Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2018/0310/З |
Дугаар | 0195 |
Огноо | 2020-03-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 0195
2020 оны 3 сарын 25 өдөр | Дугаар 128/ШШ2020/0195 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,
Нэхэмжлэгч: “ШГ” ХХК /
Хариуцагч: МУЗГ,
Хариуцагч: БОАЯЖС
Гуравдагч этгээд: ТТХГ
Нэхэмжлэлийн шаардлага: “МУЗГ 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 272 дугаар тогтоол, БОАЯЖСын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 болон 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/ 419 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “ШГ” ХХК-нд учирсан хохирол 22.388.502.568,60 төгрөгийг хариуцагч МУЗГаас гаргуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, Ч.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, Д.Д, хариуцагч БОАЖСын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч МУЗГитгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, Л.Ц, гуравдагч этгээд ТТХГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МУЗГын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 225 дугаар “Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор байгуулах” тухай тогтоол, БОАЖСын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-237 дугаар тушаалын дагуу “ШГ” ХХК нь өөрийн ашиглах эрх бүхий газартаа бүтээн байгуулалтын ажлуудыг хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг оруулж, газраа зориулалтын дагуу ашиглаж байсан. Гэтэл БОАЖЯны А/373 тушаалаар А-237 дугаар тушаалын “ШГ” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Үүнтэй холбогдуулан “ШГ” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 272 дугаар тогтоолоор Засгийн газрын 2015 оны 225 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар шүүгчээс актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамж гарсаар байхад БОАЖС 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/419 дүгээр тушаалаар өмнөх А/373 дугаар хууль бус тушаалдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбогдуулан бидний зүгээс эдгээр хууль бус тогтоол, тушаалуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш МУЗГтогтоол, шийдвэрээр уг газарт Байгалийн түүхийн музей байгуулахаар шийдвэрлэсэн. Бид энэхүү шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, хоёр талаасаа хэд хэдэн удаа уулзаж, харилцан ойлголцолд хүрч байгаа. Бид гол нь Засгийн газар хууль номын дагуу болно гээд газар олгосон. Бид тэнд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд ажил явж байхад гэнэт болохгүй гээд цуцалсантай холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Гэхдээ Засаг тэр газар дээр музей барихаар шийдсэнийг бид хүндэтгэн, газрыг эгүүлэн авах гэхээс илүүтэй тухайн ашиглаж байсан газарт “ШГ” ХХК-иас хийсэн хөрөнгө оруулалтын зах зээлийн бодит үнэ цэн болох 22.388.502.568,60 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Бидний хувьд хөрөнгийн үнэлгээний компаниар тухайн газарт хийгдсэн зөвхөн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хөрөнгө оруулалтаа үнэлэхэд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зах зээлийн бодит үнийг 29,499,228,672 төгрөг хэмээн тогтоосон ч шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн үнэлгээ 22.388.502.568,60 төгрөг хэмээн гаргасан. Иймд энэ хэмжээний мөнгийг хариуцагч МУЗГаас гаргуулж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ төсөл уг нь хэрэгжээд дууссан бол төр хувийн хэвшлийн түншлэлийн маш сайхан жишээ болох байсан. Энэ талаар манай компани, ТТХГ хооронд хийгдсэн гэрээг маш тодорхой заалтуудаар зааж өгсөн. Энэ хурлын танхим, зочид буудлын цогцолбортойгоо ашиглалтад орсноороо ТТХГын үйл ажиллагаанд нь дөхөм, хэрэгтэй үйл ажиллагаа болох байсан. Тэнд төрийн бүх үйл ажиллагаа үнэ төлбөргүй явагдахаар гэрээнд заасан байсан. Ер нь төрийн хагас мэдлийн байгууламж болох байсан. Гэтэл үүнийг нэг компани хувийн хаус барих гэж байсан юм шиг сэтгэлгээгээр ярьж, хэвлэлээр маш их бичсэн. Бид нар тухайн үед янз бүрийн асуудал ярьж байгаагүй. Уг нь энэ гэрээгээ олоод харах юм бол гэрээнд маш тодорхой заалтуудаар төрийн өөрийнх нь үйл ажиллагаа үнэ төлбөргүй явагдах буюу Их Тэнгэрийн амны өөрийнх нь үндсэн зорилгод нийцсэн байгууламж болох байсан. Харамсалтай нь одоо музей болсноороо Их Тэнгэрийн амны анхны зорилго жоохон өөр болж ирэх гэж байгаа юм шиг байна. Гэхдээ бид нар музей болж байгаад нь баяртай байгаа. Ер нь Их Тэнгэрийн ам ард нийтэд нээлттэй болж байгаа явдалд талархалтай байгаа.” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бодит амьдрал дээр бизнесийг өөр өнцгөөс хардгаа төр, засаг болих хэрэгтэй. Би энэ төсөл рүү сүүлд орж ажилласан. Санаачлагч нь биш. Гэхдээ Монгол улсад маш хэрэгтэй төсөл байна гээд энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө сэтгэл шулуудан, хөрөнгө оруулалт хийж ирсэн хүн. Яг бодит амьдрал дээр Засгийн газар, бизнесийн байгууллага хамтраад энэ төслийг хэрэгжүүлэх ёстой. Массд удирдагдаад өмнөх Засгийн газрыг харлуулах гээд МАНАН гэдэг улс төрийн буруу зүйл рүү явуулчихлаа, Монгол Улсад хэрэгтэй төслийг устгаж байна.
