Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/326

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч И.Б, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.И.Б-т холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......-нд ......... төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ....... тоотод оршин суух хаягтай, одоо хорих 429 дүгээр ангид ял эдэлж байгаа, урьд

2003 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 462 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 412 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Б.И.Б- (РД:.........1)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч И.Б нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 67 тоот захирамжаар хорих ялын эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 24 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 01 жил 01 сар 24 хоногийн хугацаанд хязгаарласан байхад 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчиж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “19”-ийн автобусны буудлын зам дагуу хяналт тавих зориулалт бүхий тоног төхөөрөмжийг салгаж, тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармаг орчимд цахим гавын оосрыг тасалж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсний улмаас төрд 818,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч И.Б: “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Иргэний нэхэмжлэгч А.Сугарнацаг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр И.Бийг хүлээн авч, цахим гавыг зүүлгэн хяналтад оруулсан боловч Ишдамбын И.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хариуцан авсан цахим бугуйвчийн тастаж, хяналтаас гарч ял эдлэхээс оргон зайлсан тул 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр И.Бийн эдлээгүй үлдсэн 10 сар 15 хоногийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр оруулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулсан.,.2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс цахим бугуйвчны оосрыг тасалсан, мөн цахим бугуйвч цэнэггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй 8 хоногийн турш оршин суугаа хаягт байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон...И.Б нь гарандаа зүүж байсан цахим гавынхаа оосрыг тасалж, соронзон цэнэглэгч гээж үрэгдүүлсэн, нөөц цэнэг хураагуурын цэнэглэгч хураагуурын цэнэглэгч залгуурыг хаяж үрэгдүүлсэн. И.Бийн эвдэж, гэмтээсэн цахим бугуйвчийн оосор нь тасарсан бол иж бүрдлээр нь солигддог үнэ нь 780,000 төгрөгийн үндсэн үнээр үнэлэгдэнэ. Харин соронзон цэнэглэгч нь 30,000 төгрөгийн үнэтэй, нөөц цэнэг хураагуурын залгуур нь 8,000 төгрөгийн үнэтэй...И.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг 07 минутад СРЗ унтраасан байршил нь 47890936333334, 106,899971 буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт унтраасан байна...” (хавтас хэргийн 6-7, 49-53 дахь тал) гэсэн,

 

Гэрч О.Ренчиндорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны цахим хяналт удирдлагын төвийн техник хангамжийн инженер ажилтай. Энэ төхөөрөмж БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахим гарын цахим бугуйвч байгаа юм. Бугуйн ухаалаг цагны хэлбэртэй бөгөөд нэмэлт дагалдах хэрэгсэл, зөөврийн цэнэглэгч 1 ширхэг, соронзон цэнэглэгч 1 ширхэг, андройд цэнэглэгч 1 ширхэг зэргийг ялтанд хүлээлгэн өгдөг. Бугуйн цагны оосор тасрахад дахин ашиглах боломжгүй. Учир нь цагны оосрын завсраар ялтсан дамжуулагч явж цагтай холбогддог учраас тасалсан дахин ашиглах боломжгүй... оосор тасарсан, дэлгэц хагарсан тохиолдолд засах арга байхгүй. Бусад зүйл эвдэрсэн тохиолдолд засаж, сэлбэж болдог бөгөөд үнийн тарифыг Бодь электроникс гаргаж манай байгууллагад өгсөн байдаг...ялтны зорчсон маршрутын зураглал нь хадгалагддаг бөгөөд хугацааг нь сайн санахгүй байна...” (хавтас хэргийн 53-54 дэх тал) гэсэн,

 

Гэрч Ч.Билэгсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 6 дугаар гудамж, 154 тоотод согтуу хүн агсан тавиад байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад И.Б- нь ганцаараа тус гудамжинд согтуу хэвтэж байсан. Тэгэхээр нь уг хүнийг автомашиндаа суулган эрүүлжүүлэх байранд оруулан үзлэг хийхэд биед өөрийнх нь иргэний үнэмлэхийн лавлагаа 1 ширхэг, Самсунг гар утас 1 ширхэг, 10,000 төгрөг 14 ширхэг, 5,000 төгрөг 1 ширхэг, 1,000 төгрөг 4 ширхэг, 500 төгрөг 5 ширхэг, 100 төгрөг 1 ширхэг, банкны карт 1 ширхэг, автобусны карт 1 ширхэг, хар өнгийн цаг 1 ширхэг оосор нь тасарсан байсан юм...оосор нь тасарсан цагийг урьд нь харж байгаагүй их содон цаг байсан. Надад үзүүлсэн цаг нь И.Б-ийн биед үзлэг хийхэд гарч ирсэн цаг мөн байна...” (хавтас хэргийн 56 дахь тал) гэсэн,

