.000 төгрөгийн үнэтэй байгааг тодорхойлов...” гэх авто машин техникийн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 168-171/,

 

          Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /1 хх-ийн 14/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх- ийн 15-22/

           Шүүгдэгч Х.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 136-137/

           Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 02 сарын 14-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 8-13/

           Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 10 сарын 29-ний өдрийн 189 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /2хх-ийн 14-17/

           Шүүгдэгч Т.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 138/

           Шүүгдэгч П.П-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 140/

           Шүүгдэгч Ц.Н-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 142/

           Шүүгдэгч Ч.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 2-3/

            Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2013 оны 04 сарын 22-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3хх-ийн 4-9 /

           2021 оны 12 сарын 20-ны өдрийн 15 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Прокурорын тогтоол / 3хх-ийн 38-40/

          Шүүгдэгч нарын хохирол төлсөн баримтууд болон тэдний хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

 Шүүгдэгч нарын гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

  

Шүүгдэгч Х.М, Ч.Б, П.П, Ц.Н, Т.У нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 12 цагаас 18 цагийн хооронд Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн “Цагаан дэл” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл хайгуул, явуулж, хүрээлэн буй орчинд 4.533.000.9 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутай болох нь:

шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.....Ч.Б-ынгэрт очиж хоол идчихээд гарахаар очсон. Гэтэл Ч.Б Дундговь аймгийн Гурвансайхан сум руу жоншинд явах гэж байгаа гэхээр нь хамт явахаар болоод очиж жонш ухаж байгаад цагдаад баригдсан. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг нөхөн төлнө” гэх,

шүүгдэгч Ч.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Т.У, Х.М ах нар У хотоос ирээд жонш гарч байна гэж яриад урагшаа явсан. Ухсан газарт шороог нь гаргаад байж байтал цагдаа ирсэн. Байгаль орчин экологид учирсан хохирлыг төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх

шүүгдэгч П.П-ыншүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Цагаан дэл гэх газар жонш гарч байна бүгдээрээ тийшээ явъя гэсэн. Экскаватор техникээ аваад шөнөдөө “Цагаан дэл” гэх газар руу явсан. Маргааш нь Ц.Нын машиныг нь гуйгаад араас нь Н-тай хамт очсон. ...Цагаан дэл гэх газар нь жонш олборлодог. 2-3 жил хүмүүс хууль бусаар ашигласан газар байдаг. Тийм газар болохоор гайгүй байх гэж бодсон. Ухсан байсан газрын шороог нь хусаж байгаад цагдаад баригдсан. Та бүхний ажлыг алдагдуулаад зогсож байгаадаа харамсаж байна.” гэх,

шүүгдэгч Ц.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би Дундговь аймагт хонох болсон учир П-тай хамт явсан. Тэгээд Гурвансайхан сум яваад цагдаатай нь уулзчихаад Цагаан дэл гэх газар руу явах  замдаа төөрсөн. .... Цагаан дэл гэх газар очиход машин техник, хүмүүс ирсэн байсан....” гэх,

шүүгдэгч Т.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.... Ч.Б руу ярьтал адууны мах чанаж байна гэхээр нь очиж идсэн. Гэрт нь очиход жоншийг хүмүүс ухаад байна. Хэдүүлээ явж жонш ухъя гэхээр нь хамт явъя гээд явсан. Тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэж яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрч байна. Уул усаа ухсандаа гэмшиж байна. Хүрээлэн буй орчин гарсан хохирлыг төлнө” гэх,

           хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Д-ын: “Би Дундговь аймгийн Гурвансайхан сумын засаг даргын тамгын газраас албан ёсоор томилогдон хохирогчоор оролцож байна. Учир нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай Гурвансайхан сумаас баруун урагш 30 гаран километрт байх “Цагаан дэл” гэх нэртэй газарт хүмүүс хууль бусаар очиж газрын хэвлийд халдаж жонш олборлосон асуудал гаргасан. ...Миний зүгээс ухагдсан талбайн экологи-эдийн засгийн үнэлгээ хэд гэж гарч ирнэ, тэр хэмжээгээр нь хохирлоо төлүүлнэ.” гэх,

