Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/491

 

 

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Э.Булганчимэг,

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д ийн С т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Д ийн С  /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С нь согтуугаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ...тоотод эхнэр Т.Г тай бэлгийн харьцаанд орсонгүй гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж, улмаар ...дээд үүдэн 2 дугаар шүдний булгарал, баруун шуунд цус хуралт... бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ...тоотод эхнэр Т.Г тай бэлгийн харьцаанд орсонгүй гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж, улмаар биед нь ...дээд үүдэн 2 дугаар шүдний булгарал, баруун шуунд цус хуралт...” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал: Хохирогч Т.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр С  нь 14 хоногийн хугацаатай хөдөө яваад 2022 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ ирсэн юм. ...2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ...намайг хүүхдүүдээ аваад шүдний эмнэлэг ороод буцаад ирэхэд С  нь гэртээ ганцаараа архи уучихсан байсан. Тухайн үед С  бид хоёр түүнийг хөдөө явсан талаар нь ярилцаж байгаад маргалдсан. Маргалдаж байгаад орой 23 цагийн үед орондоо ороод унтаж амрах гэж байхад С  надтай бэлгийн харьцаанд орох гээд байсан. Харин би түүнийг согтуу байсан болохоор эсэргүүцсэн. Тэгээд С  уурлаж үснээс зулгаагаад байхаар нь би цээж рүү нь хэд хэдэн удаа түлхэхэд миний шүд рүү гараараа нэг удаа цохисон ба нэг шүд хугарсан. С тай зууралдаж байхад 2 гаран дээр хөхөрсөн байсан. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 5832 дугаартай “...Т.Г д үүдэн дээд 2-р шүдний булгарал, баруун шуунд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн, цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээд үүдэн 2-р шүдний булгарал, баруун шуунд цус хуралт нь нэг хоногийн дотор үүссэн байна. Нэг шүдний булгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмаар хөдөлмөрийн чадварыг 5 хувиар алдагдуулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 22, 23 цагийн үед гэртээ буюу ...тоотод эхнэр Гэрэлтуяатай хамт унтаж амарч байсан. ...Тэр үед би гэртээ ганцаараа 0.5 литрийн 1 шил архи уусан байсан. Эхнэр харин уугаагүй эрүүл байсан. Эхнэр бид хоёр маргалдах шалтгаан нь бэлгийн харилцаанаас болсон буюу би унтана гээд, эхнэр унтахгүй гээд маргалдсан. Би согтуу байсан болохоор эхнэрийг муухай үгээр хэлчихсэн юм. Тэгсэн чинь эхнэр уурлаад миний цээж рүү 4-5 удаа цохисон. Тэгэхээр нь би баруун гарынхаа араар нэг удаа цохичихсон. Нэг удаа цохихдоо шүд рүү нь цохиход шүд нь хугарчихсан. ...Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/, аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-ийн 2-3 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Би 14 хоног хөдөө явж байгаад ирсэн. Тэр хугацаанд манай эхнэр над руу ярихгүй зайл гээд байсан. Түүнээс болоод гэртээ ирээд эхнэртэйгээ маргасан үүссэн. ...гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байна... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.С нь дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 5832 дугаар дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.С ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Прокуророос яллагдагч Д.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр татсан байна.

Мөн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өөрчлөлт оруулж Д.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татжээ. 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.С т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Тухайлбал: Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулах нь учир дутагдалтай.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Т.Г гийн: “...С  надтай бэлгийн харьцаанд орох гээд байсан. Харин би түүнийг согтуу байсан болохоор эсэргүүцсэн. Тэгээд С  уурлаж үснээс зулгаагаад байхаар нь би цээж рүү нь хэд хэдэн удаа түлхэхэд миний шүд рүү гараараа нэг удаа цохисон ба нэг шүд хугарсан. ...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэг бусад баримтуудаар Д.С “гэр бүлийн харилцан хамааралтай” байдлыг далимдуулан эхнэр Т.Г г байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй буюу энэ талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.

Мөн тус гэмт хэрэг нь гэр бүлийн харилцаа үүсгэн хамт амьдарч буй хоёр хүний хоорондын таарамжгүй харьцаанаас улбаатай хувийн маргаанаас үүдэлтэй байх бөгөөд хэрэгт хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 38 дугаар хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.

 

Нөгөөтэйгүүр прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна...” гэж заасныг зөрчиж яллагдагч Д.С аас мэдүүлэг аваагүй байна.

Иймд шүүгдэгч Д.С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 

Хохирогч Т.Г  нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, гомдол саналгүй гэх хүсэлт /хх-39/-ийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.С ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.С ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Д.С т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын...500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох...” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б  овогт Д ийн С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б  овогт Д ийн С ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.