| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорждэрэмийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 222/2017/00011/И |
| Дугаар | 11 |
| Огноо | 2017-09-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 11
Ц.Нямжавын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох
иргэний хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Л.Наранбаяр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Нэхэмжлэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Ж.Цээсүрэн
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аззаяа, түүний өмгөөлөгч Б.Баярмаа нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 341 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ийн давж заалдах гомдлоор тус аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Боловсрол хорооллын 10-18 тоотод оршин суух иргэн Ц.Н-ын “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлөхийг даалгах тухай” Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/13 тоот захирамжаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны аж ахуй, няраваар томилогдон ажилласан. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Гансүх Б/13 тоот тушаал гаргаж намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Учир нь миний эрхэлж байсан аж ахуй, няравын ажил нь байнгын ажлын байр бөгөөд бүтцийн өөрчлөлтөөр энэ орон тоог хасах боломжгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 57 дугаар тогтоолоор баталсан бүтцэд даргын туслах-архив, нярав гэсэн байдлаар нэгтгэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “орон тоо хасагдсан, орон тоо цөөрсөн” гэсэн заалтад хамаарахгүй байна. Тодруулбал: Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д ”орон тоо хасагдсан” гэдэгт тухайн ажлын байр үгүй болсныг, орон тоо цөөрсөн гэдэгт зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоо хассаныг ойлгоно гэж тодорхой тайлбарласан байдаг. Иймээс миний эрхэлж байсан ажлын байр үгүй болоогүй бөгөөд даргын туслах, архивын ажил нь миний эрхэлж байсан ажилтай адил албан тушаал биш юм. Мөн түүнчлэн ажлын орон тоог цөөрүүлж эргүүлэн ажилд томилохдоо ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан, ажлын байрны боловсрол мэргэжлийн шаардлага, ажлын туршлагаар илүү намайг үргэлжлүүлэн томилж ажиллуулах ёстой байтал 2017 оны 8 дугаар сард ажилд томилогдсон бичиг хэргийн ажилтан Б.Хишигцогтыг томилон ажиллуулж буйд гомдолтой байна.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг тухайн жилийн төсвийн хязгаарт багтаан Тэргүүлэгчид өөрөө тогтооно” гэсний дагуу ажлын албаны бүтцийг өөрчилж ажилтны тоог цөөрүүлж, зарим нэгэн шаардлагатай орон тоог нэгтгэж тогтоол гаргасан. Аж ахуй, няравын орон тоог хасч ажилтны тоог цөөрүүлэх эсэх нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эрх мэдлийн асуудал юм. Гэтэл Ц.Н нь нэхэмжлэлдээ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаар тогтоолоор баталсан бүтцэд даргын туслах, архив, нярав гэсэн байдлаар нэгтгэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан, орон тоо цөөрсөн гэсэн заалтад хамаарахгүй байна гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.
Ц.Н-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1-д заасан ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр аж ахуй, няравын ажлаас бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлсөн болно. Бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, мөн хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмжийг олгосон болно.
Ц.Н нь Ажлын орон тоог цөөрүүлж, эгүүлэн ажилд томилохдоо ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан, ажлын байрны боловсрол мэргэжлийн шаардлага, ажлын туршлагаараа илүү намайг үргэлжлүүлэн томилж ажиллуулах ёстой гэжээ. Ц.Нямжав нь аж ахуй, няраваар ажилласнаас өөрөөр улсад ажил эрхэлж байгаагүй, няравын ажлаа хангалттай гүйцэтгэж байгаагүй, архив бичиг хэргийн ажил хийх туршлагагүй. Дээрх үндэслэлээр Ц.Нямжавыг ажлаас халсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Аззаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 56 дугаар тогтоолоор бүтцийн өөрчлөлт хийж даргын туслах, архив, нярав гэсэн байдлаар орон тоог нэгтгэж уг ажлыг Хишигцогтод хүлээлгэн өгсөн. Ц.Н-д хуульд заасны дагуу мэдэгдлийг хүргүүлсэн. Өмнө нь Б.