 

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний №2135 дугаартай үнэлгээний тайлангаар ... “тоног төхөөрөмж”-ийг 818.000 төгрөгөөр... үнэлсэн үнэлгээ (хавтас хэргийн 68-69 дэх тал)

 

Цахим бугуйвчид гарсан эвдрэл, гэмтлийн талаар дүгнэлтэд “ Цахим бугуйвчны оосор тасарсан, соронзон цэнэглэгч хаяж үрэгдүүлсэн, нөөц цэнэг хураагуурын цэнэглэгч залгуур хаяж үрэгдүүлсэн. Цахим бугуйвчны оосор иж бүрнээрээ солигдох тул 780.000 төгрөг, соронзон цэнэглэгч 30,000 төгрөг, энгийн цэнэглэгч 8,000 төгрөг” гэсэн (хавтаст хэргийн 33 дахь тал)

Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 34 дэх тал)

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын зорчих эрх хязгаарлах ялын хяналтын системд төхөөрөмж салсан газрын байршлыг 47890936333334, 106,899971 гэж заасан баримт (хавтаст хэргийн 31-35 дахь тал)

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 67 тоот захирамж (хавтаст хэргийн 29-30 дахь тал)

Цахим бугуйвчинд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 39 дэх тал)

Яллагдагчаар И.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...цахим гавын талаарх зааварчилгааг надад өгсөн. Би санаатай ийм зүйл хийгээгүй, архи уугаад согтоод гавыг тасалсан байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна..” (хавтаст хэргийн 46-48 дахь тал) гэсэн,

 

          Шүүгдэгч И.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 71-78 дэх тал),

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 15 дахь тал), шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 18-30, 96-104 дахь тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, И.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч И.Б нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 67 тоот захирамжаар хорих ялын эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 24 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 01 жил 01 сар 24 хоногийн хугацаанд хязгаарласан байхад 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчиж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “19”-ийн автобусны буудлын зам дагуу хяналт тавих зориулалт бүхий тоног төхөөрөмжийг салгаж, тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармаг орчимд цахим гавын оосрыг тасалж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсний улмаас төрд 818,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч А.Сугарнацаг болон шүүгдэгч И.Б, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний №2135 дугаартай үнэлгээний тайлангаар (хавтас хэргийн 68-69 дэх тал)

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын зорчих эрх хязгаарлах ялын хяналтын системд төхөөрөмж салсан газрын байршлыг 47890936333334, 106,899971 гэж заасан баримт (хавтаст хэргийн 31-35 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

 

Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч И.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өмчлөлд 818.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч И.Бийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч И.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч И.Бт Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хуралдаанд гаргасан прокурорын санал дүгнэлтийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч И.Бийг бусдын эд хөрөнгийн хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 6 сар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Шүүгдэгч И.Б нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.27-ны өдрийн 2021/ХМШЗ/214 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.19-ний өдрийн 412 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын 1 жил, 1 сар, 24 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн ялыг 10 сар 14 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримталж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч И.Бийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.Б нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.11-ний өдрийн 2022/ЦХШЗ/50 дугаар шүүгчийн захирамжаар шилжүүлэн авч цагдан хоригдсон бөгөөд түүний нийт цагдан хоригдсон 77 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Иргэний хуульд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч И.Баас  818.000 (найман зуун арван найман мянга) төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч (Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч) А.Сугарнацагт олгох нь зүйтэй.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн цахим бугуйвчийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, шүүгдэгч И.Б түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.И.Б-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бийг 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.27-ны өдрийн 2021/ХМШЗ/214 дүгээр шүүгчийн захирамжаар оногдуулсан 10 сар 14 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 7 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 11 сар 7 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.Бийн нийт цагдан хоригдсон 77 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Баас  818.000 (найман зуун арван найман мянга) төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч (Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч) А.Сугарнацагт олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн цахим бугуйвчийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Бийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