Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/01685

 

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/01685

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 6 хороо, өөрийн байранд тоотод байрлах Сэбоцэ ХХК /РД:2100703/-ийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 57 дугаар байранд байрлах Хансуун зам ХХК /РД57182972/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 11 156 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох, нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: "Хансуун зам ХХК-ний гүйцэтгэх захирал А.Ууганзаяа нь манай компанитай Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах-худалдан авах гэрээг 2015 оны 7 сарын 29-ны өдөр байгуулж, аккумуляторыг авсан. Үүнээс 2015 оны 7 сарын 29-нд 5.505.000 төгрөгийн бараа материал 2015 оны 7 сарын 30-нд 525.000 төгрөгийн бараа материал 2015 оны 08 сарын 17-нд 1.330.000 төгрөгийн бараа материал нийт 7.360.000 төгрөгийн бараа материал худалдан аваад өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй. Худалдах-худалдан авах гэрээний 4 зүйлийн 4.3-д Худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5% -ийн алданги тооцно гэж заасан учраас хугацаа хэтрүүлсэн хоног болох 2015 оны 08 сарын 26-аас 2017 оны 4 сарын 15-нийг хүртэлх 590 хоногийн алданги төлбөрийг тооцоход 21.712.000 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-д "Алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан учраас нийт алдангийн 50 хувиар тооцон 3.680.000 төгрөгийг нэхэмжилнэ. Хансуун зам ХХК-ийн захирал А.Ууганзаяа болон хуулийн зөвлөх Ж.Мөнхзул нараас төлбөрөө шаардсан боловч тэгж байгаад өгнө хэмээн худал амлаж, 2015 оны 8 сарын 27-нд болон 2016 оны 3 сарын 17-ны өдрүүдэд албан бичгээр амлалт гарган хугацаа өгөөч хэмээн хүссэний дагуу бид хугацаа өгсөн боловч мөн л төлбөрөө төлөөгүй тодорхой үр дүнд хүрээгүй. Манай компаниас олон удаа төлбөрөө төлөхийг сануулж шаардаж оршин байгаа хаягаар нь удаа дараа шүүхэд хандсан боловч оршин байгаа хаягаасаа оргон зайлж хаана байгаа нь тодорхойгүй байсан болохоор манай байгууллагын зүгээс аргагүйн эрхэнд 2016 оны 7-р сарын 26-ны өдөр Хансуун зам ХХК-ний захирал А.Ууганзаяаг эрэн сурвалжлахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж жил гаруй хугацаанд араас нь нааш цаашаа олон удаа явсны эцэст Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Хансуун зам ХХК -ний Гүйцэтгэх захирал А.Ууганзаяаг Баянзүрх дүүргийн 1-р хорооны 57-р байрны 19-н тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон. Иймд Хансуун зам ХХК-ийн төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 7 360 000 төгрөгийг, төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алданги 3 680 000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан нотариатын зардлын хамт нийт 11 156 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэбоцэ ХХК хариуцагч Хансуун зам ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 11 156 700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Дараах үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Уг хэргийг хариуцагч Хансуун зам ХХК өөрийн үйл ажиллагаа явуулдаг хаягт буюу Хан-Уул дүүрэгт байрлах болсон талаарх нотлох баримтыг хүргүүлэн шилжүүлэх хүсэлт тавьсны дагуу тус шүүхэд шилжин ирсэн.

Гэвч хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 2017 оны 4 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүссэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзал эсхүл зөвшөөрсөн талаарх хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 нэхэмжлэлийн шаардлага, түүний үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, 25.2.3 шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх зэрэг үүргийг биелүүлээгүй тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу хүлээн зөвшөөрсөн гэж үзэн, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэл болголоо.

Нэхэмжлэгч Сэбоцэ ХХК, хариуцагч Хансуун зам ХХК нарын хооронд 2015 оны 7 сарын 29-ний өдөр бараа материал буюу 7 360 000 төгрөгийн үнэ бүхий нийт 28 ширхэг 150АН, 100АН, 90АН үзүүлэлт бүхий аккумуляторын үнийг төлөхөөс өмнө шилжүүлж, худалдан авагч Хансуун зам ХХК гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа буюу 2015 оны 8 сарын 25-ны дотор худалдагчийн дансанд төлбөрийг шилжүүлж, бүрэн төлөх үүргийг хүлээснээр зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулагдсан байна.

Талуудын хүсэл зоригоо илэрхийлж бичгээр байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан бөгөөд хүчин төгөлдөр бөгөөд хавтаст хэргийн 8-9-р хуудсанд төлбөрийг хүлээн зөвшөөрч төлөх талаар хариуцагч компанийн албан бичгийн хуулбар, тооцоо нийлсэн акт зэргийг үнэн зөвд тооцож, уг гэрээний үүргийг гүйцэтгэл нотлогдож байна гэж үзэн нэхэмжлэгч гэрээнд заасан үүргийг шаардах эрхтэй, хариуцагч мөн үүргийг гүйцэтгэх үүрэгтэй байна гэж дүгнэлээ.

Хансуун зам ХХК-аас төлбөрийг цаг тухайд нь төлөх үүргээ биелүүлээгүйгээс уг гэрээний 4.3-т зааснаар шаардаж байгаа алданги буюу гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэсэн үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Иймд нэхэмжлэгчийн бараа худалдсан үнэ 7 360 000 төгрөг болон уг төлбөрөө гүйцэтгээгүйн улмаас үүссэн алданги 3 680 000 төгрөг, мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлснээс үүсэх хохирлыг буюу өөрийн буруутай үйлдлийн улмаас эрэн сурвалжлах ажиллагааны зардлыг үүсгэсэн учир 70 200 төгрөгийг /12-р хуудсан дахь шүүхийн шийдвэрт тусгагдсан/ хариуцагчаас гаргуулах буюу нийт 11 110 200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Харин нотариатын зардлыг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримт бүрдүүлэх цуглуулах үүргийнхээ хүрээнд төлсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо.

Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193 457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан хэсэгт оногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн утсаар зурвас /мессэж/-ыг давхар хүргүүлсэн байх тул хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан ирээгүй гэж үзэж мөн нэхэмжлэгч түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж байгаа учир хэргийг мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Хансуун зам ХХК-иас 11 110 200 /арван нэгэн сая нэг зуун арван мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Сэбоцэ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46 500 /дөчин зургаан мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193 457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 192 713 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ            Ц.УРАНГУА