Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/47

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

          Нарийн бичгийн дарга Б.М

          Улсын яллагч Б.С

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

        Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э холбогдох 2222000000028 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Л.Э нь иргэн П.Л-ын адууг Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн нутаг “Далан” гэх газар отроор маллаж байх хугацаандаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн П.Л-ын адуунд 2021 оны 07 дугаар сарын 20-ны үед нийлсэн алдуул мал болох 2 тооны хар зүсмийн адууг П.Л-ын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт  холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 02 сард Л гэдэг хүнээс 2 хар адуу аваад ченжид зарахдаа манай дүүгийнх гэж хэлээд адуугаа зарсан. Тэр орой цагдаад баригдсан. Миний буруу” гэв.

 

Шүүгдэгч Л.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сараас эхлэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат Л гэх хүний адууг Хулд сумын 2 дугаар багийн нутаг “Далан” гэх газар маллаж байсан. Надад бензин, тосны мөнгө хэрэг болоод маллаж байсан адуунаасаа зарахаар шийдэж Хулд суманд байдаг Түнтэг /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ гэх хүнтэй гар утсаар холбогдож 2 адуу зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүн “зарах адуугаа ачаад аваад ир” гэж хэлсэн. Би хариуд нь “надад унаа олдохгүй байна” гэж хэлэхэд Түнтэг “би хүнд хэлчихлээ” тэрэнтэй хамт ачаад ир гэж хэлсэн. Би Түнтэгийн хэлсэн хүнтэй хамт 2 адуугаа ачаад Хулд сумын төв орж зарсан. Тэр хоёр адууг тус бүр 1.000.000 төгрөгөөр зарсан ба хагасыг нь бэлнээр үлдсэнийг нь дансаар авсан. Тэгээд буцаж гэртээ очоод байж байтал Хулд сумын цагдаа ирсэн. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-н 49-50 дахь тал/

 

Хохирогч Д.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Гурвансайхан сумаас Хулд сумын нутаг “Далан” гэх газарт отрын адуун дээрээ очиж эргэчхээд, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө Дундговь аймгийн төв дамнаад буцсан. Намайг 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө гэрт очоод байж байтал адуу харж байсан Х.Э гэх залуу утсаар залгаад танай 2 морь алга болчихлоо. Би Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас хойш хайгаад явж байна, бензиний мөнгө явуулаач гэхээр нь 75.000 төгрөг шилжүүлсэн. Л.Энь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө залгаад 2 адуугаа олоогүй байна гэж хэлээд, нэг хоног чимээгүй алга болохоор нь би сэжиглээд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны орой цагдаагийн байгууллагад гомдол гаргаж бүртгүүлсэн. Манай ах Д.Улаанхүү бид хоёр нийлээд 6 азарга адуу Хулд сум руу 2021 оны 12 сарын эхээр Л.Э-д хариуцуулаад оторт гаргасан юм. Уг 2 адуу нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны үед манай нутагладаг “Овоон ус” гэх нэртэй газар ирж адуунд нийлсэн. Би энэ 2 гүүгүүл морины тухай нутгийн нийт малчид болон сум орон нутгийн удирдлагуудад танилцуулан, маллан хариулж байсан ба сүүлд 2021 оны тоогоор багийн дарга Б.Баяраад хэлж бүртгүүлсэн. Алдагдсан 2 адуу маань хоёулаа хар зүсмийн нэг нь нүдтэй Чойнжин тамгатай, нөгөө нь тамга нь сайн мэдэгдэхгүй ямар ч байсан дугуй хүрээтэй тамга дарагдсан. Энэ хоёр адуу хоорондоо адилхан бөгөөд нэг нь ахар дэлтэй, нөгөө нь хур дэлтэй байсан. Би адуугаа тус бүрийг нэг сая төгрөгөөр буюу нийт 2 сая төгрөгөөр үнэлнэ.” гэх мэдүүлэг /хх-н 16-17 дахь тал/

 

                  Гэрч А.Б-ийн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 18-ны орой Т гэх хүнээс 2 тооны морь худалдаж авсан нь үнэн. Би Т буюу Л.Э-ийг 2021 оны 12 сараас эхлэн зүс таньдаг болсон. Гурвансайхан сумын харьяат залуу байгаа юм. Манай хөдөө гэрийн ойролцоо отрын адуу маллаж байгаа. Надад 2022 оны 01 дүгээр сарын 18-ны орой  хар зүсмийн тамга нь сайн мэдэгдэхгүй 2 морь зарсан. Би Хулд суманд мал, малын гаралтай түүхий эд авч борлуулдаг. Э-ээс мал зарчих гэж шалж шаардсан зүйл байхгүй. Харин намайг мал худалдан авч борлуулдаг болохоор надад энэ 2 морийг зарсан байх. Э надад хэлэхдээ миний адуу байгаа юм гэж хэлээд надад зарсан. Би Эийг адуу малладаг болохоор өөрийнх нь байх гэж бодоод наймаа хийсэн. Эд 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг нь Х.Энхмаа гэх нэртэй данс руу шилжүүлсэн. Би Э-ээс 2 сая төгрөгөө эргүүлэн авсан. Надад санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 19-20 дахь тал/

 

                  Гэрч А.О-ийн: “...Би Э гэх залууг 2022 он гарахаас өмнөхөн 2021 оны 12 Баатардорж ахын малчин Найлаагийнд байх үеэс нь зүс таньдаг болсон. Намайг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хулд сумаас урагш 70 километрт нутаглах гэртээ байхад манай төрсөн ах А.Бутсаар залган манай малчин Наалайгийнд Э гэх залуу 2 морь надад зарна гэсэн, унаа байхгүй юм шиг байна, чи яваад ачаад ир гэхээр нь өдөр ачаад сумын төв орж А.Б ахын хашаанд нь буулгаад буцсан. Л.Э буцахдаа надтай цуг явсан тус бүрийг нь сая төгрөгөөр зарсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 23-24 дэх тал/

 

                                                                     Гэрч Б.Б-ийн: “...Би Гурвансайхан сумын 3 дугаар багийн даргыг 2017-2022 он хүртэл 5 жил хашиж байгаад 2022 оны 01 дүгээр сарын дундуур тэтгэвэрт гарсан. Одоо хувийн мал эмнэлэг ажиллуулж байна. Д.Л надад 2021 оны 08 сард манай адуунд 2 тооны хоорондоо адилхан хар зүсмийн нэг нь ахар, нөгөө нь хур дэлтэй, нүдтэй чойнжин болон дугуй хүрээтэй тамгатай морьд ирсэн. Та бүртгэж зарлаад өгөөрэй гэж утсаар хэлж байсан. Харин сүүлд 2021 оны малын тооллогоор гэрт нь очиход нөгөө 2 морь манай адуунд байгаа эзэн олдохгүй юм. Эзнийг нь олдтол би хариулж маллаж байгаад хуулийн дагуу уг адууны эзэн нь болно гэж хэлж байсан. Би тухайн үед уг адууг өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ бүртгэн авч, бусад багийн дарга нар болон иргэдэд зарлаж байсан. Хэсгийн төлөөлөгчид бүртгүүлэх гэсэн боловч эзгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-н 29-30 дахь тал/

 

                 Гэрч Б.Э-ийн: “...Би Гурвансайхан сумын Засаг даргын тамгын газарт 2002 оноос эхлэн ажиллаж, 2011 оноос Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байна. Надад 2021 оны 12 сард хэлж байсан, багийн засаг даргадаа бүртгүүлэх байх гэж хэлсэн. Манай адуунд 2021 оны 07 сард 2 адуу гүйж ирсэн, бүргүүлнэ гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг, /хх-н 32-33 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-ийн 1 дэх тал/

Мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5 дахь тал/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 дахь тал /

         Дундговь аймгийн Хулд сумын үнэлгээний комиссын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “бүдүүн морь 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг” гэх үнэлгээ хийсэн акт /хх-н 36-37 дахь тал/

                 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 54 дэх тал/

                 Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55 дахь тал/

                 Хохирогч Д.Лийн Малын А дансны хуулбар /хх-ийн 57-58 дахь тал/

             Төрийн банкны Дундговь дахь салбарын 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 39/89 дугаартай “Л.Э тус банкинд харилцах данстай” болох тухай албан бичиг /хх-ийн 62 дахь тал/

                 Хас банкны Дундговь дахь салбарын 2022 оны 02 сарын 24-ний өдрийн В119/92 дугаартай албан бичиг /хх-ийн 63 дахь тал/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Л.Э нь иргэн Д.Лийн адууг Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн нутаг “Далан” гэх газар отроор маллаж байх хугацаандаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Лийн адуунд 2021 оны 07 дугаар сарын 20-ны үед нийлсэн алдуул мал болох 2 тооны хар зүсмийн адууг Д.Лийн эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь:

шүүгдэгч Л.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сараас эхлэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат Л гэх хүний адууг Хулд сумын 2 дугаар багийн нутаг “Далан” гэх газар маллаж байсан юм. Надад бензин, тосны мөнгө хэрэг болоод маллаж байсан адуунаасаа зарахаар шийдэж Хулд суманд байдаг Түнтэг /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ гэх хүнтэй гар утсаар холбогдож 2 адуу зарсан. ... Би тэр хоёр адууг тус бүр 1.000.000 төгрөгөөр зарсан ба хагасыг нь бэлнээр үлдсэнийг нь дансаар авсан” гэх,

