Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2014/0086

 

“С д" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 427 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “С д” ХХК- ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Т” ХХК-ийн Ү- 206004170 дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь хууль бусаар олгогдсон гэж үзэж байгаа тул Ү-2206004170 дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тус компанийн барилгатай давхацсан хэсгээр хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "... Нэхэмжлэлд дурдагдсан Улсын бүртгэлийн Ү-2206003118 дугаартай хувийн хэрэг бүртгэлд үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 4 давхар барилга бүртгэгдсэн ба энэ нь “С д” ХХК-ийн өмчлөлд огт хамааралгүй байна. Улсын бүртгэлийн Ү-2206004170 дугаарын бүртгэлд 5000 мкв барилга бүртгэгдсэн ба тухайн үед үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ бус ашиглаж буй газрын хэмжээгээр бүртгэл хийсэн байна“ гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “Т ХХК нь хуучнаар 1 дүгээр цахилгаан станцын барилга буюу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Үйлдвэр /17042/, ХД-58 тоотод байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай 5000 мкв талбайтай барилгыг Эрчим хүчний удирдах газраас 2001 оны 06 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт гарган эрхийн улсын бүртгэлийн Ү-2206004170 дугаартай, №0029969 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан хууль ёсны өмчлөгч болсон.

Мөн нэхэмжлэлд дурдагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206003118 дугаарт бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө 143/8 тоотод байршилтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 313 мкв талбайтай 4 давхар барилгыг 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр “Т” ХХК нь өмчлөлдөө шилжүүлэн авсан болно.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан байдаг.

“Т” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэлцлийн үндсэн дээр өмнөх өмчлөгчөөс нь шилжүүлэн авахдаа хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэн өмчлөх эрхээ баталгаажуулсан.

Нэхэмжлэгч “С д” ХХК-ийн ямар эрх ашиг нь хөндөгдөж байгаа нь тодорхойгүй байна. Тус компани трансформаторын барилгыг худалдан авсан гэх боловч баримтаар тогтоогдоогүй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул хууль ёсны өмчлөгч биш гэдэг нь харагдаж байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас Ү-2206004170 болон Ү- 2206003118 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг олгохдоо бусад этгээдийн барилгатай давхцуулан олгоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 427 дугаар шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс өмчлөх эрхтэй холбоотой нөхцөл байдлыг тодруулсныг үндэслэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал үл хөдлөх эд хөрөнгийн Ү- 2206004170 тоот улсын бүртгэлийн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө буюу трансформаторын /хүзүүвчний/ барилгад холбогдох хэсгийг нь захиргааны байгууллага албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хашчулуун давж заалдах гомдолдоо: “А. Хууль буруу хэрэглэсэн талаар:

  1. Нэхэмжлэгч “С д” ХХК нь “Т” ХХК-ийн Ү-2206004170 /станцын үндсэн барилга/, Ү-2206003118 /трансформаторын барилга/ тоот улсын бүртгэлийн гэрчилгээг “С д” ХХК-ийн барилгатай давхацсан хэсгээр хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №427 дугаар шийдвэрээр маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн Ү-22060041730 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхэд холбогдох хэсгийг шийдвэрлэсэн байх бөгөөд Ү-2206003118 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй, шийдвэрийн үндэслэх хэсэг болон тогтоох хэсгүүдэд нэхэмжлэгчийн энэхүү шаардлагын талаар тайлбар, дүгнэлт огт хийгээгүй, яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

  1. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг баримтлан шийдвэрлэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар “Т” ХХК-ийн өмчлөх эрх 1998, 2001 онд үүссэн. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хуульд эд хөрөнгө шилжүүлэх гэрээг зохих байгууллагаар гэрчлүүлэх буюу бүртгүүлэхээр заасан бол ийнхүү гэрчлүүлсэн буюу бүртгүүлсэн үеэс уг эд хөрөнгийг өмчлөх эрх үүснэ” гэж заасны дагуу өмчлөх эрх үүссэн.

