Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1085

 

 

 

 

 

 

 

 

 

П.Бид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч П.Бийн өмгөөлөгч Ц.Амар,

хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Барсүрэн,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 864 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Бийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн П.Бид холбогдох 1808033540888 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Цагаангууд овгийн П-н Б, 1976 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ..................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ................./,

П.Б нь 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Сая сая сарнай” хүнсний дэлгүүрт Б.Бийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: П.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Цагаанууд овогт П-н Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийг 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бид оногдуулсан 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан. П.Б нь 2018 оны 7 дугаар сарын 11-ний орой ... орж ирээд эхнэрийгээ хэл амаар доромжилж, маргалдсан. Гэнэт надад мөнгө өгсөн гээд над руу дайрсан. Над руу дайрч, хэл амаар доромжлон шууд миний нүүр рүү баруун гараараа хүчтэй цохисон. Улмаар хамар хугарч, ам, нүднээс цус гарч, хавдаад гэмтэл учирсан. Хамрын мэс засал хийлгэж, байнга эмчилгээ хийлгэж байгаа боловч одоог хүртэл эдгэрээгүй байна. Ийнхүү 3 сар 15 хоног өнгөрч байхад уг гэмтлээс үүссэн өвчин эдгээгүй байгаа учир гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах учиртайг анхаарч өгнө үү. П.Б нь гэм буруугаа ойлгож, гэмшээгүй байгааг анхаарна уу. Надад учирсан хохирол төлбөр өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг, 7 сарын цалин 6.300.000 төгрөг зэргийг төлөөгүй байхад хэргийг ингэж шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Иймд хэргийг шударга шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.Бийн өмгөөлөгч Б.Барсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, буруу дүгнэлт гарсан гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос гадна хор уршиг одоог хүртэл арилаагүй. Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэргийг тогтоох зааварт зааснаар 21 хоногт эдгээгүй бол хүндэвтэр, түүнээс дээш бол хүнд гэж үздэг. Одоо хүртэл хохирогч Б.Батбилэг шөнө нойрондоо муу, хамар нь битүүрч, эмчилгээнд дуусаагүй, цаашдаа Солонгос улс руу эмчилгээнд явуулна гэж эмч нар хэлсэн. Хор уршиг арилаагүй байхад хөнгөн гэмтэл гэж үзэх хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүх хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн гэдэг шалтгаанаар хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж, шүүх шинжээч томилж дүгнэлтийг бодитой гаргуулж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч П.Бийн өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч П.Б нь мөрдөн байцаалтын шатнаас эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий болсон. Хохирогчийн хувьд гадаад улсад сурах гэж байсан тухай визний асуудал өмнө нь яригдаж байгаагүй. Шинжээчийн дүгнэлтийн хувьд заавар дээр 21 хоног гэж байхгүй, 28 хоног болон түүнээс дээш гэж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж тухайн хэрэгт шаардлагатай асуудлуудын тухай асууж, хууль зүйн хувьд тодруулсан байгаа.” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч Б.Б ажил хийж байсантай холбоотой нийгмийн даатгал төлсөн болон цалин авсан дансны хуулга зэрэг бусад нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Мөн нотлох баримтаа бүрдүүлээд иргэний шүүхээр шийдвэрлэх боломжтой талаар шүүхийн шийтгэх тогтоол дээр дурдсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан гэмтлийн зэргийн талаарх дүгнэлтийг хохирогч Б.Бт танилцуулахад тухайн үед ямар ч санал, хүсэлт гаргаагүй. Шүүхийн шатанд ирээд хохирогч Б.Б “миний гэмтэл болон хор уршиг арилаагүй, арилаагүй гэдгээрээ миний гэмтэл хүнд байх ёстой” тухай хүсэлтийг гаргасан. Үүний дагуу Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч болох н.Ганзориг шүүх хуралдаанд оролцсон. Шинжээч эмч “хохирогч Б.Бт учирсан гэмтэл бол нэг удаа болон хэд хэдэн удаагийн мохоо зүйлийн хүчин зүйлээр үүснэ” гэж тайлбарласан. Шүүгдэгч П.Б хохирогч Б.Бийг баруун гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүдээр тогтоогддог. Хохирогч Б.Б нь гэмтсэнээс хойш хэр хугацааны дараа хагалгаанд орж байгаагаас шалтгаалан бага зэргийн өөрчлөлт гарч болно. Бага зэргийн өөрчлөлт орсон нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй гэдгийг шинжээч эмч н.Ганзориг тайлбарлаж хэлсэн. н.Ганзориг шинжээч эмчийг шинжээчийн дүгнэлтээ хамгаалж чадсан гэж үзэж байна. Иймд хохирогч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

П.Б нь 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Сая сая сарнай” хүнсний дэлгүүрт хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч Б.Бийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч П.Бийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Зүйл ангийг зөвшөөрч байна. Гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-30-32/,

хохирогч Б.Бийн “...200 төгрөгнөөс болж хэрүүл хийж байснаа ... салаавч гаргаад нүүр рүү цохьчихсон.” гэх мэдүүлэг /хх-18/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “...Б.Бийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн зовхи, хацар, шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 9620 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-24/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч П.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Хохирогч Б.Бийн гаргасан “...Надад учирсан хохирол төлбөр өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөг, 7 сарын цалин 6.300.000 төгрөг зэргийг төлөөгүй.” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан бөгөөд энэ ч үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм хорын хохиролд хохирогч Б.Б нь баримтаар 560.700 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 1.000.000 төгрөгийг төлсөн, харин өмгөөлөгчийн хөлс, ажилгүй байсан хугацааны цалинд нийт 7.300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах боломжгүй үндэслэлээ тодорхой зааж, гэм хорын бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолоор нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 864 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэжээ

Иймд хохирогч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 864 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 864 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                Ц.ОЧ