Бид нарын нэхэмжилж байгаа дүн их бага дүн юм. Энэ төсөл рүү зарсан сэтгэл, энэ төсөл рүү зарсан оюун ухаан, оюунлаг менежментийн ажлыг огт тооцохгүй байна. Би Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ё.Б уулзаж, ярилцсан. Ё.Б сайдтай хамтран У.Х сайдтай ярилцсан. Тухайлбал, энэ төслийг хийх юм бол олигтой хий гэж гуйж байгаа. Зөвхөн Байгалийн түүхийн музей ч биш үнэхээр энэ төслийг цааш нь үргэлжлүүлээд аваад яв гэж гуйж байгаа юм. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын нэр хүнд, ач холбогдол өндөрт гарах байсан. АСЕМ-ийн дараахан дэлхийн байдал хурцдаад хойд Солонгос улсад Америкийн нэгдсэн улсын дайн үүсчих гээд байсан үе шүү дээ. Тэгэхэд Д.Т, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос ард улсын удирдагч К.Ж.У нарын уулзалтыг хаана хийх вэ гэдэг асуудал яригдаж байсан. Ингэхэд Швед улсад хийх үү, Монгол улсад хийх үү гэдэг асуудал ч яригдаж байсан. Энэ яг юуг харуулаад байгаа юм бэ гэхээр Монгол улсын нэр хүндийг харуулж байгаа юм. Хэрэв манай төсөл хэрэгжсэн байсан бол бид тэр уулзалтыг зохион байгуулах боломж байсан. Энэ төслийг хэрэгжүүлснээр бүс нутагтаа Монгол улсын нэр хүнд, ач холбогдол их өндөр байсан. Үүнийг ойлгох ёстой. Зүгээр нэг аж ахуйн нэгжийг муулахдаа биш, дайрч давшлахдаа биш юм. Бид татвараа төлчихсөн, энэ төсөлд хөрөнгө оруулаад хөрөнгө мөнгөө хийчихсэн байгаа. Хэдийгээр газар ашиглах шийдвэр нь 2015 оны 5, 6 дугаар сард гарсан гэдэг боловч Төрийн тусгай хамгаалалтынхан газар дээр ажил эхлэхтэй холбоотой зөвшөөрлийг өгөхгүй байсаар 10 дугаар сард барилга барьдаг хугацаа өнгөрсөн хойно өгсөн. Тэгээд Ж.С тэр өвөл хэдэн давхар эсгийгээр бүрээд дотроос нь халаадаг дулаан үүсгэгчийг тавьж байгаад төслөө эхлүүлсэн. Энэ мэтээс авахуулаад тэр карказ хийцүүдийг бид маш их өндөр зардлаар босгосон. Баримтууд нь бүгд байгааг шинжээч дүгнэсэн байдаг. Барилгын ажлыг Монгол улсын стандартаас хэд дахин илүү нарийвчлалтай яг Япон улсын стандартаар хийсэн. Өвөл 450 маркийн бетон гаргана гэдэг хэцүү. Төр ийм шийдвэр гаргаж болохгүй. Монголд оффис, орон сууцны байшинг 250 маркийн бетоноор хийдэг бол бид тэнд 450 маркийн бетоноор ажил хийсэн. Ямар их зардал байх вэ. Үүнийг энэ хүмүүс яаж дүгнэсэн гэдгийг мэдэхгүй. Ийм л зүйл болж байна. Бизнес бүрийг, хувийн хэвшил бүрийг муухай гэж харж болохгүй. Төр ийм буруу шийдвэр гаргаж болохгүй. Төрийн хийж чадахгүй байгаа зүйлийг бид нар хамтраад хийе гэсэн юм. Зөвхөн төрд ажиллаж байгаа хүмүүс Монгол улсын төлөө зүтгэж байгаа хүмүүс биш шүү дээ. Монголчууд нэгдмэл нэг санаатай байж цаашаа явна. Үүнд зөвхөн гаргасан гээд байгаа зардал нь нийт зардлынхаа талдаа ч хүрэхгүй байна. Гэтэл төсөл нураасны нөхөн олговрын хэн төлөх юм бэ. Тийм зүйлийг хэн ч ярихгүй байна. Шийдвэр нь яаж гарахыг мэдэхгүй. Төр хувийн хэвшил гэдэг зүйлийг зөв өнцгөөс нь харах хэрэгтэй. Үүн дээр надаас их мөнгө гарсан. Мөн найз нөхдийнхөө, хөрөнгө оруулагчдын мөнгийг оруулаад 6,000,000,000 доллар гаргаад юм хийх тийм боломж байсан. Тэр боломжийг устгасан. Би мөнгө хийхийг хүссэн бол ийм төсөлд биш аль нэг уул, уурхайн төсөл дээр мөнгө зарах байх. Бид нар Монгол улсын төлөө гээд энэ төслийг хэрэгжүүлсэн юм. ТТХГын төлөөлөгчийн юманд хандаж байгаа хандлага нь өөрөө бусармаг байна. Өөрсдөө тийм байж магадгүй. Бидэнд тийм зүйл байхгүй. Би Ерөнхий сайдтай уулзахдаа түүний тавьсан санал, гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаагаа хэлсэн. Тэнд гурван хүн 3 километрийн цаана байдаг л юм байгаа биз. Наагуур нь хашаа татчихаад л шийдэх асуудал. Монголын ард түмэнд 30 жилийн хугацаанд бодитой хийгдсэн зүйл байхгүй л байна шүү дээ.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн эхний шаардлага болох БОАЖЯны сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 дугаар тушаал гарах үед Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Уг хуульд зааснаар захиргаа хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэрийг гаргахаар бол тухайн этгээдэд нь мэдэгдэж, тайлбар, тодруулгыг нь авах зэргээр эрхээ эдлэх боломжоор нь хангах ёстой. Гэтэл хариуцагч тэгэлгүйгээр манай үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Би ойлгохдоо ТТХГ Тагнуулын Ерөнхий газрын харьяанд байдаг. Энэ Э.А гэдэг хүн н.Хын үед байсан гэж ойлгож байна. Энэ газрыг ашиглах асуудлыг шийдвэрлэх хүрээнд тухайн үеийн Тагнуулын Ерөнхий газрын дарга н.Х нар зөвшөөрч, дэмжиж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн өөр олон зүйл бий, цааш нь ярих уу яах уу гээд байгааг сүрдүүлээд байна гэж ойлгох уу?
Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд захиргаа эрх хэмжээ олгохоос бусад хүчингүй болгох зэрэг тохиолдолд зайлшгүй эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд энэ тухай мэдэгдэж, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулах үүрэгтэй. Байгаль орчны яам маргаан бүхий тушаалуудыг гаргахад “ШГ” ХХК-аас нэг ч удаа тайлбар авах болон шийдвэрийн талаар урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй, бодит байдлыг тогтоосон үйл баримт тогтоогддоггүй. Үүн дээр “ШГ ХХК-ийн үүсгэн байгуулагч болон Ч.А, Ж.С нарын бухимдаад байгаа зүйл нь тэр юм. БОАЖЯ манайх ийм шийдвэр гаргах гэж байна, нотлох баримтуудаа аваад ир гээд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийх ёстой байсан. Үүнийг ТТХГынхан ойлгохгүй байгаа. Байгаль орчны яамныхан хуульд заасны дагуу ойлгож байгаа байх гэж бодож байна. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрч байгаа болов уу.
Засгийн газрын төлөөлөгч Засгийн газар бүрэн эрхгүй байж гэж байна. МУЗГтухай хуулийн 24 дүгээр зүйлд Засгийн газрын гишүүний бүрэн эрх нь эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх Засгийн газрын эрхийн асуудлыг зохицуулсан байдаг. Хууль тогтоомжийн хүрээнд гаргасан тогтоол, тушаалын үндсэн дээр манай үйлчлүүлэгчид уг төсөлд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, тэр дундаа ТТХГт байшин, саравч зэрэг зүйлсийг барьж өгсөн.
Энэ бүхэнд нэг ч ширхэг төрийн мөнгө ороогүй. Засгийн газар тогтоол гаргаж, хүчингүй болгож болно. Гэхдээ хууль номын дагуу байх ёстой. Бид нарын эрх ашиг хөндөгдөөд байна. Монгол Улсын төрийн байгууллага болон хувийн хэвшил иргэн бүр шүүх, хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. “ШГ” ХХК-ийн асуудлыг шийдвэрлээч гэхээр хэн нь ч мэдэгдээгүй, юу нь ч мэдэгдээгүй нэг өдөр захирамж гарчихдаг. Тогтоол гарчихдаг. Энэ асуудал дээр гомдоод байгаа юм.
БОАЖЯны сайдын тушаалуудын хувьд хуулийн ямар нэгэн үндэслэлгүй, шүүхийн хуулийн хүчин төгөлдөр захирамжаар актын биелэлтийг түдгэлзүүлсэн байхад өмнөх хууль бус тушаалынхаа хууль зүйн үндэслэлийг өөрчилж тушаал гаргаж болохгүй. Газрын тухай хуульд заасны дагуу 2 жил ашигласангүй гэж цуцалсан. Гэтэл тэнд 2015 оноос барилгын ажил хийгдэж байсныг бүгд мэдэж байгаа. Нийтийн ашиг сонирхол зөрчигдөөд байна гэж байгаа бол үүнийгээ нотлох хэрэгтэй. Энэ энгийн маргаан. Захиргааны шийдвэр гаргах гэж байгаа бол мэдэгдэх хэрэгтэй. Барь, барь гэж байгаад бариулчхаад дараа нь энэ худлаа байсан юм байна, энэ авч чадахгүй хөрөнгөө дотор нь булаад зүгээр өг гэдэгтэй адилхан.
Маргаан бүхий актуудын хүрээнд ТТХГын эрх ашиг хөндөгдөөгүй гэдгийг төлөөлөгч нь нотолж байна.
Газрын тухай хуульд заасны дагуу газрыг хэн эзэмшиж, ашигладаг вэ гэхээр зөвхөн газрын гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, ашигладаг. ТТХГт тусгай хамгаалалттай нутагт газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ болон гэрээ өмнө нь ч байгаагүй, одоо ч байхгүй л байгаа.
Тухайн газарт хүмүүс бүтээн байгуулалт хийчихсэн, газраас үл салгах хөрөнгө тэнд булчихсан. Бид Засгийн газрын тогтоол болон БОАЖЯны сайдын хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Үүнийг цуцалчхаар бид нар яах ёстой юм бэ. Тэнд энэ хүмүүсийн хүч хөдөлмөр шингэсэн хөрөнгө байгаа. Үүнийг бид нар хэнээс авах юм бэ. Засгийн газар үүнийг урьдын Засгийн газар худлаа зүйл хийчихсэн байна гээд буцаагаад музей барих гэж байгаа бол шударга ёсны зарчмын үүднээс хандах ёстой.” гэв.