Гэтэл шүүхийн тогтоох хэсэгтээ баримталсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль 2009 оны 06 сарын 25 өдөр батлагдсан, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай гэж хууль байхгүй байна. Хэрвээ шүүх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг баримталсан гэж үзвэл энэ хууль нь мөн 2003 оны 06 сарын 19 өдөр батлагдсан байна. Эдгээр хуулийн батлагдсан болон дагаж мөрдсөн огноо, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний хуулийн 5 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэл болговол хуулийг буцаан хэрэглэх, тэр тусмаа 2003, 2009 онд батлагдсан хуулийн зарчмыг 1998, 2001 онд өмчлөх эрх олгосон Улсын бүртгэлийн газрын шийдвэрт хамааруулан хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.

Б. Нотлох баримтыг буруу үнэлсэн талаар:

Шүүх 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 427 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт: “ ... нэг үйл баримтын талаар тодорхойлсон гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, өөрөөр хэлбэл хуучнаар сэргээгдэх эрчим хүчний газар байсан хүзүүвчний барилга нь одоо хэний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь маргаантай байх тул Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/, ХД-58 тоотод байрлалтай 5000 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн зарим хэсэгт холбогдох маргааныг дээрх хөрөнгийн өмчлөх нь хэн болохыг тогтоосны дараа уг өмчлөгчийн өмчлөх эрхэд холбогдуулан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэн шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэжээ.

Ингэхдээ Ү-2206003118 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй /трансформаторын барилга/ холбоотой гэрчүүдийн /Д.Ворошилов, Н.Оюунгэрэл/ мэдүүлгийг Ү-2206004170 /трансформаторын барилга/ тоот улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий үл хөдлөхийн талаар гэрчилсэн мэдүүлэг мэтээр буруу ойлгон, хэргийн нөхцөл байдлыг бүрэн бодитойгоор шүүж тунгаалгүйгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүх талуудын маргааныг бүрэн ойлгоогүй, нотлох баримтыг буруу үнэлжээ гэж үзэхэд хүргэж байна.

В. Шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн талаар:

1. Нэхэмжлэгч “С д” ХХК нь “Т” ХХК-ийн Ү-2206004170 /станцын үндсэн барилга/, Ү-2206003118/ трансформаторын барилга/ тоот улсын бүртгэлийн гэрчилгээг “С д” ХХК-ийн барилгатай давхацсан хэсгээр хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь өмчлөх эрх олгосон захиргааны актыг давхацсан хэсгээр хүчингүй болгох шаардлага гаргасан учраас уг актын улмаас “С д” ХХК- ийн эрх ашиг буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх мөн давхацсан хэсгээр хөндөгдсөн байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн давхардсан өмчлөх эрхийг нотлох баримт авагдаагүй байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өөрийн барилгатай давхацсан хэсгээр гэж шаардлага гаргасан байгаа бөгөөд нэхэмжлэгчийн барилга нь хаана байрлалтай, нэхэмжлэгч энэ барилгын өмчлөгч мөн эсэх, гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгүүд аль хэсгээрээ, ямар хэмжээгээр давхцаад байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

2. Нэхэмжлэгч нь Цахилгаан шугам сүлжээний газартай 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үйлдвэрийн байр түрээслэх гэрээг байгуулан түрээсэлж байгаад 1993 онд гэрээний биелэлтээ дүгнэж 1.4 сая төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан гэж маргадаг.

Энэхүү худалдан авсан гэх баримт нь хавтаст хэрэгт эх хувиар авагдаагүй, түүнчлэн шүүх “Сутай” ХЭАА гэсэн нь нэхэмжлэгч “С д” ХХК мөн эсэхийг нотлоогүй, холбогдох баримтыг цуглуулалгүйгээр “С д” ХХК /хуучнаар Сутай ХЭАА/ гэж дүгнэлт хийсэн нь шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн эгж үзэхэд хүргэж байна.

Иймд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07- ны өдрийн №427 дугаар шийдвэрийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “С д” ХХК нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2206004170 дугаарт бүртгэлтэй, улсын бүртгэлийн гэрчилгээг тус компанийн барилгатай давхацсан хэмжээгээр хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Энэхүү улсын бүртгэлийн гэрчилгээгээр “Т” ХХК-ийг 5000 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс энэхүү бүртгэлийн зарим хэсэг буюу өөрийн эзэмшлийн гэх хүзүүвчний барилгатай давхацсан хэсэгт холбогдох улсын бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүсч, маргажээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар захиргааны байгууллага нь улсын бүртгэлд бүртгэл хийхдээ тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг

баттай нотлох баримтыг үндэслэн, шалгаж тогтоосны үндсэн дээр бүртгэлийг бүртгэх ёстой.

