Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00192

 

Ц.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00312 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 788 дугаар магадлалтай,

Ц.О-ын нэхэмжлэлтэй,

Н.О-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 8.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н.О-ийн  гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.О-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Н.О-ийн хүсэлтээр зээлийн гэрээ байгуулж 1.300.000 төгрөг бэлнээр, 10 дугаар сарын 17-ны өдөр 800.000 төгрөг, 10 дугаар сарын 22-ны өдөр 300.000 төгрөг, 10 дугаар сарын 24-ний өдөр 1.500.000 төгрөг, 11 дүгээр сарын 07-ны өдөр 700.000 төгрөгийн 100.000 төгрөгийг хүүд тооцож 600.000 төгрөг, 11 дүгээр сарын 18-ны өдөр 100.000 төгрөгийг хүүд тооцож 2.300.000 төгрөг шилжүүлсэн тул 2.400.000 төгрөг, 11 дүгээр сарын 22-ны өдөр 50.000 төгрөгийг зээлийн хүүд тооцож, 1.650.000 төгрөг шилжүүлсэн учир 1.700.000 төгрөг, нийт 8.700.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээг 3 хувь үйлдэж, нотариатаар гэрчлүүлж, нотариат 1 хувь, бид тус бүр 1 хувийг авсан. Мөнгөн хөрөнгийг тухай бүрт нь Хаан банк ХХК-ийн мобайл банкаар Н.О-т шилжүүлсэн. Тэрээр цалингийн зээл авах гэж байгаа удахгүй гарна, өмнөх зээлийн төлбөрийг төлсөн тохиолдолд зээл авна, охин хамтран зээлдэгчээр орно, банк зээлийн төлбөрөө төл гэнэ гэж удаа дараа тайлбарласнаар дээрх мөнгийг зээлж, өөрийн банкны зээл, тээврийн хэрэгслийн зээл зэрэг төлбөрүүдийг төлүүлсэн боловч одоог хүртэл банкны зээл гараагүй байна гэдэг. Дансаар 510.000 төгрөгийг эргэн төлсөн. Бэлнээр мөнгө аваагүй. Зээлийн гэрээний дагуу хүү нэхэмжлэхгүй, зөвхөн үндсэн зээлийн төлбөр болох нийт 8.700.000 төгрөгийг хариуцагч Н.О-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.О-ийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: ...2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ц.О-тай мөнгө зээлэх талаар харилцан тохиролцоод 1.300.000 төгрөг авсан. Үүнээс хойш 300.000 төгрөг, 1.500.000 төгрөг, 700.000 төгрөг, 2.400.000 төгрөг тус тус зээлж нийт 6.200.000 төгрөгийг зээлсэн. 2018 оны 3 дугаар сарын сүүлээр 300.000 төгрөгийн зээлийг Ц.О-ын дансаар, мөн 400.000 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийг бэлнээр төлсөн тул зээлийн үлдэгдэл төлбөр 5.900.000 төгрөг юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 8.700.000 төгрөгөөс 5.900.000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл 2.800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00312 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н.О-ээс зээлийн гэрээний үүрэгт 7.940.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.О-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 760.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 141 990 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.О-ад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 788 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.О- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Н.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Миний бие 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хөлөө гэмтээсний улмаас эмнэлгийн магадлагаа болон шүүх хуралдаанд биечлэн оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өөрийн охин П.Дэлгэрсүрэнгээр хүргүүлэхэд Ц.Оюунбилэг шүүгчийн туслах Н.Отгончимэг нь шаардлага хангахгүй нотлох баримт гэж хэлээд хүлээн авахаас татгалзсан бөгөөд энэ талаар шүүгчийн туслахтай утсаар ярихад та дараа нь давж заалдахдаа наад хүсэлт, эмнэлэгийн магадлагаагаа хавсаргаад өг гэж хэлсэн. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасан байхад миний шүүхэд мэдүүлэх эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчимд бус зөвхөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн шаардлагын хүрээнд явуулж шийдвэрлэсэн нь тус шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би хариу тайлбараар хүргүүлж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж нэхэмжлэлийн шаардлагаас 1.740.000 төгрөг дээр маргаж байхад намайг оролцуулах шаардлагагүй гэж дүгнэсэн нь дээрх зарчмыг зөрчсөн явдал юм. Мөн шүүгчийн туслах нь миний явуулсан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хэргийн хөдөлгөөний стандартыг зөрчсөн үйлдэл юм. Энэ нь шүүхийн зохион байгуулалтын буруутай үйлдэл төдийгүй, хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримт хүсэлтийг шүүхийн мэдээлэл лавлагаагаар дамжуулж, хүлээн авсан тэмдэглэл хөтөлдөггүй зэрэг буруу жишгээс үүдэлтэй. Энэхүү асуудал ганц миний хэргээр бус бүх иргэний хэрэг дээр гардаг дутагдал юм. Үүнийг цаашид бодлогын хүрээнд засаж залруулах ёстой гэж үзэж байна. Тухайн нэхэмжлэлийн шаардлага маргаантай байгаа тохиолдолд шүүх заавал намайг оролцуулж, талуудын тэгш байдал, мөн шүүх хараат бус төвийг сахисан байр сууриа илэрхийлж байхын тулд намайг оролцуулах ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9 дэх хэсэгт зааснаар дуудан ирүүлэх эрхийг нь заасаар байхад намайг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь шүүх нэг талыг барьж, зөвхөн нэхэмжлэгчид үйлчилж байна гэж үзэхээс өөр аргагүй байна. Хэргийг шийдэхдээ хэт нэг талыг барьж зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар, шаардлагыг үндэслэж хууль зүйн дүгнэлт хийсэн байна. Тухайлбал нэхэмжлэгчээс би нийт 6.200.000 төгрөг зээлсэн бөгөөд 1.300.000 төгрөг нь дээр зээлийн гэрээ байгуулсан юм. Өөрөөр хэлбэл зээлсэн нийт мөнгөнөөс 1.300.000 төгрөг гэрээтэй, 900.000 төгрөг гэрээгүй зээлсэн юм. Гэтэл шүүх зээлийн гэрээний дүнг нийт зээлсэн дүнд багтаахгүй нэмж бодсон байна. Шүүхийн шийдвэрээс 6.200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 1.740.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.О- Н.О-ээс зээлийн гэрээний үүрэгт 8.700.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэлэлцэж, хариуцагчаас 7.940.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, 760.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.О- нэхэмжлэлийн үндэслэлээ, 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд хариуцагч Н.О-ийн хүсэлтээр 7 удаа 8.700.000 төгрөг зээлж мөнгийг тухай бүр мобайл банкаар шилжүүлсэн, гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн гэж энэ тухай баримтыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Н.О- 5 удаа нийт 6.200.000 төгрөг зээлж авснаа зөвшөөрч, үүнээс 300.000 төгрөг төлсөн тул 5.900.000 төгрөг төлнө гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд 8.450.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн нь хуульд нийцжээ.

Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 510.000 төгрөг төлснийг нэхэмжлэгч зээлийн хүүд авсан гэж тайлбарласан боловч зохигч гэрээгээр хүү төлөхөөр тохиролцоогүй тул дээрх мөнгийг үндсэн зээлд тооцон, үлдэх 7.940.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүргийг хүлээдэг бөгөөд хариуцагч 2 удаагийн нийт 2.500.000 төгрөгийн зээлийг хүлээн зөвшөөрөөгүй маргасан хэдий ч нэхэмжлэгчийн тайлбар, түүний гаргасан бичгийн гэрээ, мөнгө шилжүүлсэн тухай банкны дансны мэдээллийг няцаасан тайлбар, баримтыг гаргаагүй байна.

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд хийсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн ч тэрээр шүүх хуралдаанд ирээгүйгээс шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцжээ. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй байсан,  энэ талаархи нотлох баримтыг болон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ хариуцагч шүүхэд хүргүүлсэн гэж үзэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд хариуцагчийн нотлох баримт гаргах, цуглуулах, хүсэлт гаргаж шүүхээр бүрдүүлэх, шүүх хуралдаанд оролцох эрхийг шүүх хязгаарласан гэх үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00312 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 788 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Н.О-ийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 42.800 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                              Г.АЛТАНЧИМЭГ