Хариуцагч БОАЖСын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БОАЖС 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А/373 дугаар тушаал гаргаж нэхэмжлэгч “ШГ” ХХК-ийн газар ашиглах эрхийн хүчингүй болгосон. Дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А/419 дүгээр тушаал гаргаж, эхний тушаалын хууль зүйн үндэслэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэхэмжлэгч компани 2015 онд газар ашиглах эрх аваад тэр ондоо байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэргийг батлуулаад АСЕМ-н үйл ажиллагаанд Монгол улсад зориулж үндэсний хурлын танхим барина гэж төсөл бичиж газар ашиглах эрхээ авсан. Харин Газрын тухай хуульд гэрээнд заасны дагуу 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй бол газар ашиглах эрхийг хүчингүй болгох; мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй бол газар ашиглах эрхийг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгч анх ерөнхий үнэлгээнд заасан хугацаандаа АСЕМ-н үйл ажиллагаанд зориулж тухайн объектоо 2 жилийн хугацаанд барьж, байгуулж чадаагүй. Мөн энэ газар нь ТТХГын хамгаалалтын бүс буюу хашаан дотор байдаг газар юм. Тэр газар 1951 оноос хойш төрийн өндөр дээд албан тушаалтан байрладаг, гадаад, дотоодын өндөр албан тушаалтнуудын хурал, семинар явагддаг газар. Тийм учраас Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан төрийн нууцлалтай холбоотой асуудал байгаа юм байна. Ийм тусгай хамгаалалттай газарт хувийн компанид газар ашиглах шийдвэр гаргасан нь төрийн нууцад халдаж байгаа хэрэг. Төрийн мэдээлэл задрах Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан зохицуулалтуудыг зөрчиж байна гэж үзэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Мөн Засгийн газар ч гэсэн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр А-225 тушаалаар “ШГ” ХХК-д газар ашиглуулахыг дэмжиж байсан. Харин үүнийг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр буруу шийдвэр байсан байна гээд тогтоол гаргаад өмнөх тогтоолоо хүчингүй болгосон байгаа. Сайдын тушаал Захиргааны ерөнхий хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд нийцсэн тушаал гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч МУЗГитгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 5 дугаар сард Засгийн газар Байгалийн түүхийн музейг шинээр барих шийдвэр гаргаад түүнээс хойш Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамд тодорхой үүрэг даалгавар өгсний дагуу бид ажиллаж эхэлсэн. Байгалийн түүхийн музей барихтай холбогдуулан хамгийн эхний ээлжид газраа сонгоод, зураг төслийн ажил эхлэнгүүт тэнд “ШГ” ХХК-ийн тодорхой хөрөнгө болох үндэсний хурлын танхим болон баригдаж эхэлсэн барилгын суурь байгаа болох нь мэдэгдэж, үүн дээр бид хоёр талаасаа нэлээн ажилласан. Өнөөдрийн шүүх хурал дээр Засгийн газрыг төлөөлж байгаа гэдгээрээ Засгийн газрын 2018 оны тогтоол, тухайн үед хүчингүй болгосон шийдвэрүүдийг зөв гэж үзнэ. Манай талаас бид нар тэнд музейгээ барих гээд энэ компанийн бүтээн байгуулалт нь эхэлчихсэн байгаа ажлыг Ерөнхий сайдаас авахуулаад манай сайд ч гэсэн хохирол, нөхөн төлбөр төлье гэдэг зүйл ярьсан байгаа. Учир нь музейгээ барихад тэнд байгаа барилгын хийцийг ашиглаад явах боломжтой талаар Р болон Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтүүд гарсан. Иймд Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын дагуу одоо хийгдсэн байгааг объектыг ашиглах замаар бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр болгосон. Гол нь энд нөхөн төлбөр гэдэг нэр томьёог хэрэглэх нь зөв үү, буруу юу гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Засгийн газрын зүгээс бизнесийн байгууллагыг хохироохгүй. Гэхдээ хүссэн хэмжээнийх мөнгийг өгөх боломжгүй гэж үзээд маш олон удаагийн шинжээч нарын дүгнэлтүүд болон мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүдийг гаргасан. Хамгийн сүүлд хөндлөнгийн шинжээчийг томилж өгнө үү гэсэн дагуу гаргасан хөндлөнгийн шинжээч үнэлгээтэй бид танилцсан. Засгийн газар анхнаасаа бодит зардал гэдэг зүйл дээр тооцооллыг хийж байгаа. Дээрээс нь бид 2015 онд хийгдсэн ажлын бодит зардлыг тооцох асуудал яригдаж байгаа. 2020 оны зүйлийг ярихгүй. Шинжээчээр ажилласан “Л” ХХК-ийн хийсэн үнэлгээг бид үзэж, танилцаж ярьсан. Барилгын хөгжлийн төвийн гаргасан байгаа 15,300,000,000 төгрөгөөс юу нь дутуу, юу нь зөрүүтэй байна гэдгийг судалсан. Тэгээд “Л” ХХК-ийн хийсэн 2015 оны 2 дүнгийн нэгийг нь энэ шүүх хурал дээр нэхэмжлэгч талтай тохиролцож чадах байх гэж бодож байна. Гэхдээ энэ нь эвлэрэх асуудал биш. Мөн нөхөн олговор биш юм” гэв.
Хариуцагч МУЗГитгэмжлэгдсэн төлөөлөгч П.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан байдаг. Мөн хуульд уг шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллага буюу байгаль орчны асуудал эрхэлсэн яам гаргахаар байсан. Гэтэл энэ хуулийн зохицуулалтаас өөрөөр буюу МУЗГаас 2015 онд нэхэмжлэгч тал болох “ШГ” ХХК-д газар ашиглахыг зөвшөөрөх агуулга бүхий тогтоолыг гаргасан. Энэ нь Засгийн газрын хууль болон холбогдох хуулийг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан бол уг захиргааны акт нь илт хууль бус болно, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж тодорхой заасан байгаа. Энэ хуулийн зохицуулалтын гол үзэл санаа буюу Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрын тогтоол захирамж хуульд дүрэмд нийцээгүй бол энэ шийдвэрийг Засгийн газар өөрөө эсхүл Улсын Их Хурал хүчингүй болгоно гэсэн хүрээндээ Засгийн газар нэгэнт хууль зөрчиж гаргасан энэ тогтоолоо 2018 оны 272 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, энэ шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх бололцоогүй гэж хэлмээр байна” гэв.