            гэрч Б.Б-ын: “2020 оны 02 дугаар сарын 07-ны шөнө Дундговь аймгийн төвөөс 02 цагийн үед Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан дэл" гэх газарт Хулд сумын иргэн М.П-тойхамт трейлер дээр экскаватор ачаад ирсэн. ... Би ойролцоогоор тэр газрыг 3 метр ухаж байтал 16 цагийн үед сумын хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч нар ирэхээр нь бид нар үйл ажиллагаагаа зогсоосон. ... Би 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумаас Дундговь амйгийн Луус суманд очсон. Хулд сумын харъяат Э нь Луус суманд ирж экскаватор бариад жоншны уурхайд ажиллаад өгөөч гэж дуудсан юм. Биднийг очиход тэнд 3 машинтай 5 хүн очсон байсан...” гэх,

      гэрч О.Э-ий: “.....Бид нар Гурвансайхан сумаас урагш хөдөө хээр гараад нэг машиндаа ороод уулзсан. ...Тэр хоёр залуу надаас танай сумын урд талд нэг жонштой газар байдаг уу? гэхээр нь би тэнд жоншны уурхай байдаг байсан гэж хэлсэн. Тэгтэл надад бид хоёр жонш ухах гэсэн юм яах уу? гэхээр нь би тэр асуудалд орохгүй миний ажилд битгий хүндрэл учруулаарай гэж хэлээд салсан. Тэр залуучуудын нэгийг нь П.П, нөгөөг нь Н гэдэг юм. Тэр залуучуудад ух гэж огт хэлээгүй, би тэр газрыг ухах талаар ямар нэгэн тохирсон зүйл байхгүй.” гэх,

           гэрч Г.А-ын: “2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр намайг гэртээ байхад хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч О.Э утсаар залгаад Гурвансайхан сумаас баруун урагш 28 километрт “Цагдаан дэл” гэх газарт хүмүүс хууль бусаар жонш ухаад байна, иргэнээс дуудлага ирлээ хоёулаа явах уу гэсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд сумын цагдааг хүлээгээд байж байтал ерөөсөө ирээгүй, гар утас нь холбогдохгүй болсон. ..Удалгүй хэсгийн төлөөлөгч Б.Ө ирээд хамт дуудлага өгсөн газар руу явсан.  ...Цаашаа яваад жонш ухаад байгаа газарт очтол Гранд марк-2 маркийн 12-55 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, нэг трейлер улсын дугаарыг нь хараагүй, мөн нэг экскаватор 3000 маркийн улсын дугааргүй машинууд газар ухаад зогсож байхаар нь хэсгийн төлөөлөгч наад үйл ажиллагаагаа зогсоо гээд хууль ёсны шаардлага тавьж үйл ажиллагааг нь зогсоосон. Тэгээд тусгай зөвшөөрөл байна уу гэхэд байхгүй гэсэн....” гэх,

        гэрч Б.Э-ийн: "... Би тэр экскаватороо нэг цагийг нь 75.000 төгрөгөөр бодож У гэх хүнд түрээслүүлэхээр болсон юм. Намайг ахын хашаанд байхад аллион маркийн машинтай У, М, Б гэх хүмүүстэй П л ярьж тохирсон юм билээ. Харин би Пид экскаватороо чи өөрөө мэд гээд өгсөн. Тэрнээс тэр хүмүүсийг хаана ямар газар хууль бусаар ухаж байсныг нь мэдэхгүй. .... Надтай энэ хүмүүс огт яриагүй, би энэ хүмүүсийг огт танихгүй. ...Б 2020 оны 02 сард миний экскаваторыг хөлсөөр барьж байсан хүн байгаа юм. 2020 оны 02 сард би экскаватороо П-ийн трейлер дээр ачаад Сайнцагаан сумын төвд “Өндөр ээж” зоогийн газрын хойд талд хашааны гадаа байж байхад аллион маркийн машинтай санагдаж байна 2 хүн ирээд “Гурвансайхан сум руу 2-8 хоногийн ажил байна ажиллах уу? жоншны ажил байна. А лицензтэй газар байгаа, тэнд ажиллана гэж хэлсэн. Тэр үед 2 сая төгрөгөөр ажиллахаар болсон. ...Миний экскаваторыг хөлсөлнө гээд аваад явсан. Хэн тийшээ явах санаа гаргасныг мэдэхгүй.” гэх,