Д.Ворошилов, Д.Болдбаатар нарын хооронд байгуулсан 1998 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Хөрөнгө худалдах” тухай гэрээнд “хүзүүвчний барилгыг үлдээж, зөвхөн цехүүдийн барилгыг Д.Болдбаатарт худалдахаар тохиролцов” гэж тохиролцсоноос үзэхэд “Т” ХХК нь маргаан бүхий барилгыг бүхэлд нь худалдан авсан эсэх нь эргэлзээтэй, маргаан бүхий хүзүүвчний барилгыг бодит байдалд “С д" ХХК эзэмшиж, ашиглаж байсан байхад захиргааны байгууллага энэхүү үйл баримтыг шалгаж тогтоолгүй, улсын бүртгэлд бүртгэсэн нь буруу байна.

Маргаж буй хүзүүвчний барилгын доорх газрын эзэмшлийн асуудлаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүд маргаж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 332 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 202 дугаар магадлалаар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 240 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 745 дугаар захирамжийн “С д” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж, маргаан бүхий хүзүүвчний барилгын өмчлөгч нь хэн болохыг тогтоосны дараа газар эзэмшлийн маргааныг шийдвэрлэх тухай хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байна.

Иймээс тухайн маргаан бүхий хүзүүвчний барилгын өмчлөгч хэн болохыг тогтоосны дараа үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн доорх газрын эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.3, 13.5.4-т заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий хүзүүвчний барилгын өмчлөгч нь хэн болох нь тодорхойгүй байхад маргаан бүхий барилгыг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл хүчин төгөлдөр үйлчлэх боломжгүй, улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд тохирохгүй юм.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тайлбараас үзэхэд хэргийн оролцогчид хүзүүвчний барилгыг хэн аль нь “өөрийн өмч” хэмээн маргаж байх тул эхлээд иргэний шүүхээр маргаан бүхий барилгын өмчлөгч хэн болохыг тогтоолгох шаардлагатай.

Гуравдагч этгээдийн “нэхэмжлэгчийг хүзүүвчний барилгыг өмчлөх эрхтэй болохыг нотлох баримтгүй, үл хөдлөх хөрөнгүүд ямар хэмжээгээр давхцаад байгааг, энэ барилгын өмчлөгч мөн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй” гэх гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс өөр өөрсдийн нотлох баримт буюу маргаан бүхий хөрөнгийг худалдан авсан тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх ба эдгээр баримтууд эргэлзээтэй байх тул захиргааны шүүхээс талуудын маргаж буй өмчлөлийн асуудлыг шууд шийдвэрлэх боломжгүй, захиргааны ямар нэгэн байгууллагын захирамжилсан үйл ажиллагаатай шууд хамааралгүй байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2003 оны хуулийг хэрэглэсэн нь буруу” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль нь 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байх бөгөөд маргаан бүхий улсын бүртгэл нь 2008 оны 8 дугаар сарын 29- ний өдрийн улсын бүртгэл байх тул дээрх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг хэрэглэсэн тухайд ч шүүхээс дахин шинэ акт гартал маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн ба хэргийн нөхцөл байдалд өөрчлөгдөж, үйл баримтыг дахин шалгах замаар захиргааны шинэ акт гарах тул шүүхээс энэ хуулийг хэрэглэсэн нь буруу биш болно.

Мөн “хүзүүвчний барилга нь манай эзэмшлийн 5000 мкв барилгатай холбоогүй” гэх гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан “Т” ХХК-ийн эзэмших, ашиглах газрын баталгаат хэмжээ тогтоосон акт, маргаан бүхий барилгын зураг, газрын кадастрын зураг зэрэг баримтаас үзэхэд маргаан бүхий хүзүүвчний барилга нь 5000 мкв барилгатай залгаа оршиж байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж. гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 
  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 427 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧИД                                      Ц.ЦОГТ

                                                       Д.БАТБААТАР

                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