Гуравдагч этгээд Тусгай хамгаалалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд бичгээр ирүүлсэн болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улаанбаатар хотын эргэн тойрны, тэр тусмаа Богд уулын ам бүгд эзэнтэй болчихсон. Бүх газруудыг хувийн хэвшилд биччихсэн. Үндэслэлтэй, үндэслэлгүй шалтгаануудаар энэ газруудыг авчихсан байдаг. Ганц онгон байгалиараа төрийн мэдэлд үлдсэн газар нь Их Тэнгэрийн ам байсан. БОАЖЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч 1951 оноос төрийн тусгай хамгаалалтад байна гэж хэлж байна. 1951 онд Хан-Уул харш ашиглалтад орсноос хойш гэж албан ёсоор яваад байгаа боловч яг үндсэндээ 1922 оноос хойш төрийн тусгай хамгаалалт буюу тухайн үеийн анхны төр засгийн удирдагч нарын гэр тэнд байрлаж байснаас авахуулаад хамгаалалт явагдаж байсан. Нэг ёсондоо Монгол хүн бүрийн толгойд, зүрхэнд, түүхэнд энэ газар бол төрийн хамгаалалтад байдаг газар нутаг дүгнэлтэд хүрдэг ийм газар нутаг. Сүүлд 1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараа эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбогдуулан 1995 онд Төрийн хамгаалалтын тухай хууль гарсан. Энэ хуулиар төрийн тодорхой албан тушаалтнууд төрийн тусгай хамгаалалтад байхаас гадна тэдгээрийн зориулалтын орон сууц, орд, харш нь төрийн тусгай хамгаалалтад байна гээд төрийн харшийг шинэ үеийн хуулиар оруулж өгсөн. Мөн 1995 онд батлагдсан Засгийн газрын 127 дугаар тогтоол байдаг. Энэ тогтоол 2012 оны 65 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан. Энэ тогтоолоор Их Тэнгэрийн ам болон тэнд байрлаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын даргын зориулалтын орон сууц, төрийн ёслол хүндэтгэлийн харш, Их Тэнгэр цогцолбор бүгдээрээ төрийн тусгай хамгаалалтад байна гэж тогтоогоод өнөөдөр хүртэл төрийн тусгай хамгаалалтад байгаад манайх хамгаалалтыг хэрэгжүүлээд явж байна.
Энэ нутаг дэвсгэр дээр 2015 онд “ШГ” ХХК-д шийдвэр гарсан. Тэр нөхцөл байдлын үеийг ярихад манайх энэ газар, нутаг дээр газар эзэмших эрх аваагүй байсан. Яагаад гэхээр энэ төрийн өмч, төрийн газар нутаг гэдгээрээ, мөн энэ газар нутагт хэн нэгэн өөрсдийнхөө давуу байдлыг ашиглан энэ газар нутгаас аваад байр барина гэж бид нар бодоогүй. Өнөөдөр газар дээр хуулийн дагуу авахад энэ газар хязгаарлалтын бүсэд тусгай хамгаалалттай газар нутагт газар авахад газрын төлбөр өндөр төлөгддөг. Тийм учраас бид нарын зүгээс хэн нэгэн авчихна гэдэг өнцгөөс хараагүй болохоор тэр утгаараа төр нь өөрийнхөө мэдэлд байлгаж байгаа боловч төрийн тусгай хамгаалалтын байгууллагын газар гэж аваагүй. Энэ нөхцөл байдлын ашиглаад 2015 оны 01 дүгээр сард байгуулагдсан компани буюу “ШГ” ХХК хөөцөлдсөөр байгаад энэ газар дээр 6 дугаар сард гэрчилгээ авчихсан байсан. Тэр бүх процессыг бид нар маш сайн мэдэж байгаа. Яаж 2015 оны 1 дүгээр сард байгуулагдсан компани тухайн оныхоо 6 сарын хугацаа өнгөрөнгүүт тэр газар дээр газар авчихдаг юм бэ. Тухайн үед Засгийн газрын тогтоол, БОАЖЯны сайдын тушаал гээд 1922 оноос хөөх юм бол хэчнээн жил хамгаалалтад байсан газар нутгийг авсан. Ийм нөхцөл байдал үүссэн. Энэ бол эзэмшлээ үзэх юм бол сонин, сонин зүйл зөндөө яригдана. Тухайлбал өнөөдөр энэ газар Төрийн тусгай хамгаалалтын бодит эзэмшил байсан гэдэг дараах материалууд байгаа. 1999 он, 2000 он, 2002 он, 2014 онуудад манайх Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэж байсан. Энэ нутаг дэвсгэр дээр байгаа бүх объект, бүх шугам сүлжээ Төрийн тусгай хамгаалалтын эзэмшлийнх, цаашаа төрийн эзэмшлийнх. Тэгэхээр бодит эзэмшил байсан газрыг хууль зөрчин “ШГ” ХХК авсан. Үүнийг БОАЖЯны сайдын тушаалаар өөрчлөөд ТТХГынх болгосон байгаа. Тэгэхээр энэ төрийн шийдвэр зөв шийдвэр байсан. Засгийн газрын шийдвэр ч зөв шийдвэр байсан. Энэ цаана нь шал өөр утга агуулга явагдаж байгаа байхгүй юу. Байгалийн түүхийн музей гэдэг төрийн өөрийнх нь шийдвэр. Байгалийн түүхийн музей хувь хүний эзэмшлийн биш, хувийн компанийнх биш. Тэгэхээр энэ “ШГ” ХХК-нд өгсөн эрхийг цуцалсан шийдвэрийг манай байгууллага зөв гэж үзэж байгаа. Бодит эзэмшилд нь байсан Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж байна. Тийм учраас “ШГ” ХХК-ийн нэхэмжлэлийг дэмжихгүй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ШГ” ХХК анх тус шүүхэд хандан “БОАЖСын 2017 оны А/373 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “МУЗГ2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 272 дугаар тогтоол, БОАЯЖСын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 болон 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/ 419 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “ШГ” ХХК-нд учирсан хохирол 22.388.502.568,60 төгрөгийг хариуцагч МУЗГаас гаргуулах” хэмээн эцэслэн тодорхойлсон.
Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, маргаан бүхий акттай холбогдуулан шүүхээс хийсэн архив, бичиг хэргийн болон газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах болсонтой холбоотойгоор “ШГ” ХХК-иас АСЕМ-ийн 11 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалтад бэлтгэх Үндэсний зөвлөлд “Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор”-ын барилга байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах саналыг хүргүүлснийг тус зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан Хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэн дэмжижээ.