           гэрч М.П-ийн: “...2020 оны 02 сарын 07-ны өдөр Э ирээд Гурвансайхан суманд 2 хоногийн газар шорооны ажил гарсан тийшээ ажиллах уу? хэдээр явах вэ? гэхээр нь би  2.000.000 төгрөгөөр явна гэж хэлсэн. Э энэ хүмүүс зам зааж өгнө гээд У, Б, М нарыг надтай уулзуулсан.  ...Өглөө сэрэхэд П Н хоёр марк-2 машинтай ирчихсэн байсан. ...Хууль бус юм хийж байгаа талаар би мэдээгүй. Гурвансайхан суманд очсон хойно Б, М, У гурав л асуудалгүй газар 2 хоног ухна гээд яриад байсан” гэх,

       гэрч Ж.Т-ийн: “...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр У хотод байхад Б.Б над руу залгаад түрээсээр явдаг экскаватор олдох уу? энд нэг экскаватор оруулах гээд техник хайгаад байгаа юм гэсэн. Тэгэхээр нь ямар хүмүүс хайгаад байгаа юм? Зөвшөөрөлтэй юм уу? гэхэд Гурвансайхан сумын хөдөөгийн хоёр малчин байгаа юм, бууцных нь хажууд жонш гараад байгаа гэнэ, зөвшөөрөлтэй гэсэн, асуудалгүй газар, хоёр өдөр ажиллана гэсэн, М асуугаад байна гэж хэлсэн. ... М нэг залуутай хамт машинтай ирсэн. Тэр залууг нь сүүлд У гэж мэдсэн. П, Э хоёр бага түлш байгаа түрээсээ урьдчилж авна гэхээр нь би “Б руу залгаад түрээсээ урьдчилж авна гэж байна гэж ярьсан. Удаагүй 1 сая төгрөг данс руу чинь хийчихлээ гэхээр нь би шууд П-ийн 5462067361 гэсэн данс руу 1 сая төгрөгийг хийсэн. Б унаа техник олоод өг гэхээр нь олж өгсөн.” гэх,

       Гэрч Б.Б-гийн: “... Манай найз М над руу залгаад “Би Дундговь аймгийн Гурвансайхан суманд зөвшөөрөлтэй газарт жонш ухах гэж байна, надад экскаватор олоод өгөөч" гэж хэлсэн. Би тухайн үед Түвшинтөгс гэх найз руугаа залгаад “М-ын хэлсэн зүйлийг хэлсэн. Тэгэхэд М, Түвшинтөгс хоёр хоорондоо яриад тохиролцсон байсан.” гэх,

       Шинжээч Ч.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Дүгнэлтэд тусгагдсан хүрээлэн буй орчинд учирсан экологийн хохирлын хэмжээ 4.533.000.9 төгрөгийн үнэлгээнд нөхөн сэргээлтийн зардал багтсан. Нөхөн сэргээлтийн зардал нь 729.000 төгрөг болсон...” гэх мэдүүлгүүд болон “Global environ” ХХК-ийн Экологийн хохирлын үнэлгээ хийсэн 2020 оны 4 сарын 18-ны өдрийн 11/20 дугаартай “1. Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан дэл гэх газарт нийт 1425м2 талбайд газар ухагдсан, нийт хүрээлэн буй орчинд учирсан экологийн хохирлын хэмжээ 4.533.000.9 төгрөг болно.” гэх шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр нотлогдон тогтоогдож байна.

  

Өмгөөлөгч Т.Д шүүх хуралдаанд: Миний үйлчлүүлэгч Ц.Н-ыг  Х.М, Т.У, Ч.Б, П.П нартай бүлэглэн 2020 оны 02 сарын 08-ны өдөр Цагаан дэл гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр эрэл хайгуул явуулсан гэдэг зүйл ангиар татаж оруулж ирсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримт өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гарсан тайлбар, мэдүүлгээс харахад Ц.Н нь энэ хэрэгт оролцоогүй, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, яллагдагч, гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр Ц.Н гэдэг хүнийг энэ хэрэгт оролцсон байх нөхцөл байдал харагдахгүй байна. Иймд Ц.Н т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх,

