Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
Хэргийн индекс | 186/2016/0058/Э |
Дугаар | 54 |
Огноо | 2016-07-25 |
Зүйл хэсэг | 148.1., |
Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 54
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн,
улсын яллагч Б.Уранчимэг,
шүүгдэгч С.Баярхажид,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл /¹0252/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хэлэлцэв.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Зайгал харуул овогт Сэрсэндэмидийн Баярхажидад холбогдох 201625031062 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эмэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймаг Мөрөн сум 27 дугаар гудамж 06 тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 32-90 тоотод түр оршин сууж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Зайгал харуул овогт Сэрсэндэмидийн Баярхажид /РД-РС76072008/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: С.Баярхажид нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн Завъяа” нэртэй дэлгүүрийн худалдагч Н.Мөнхцэцэгийг С.Баярхажид гэгч нь хуурч мэхлэн 7.8 граммтай цул алтан бөгжийг хуурч бөгжөөр сольж авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгээр яллах болон цагаатгах дараах хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Баярхажид мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Н.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завъяа” дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулдаг юм. Манай лангуунд худалдагч Мөнхцэцэг нь зарсан бараанаас хувь авч цалинжаад ажилладаг. Лангуун дээрх барааг би өөрөө Сүндрүк ХХК-иас худалдан авч борлуулдаг юм. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр лангуун дээрээ ирээд бараагаа тооолж худалдагчтайгаа кодоор тулах байх үед хуурамч гольцоо бөгжинд алтан ээмэгний шошго байхаар нь гайхаад сугалж гаргаж ирээд граммлаад үзтэл 5.3 грамм байсан. Тэгээд барааны кодны дэвтэрээс граммыг нь хартал 7.8 граммтай 22 размерын цул алтан гольцоо байх ёстой байтал хуурамч бөгжөөр солигдсоныг мэдээд худалдагч Мөнхцэцэгээс асуухад надаас нэг сэжиг бүхий эмэгтэй ээмэг бөгж сонирхож үзээд байсан тур сольсон байж магадгүй гээд хяналтын камерийн бичлэгийг үзтэл өөрийгөө Баяраа гэж танилцуулсан эмэгтэй сольж хийсэн байсан. Ингэж уг асуудлыг мэдсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17х/
Гэрч Н.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 4 дүгээр сарын нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завъяа” дэлгүүрт худалдагч хийдэг бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр манай лангуун дээр үл таних эмэгтэй ирээд өөрийгөө Баярмаа гэж танилцуулан Төв аймгийн заамрын Алтны уурхайд ажилладаг, ажлын газар нь хүмүүсийнхээ төрсөн өдрөөр ном мөнгөн аяга бэлэглэх гэж явна, ямар үнэ ханштай вэ? Гэж 5-ынм мөнгөн аяга, алтан бөгж үзэж байснаа сүүжин ээмэг ээждээ авч өгөх гэсэн юм, хэдэн төгрөгний үнэтэй вэ? Гэх мэтээр грамм бодуулаад надад 6.8 грамм цул алтан бөгж байгаа, тэрийгээ хүнд зарах гэсийн ярлык байвал өгөөч гэхээр нь алтны шинэ ярлык гаргаж дээр хэлсэн үнэ граммыг нь бичиж өгсөн. Тэгээд алтны уурхайд ажилладаг гэхээр нь манай дүү тогооч мэргэжилтэй, ажилгүй байгаа юм, чи ажилд оруулж өгч чадах уу гэж асуухад болно ш дээ гээд 88143216 гэсэн утасны дугаар өгөөд аяганы үнэ судалж байгаад эргээд ирье гээд явсан. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр манай дүү Мөнхзултай холбогдоод ажилд орох бичиг баримтаа эгч дээрээ орхичих би хөдөөнөөс ороод ирсэн. Тэрүүгээр явахаараа эгчийн чинь ажлаар ороод дайрч авъя гэж ярьж байсан. Тэгсэн манай дүү ирээд удаагүй сууж байтал Баярмаа гэх эмэгтэй ирж манай дүүгийн бичиг баримтыг аваад надад нэг хямдхан Приус 20 маркийн машин хэрэгтэй байгаа юм, зарах хүн байна уу гэж байснаа, би нээрээ нөгөө бөгжөө 600.000 төгрөгөөр хүнд зарчихсан ш дээ гэж ярьж байсан ба манай дүүгийн бичиг баримтыг торонд хийгээд муухай болгочихно доо гэхээр нь дүүгээ бичиг хэргийн дэлгүүр рүү хавтсанд явуулсан хойгуур рубин шигтгээтэй алтан сүүжин ээмгийг зүүж үзье гэхээр нь тавиуртай нь гаргаад лангуун дээр тавиад өгсөн. Тэр үед би хажуугаар нь бас нэг хүнд үйлчилж байсан болохоор өөрөө аваад зүүж үзэж байсан. Дараа нь камерийн бичлэг дээрх бичлэгийг үзэхэд ээмэгний ярлык аваад халаасандаа хийж байгаа дүрс байсан. Удалгүй манай дүү хавтас авч орж ирж таарсан. Тэгэхдээ тэр ээмгийг зүүж үзэж байсныг харсан болохоор гэрчилнэ. Тэгээд манай дүү түрүүлээд явсан. Нөгөө хүүхэн надтай юм ярьж байгаад 2 цагийн дараа буцаж орж ирээд манай ажлын газрын хүн надад ганц алтан бөгжний үнэ ханшийг мэдээд ирээч гээд байна гээд байна гэхээр 60 ширхэг алтан бөгж тавиуртай нь гаргаж ирээд үзүүлтэл их олон алтан бөгж үзэж байгаад янз бүрийн граммтай бөгж бодуулж үзэж байснаа нэг ч бөгж худалдаж аваагүй ба үзэж байх үедээ өмнө үзэж байсан ээмэгний ярлыктай хуурамч 7.8 граммтай 22 размерын цул алтан бөгжөөр сольж хийсэн байсан. Тухайн үед би анзаараагүй ба 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр манай лангууны эзэн бөгжөө авч явж нэг бүрчлэн размер бичих үедээ өнгө нь өөр ээмэгний ярлыктай бөгж байгааг хараад мэдсэн юм. Ийм учраас цагдаагийн байгууллагад хандсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/
Гэрч Н.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн: Миний төрсөн эгч Мөнхцэцэг нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн завъяа дэлгүүрийн алт монетан эдлэл зардаг лангуун дээр худалдагч хийдэг юм. Би хааяа эгчийнхээ ажил дээр тус болдог бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Мөнхцэцэг эгч над руу залгаад чамайг алтны уурхайд тогоочоор ажилд оруулахаар хүнтэй ярьчихсан бичиг баримтаа канондуулаад бэлдэж бай гэсэн шүү гээд 89516000 гэдэг утасны дугаар дээр Баярмаа гэж хүн байгаа өөртэй нь яриарай гэж хэлэхээр нь залгаад асуутал өө хүн авчихсан гэнээ гэж хэлсэн. 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Баярмаа нь өөрөө над руу залгаад би чамайг ажилд оруулахаар болсон бичиг баримтаа аваад эгчийнхээ ажил дээр хүрээд ир гэсэн тэгэхээр нь 13 цагийн бичиг баримтаа канондуулаад Мөнхцэцэг эгчийн ажил дээр очиод сууж байтал Баяраа хүрч ирсэн ба Мөнхцэцэг эгч бичиг баримтаа хийх хавтас аваад ир гээд бичиг хэргийн дэлгүүр рүү явуулсан. Тэгээд буцаж орж ирэх үед Баярмаа улаан рубин шигтгээтэй сүүжин алтан ээмэг зүүгээд зогсож байхаар нь чиний насны хүнд энэ ээмэг арай хөгшидөх юм биш үү, гэж хэлтэл харин тийм ээ гэж эгчид буцаагаад өгч байсан. Тэр хоорондоо ээмэгний шошгийг авч халаасандаа хийсэн юм шиг байна лээ. Тэгээд надтай жаахан юм ярьж байгаад би гэр рүүгээ яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр өдөр халаасандаа хийсэн шошгийг хуурамч алтан бөгжинд зүүж жинхэнэ алтан бөгжний оронд сольж хийсэн байсан. Тухайн үед хэн хэн нь тийм зүйл болсныг мэдээгүй байсан юм. Ер нь Баярхажид гэх эмэгтэй намайг ажилд оруулж өгнө гэж залилах гэж байсан юм байна лээ. Тэгээд би надад бэлэн мөнгө байхгүй байна, та надаас монетан бөгж авчих гэж уулзаад цагдаагийн байгууллагад барьж өгсөн…” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20х/
Сэжигтэн С.Баярхажидын мөрдөн байцаалтад өгсөн: “...