хохирогч Д.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Гурвансайхан сумаас Хулд сумын нутаг Далан гэх газарт отрын адуун дээрээ очиж эргэчхээд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө Дундговь аймгийн төв дамнаад буцсан юм. Намайг 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө гэрт очоод байж байтал адуу харж байсан Л.Эгэх залуу утсаар залгаад танай 2 морь алга болчихлоо. ...Л.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө залгаад 2 адуугаа олоогүй байна гэж хэлээд, нэг хоног чимээгүй алга болохоор нь би сэжиглээд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны орой цагдаагийн байгууллагад гомдол гаргаж бүртгүүлсэн юм. Уг 2 адуу нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны үед манай нутагладаг Овоон ус гэх нэртэй газар ирж адуунд нийлсэн юм. Би энэ 2 гүүгүүл морины тухай нутгийн нийт малчид болон сум орон нутгийн удирдлагуудад танилцуулан, маллан хариулж байсан ба сүүлд 2021 оны тоогоор багийн дарга Б.Баяраад хэлж бүртгүүлсэн.” гэх,

         гэрч А.Б-ийн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 18-ны орой Т гэх хүнээс 2 тооны морь худалдаж авсан нь үнэн. ..Надад 2022 оны 01 дүгээр сарын 18-ны орой 2 хар зүсмийн тамга нь сайн мэдэгдэхгүй 2 морь зарсан. Би Хулд суманд мал, малын гаралтай түүхий эд авч борлуулдаг. ...Харин намайг мал худалдан авч борлуулдаг болохоор надад энэ 2 морийг зарсан байх. Э надад хэлэхдээ миний адуу байгаа юм гэж хэлээд надад зарсан. Би Э-ийг адуу малладаг болохоор өөрийнх нь байх гэж бодоод наймаа хийсэн юм. Эд 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг нь Х.Энхмаа гэх нэртэй данс руу шилжүүлсэн” гэх

         гэрч А.О-ийн: “...Намайг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хулд сумаас урагш 70 километрт нутаглах гэртээ байхад манай төрсөн ах А.Б утсаар залган манай малчин Наалайгийнд Э гэх залуу 2 морь надад зарна гэсэн, унаа байхгүй юм шиг байна, чи яваад ир гэхээр нь ачаад сумын төв орж А.Бахынд хашаанд нь буулгаад буцсан, Л.Э буцахдаа надтай цуг явсан тус бүрийг нь сая төгрөгөөр зарсан гэж хэлсэн” гэх

                                                                     Гэрч Б.Б-ийн: “...Би Гурвансайхан сумын 3 дугаар багийн даргыг 2017-2022 он хүртэл 5 жил хашиж байгаад 2022 оны 01 дүгээр сарын дундуур тэтгэвэрт гараад, одоо хувийн мал эмнэлэг ажиллуулж байна. Д.Л надад 2021 оны 08 сард манай адуунд 2 тооны хоорондоо адилхан хар зүсмийн нэг нь ахар, нөгөө нь хур дэлтэй, нүдтэй чойнжин болон дугуй хүрээтэй тамгатай морьд ирсэн. Та бүртгэж зарлаад өгөөрэй гэж утсаар хэлж байсан. Харин сүүлд 2021 оны малын тооллогоор гэрт нь очиход нөгөө 2 морь манай адуунд байгаа эзэн олдохгүй юм. Эзнийг нь олдтол би хариулж маллаж байгаад хуулийн дагуу уг адууны эзэн нь болно гэж хэлж байсан. Би тухайн үед уг адууг өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ бүртгэн авч, бусад багийн дарга нар болон иргэдэд зарлаж байсан. Хэсгийн төлөөлөгчид бүртгүүлэх гэсэн боловч эзгүй байсан” гэх

Гэрч Б.Э-ийн: “...Би Гурвансайхан сумын Засаг даргын тамгын газарт 2002 оноос эхлэн ажиллаж, 2011 оноос Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байна. Манай адуунд 2021 оны 07 сард 2 адуу гүйж ирсэн, бүргүүлнэ гэж ярьж байсан” гэх мэдүүлгүүд гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, Дундговь аймгийн Хулд сумын үнэлгээний комиссын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн акт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.Энь өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор хангаж, түүнд 450.000 төгрөгөөр торгох санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байх тул улсын яллагчийн санал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Л.Э-ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Д.Лид  2.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид  2 тооны адууг  буцаан өгсөн, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

         

 Шүүгдэгч Л.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэргийн үйл баримт болон хуулийн зүйл, хэсгийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна.

Шүүгдэгч Л.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч Д.Л-ид учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.Э нь алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.Э-ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

           Шүүгдэгч Л.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Л-ийнЭг алдуул малыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овогт Л-ийн Э-г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Л.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

           7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      З.УУГАНБАЯР