Шүүгдэгч П.П-ын өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд: Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлаж П.П-ыг энэ хэрэгт оролцоотой эсэхэд эргэлзээ төрлөө. ...П.П жонш олборлох талаар анх ярилцахад оролцоогүй. Т.У, Ч.Б, Х.М нар ярилцсан ярилцсан байдаг. Хавтаст хэрэгт энэ нь тодорхой харагдаж байна. Т.У, Ч.Б, Х.М нар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулахад Гурвансайхан сумын цагдаа О.Эрдэнэтэй уулзах шаардлага гарсан. Эрдэнэтэй уулзахын тулд Ч.Б, П.П тай утсаар ярьж холбогдсон байдаг. П.П, Ц.Н хоёр Гурвансайхан сум руу явж О.Эрдэнэтэй уулзаад маргааш өглөө 08 цагт Цагаан дэл гэх газар ирсэн. ...Цагдаад 1.000.000 төгрөгийг П.П-аар өгүүлсэн үйл баримт харагдаж байна. Анх П.П-т газрын хэвлийг ухъя, олборлолт хийе гэсэн санаа зорилго байгаагүй. Энэ хэрэгт П-ыг шийтгэх үндэслэл алга. Иймд цагаатгаж өгөөч” гэх дүгнэлтүүдийг гаргаж мэтгэлцэж байх боловч гэрч О.Э-ий“2020 оны 02 сарын 07-ны өдөр намайг суман дээр айлд байхад утсаар П гэх залуу яриад та дэлгүүр онгойлгох боломж байна уу, би дэлгүүрээс юм авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би дэлгүүр онгойлгох боломж байхгүй. Ахын дүү гэрт ирээд хоол идчих гэсэн. Тэгтэл тэр залуу бас нэг залуу дагуулж ирсэн. Тэр залууг өмнө нь харсан Н гэх хүн байсан. ...Бид нар Гурвансайхан сумаас урагш хөдөө хээр гараад нэг машиндаа ороод уулзсан. ...Тэр хоёр залуу надаас танай сумын урд талд нэг жонштой газар байдаг уу? гэхээр нь би тэнд жоншны уурхай байдаг байсан гэж хэлсэн. Тэгтэл надад бид хоёр жонш ухах гэсэн юм яах уу? гэхээр нь би тэр асуудалд орохгүй миний ажилд битгий хүндрэл учруулаарай гэж хэлээд салсан. Тэр залуучуудын нэгийг нь П.П, нөгөөг нь Н гэдэг юм. Тэр залуучуудад би ух гэж огт хэлээгүй, тэр газрыг ухах талаар ямар нэгэн тохирсон зүйл байхгүй.” гэх, гэрч М.П-ийн “М, У, Б гэх хүмүүс анх над дээр ирээд жонш ухна гэсэн. Би Н-тай хамт газар үзсэн. Би экскаваторыг жолоодоод газрыг ухсан, ухаад гарсан шороог газар нь овоолсон. М, У, Б, Н, П нар ухаж байгааг хараад жонш гарвал авч явах талаар ярьж байсан.” гэх, шүүгдэгч Ч.Б-ын гэрчээр өгсөн “Пыг дуудаад хамт газар үзье гэхэд П Н гэх залууг дагуулж ирсэн. Цагаан дэл гэх газрыг үзсэн. Тэр газар дээр очоод У, М, П, Н бид нар харж байсан” гэх, шүүгдэгч П.П-ын“2020 оны 02 сарын 07-ны өдөр Н бид хоёр машинтай Гурвансайхан сумын төв дээр ирсэн. Би аав Пэрэнлэйсамбуугийн Хаан банкны данснаас 1.000.000 төгрөг авсан. Эрдэнэ цагдаад мөнгө өгөхөд Н харсан” гэх, шүүгдэгч Ц.Н-ын гэрчээр өгсөн “...Дундговь аймгийн төвд өөрийн найзууд болох П, Б нартай уулзаад Хулдын жоншны талаар ярьж байтал Б Гурвансайхан сумын нутагт жонш гарсан, хүмүүс ухсан гэнэ гэсэн. ...Тэгээд тэр газар руу явж жонш олборлохоор техник хайж эхлэхэд олдохгүй байсан. Б өөрийн танил ах У руугаа ярьж У ах экскаватор, трейлер олж ирсэн” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байх бөгөөд өмгөөлөгч Т.Д, Б.Э нарын шүүгдэгч Ц.Н, П.П нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тухай дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул...явуулсан гэдгийг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П, Т.У, Ц.Н, М, Ч.Б нарыг “ бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч П.П, Т.У, Ц.Н, М, Ч.Б нарын үйлдэл нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, тэдэнд холбогдуулж Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

            Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

       Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж хуульчилжээ.

     Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-д “иргэн аж ахуй нэгж байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого”, мөн хуулийн 7.2.4-д“хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого” мөн хуулийн 7.2.5-д байгалийн баялгийг хууль бусаар бэлтгэж борлуулсны орлого нь Байгаль орчин уур амьсгалын санд төвлөрөхөөр заасан байна. Иймд хүрээлэн буй орчинд учирсан 4.533.000.9 төгрөгийг хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр тус бүрээс 906.600 төгрөг 18 мөнгийг гаргуулан байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн банк дахь 100900013040 тоот дансанд төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

      Шүүгдэгч Х.М, Ч.Б, П.П, Т.У нар нь хохиролд тус бүр 906.618 төгрөг нөхөн төлсөн талаар баримтуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны үед шүүхэд ирүүлсэн байх тул Байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж дүгнэлээ.

         Харин шүүгдэгч Ц.Н аас 906.600 төгрөг 18 мөнгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн банк дахь 100900013040 тоот дансанд төлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал /байгаль орчны хохирлын үнэлгээ тооцох ажлын хөлс/ 1.320.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч П.П-аас 264.000 төгрөг, шүүгдэгч Х.М-аас 264.000 төгрөг, шүүгдэгч Ч.Баас 264.000 төгрөг, шүүгдэгч Ц.Н-аас264.000 төгрөг, шүүгдэгч Т.У-аас 264.000 төгрөгийг тус тус гаргуулан Глобал Энвайрон ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

       Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

        Шүүгдэгч нь Х.М, Ч.Б, П.П, Т.У нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүрээлэн буй орчинд учирсан хохиролд 906.618 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, шүүгдэгч Ц.Н нь  906.600 төгрөг 18 мөнгийг бүрэн төлж барагдуулахаа шүүх хуралдаанд илэрхийлж байна.

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Х.М, Ч.Б, П.П, Ц.Н, Т.У нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар ажил сургуулиа өөрчлөхдөө зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн болно.

          Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Х.М, Ч.Б, П.П, Т.У нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хүрээлэн буй орчинд учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүжилсэн хөрөнгөгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Х.М, Ч.Б, П.П, Т.У нар нь хохиролд тус бүр 906.618 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч Ц.Н нь /906.600 төгрөг 18 мөнгийг/ хохирлыг нөхөн төлөхөө ирэлхийлсэн болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Б овогт Х-ийн М, Ш овогт Ч-ийн Б, Г овогт Пэрэнлэйсамбуугийн П, Товогт Ц-ийн Н, Х овогт Төмөрийн У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Х.М, Ч.Б, П.П, Ц.Н, Т.У нарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

       3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Х.М, Ч.Б, П.П, Ц.Н, Т.У нарт оршин суух газар ажил сургуулиа өөрчлөхдөө зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х.М, Ч.Б, П.П, Ц.Н, Т.Ут нарт мэдэгдсүгэй.

       5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-аас 906.600 төгрөг 18 мөнгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн банк дахь 100900013040 тоот дансанд төлүүлсүгэй.

       6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал /байгаль орчины хохирлын үнэлгээ тооцох ажлын хөлс/ 1.320.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч П.Паас 264.000 төгрөг, шүүгдэгч Х.Маас 264.000 төгрөг, шүүгдэгч Ч.Баас 264.000 төгрөг, шүүгдэгч Ц.Н-аас 264.000 төгрөг, шүүгдэгч Т.У-аас 264.000 төгрөг тус тус гаргуулан Глобал Энвайрон ХХК-д олгосугай.

        7.Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүжилсэн хөрөнгөгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Х.М, Ч.Б, П.П, Т.У нар нь хохиролд тус бүр 906.618 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч Ц.Н нь /906.600 төгрөг 18 мөнгийг/ хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.

        8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М, Ч.Б, П.П, Ц.Н, Т.У нарт урьд авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

      9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР