Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/321

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,

улсын яллагч Б.Одонтуяа,

хохирогч Э.Сын өмгөөлөгч Г.Нямсүрэн,

шүүгдэгч, хохирогч Б.И,

шүүгдэгч, хохирогч М.Б,

шүүгдэгч О.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн С.Б.И-, Н.М.Б-,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Ү.О.У-т нарт холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, .......-ны өдөр ...төрсөн 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, онгоц нисдэг тэрэгний механикч мэргэжилтэй, ........ тоотод оршин суудаг. Урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй. Улсаас авсан гавьяа шагналгүй, С.Б.И- (.........)

 

2. Монгол Улсын иргэн, ......-ны өдөр .......... төрсөн 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ............тоотод оршин суудаг. Урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй. Улсаас авсан гавьяа шагналгүй, Н.М.Б- (........)

 

3. Монгол Улсын иргэн, ............-ны өдөр ........ төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, .......тоотод оршин суудаг. Урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй. Улсаас авсан гавьяа шагналгүй, Ү.О.У- (........)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.И нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн эцэст байрлах Макс гэх караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нүүр лүү цохилоо гэх шалтгаанаар хохирогч М.Бы нүүрэн тус газар нь гараараа цохиж биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч М.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн эцэст байрлах Макс гэх караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Иыг нүүрэн тус газар нь гараараа цохиж биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч О.У нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн эцэст байрлах Макс гэх караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Э.Сыг нүүрэн тус газар нь толгойгоороо 3-4 удаа мөргөж биед баруун талын хоншоорын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, 2 шүдний сулрал, баруун нүдний зовхи, зүүн нүдний алим. баруун сарвууны хуруу, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

шүүгдэгч, хохирогч Б.И “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

шүүгдэгч, хохирогч М.Б “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

          шүүгдэгч, О.У: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Э.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны орой 23 цаг өнгөрч байхад найз Б.И-, Ихэрбаяр нартай хамт нисэхийн эцэст байрлах караокед үйлчлүүлж дуусаад гарч байхад танихгүй 30 орчим насны 4-5 хүн найз Ихэрбаяр руу заагаад энэ залуу над руу муухай хараад байсан залуу мөн байна гэж хэлээд Ихэрбаяр дээр хүрээд ирэхээр нь би тус танихгүй залууд хандан тийм зүйл болоогүй та буруу ойлгосон байна гэж хэлэхэд миний өөдөөс инээж байгаад шууд духаараа миний хамар руу мөргөхөд хамт байсан залуучууд нь бид гурвыг учир зүггүй зодож эхэлсэн бөгөөд тухайн үед бид нарыг зодож байсан хүмүүстэй хамт явж байсан эмэгтэй хүмүүс зодооныг салгах гэж оролдож байсан. Дээрх зодооны үеэр эхлээд намайг мөргөсөн 30 гаран насны, уруулынхаа дээр сахалтай, махлаг, 170 см өндөр, бор ах намайг зодоод байсан бөгөөд эхлээд миний хамар руу мөргөсөн болохоор цус гараад доош тонгойсон болохоор өөр хүн зодсон эсэхийг мэдэхгүй байна. Би нүүрээ дараад доош тонгойж байхад миний толгой руу тус залуугаас өөр хүн цохиод байгаа нь надад мэдэгдэж байсан. Намайг хамгийн их зодсон хүн уруул дээрээ сахалтай залуу миний үснээс зулгаагаад толгой руу хөлөөрөө өшиглөөд байсан. Ихэрбаяр дээр очиход нь би маргаан болж магадгүй гэж бодоод салгах зорилгоор уучлаарай ахаа гэж хэлэхэд тус залуу ямар нэгэн шалтгаангүй шууд миний нүүр рүү 2-3 удаа мөргөсөн бөгөөд тухайн үед миний хамраас цус гараад тогтохгүй байсан тул би нүүрээ дараад доошоо тонгойсон. Харин миний хоёр найзыг танихгүй хүмүүс зодоод байгаа нь надад мэдэгдэж байсан бөгөөд хэнийг нь ямар хүн зодож байсныг би харж чадаагүй. Би зодуулж байхад надад зугтаах боломж гарсан тул би 2 найзын хамт зугтаасан.Би нүүрэндээ буржгар үстэй ахад мөргүүлснээс болж миний үүдэн дээд 2 шүд хөдөлгөөн орсон нь саяхан зүгээр болсон, хамар өвдөөд байсан тул гэмтэл байгаа эсэхийг тодруулахаар зураг авхуулахад хамрын баруун талын таславч далийсан, зүүн нүдний доод хана 2.1x0.7 см хэмжээтэй сэлтэрсэн шинэ гэмтэл байна гэх хариу гарсан. Би нүүрэндээ учирсан гэмтлээ гэрээрээ эдгээсэн бөгөөд ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй бөгөөд 130.000 төгрөгөөр толгойны зураг авхуулсан...” (хавтас хэргийн 24-26 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн 2108 дугаар “...Э.Сын биед баруун талын хоншоорын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, 2 шүдний сулрал, баруун нүдний зовхи, зүүн нүдний алим, баруун сарвууны хуруу, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” (хавтаст хэргийн 50-51 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Яллагдагчаар О.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би гэр бүлийн найзуудын хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс нэртэй караокед үйлчлүүлсэн бөгөөд би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үл таних 3 залуутай маргалдах үед буржгар үстэй, жижиг биетэй залуугийн нүүрэн тус газарт духаараа 2-3 удаа мөргөхөд манай найзууд миний араас гарч ирээд бид хоёрыг салгасан. Тухайн үед бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн болохоор хэн хэн гарч ирээд намайг тус залуугаас салгасныг би сайн санахгүй байна. Тухайн үед маш их согтолттой байсан...” (хавтас хэргийн 88 дахь тал) гэсэн,