Гансүх дарга тайлбар өгөхдөө орон тоог цөөрүүлсэн гэж тайлбарласан байсан. Тухайн үед өмгөөлөгч аваагүй байсан учраас тайлбараа тэгж өгсөн байх. Ажил, ажлын байр гэдэг бол өөр. Ажил нь байгаа боловч, ажлын байрыг нь даргын туслахын ажлын байртай нэгтгэж нэг ажлын байр болгосон. Нярвын ажил байгаа боловч тусгайлсан нярвын ажлын байр байхгүй. Уг ажлын байр нь хасагдсан учраас Ц.Н-ыг ажлаас чөлөөлсөн. Ажлаас халагдсаны тэтгэмжийг 3 сараар бодож, хуулийн дагуу олгосон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 341 дүгээр шийдвэрт: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Цог овогт Цэвэгсүрэнгийн Н-ыг Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны аж ахуй, няравын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 260 349 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Н-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ц.Нямжавын нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтэрт зохих журмын дагуу сар тутамд шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аззаяа давж заалдах гомдолдоо: Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 57 дугаар тогтоолоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын бүтэц, орон тоог баталсан. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан орон тооны хязгаарт багтаан аймгийн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга захирамж гарган ажилтнуудыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн томилж чөлөөлсөн. Гэтэл шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасах үндэслэлд нийцэхгүй гэжээ. Тухайн бүтцэд төрийн үйлчилгээний аж ахуйн нярав гэсэн ажлын байр хасагдсан байхад шүүх ийнхүү дүгнэж шийдсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
2016 оны 57 дугаартай Тэргүүлэгчдийн тогтоол болон бусад нотлох баримт нь байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан тул шаардлага хангахгүй гэжээ. Гэтэл Улаанбаатар хот дахь Эрүүгийн цагдаагийн газраас шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт холбогдуулан аймгийн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол баримт бичгийн эх хувийг авч явсан тул бидэнд нотариатаар гэрчлүүлэх боломжгүй байсан талаар шүүхэд мэдэгдсэн. Гэтэл биднээс шалтгаалаагүй, төрийн байгууллагын эрх бүхий этгээдийн шийдвэрээр архивын баримт бичгийг авч явсан байхад шүүх ийнхүү дүгнэж хэргийг шийдсэнд давж заалдах шатны шүүх анхааралдаа авахыг хүсч байна. Мөн Ц.Н-д ажлаас халагдсны 3 сарын тэтгэмжийг олгосон байтал ажлаас чөлөөлөгдсөнөөс хойшхи бүх хугацаа болох 91 хоногийн цалинтай тэнцэх 2260449 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн үнэлээгүй, үндэслэлгүй шийдвэрлэлээ гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н нь Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал: аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаар тогтоолоор ажлын албаны бүтцийг өөрчилж, ажилтны тоог цөөрүүлж, зарим шаардлагагүй орон тоог нэгтгэж, төсөв санхүүгийн хүндрэлтэй байдалд нийцүүлэн аж ахуй, няравын орон тоог хасаж шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуй, нярав Ц.Нямжавыг ажлаас чөлөөлсөн нь зөв гэж маргажээ.
Шүүх аж ахуй, нярав гэсэн орон тоог өөр орон тоотой буюу даргын туслах, архив гэсэн орон тоотой нэгтгэж “даргын туслах, архив, нярав” гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар “орон тоо хасагдсан” гэж үзэхгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь: Ажил олгогч орон тооны бүтцэд өөрчлөлт оруулахдаа аж ахуй, нярав гэсэн орон тоог үгүй болгож, өөр ажлын байрны ажилтны ажлын ачаалалтай уялдуулан хавсаргасныг “аж ахуй, нярав”-ын орон тоо хасагдсан гэж үзнэ.
Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг...тухайн жилийн төсвийн хязгаарт багтаан Тэргүүлэгчид өөрөө тогтооно” гэж заажээ. Энэхүү хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтцийг 13 орон тоотой байсныг 11 орон тоотой болгож өөрчлөхдөө “аж ахуй, нярав” гэсэн орон тоог хасаж, “даргын туслах, архив ” гэсэн орон тоонд хавсруулан баталсны дагуу ажил олгогч тус ажлын албаны аж ахуй, няраваар ажиллаж байсан Ц.Н-ын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх энэ хэрэгт шүүгчийн захирамж гаргахдаа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Гансүхэд холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 167 дугаар зүйлийн 167.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 341 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
Хоёр. Хариуцагч аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
Зохигч, гуравдагч этгээт, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.БААТАРСҮХ
ШҮҮГЧИД Л.НАРАНБАЯР
Д.БАЙГАЛМАА