Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2014/0121

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

2014 оны 03 дугаар сарын 06 өдөр       дугаар 121            Улаанбаатар хот

 

Д.И-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Д.И, өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 517 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.И-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 362 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Эрүүл мэндийн нэгдлийн баруун урьд талд 0.018 га буюу 180 м.кв газрыг эмнэлэг үйлчилгээний барилга барих зориулалтаар эзэмших болсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 234 дүгээр захирамжаар уг газрынхаа эзэмших эрхийн хугацааг сунгасан.

Уг талбайд дэвсгэр газрын төлөв байдал, чанарын улсын баталгааны дүгнэлтийг гаргуулан, газар эзэмших гэрээг 5 жилийн хугацаатай хийж, газрын дуудлага худалдааны нэг удаагийн төлбөрт 4752000 төгрөг төлж, гэрээний дагуу газрын төлбөрүүдээ хугацаанд нь бүрэн төлж, зураг төсөл хийх болсон. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаар уг газрын 0.006 га буюу 60 м.кв газарт нь барилга барих, зөвшөөрлийг олгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу 60 м.кв газарт нь барилга барих, үлдсэн 120 м.кв талбайд ногоон байгууламж, тохижилт, машины зогсоол барихаар төлөвлөж, Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн газраас эх зураг, архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулж, мөн газраас газар олголтын мэдэгдлээ аван, холбогдох газруудаас техникийн нөхцөлөө авч, барилгын ажлын зураг төслөө хийлгэн, хуульд заасан нөхцөл журмын дагуу эзэмшиж байсан газартаа барилгын ажил эхлэх энэ үед Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/268 дугаар захирамж гаргаж миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн газар олголт хийсэн гэх боловч Нийслэлийн Засаг даргад хуулиар олгосон бүрэн эрх мэдлийн хүрээнд хуульд нийцүүлэн газар олголт хийж дуудлага худалдааны анхны үнийг төлүүлсэн. Нийслэлийн Засаг даргын энэхүү шийдвэр нь хуулийн дагуу олгогдсон газарт Нийслэлийн газрын албатай гэрээ байгуулж гэрчилгээ олгосон юм.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/268 дугаар захирамж гарснаар миний иргэний эрх ноцтойгоор зөрчигдөн эдийн засгийн хохирол гарсан тул гомдолтой байна. Нийслэлийн Засаг даргын энэ захирамжаар хэдэн хүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тус захирамжаар иргэн, хуулийн этгээдэд тэгш бус хандаж байна, үүнтэй холбоотойгоор сүүлийн арван жилд газрын талаар гарсан бүх захирамж адилхан хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Нийслэлд хууль бусаар эзэмшиж байгаа хуулийн этгээдүүдийг хүчингүй болгоогүй, харин миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаад гомдолтой байна. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалтыг зөрчиж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/268 дугаар захирамжийн надад хамаарах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Эрүүл мэндийн нэгдлийн баруун урьд талд 180 м.кв газрыг эмнэлэг үйлчилгээний барилга барих зориулалтаар 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 362 тоот захирамжаар Газрын тухай хуулийг зөрчин хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн байна. Улмаар 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 234 тоот захирамжаар уг хууль бус захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулсан байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс удаа дараа гомдол хүсэлт ирүүлсний дагуу тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Газрын тухай хуулийн 21, 33, 61 дүгээр зүйл заалтууд болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 гэсэн тогтоолыг үндэслэн гаргасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 3/10 дугаар тогтоол нь газрын харилцаа, хот төлөвлөлт барилгажилтад гарч байгаа зөрчлийг таслан зогсоох цаашид авагдах арга хэмжээний тухай гэсэн тогтоол байгаа. Маргаантай байгаа газрын хувьд тус тогтоолын 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий инженерийн шугам сүлжээнд холбогдох газруудад дүүргийн Засаг даргын эрх хэмжээгээ хэтрүүлэн олгосон захирамжуудыг судалж үзсэн байгаа. Уг тогтоолын дагуу 2012 оны 12 дугаар сард Нийслэлийн Засаг даргын А/644 дугаар тоот захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдан тодорхой хэмжээний судалгаа хийгдсэн. Тухайн газар барилга баригдаагүй байгаа газруудыг эхэлж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тус тогтоолын 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар инженерийн шугам сүлжээ бүхий газарт олгогдсон газруудыг хүчингүй болгон цаашид нийтийн эдэлбэрийн эзэмшил, ашиглалтад үлдэхээр болсон. Харин иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад цаашид олгохгүй байх, барилга барихыг хориглох тухай тус тогтоол гарсан байгаа.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т зааснаар инженерийн шугам сүлжээ бүхий газарт дүүргийн Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлсэн гэж байгаа. Яагаад инженерийн шугам сүлжээ бүхий газар гэж үзэж байгаа вэ гэвэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зураг ирүүлсэн, энэ нь хэргийн материалд авагдсан байгаа. Мөн инженерийн шугам сүлжээ бүхий газарт Нийслэлийн Засаг дарга 2010 онд газар олголт хийгдэн, газар эзэмших эрхийн хугацаа сунгаж 180 м.кв талбай бүхий газарт маргаж байгаа.

Инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй гэсэн үндэслэл байгаа, тухайн газарт заавал дуудлага худалдаа явуулах ёстой байсан. Эрүүл мэндийн нэгдлээс ирүүлсэн гомдол тухайлбал, Эрүүл мэндийн нэгдлийн ажилчдын хурлын тэмдэглэл хэргийн материалд авагдсан байгаа. Газар эзэмших эрх нь хүчингүй болсноор барилгын үйлчлэл нь зогсох юм.

Тус эмнэлгийн дарга барилга барих эрхийг өгөх эрх бүхий албан тушаалтан биш юм. Нэг удаагийн төлбөр төлсөн гэдэгт 2003 оны Засгийн газрын дуудлага худалдаа явуулах журамд дуудлага худалдааны үнийг тооцох аргачлалыг зааж өгсөн байдаг. Үүний дагуу нэг удаагийн төлбөр хийгдсэн. Дуудлага худалдааны анхны үнэ болох нэг удаагийн төлбөр төлөлт гэдэг нь нэг ижил ойлголт юм. Нэг удаагийн төлбөр гэдэг нь тухайн үед анхны үнэ бодох аргачлалаар хамгийн доод эхэлж байгаа нэг удаа төлсөн төлбөр юм. Барилга барихад зарцуулсан зардлыг үгүйсгэхгүй юм. Гэхдээ хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжтой юм. Захиргааны байгууллага албан тушаалтны гаргасан үйлдэл /эс үйлдхүй/-ээс болж нэхэмжлэгчид ямар нэгэн хохирол учирсан нь тогтоогдсон тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой юм. Дуудлага худалдааны үнэ болох нэг удаагийн төлсөн төлбөрийг манайхаас буцаан өгөх боломжтой. Хохирлын хувьд нэхэмжлэгч илүү их төлбөр гаргасан талаар тогтоогдвол Иргэний шүүхэд гомдол гарган нөхөн төлүүлэх боломжтой. Нэг хүний эрх ашиг сонирхлоос болж цаана олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Газрын нэг удаагийн төлбөр төлсөн гэдэг нь дуудлага худалдаа явуулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрийн байгууллага албан тушаалтан өөрийн шийдвэр үйлдэл /эс үйлдэхгүй/- ээр газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн эрх ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзвэл өөрөө тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээтэй. Тухайн үед дуудлага худалдаа явуулаагүй нь Нийслэлийн Засаг даргын буруутай үйл ажиллагаа байсан гэх байдлаас хүчингүй болгон шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 234 тоот захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 100 айлд газар эзэмших эрхийн 052396 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 3052/0072 дугаар бүхий 3500 м.кв талбай бүхий газрыг эзэмшдэг. Уг газрыг эзэмших, ашиглах газрын баталгаат хэмжээг тогтоосон акт нь Нийслэлийн газрын албаар 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөр баталгаажсан байдлаар 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдөр эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын 18644312079586 дугаартайгаар шинэчлэн Нийслэлийн газрын албаны мэдээллийн санд оруулсан байна.

Эмнэлгийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах “Барилгын норм ба дүрэм, хот төлөвлөлт, эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага" зөрчиж, манай эмнэлгийн “В” блокын баруун талд тулган манай эзэмшил газраас иргэн Д.Ид 2010 оны 234 тоот захирамжаар газар эзэмшүүлж, барилга барих зөвшөөрөл олгожээ. Миний өмнө ажиллаж байсан дарга асан О.Бямбаа нь эмнэлгийн барилгын баруун талд тулган барилга барих зөвшөөрлийг байгууллагын хамт олны болон захиргааны хурлаар хэлэлцүүлэлгүйгээр дур мэдэн өгсөн бичиг нь манай 2010 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 214 тоот баримт бичгийн огноог ашиглан хуурамчаар үйлдсэн баримт бичиг болох нь тогтоогдсон тул уг зөвшөөрлийг хүчингүй гэж үзэж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр болсон ээлжит бус хуралдаанаар "... сургууль, цэцэрлэг, эдэлбэр газарт” газар олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгон гэж хурлын тогтоол гарсныг бүх ажилчдын хурал дээр нь танилцуулж, “Сүхбаатар” эрүүл мэндийн нэгдлийн бүх ажилчдын 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаас эмнэлгийн эдэлбэр газрыг чөлөөлүүлэхээр гарсан санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжилсан. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/268 дугаар захирамжаар иргэн Д.И-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/268 тоот захирамжаар чөлөөлөгдсөн газрыг эмнэлэг үйлчилгээний зориулалтаар манай байгууллагад эзэмшүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга, Газрын албанд бичгээр удаа дараа гомдол гаргаж байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлэхдээ эмнэлгийн удирдлагууд нь зөвшөөрч байсан гэж байна. н.Бямбаа даргын барилга барихыг зөвшөөрсөн бичиг нь хуурамч юм. Энэ талаар хэргийн материалд өгсөн байгаа. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл нь иргэн Д.И-ийн маргаан бүхий газартай залгаа учраас барилга барихад манай барилга нурах магадлал өндөртэй юм. Иймээс 2013 оны Нийслэлийн Засаг даргын А/268 дугаар захирамжийг дэмжиж байна гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 517 дугаар шийдвэрээр, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.И-ийн гаргасан “нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/268 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.И давж заалдах гомдолдоо: Миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 517 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, шүүх дараах нөхцөлийг харгалзан үзэж, холбогдох нотлох баримтад дүгнэлт хийж, үнэлж үзсэнгүй, шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт дүгнэлт хийсэнгүй гэж гомдол гаргаж байна. Үүнд:

Нийслэлийн Засаг дарга 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 234 дүгээр захирамжаар иргэн надад 180 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулан олгож, мөн дахин хэлэлцэж, 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаар "Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай" шийдвэр гарган, газар эзэмших эрхийг дахин баталгаажуулж байсан. Гэтэл 8 жилийн дараа буюу С хөрөнгө мөнгөө зарцуулсны дараа "газар эзэмшүүлэх эрх олгохдоо хууль зөрчсөн байна" хэмээн хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/268 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

Хэрэв иргэд бид ийм хугацааны дараа уг захиргааны актад холбогдуулан хууль зөрчсөн тухай мэдүүлсэн бол хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учир хүлээн авахгүй байх. Нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн 2005 онд "дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал"-ын талаар Газрын тухай хуульд заасан боловч анхны үнийг хэрхэн тодорхойлж гаргах аргачлалыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалаар анх удаа баталсны үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга 4.752.000 төгрөг гэж үнэ тогтоож төлүүлснээр эрхийг баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, эрх зүйн зохицуулалттай байсан хэдий ч дуудлага худалдааны анхны үнийг хэрхэн тодорхойлох аргачлал нь батлагдаагүй байсанд иргэнийг хохироох ёсгүй юм.

Аливаа захиргааны актын агуулга нь тухайн актынхаа зорилгод болон байгууллагынхаа бодлогод нийцсэн байх байтал нэг өдөр 2 өөр агуулга бүхий шийдвэр гаргаж, ялгамжтай хандаж зарим хүмүүсийн газар эзэмших эрхийг хэвээр үлдээсэн. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга мөн өдрөө А/309 дүгээр захирамж гарган барилга байгууламж барих хүсэлт гаргасан тохиолдолд анхны үнийг төлүүлж, улмаар газар эзэмших эрхийг хэвээр үлдээх нөхцөлийг зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, барилга барих хүсэлт шийдэгдсэн, тооцоолж нэхэмжилсэн анхны үнийг төлсөн байхад хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим хэрэгжсэнгүй, А/309 захирамжид хамааруулсан байдаг.

Ийнхүү дуудлага худалдаа зохион байгуулаагүй өөрийнхөө буруутай үйл ажиллагаагаа зөвтгөж засаж байгаа нэрээр шударгаар газар эзэмших эрх олж авсан иргэн миний эрхийг хөндсөн хариуцагчийн үйл ажиллагааг хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэж байна хэмээн шүүх дүгнэлээ.

Маргаан бүхий газар нь барилгажих талбай болох нь тодорхой бөгөөд олгогдсон эрхийг Нийслэлийн Засаг дарга 2 удаа хянан үзэж баталгаажуулсан нь баримтаар , нотлогдож байгаа төдийгүй ийнхүү шугам сүлжээ бүхий газарт эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрхийнхээ хүрээнд газрын анхны үнийг төлүүлж, захирамж гаргасан. 180 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэдий ч үүнээс 120 м.кв талбай нь ногоон байгууламж, авто зогсоол хийхээр төлөвлөгдөж батлагдсан төдийгүй уг газар доогуур ямар нэг шугам сүлжээ байхгүй болох нь зургаар харагддаг.