 

Хохирогч Б.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хувьд гэвэл хар өнгийн кэпик хэлбэртэй малгай, хар куртик, хар хөх өнгийн тамирын өмд өмссөн байсан Миний ихэр болох дүү Б.Ихэрбаяр нь цэнхэр өнгийн куртик хар өнгийн өмд өмссөн. Манай найз Сугарбаяр хар өнгийн куртикний юүдэн дотор хэсэг шар өнгөтэй цэнхэр өнгийн жинсэн өмд доогуураа шар өнгийн хагас түрүүтэй гутал өмссөн байсан. Бид гурав буюу дүү Б.Ихэрбаяр , найз Сугарбаяр нар караокед орсон төлбөр мөнгөө өгөх гээд тейкний хажууд зогсож байхад 30 гаран насны согтуу хүн ирээд яагаад муухай хараад байна гэж хэлээд Сугарбаярын нүүрэнд духаараа мөргөсөн тус зодооныг салгах гэтэл танихгүй олон залуучууд гарч ирээд бид гурвыг зодож эхэлсэн. Дээрх зодоон болох үед эхлээд манай найз Сугарбаярыг буржгар үстэй залуу зодож байсан би салгаж чадаагүй гэтэл цаанаас танихгүй залуу над дээр ирээд баруун гараараа миний шанаанд нэг удаа хүчтэй цохисон тул тус залууг би 1-2 удаа нүүрэн тус газарт нь цохих үед хөмсөгнөөс нь цус гарсан. Би өөр хэн нэгнийг цохиж зодоогүй...” (хавтас хэргийн 29-30 дахь тал) гэсэн

 

Хохирогч М.Бы “...Тухайн өдөр би найзуудын хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Макс нэртэй караокед ороод дууд дуулж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэтэл тус караокены хаах цаг нь болж байхад манай найз О.У- 3 танихгүй залуутай муудалцсан байдалтай байхаар нь очиход Эрдэнэбат бусдад зодуулсан байдалтай харагдсан гэтэл миний урд хар өнгийн малгайтай залуу зогсож байсан тул тус залуугийн нүүрэн тус газар нэг удаа баруун гараа атгаж цохих үед тус залуу зөрүүлээд миний нүүр рүү 2 удаа баруун гараа атгаж цохиж миний зүүн нүдний дээд зовхийг гэмтээсэн бөгөөд тус 3 залуу караокеноос гараад зугтаасан. Зүүн нүдний дээд зовхийг хар малгайтай, хар хувцастай залуу цохиж гэмтээсэн бөгөөд эхлээд нэг удаа цохисон нь шанаанд буусан дахин баруун гараа атгаж цохих үед миний зүүн нүдний дээд зовхи язарц цус гарч эхэлсэн...” (хавтас хэргийн 33 дахь тал) гэсэн,

 

Гэрч Э.Мөнхцоож мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...би өрөөнөөсөө гарч очиход М.Б-ы нүүр нь цус гарсан бусдад зодуулсан байдалтай харагдсан...” (хавтаст хэргийн 43 дахь тал) гэсэн,

 

