| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0422/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/471 |
| Огноо | 2022-05-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч О.А , А.Б , тэдний өмгөөлөгч Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О ийн А , Б овогт А ийн Б нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэл:
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 224 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн, Б овогт О ийн А /РД:.../.
2. Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .... сургуульд суралцдаг, “....” телевизид дууны найруулагч ажилтай, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэл:
-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгасан;
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 540 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б овогт А ийн Б /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.А , А.Б нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудалд хохирогч Ц.Д гийн эзэмшлийн “Realme 8 pro” загварын гар утас, куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.111.920 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч О.А , А.Б нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудалд хохирогч Ц.Д гийн эзэмшлийн “Realme 8 pro” загварын гар утас, куртик зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 1.111.920 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогч Ц.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагийн орчим өөрийн найзуудын хамт 310 дугаартай өрөөнд ороод архи уусан. Ингэхдээ би өөрийн куртикийг өлгүүрт нь өлгөөд орхисон байсан. Би согтоод 23 цагийн орчимд унтаад өгсөн байна лээ. Шөнө сэрэхэд М , Ч хоёроос гадна танихгүй хоёр залуу орж ирээд бэлэн гоймон идээд сууж байсан. Би өөрийн гар утсаа хайсан боловч олдоогүй бөгөөд тэднээс асуухад мэдэхгүй гээд байсан. Өглөө нь сэрээд гар утсаа куртикны халаасандаа хайх гэсэн боловч куртик мөн алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч В.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д надтай анх 2021 оны 7 дугаар сард “Сайн” электрониксээс “Realme” гэдэг гар утас лизингээр худалдаж авч байсан тэр утастайгаа байсан. Хар өнгийн, өвдөгний доогуур татсан өвлийн куртиктэй байсан. Д хамт хоносны өглөө нь гар утас болон куртикээ алга болгосон байна гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар хуудас/,
Гэрч Л.З ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын үед багын найз Б над руу залгаад “нэг гар утас байна, худалдаж авах уу” гэж асуусан. Тухайн үед миний гар утас муудаж байсан болохоор үзэж байгаад авахаар болоод 5 буудал дээр уулзсан ба гар утсыг нь үзэхэд хар саарал өнгийн “Realme 8 pro” загварын гар утас байсан. Б надад “Iphone 6S, Iphone 7 загварын гар утаснууд дээрээ нэмээд 250.000 төгрөг өгчих” гэж тохиролцоод би тэр гар утсыг нь аваад салсан. Б надад хэн нэгний гар утас гэж хэлээгүй, зүгээр утас байна, авах уу гэж хэлэхээр нь өөрийнх нь утас юм байна гэж бодсон. ...Б 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “мөнгө хэрэгтэй байна, гар утсыг чинь 100.000 төгрөгөөр ломбардад тавьчихаад маргааш аваад өгье” гэж хэлээд аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч О.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна, ...орой 21 цагийн үед Б ын ахлагч нь дуудахаар нь “...” нэртэй буудлын өрөөнд очиход 3 эрэгтэй хүн байсан ба нэг нь унтаж байсан. Б бид хоёр хамт юм яриад сууж байхад өрөөний хаалга нүдээд хоёр эгч орж ирсэн. Б ын цэргийн ахлагчтай нь юм ярьж байсан залуу нь тэр эгчтэй муудалцаад байж байхад газарт нэг гар утас уначихсан байхаар нь би тэр гар утсыг авч халаасандаа хийгээд, муудалцаж байсан хүмүүсийг салгасан. ...Б ын цэргийн ахтай нь хамт бид гурав баар орохоор буудлаас гарч ирэхдээ би Б д “өрөөнд нэг утас уначихсан байхаар нь аваад халаасандаа хийчихсэн шүү” гэж хэлэхэд Б надад “за за” гэж хэлсэн. Бид гурав буудалд эргэж очоод гоймон идээд сууж байхад Б цэргийн ахад “энэ куртикыг өмсөөд явчих уу” гэхэд “тэг тэг” гээд Б уг куртикыг өмсөөд бид хоёр манай гэр рүү явсан. Маргааш өдөр нь 15 цагийн орчим З гээд найзтайгаа уулзахад буудлын өрөөнөөс авсан “Realme 8 pro” загварын гар утсыг авахаар болоод З нь Iphone 7, Iphone 6 загварын гар утасны хамт дээр нь 200.000 төгрөгийг өгсөн. 200.000 төгрөгөөс 100.000 төгрөгийг Б ын ээжийн данс руу хийсэн. Үлдсэн 100.000 төгрөгийг би өөрийн ... дугаартай Хаан банкны данс руу хийж авсан. Бид хоёр гар утас зараад авсан мөнгөөрөө хоолонд ороод дууссан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Найз А нь ...Д гийн гар утсыг хэлэлгүй авсан байсан ба намайг баарнаас гарахад гар утас авсан талаараа хэлсэн. Тэгээд маргааш нь найз З д буудлаас авсан гар утсаа зарахдаа Iphone 7, Iphone 6 загварын гар утаснууд дээр нэмж 200.000 төгрөг авсан. Iphone 7 загварын гар утсыг би аваад, Iphone 6 загварын гар утсыг А од өгсөн. Харин 100.000 төгрөгийг би эх А ийн ... тоот данс руу хийсэн. Үлдэгдэл 100.000 төгрөгийг А ын данс руу хийсэн. Д гийн хар өнгийн куртик нь манай гэрт байгаа. Маргааш нь очиж өгөх гэтэл буудлаасаа гараад явсан байсан. Хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А , А.Б нараас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэж тус тус хэргээ хүлээн мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул тэдний мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар үнэлэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нар нь “...” нэртэй зочид буудлын өрөөнөөс хулгайн халдлагын зүйл болох “Realme 8 pro” загварын гар утсыг авсан, уг хулгайн гар утсыг Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас 1.039.920 төгрөгөөр, өвлийн өдөн куртикыг 72.000 төгрөгөөр тус тус үнэлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг нийт 1.111.920 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.
Шүүгдэгч нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр санаатай нэгдэж бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан,
Мөн гэмт хэргийг хоёр хүн, үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцож бүлэглэн үйлдсэн байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.А , А.Б нарыг “Хулгайлах” гэмт хэрг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
“Дамно” ХХК нь хохирогч Ц.Д гийн “Realme 8 pro” загварын гар утсыг 1.039.920 төгрөгөөр, куртикыг 72 .000 төгрөгөөр, нийт үнийг 1.111.920 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид гар утсыг хүлээлгэж өгсөн байна.
Харин хохирогч нь шүүхэд “куртикээ нэхэмжлэхгүй” гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.А , А.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах саналтай байна...” гэсэн;
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхтөрөөс: “...Миний үйлчлүүлэгч нар бусдад төлөх төлбөргүй, анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд мөн ажил хийдэг, хийсэн хэрэгтээ гэмшиж байх тул ял оноохгүй тэнсэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэх дүгнэлтийг тус тус шүүхэд гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.А , А.Б нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...хохирогчид учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн...”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч О.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-60 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 87 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 88 дугаар хуудас/, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 89 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 93 дугаар хуудас/ зэргээр,
шүүгдэгч А.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62, 66 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-84 дүгээр хуудас/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 94 дүгээр хуудас/ зэргээр тэдний хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шүүгдэгч О.А , А.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О ийн А , Б овогт А ийн Б нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А , А.Б нарыг 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А , А.Б нарт оногдуулсан 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.А , А.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.