Харин Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг зөрчсөн гэх боловч ямар хэмжээний диаметртэй шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын хэдэн метрийн зурваст гэж хэрхэн зөрчилдөж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч надад ойлгомжгүй шийдвэр болжээ. Уг хэргийг хэлэлцэх ажиллагаанд буюу шүүх хуралдаанд гуравдагч этгээд оролцсон бөгөөд эрх ашиг нь С' хөндөгдөөгүй тухай удаа дараагийн албан бичгийг шүүхэд ирүүлж байсанд огт дүгнэлт хийсэнгүй.

Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий актынхаа үндэслэлийг өөрийн хууль зөрчсөн ажиллагаа болон зөрчлийг таслан зогсоож байгаа хэмээн тайлбарладаг. Гэвч энэхүү актын шууд үр дагавар нь төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтанд хандан өргөдөл гаргаж, шударгаар эзэмших эрх олж авсан иргэн намайг гэм буруугүй байхад нь газар эзэмших эрхийг дуусгавар болгож, үр дагавар үүсгэсэн, миний хууль ёсны эрх ашгийг хөндсөн нөхцөл байдалд огт дүгнэлт хийсэнгүй.

Хариуцагчаас шүүх хуралдаан дээр Газрын тухай хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байдлын тухай ямар нэг үндэслэл дурдаагүй, түүнчлэн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийг дуусгавар болгох үндэслэл огт яригдаагүй байхад миний газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь Газрын тухай хуульд нийцэхгүй байна. Хэдийгээр Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх хэмжээтэй боловч Газрын тухай хуульд нийцүүлж, үүгээр тодорхойлсон нөхцөлд эрх хэмжээгээ хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сонгож хохироох эрхгүй гэж үзэж байна.

Иймд уг шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй учир хүчингүй болгож, нэхэмжлэгч миний зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 362 дугаар захирамжаар иргэн Д.Ид Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Эрүүл мэндийн нэгдлийн баруун урд талд хувийн эмнэлэг барих зориулалтаар 180 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба улмаар Нийслэлийн Засаг даргын С 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 234 дүгээр захирамжаар баталгаажуулж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаар эзэмшил газрын 60 м.кв газарт барилга барих зөвшөөрөл олгожээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/268 дугаар захирамжаар “Сүхбаатар дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчиж хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр газар эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр Д.Ид газар эзэмшүүлж, улмаар баталгаажуулсан, дээрх захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын С харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барихыг хориглоно” гэж тус тус заажээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Д.Ид эзэмшүүлсэн газрын кадастрын зураглал, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1004 тоот албан бичиг, Д.И-ийн эзэмшиж байсан газрын байршлын зураг /хх-151 тал/, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн газрын байршлын кадастрын зураг /хх-154 тал/, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын зураг/хх-187 тал/, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг болон бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Ид эзэмшүүлсэн газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газар бөгөөд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай бүхий, мөн инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хамаарах газар болох нь тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгч Д.Ид газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй, өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн Засаг дарга өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг зөрчиж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, эмнэлгийн орчмын газарт газар олгож хууль зөрчсөний гадна Нийслэлийн Засаг дарга нь газрыг баталгаажуулахдаа газрын төлөв байдлыг судлалгүй, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хамаарах газарт газар эзэмших эрхийг баталгаажуулан хууль зөрчжээ.

Мөн нэхэмжлэгч нь газрын дуудлага худалдааны үнэ гэж 4.752.000 төгрөгийг төлсөн гэж тайлбар гаргах боловч энэ нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулж, газар эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2/1033 тоот албан бичиг болон барилгын эскиз зураг зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн барихаар төлөвлөгдөж буй барилга нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн барилгатай шууд залгаа, зай завсаргүй тулгаж баригдахаар төлөвлөсөн, уг барилгыг барихад дулааны төвлөрсөн хангамжийн тоноглолын хүчин чадал хүрэлцэхгүй зэрэг байдлууд тогтоогдсон байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/268 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасантай нийцсэн талаар шүүх зөв дүгнэлт хийжээ.

Харин нэхэмжлэгч нь төрийн эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон гэж үзвэл хохирлоо хууль бус шийдвэр гаргасан этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэстэй тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 517 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1- д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.