Улмаар, ТТХГын 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04/650 дугаар албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдад “... Үндэсний зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаас гаргасан зөвлөмжид үндэслэн танай яамнаас Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Их тэнгэрийн аманд газар ашиглуулах зөвшөөрлийг холбогдох этгээдэд өгсөн тохиолдолд манай газар зохих журмын дагуу гэрээ байгуулан хамтран ажиллахад татгалзах зүйлгүй” гэсэн хариуг өгсөнтэй холбоотойгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/2286 дугаар албан бичгээр “ШГ” ХХК-нд “Ерөнхий үнэлгээний дүгнэлт”-ийг хүргүүлж,
Гадаад хэргийн яамны 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Тодорхойлолт гаргах тухай” 02/2355 дугаар албан бичгээр “ШГ” ХХК-ийн барьж байгуулахаар төлөвлөж буй цогцолбор нь зөвхөн 2016 оны АСЕМ-ийн хурал төдийгүй цаашид төр засгийн өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг тогтмол хүлээн авах, Олон улсын хэмжээний хурал зөвлөлгөөн, үзэсгэлэнгийн арга хэмжээ байнга зохион байгуулагдах, олон улсын стандартыг хангасан зочид буудал, хурлын танхим бүхий Үндэсний цогцолбор болж байгаа тул манай яамны зүгээс төсөлд өндөр ач холбогдол өгөн бусад төр засгийн холбогдох байгууллагуудын хамт бүх талаар дэмжин ажиллаж байгаа” болохоо илэрхийлсэн байна.
Үүнтэй холбоотойгоор, МУЗГ2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор байгуулах тухай” 225 дугаар тогтоолоор “Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалтыг зохион байгуулах “Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор” барих “ШГ” ХХК-ийн саналыг дэмжиж, зохих журмын дагуу “Их тэнгэр”-ийн аманд газар ашиглуулах гэрээ байгуулан, хамтарч ажиллахыг” Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нарт зөвшөөрч шийдвэрлэжээ.
Энэ дагуу, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-237 дугаар тушаалаар “ШГ” ХХК-нд Богдхан уулын дархан цаазат газарт, Хан-Уул дүүрэг, Их тэнгэрийн аманд “Үндэсний хурлын танхим, аялал жуулчлал, зочид буудлын цогцолбор” зориулалтаар, 7.4 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2015/120 дугаар тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг олгон, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 15/045 дугаар улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулсан байна.
Гэвч БОАЖС 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэл болох “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны А-237 дугаар тушаалын “ШГ” ХХК-нд холбогдох хэсгийг, Засгийн газар 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 272 дугаар тогтоолоор урьдах 2015 оны 225 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож;
Улмаар, БОАЖСаас 2018 оны А/419 дүгээр тушаалаар өөрийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулсныг нэхэмжлэгч “ШГ” ХХК-иас эс зөвшөөрч тус шүүхэд хандан “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан асуудал байхгүй, энэ асуудлаарх эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй“, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй хэмээн үндэслэлгүй дүгнэсэн”, “Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох, оролцоог нь хангах ажиллагааг хийгээгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хохироосон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гарган маргаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасанчлан захиргааны байгууллага, албан тушаалтан нь үйл ажиллагаандаа “хуульд үндэслэх”, “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгайлсан зарчмыг баримтлан ажиллах үүрэгтэй бөгөөд тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасанчлан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. Энэ хүрээнд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй болохыг хуульчлан заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд, маргаан бүхий газарт болон Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэг, шинжээчийн дүгнэлт болон хэргийн оролцогчдын тайлбараар,
1. Хариуцагч БОАЖС нь маргаан бүхий акт болох 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл болгон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” дэх заалтыг баримталсан байх боловч тус заалтын хүрээнд шалган тогтоовол зохих нөхцөл байдал буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “газар нутгийн хамгаалалтын горимыг” удаа дараа буюу ноцтой зөрчсөн болохыг шалган тогтоохтой холбоотой ажиллагааг, мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг тус тус хийгээгүй;
Захиргааны ерөнхий хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй, захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6-д заасан захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх”, “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчимд нийцээгүй байна гэж шүүх үзлээ.
Үүнтэй холбогдуулан БОАЖСын 2018 оны А/419 дүгээр тушаалын төслийн танилцуулгад “... тус компани нь дархан цаазат газрын хамгаалалтын горимыг удаа дараа зөрчсөн зүйл байдаггүй.” хэмээн тэмдэглэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
2. БОАЖС 2018 оны А/419 дүгээр тушаалаар урьдах 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 дугаар тушаалд:
“1. ...Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 гэсний дараа ”...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.1.6...” дахь заалт гэж нэмсүгэй. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 гэснийг хассугай.
2. ... А/373 дугаар тушаалын 2 дахь хэсгийн “... ТТХГт буцаан олгосугай...” гэсний ”...буцаан” гэснийг хассугай” гэсэн агуулга бүхий нэмэлт өөрчлөлтийг оруулжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар, БОАЖС 2018 оны А/419 дүгээр тушаалаа шүүхээс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2018/3775 дугаар шүүгчийн захирамжаар сайдын 2017 оны А/373 дугаар тушаалын биелэлтийг түдгэлзүүлснээс хойш даруй 4 сарын дараа,
шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийн, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдааныг товчлон зарласнаас хойш 3 сарын дараа 2017 оны А/373 дугаар хууль бус тушаалын хууль зүйн үндэслэлийг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.1.6...” хэмээн нөхөн залруулах зорилгоор гаргасан.
Ингэхдээ тус нэмэлт, өөрчлөлтөд хамаарах нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа болох “ШГ” ХХК нь, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан” гэх нөхцөл байдлыг шалган тогтоох ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, энэ асуудлаар ямар нэгэн эрх бүхий байгууллагаас дүгнэлт гаргаагүй,
Газрын тухай хуулийн 40.1.4-д заагдсан байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан чухам ямар шаардлагыг нэхэмжлэгч биелүүлээгүй болохыг тодорхойлоогүй, эл нөхцөл байдлыг шалгаж тогтоох ажиллагааг хийгээгүй;
Шинжээчийн дүгнэлт болон маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгээр, “ШГ” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар маргаан бүхий газарт 16.089.698.089.80 төгрөгийн бодит зардал бүхий барилгын ажлыг гүйцэтгэсэн гэх үйл баримт тодорхой тогтоогдож байхад чухам ямар үндэслэлээр Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй,
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй зэргээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан БОАЖСын 2018 оны А/419 дүгээр тушаал, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн огноо бүхий “тушаалын төслийн танилцуулга”, маргаан бүхий газарт болон Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэг, холбогдох бусад баримтуудаар тус тус тогтоогдож байна.
3. БОАЖСаас 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/5046 дугаар албан бичгээр Засгийн газрын гишүүдэд хандан “... Засгийн газрын 2015 оны ... 225 дугаар тогтоолыг хүчингүй болгох тогтоолын төслийг боловсруулж хүргүүлсэн” дагуу нийт 9 сайдаас “дэмжсэн”, 2 сайдаас “тухайлсан саналгүй”, 1 сайдаас “...Захиргааны ерөнхий хуулийн дагуу оролцогчийг сонсох ажиллагааг хийж, тайлбарыг авах нь зүйтэй” гэсэн саналыг ирүүлснийг Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн “...Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор байгуулах тухай” Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 225 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцох” 272 дугаар тогтоолыг гаргажээ.
Захиргааны ерөнхий хуулийн 48, 49 дүгээр зүйлд заасанчлан захиргааны байгууллага нь захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран хуульд заасан үндэслэл, журмын дагуу актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцлах эрхтэй.
Хэргийн оролцогчдын тайлбар, шүүхээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архив, бичиг хэрэгт хийсэн үзлэг, холбогдох бусад баримтаар хариуцагч МУЗГ 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” 272 дугаар тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлүүдэд тухайлан заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй;
тухайлан нэг сайдаас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан журмыг баримтлах шаардлагатай болохыг тэмдэглэсээр байхад тус захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олголгүй Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаас 272 дугаар тогтоол гаргасныг шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6-д заасан захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх”, “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчимд нийцээгүй захиргааны акт байна гэж үзлээ.
4. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны “Ажлын хэсэг байгуулах тухай” 44 дүгээр захирамжаар “...Байгалийн түүхийн музей Үндэсний урлагийн их театрын газрын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, барилгын зураг төсвийг боловсруулах, холбогдох тооцоо, судалгааг хийх, барилгын ажлын эхлүүлэх бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг” байгуулан, Засгийн газрын 2019 оны 165 дугаар тогтоолоор “...Байгалийн түүхийн музейн ... шинэ барилгын зураг төсвийг боловсруулахад шаардагдах ... төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг” зөвшөөрчээ.
Улмаар, Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “...Байгалийн түүхийн музейг “Их тэнгэр”-ийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг БОАЖС, Тагнуулын ерөнхий газрын дарга нарт даалгаж” шийдвэрлэсэнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдын 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1б/4638 дугаар албан бичгээр “... Их тэнгэр”-ийн аманд ... 2016 онд “Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор”-ын зориулалттай гүйцэтгэсэн барилга угсралтын ажил ... норм ба дүрэм, стандарт болон бусад шаардлагуудыг хангаж байгаа эсэхэд мэргэжлийн дүгнэлт саналыг гаргуулахаар” Барилгын хөгжлийн төв болон ШУТИС-ийн Барилга, Архитекторын Сургуулийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны “Р” төвд ханджээ.
Энэ дагуу “Р” төв болон Барилгын хөгжлийн төвөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн тус тус Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хандан “... төмөр бетон бүтээцүүдэд үүссэн энэ согогуудыг засварлаж барилгыг үргэлжлүүлэх боломжтой”, “...нийт 15.545.782.932 төгрөгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тооцоо гарч байна. Энэ нь инженерийн түвшний тооцоо бөгөөд дүгнэлтийг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар гаргуулах шаардлагатай” тухай хариу өгчээ.
Үүнтэй холбогдуулан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/433 дугаар тушаалаар “... МУЗГ2019 оны 165 дугаар тогтоол болон МУЗГ2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийг хангах зорилгоор “ШГ” ХХК-тай “Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор”-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, түүнд зарцуулагдсан санхүүжилтийн дүн, түүний газрын асуудлаар хамтарсан уулзалтыг хийх, нэгдсэн дүгнэлт, санал гаргах ажлын хэсгийг” байгуулсан бөгөөд хэд хэдэн удаагийн уулзалтын дүнд талууд “харьцангуй ойлголцолд хүрч”, “Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор”-ын барилга угсралтын ажилд “ШГ” ХХК-иас зарцуулсан зардлын тооцоог шүүхийн журмаар шинжээч томилуулан гаргуулахаар тогтсон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан ШУТИС-ийн Р төвийн болон Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.
Хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг үндэслэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 128/ШЗ2019/7832 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний төвийг тус хэрэгт шинжээчээр томилсон боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 741 дүгээр тогтоолоор “...энэхүү захиргааны хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон нь буруу” хэмээн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тул шүүгчийн 2020 оны 128/ШЗ2020/0076 дугаар захирамжаар Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19/119 дугаар албан бичгээр ирүүлсэн 11 үнэлгээний байгууллагаас тохиолдлын журмаар “Л” ХХК-ийг тус хэрэгт шинжээчээр томилсон бөгөөд шинжээчээс 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дүгнэлтээ гарган тус шүүхэд ирүүлсэн.