Гэрч Э.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хөдөө уурхайд ажилладаг найз Ганбаяр Улаанбаатар хотод орж ирээд найзуудаараа уулзаж Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс нэртэй караоке руу орж дуулахаар 1 номерын өрөөнд орж 3 цаг дуу дуулахаар болсон бөгөөд бид нарын дуулах цаг дуусаж тус караокеноос гараад ариун цэврийн өрөө ороод буцаад гараа ирэхэд манай О.У-, М.Б- хоёр 3 залуутай зууралцаад зогсож байсан тухайн үед би дуулж байсан өрөөрүү шагайж харахад ямар нэгэн хүн байхгүй харин манай 2 найзтай зууралцаж байсан 3 залуугийн нэг нь манай эхнэрийг хэл амаар доромжилж байгаа нь надад сонсогдсон тул би эхнэр Агиймааг өмөөрч тус 3 залуугийн 1 залууг нь зуурч аваад толгой орчимд 1-2 цохисон тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул дээрх үйл явдлыг сайн санахгүй байна. Нэг ухаан ороход манай найз М.Б-ы хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай байсан. Дээрх зодоонд О.У-, М.Б-, бид гурав оролцсон бөгөөд тус зодоон маш хурдан болоод өнгөрсөн болохоор Ганбаяр, Бямбадорж, Мөнхцоож нар оролцоогүй...” (хавтаст хэргийн 45 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 2287 дугаар “...Б.Иын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” (хавтаст хэргийн 53-54 дэх тал) гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн 2088 дугаар “...М.Бы биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” (хавтаст хэргийн 56-57 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Яллагдагчаар Б.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...зодоонд М.Б- гэх махлаг залуу миний баруун шанаанд 1 удаа гараа атгаж байгаад цохисон тул би баруун гараа атгаж байгаад М.Б- гэх залуугийн нүүрэн тус газарт 1-2 удаа цохиход зүүн хөмсөг орчмоос цус гарсан...” (хавтаст хэргийн 96 дахь тал) гэсэн,

 

Яллагдагчаар М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...манай найз О.У- үл таних 3 залуутай маргалдаж байсан тул би маргааны салгахаар очиход 170 см өндөртэй туранхай танихгүй залуу миний өөдөөс хэл амаар доромжилсон байхаар нь би баруун гараа атгаад 1 удаа шанаанд нь цохисон. Гэтэл тус залуу зөрүүлээд миний шанаанд 2 удаа баруун гараа атгаж байгаад цохисон миний зүүн хөмсөг сэтэрч цус гарсан...” (хавтаст хэргийн 94 дэх тал) гэсэн,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дахь тал) гэсэн,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 19-20 дахь тал) гэсэн,

Хохирогч Б.Иын эмчилгээ үйлчилгээний баримт (хавтаст хэргийн 69-71 дэх тал) гэсэн,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 79-83, 105-110 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66, 67, 68 дахь тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч Б.И нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн эцэст байрлах Макс гэх караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нүүр лүү цохилоо гэх шалтгаанаар хохирогч М.Бы нүүрэн тус газар нь гараараа цохиж биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч М.Б, шүүгдэгч Б.И нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №2088 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Б.И нь хохирогч М.Быг зодож эрүүл мэндэд нь “...биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хацарт зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Б.И түүнийг нүүрэн тус газар гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

1.1 Шүүгдэгч М.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн эцэст байрлах Макс гэх караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Иыг нүүрэн тус газар нь гараараа цохиж биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.И, шүүгдэгч М.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №2287 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Иыг зодож эрүүл мэндэд нь “...биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч М.Б түүнийг нүүрэн тус газар гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

1.2 Шүүгдэгч О.У нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн эцэст байрлах Макс гэх караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Э.Сыг нүүрэн тус газар нь толгойгоороо 3-4 удаа мөргөж биед баруун талын хоншоорын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, 2 шүдний сулрал, баруун нүдний зовхи, зүүн нүдний алим. баруун сарвууны хуруу, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Э.С, шүүгдэгч О.У нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №2108 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч О.У нь хохирогч Э.Сын зодож эрүүл мэндэд нь “...биед баруун талын хоншоорын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, 2 шүдний сулрал, баруун нүдний зовхи, зүүн нүдний алим, баруун сарвууны хуруу, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч О.У түүнийг нүүрэн тус газар гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.И нь хохирогч М.Быг зодож эрүүл мэндэд нь “...биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хацарт зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол

 

шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Иыг зодож эрүүл мэндэд нь “...биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт...” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Шүүгдэгч О.У нь хохирогч Э.Сын зодож эрүүл мэндэд нь “...биед баруун талын хоншоорын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, 2 шүдний сулрал, баруун нүдний зовхи, зүүн нүдний алим, баруун сарвууны хуруу, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.И, М.Б, нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Ууганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.И, М.Б, О.У нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Б.И, М.Б, О.У нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.И, М.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч О.Ут хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.И, М.Б, О.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Б.И, М.Б, О.У нарт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.И, М.Б нар гэмт хэргийн улмаас учирсан гэм хор нөхөн төлөгдсөн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон,

Хохирогч Э.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч О.Ууганбаяр нь эмчилгээ үйлчилгээний зардалд 3.000.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан болох нь (хавтаст хэргийн 116 дахь тал) тогтоогдож, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд гаргасан нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Иймд шүүгдэгч Б.И, М.Б, О.У нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн ........ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий СиДи 1 ширхгийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.И, М.Б, З.Дөлгөөн нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Б.И-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

- шүүгдэгч Н.М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

- шүүгдэгч Ү.О.У-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иыг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар,

- шүүгдэгч М.Быг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уыг 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.И, М.Б, О.У нарыг торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.И, М.Б, О.У нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий СиДи 1 ширхгийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.И, М.Б, О.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