Мөнгөн завъяа дээр дахиж ирээд бичиг баримтыг нь аваад 88143216 гэсэн дугаараа хаалгачихсан байгаа шүү гээд 89516000 гэсэн дугаар дээр байгаа гэдгээ хэлээд би нөгөө бөгжөө 400.000 төгрөгөөр хүнд зарчихсан 200.000 төгрөгийг аваагүй гэдгээ хэлж ээждээ сүүжин ээмэг авч өгөх гэсэн юм ямар үнэтэй байдаг юм гэж асуугаад лангуунаас нь 5.3 граммтай 960 сорьцтой сүүжин xoc алтан ээмэг гаргаж ирүүлээд үзсэн. Тэр үедээ ээмгэн дээрх ярлыкийг аваад баруун талын кирмандаа хийчихээд ээмгийг нь буцааж өгөөд дахиад нэг ээмэг үзчихээд өгсөн. Тэгээд гадуур ажилтай байна гэж хэлээд гарч яваад Тэнгисийн урд талд 1 цаг гаруй сууж байхдаа өөрт байсан бөмбөгөрийн үүднээс 5000 төгрөгөөр худалдаж авсан хуурамч алтан бөгжинд дэлгүүрээс авсан шошгоо нааж иргэж ороод нөгөө лангуун дээрээ очоод манай ажлын газрын нэг эгч аяга авахгүй 200.000-д юм уу 250.000 орчим мянган-д бөгж үзээд өгөөч гэж захьсан юм гэж хэлээд алт, мөнгө эдлэл худалдан авсан тухай зар бичиг дээр 390.000 төгрөгний баримт бичүүлж авсан. Тэгээд лангуун доороос тавиуртай бөгжийг нь гаргаж ирүүлэн алтан бөгж үзэж байгаа болоод хуурамч бөгжөө сольж хийгээд жинхэнэ алтан бөгжийг аван баруун талынхаа кирманд хийгээд миний утасруу залгаарай гэж хэлээд гарсан. Тэгээд тэндээсээ автобусанд сууж Хар хорин захын үүдэнд зогсож байсан явуулын бололтой эмэгтэй хүнд тэр бөгжийг 615.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг өөрөө хувьдаа хэрэглэж үрсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30х/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4924 дугаартай дүгнэлт /хх-ийн 24х/, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон комиссын дүгнэлт /хх-ийн 8х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38х/ зэрэг болно.
Шүүгдэгч С.Баярхажид нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн Завъяа” нэртэй дэлгүүрийн худалдагч Н.Мөнхцэцэгийг хуурч мэхлэн 7.8 граммтай цул алтан бөгжийг хуурамч бөгжөөр сольж авч залилан хохирогч Н.Ганчимэгт нийт 702.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30х/, хохирогч Н.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-17х/, гэрч Н.Мөнхцэцэг /хх-ийн 21-22х/, Н.Мөнхзул /хх-ийн 18-20х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4924 дугаартай дүгнэлт /хх-ийн 24х/, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон комиссын дүгнэлт /хх-ийн 8х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд С.Баярхажидыг бусдыг хуурч мэхлэх аргаар залилаж бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Н.Ганчимэг нь мөрдөн байцаалтын шатанд нийт 780.000 төгрөг нэхэмжлэх боловч, эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлтээр С.Баярхажидын хуурч мэхлэн залилж авсан 7.8 граммтай цул алтан бөгжийг 702.000 төгрөгөөр эд зүйлийн үнэлгээний комисс үнэлж, тус үнэлгээг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрч байх тул уг гэмт хэргийн хохирлын хэмжээг 702.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
С.Баярхажид дээрхи хохирлын хэмжээнээс 200.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 10х/ болох нь тогтоогдож байх бөгөөд одоо шүүгдэгчээс нийт 502.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ганчимэгт олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуурамч 1 ширхэг шар бөгж нь С.Баярхажид гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг СД бичлэг нь энэ хэрэгт ач холбогдол бүхий баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээв.
С.Баярхажидад ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохиролын шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Зайгал харуул овогт Сэрсэндэмидийн Баярхажидыг бусдыг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар С.Баярхажидад 200 /хоёр зуун/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар С.Баярхажидыг албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл, уг ялыг баривчлах ялаар солихыг дурдсугай.
4.С.Баярхажид цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирогч Н.Ганчимэгт хохиролд нийт 200.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баярхажидаас хохиролд 502.000 /таван зуун хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Ганчимэгт /РД:НЙ73022108/-д олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн бөгж 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт нь хавсаргасугай.
7.Тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Баярхажидад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