Дүгнэлтээр, “... “ШГ” ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Их тэнгэрийн аманд байршилтай Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолборын дутуу барилгын зах зээлийн бодит үнэ цэнэ нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 25.227.129.733,18 төгрөг, бодит зардал бүгд 18.742.951.160, 48 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар зах зээлийн бодит үнэ цэнэ 22.388.502.568,60 төгрөг, бодит зардал бүгд 16.089.698.089,80 төгрөгөөр тогтоогдсон”.
Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад “... Их Тэнгэрийн аманд Байгалийн түүхийн музей байгуулах Засгийн газрын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа” болохоо илэрхийлж, захиргааны үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 22.388.502.568,60 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгөхийг хүсэж байгаа болохоо илэрхийлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох”, 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” хэмээн тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, хэдийгээр нэхэмжлэгч “ШГ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “МУЗГ2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 272 дугаар тогтоол, БОАЯЖСын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 болон 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/ 419 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ШГ” ХХК-нд учирсан хохирол болох 22,388,502,568.60 төгрөгийг хариуцагч МУЗГаас гаргуулах” хэмээн тодорхойлсон хэдий ч нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргасны дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Засгийн газрын 20 дугаар хуралдаанаар “...Байгалийн түүхийн музейг “Их тэнгэр”-ийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг БОАЖС, Тагнуулын ерөнхий газрын дарга нарт даалгаж” шийдвэрлэснээр “ШГ” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон БОАЯЖСын 2017 оны А/373 болон 2018 оны А/ 419 дүгээр тушаал, Засгийн газрын 2018 оны 272 дугаар тогтоолууд бодит байдалд хэрэгжсэн;
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн зүгээс Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан маргахгүй буюу тухайн дутуу барилгыг “Байгалийн түүхийн музей”-н зориулалтаар ашиглах асуудлыг дэмжиж байгаагаа шүүх хуралдааны явцад илэрхийлсэн тул шүүхээс хариуцагч БОАЯЖСын 2017 оны А/373 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг, мөн БОАЯЖСын 2018 оны А/ 419 дүгээр тушаал болон Засгийн газрын 2018 оны 272 дугаар тогтоолуудыг тус тус хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзлээ.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох захиргааны үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 22.388.502.568,60 төгрөгийг хариуцагч МУЗГаас гаргуулах шаардлагын тухайд,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасанчлан нэхэмжлэгч нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хамтаар захиргааны үйл ажиллагааны улмаас өөрт хохирлыг нөхөн төлүүлэхээр захиргааны хэргийн шүүхээр хамтатган нэхэмжлэх эрхтэй бөгөөд хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндсэн нөхцөл нь тухайн захиргааны үйл ажиллагаа хууль бус байсан эсэхээс үл хамаарах, гагцхүү тухайн захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдсон байх шаардлагатай.
Энэ хүрээнд, Засгийн газрын 2015 оны 225 дугаар тогтоол, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны А-237 дугаар тушаалын үндсэн дээр олгогдсон газар ашиглах эрхийнхээ хүрээнд Хан-Уул дүүргийн 11-р хороо, Их тэнгэрийн аманд “Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор”-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэж байсан “ШГ” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон БОАЖСын 2017 оны А/373 болон 2018 оны А/419 дүгээр тушаал болон Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 272 дугаар тогтоолыг Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 20 дугаар хуралдааны тэмдэглэлээр бодит байдалд хэрэгжүүлж, тус объектод Байгалийн түүхийн музейг байршуулахаар шийдвэрлэснээр нэхэмжлэгч компани 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 25.227.129.733,18 төгрөгийн зах зээлийн бодит үнэ цэнэ бүхий, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 16.089.698.089,80 төгрөгийн бодит зардал бүхий “Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор”-ын дутуу барилгыг гүйцээж, ашиглах боломжгүй байдалд хүрсэн байх тул шүүхээс нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх бодит зардал болох 16.089.698.089,80 төгрөгөөр тогтоон, хохирлыг хариуцагч МУЗГаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна хэмээн үзлээ.
Энэхүү шийдвэрийн хүрээнд шүүх маргаан бүхий захиргааны актуудад холбогдох, “Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор”-ын дутуу барилгын талаарх шинжээчийн дүгнэлт /үнэлгээ/-нд тулгуурлан бодит хохирлыг шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад гаргасан “...“Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор”-ын барилгын ажлыг гүйцэтгэх хүрээнд ТТХГтай гэрээ байгуулан тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэхэд зардал гаргасан” гэх асуудал нь талуудын хоорондох гэрээний үндсэн дээр үүссэн харилцаа байх тул шаардлагатай гэж үзвэл нэхэмжлэгч нь эл асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн БОАЯЖСын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/373 дугаар тушаалын “ШГ” ХХК-нд холбогдох хэсэг, БОАЯЖСын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/419 дүгээр тушаал болон Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 272 дугаар тогтоолыг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд 16.089.698.089,80 /Арван зургаан тэрбум наян есөн сая зургаан зуун ерэн найман мянга наян есөн/ төгрөгийг МУЗГаас гаргуулан нэхэмжлэгч “ШГ” ХХК-нд олгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус заасныг үндэслэн нөхөн төлүүлэх шүүхийн зардал болох “Л” ХХК-ийн шинжээчийн хөлс 32.010.000 /гучин хоёр сая арван мянган/ төгрөгөөс 16.005.000 төгрөгийг нэхэмжлэгч “ШГ” ХХК урьдчилан төлсөнтэй холбоотойгоор хариуцагч МУЗГаас 16.005.000 /арван зургаан сая таван мянган/ төгрөгийг гаргуулан “Л” ХХК-нд, БОАЖСаас 16.005.000 /арван зургаан сая таван мянган/ төгрөгийг гаргуулан “ШГ” ХХК-нд тус тус олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МУЗГ, БОАЖС нараас тус бүр 35.100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М