Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1086

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Д, Д.Н, Ү.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхтуул,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1243 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Энхтуулын бичсэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 76 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Д.Дондовдорж, Д.Н, Ү.Г нарт холбогдох 171101110197 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Б-г Д, 1997 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн ................ тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Овооны 2-28 тоотод оршин суудаг гэх, /регистрийн дугаар: .........../,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, төлөв томоотой байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

2. Одон бор овгийн Д-н Н, 1995 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Архангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ................ тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 2-347 тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .............../,

3. Тайж овгийн Ү-н Г, 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ......................../,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 852 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230. 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн.

1. Б.Д, Д.Н, Ү.Г нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-385А тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Г.Бийн эзэмшлийн “Болор” хүнсний дэлгүүрт учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан авч 2.639.900 төгрөгийн хохирол учруулсан,

2. Б.Д нь 2017 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-385А тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Г.Бийн эзэмшлийн “Болор” хүнсний дэлгүүрийн хяналтын камерийн төхөөрөмжийг хууль бусаар устгаж бусдад 339.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Н, Ү.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүх яллагдагч Б.Д, Д.Н, Ү.Г нарт холбогдох хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан бөгөөд энэ хугацаанаас хойш яллагдагч нар нь шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар гаргасан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн тул 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэргийг түдгэлзүүлж, яллагдагч нарыг эрэн сурвалжлах ажиллагаа явуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байна.

Улмаар 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр яллагдагч Б.Дийг олж, тухайн өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгчээ. Тус шүүхээс Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэст 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн яллагдагч нарыг эрэн сурвалжлах шүүгчийн захирамжид заасан ажиллагааг гүйцэтгэж ирүүлэх талаар албан бичиг явуулахад яллагдагч Д.Н, Ү.Г нарыг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа гэх хариу ирүүлжээ.

Иймд яллагдагч Б.Дид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байх тул зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул яллагдагч Б.Д, Д.Н, Ү.Г нарт холбогдох эрүүгийн 171101110197 дугаар хэргээс Б.Дид холбогдох хэргийг зохих журмын дагуу тусгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэж, мөн хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу бичмэл нотлох баримтыг хуулбарлан авч Б.Дид холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэх ажиллагааг хийлгэхээр хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй байна гэх үндэслэлээр Б.Д, Д.Н, Ү.Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч Б.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор С.Энхтуул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн буюу Б.Дийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол хүчин төгөлдөр байхад дээрх мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд заасны дагуу ялагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэрт хэргийг тусгаарлахаар, мөн хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т яллагдагчийн хаана байгаа нь мэдэгдэхгүй бол шүүгч хэргийг түдгэлзүүлэхээр тус тус заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорт буцаасан шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1243 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Б.Д, Д.Н, Ү.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Б.Д, Д.Н, Ү.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авснаас хойш дараахь ажиллагаануудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд:

  • Хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, огноо бичээгүй баримтаар Ү.Г, Д.Н, Б.Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан,
  • Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг 15 хоногийн хугацаагаар сунгасан Ерөнхий шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 478 дугаартай захирамж гаргасан,
  • Яллагдагч Б.Д, Д.Н, Ү.Г нарыг албадан ирүүлэх тухай шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 689 дугаартай захирамж гаргасан,
  • Яллагдагч Б.Д, Д.Н, Ү.Г нарыг эрэн сурвалжлах тухай шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 764 дугаартай захирамж гаргасан байна.

Энэ хугацаанд хэргийг түдгэлзүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд олдсон яллагдагчийн таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэхийг огт шийдвэрлээгүй атлаа шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1225 дугаартай захирамж гарган түдгэлзүүлсэн хэргийг сэргээн, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарласан.

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд зааснаар улсын яллагч болон өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байхад хэргийг тусгаарлан ирүүлэх ажиллагааг хийлгэхээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэхүү ноцтой зөрчлүүдийг арилгуулах, хэргийг түдгэлзүүлэх болон тусгаарлан шийдвэрлэх эсэх, яллагдагч нарт таслан сэргийлэх арга хэмжээг хуульд заасан үндэслэл журмын дагуу авах зэрэг ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тухайн шатны шүүхээр хийлгүүлэх нь зүйтэй байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1243 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Д, Д.Н, Ү.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Мөн хэргийн 161 дэх талд яллагдагчийг Цагдан хорих 0461 дүгээр ангид хүлээлгэн өгсөн талаарх баримт, хэргийн 168 дахь талд авагдсан хэргийг прокурорт буцаах захирамжийн 2 дахь заалтад Б.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн баримтаас өөр баримт хэрэгт авагдаагүй байна. Үүнээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна гэж тодорхой заасан байхад шүүгчийн захирамж гаргахгүйгээр яллагдагч Б.Дийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 9 дүгээр саын 14-ний өдрийг хүртэл хугацаанд үндэслэлгүйгээр цагдан хорьсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул цаашид анхаарах нь зүйтэй.

Түүнчлэн хэргийг тусгаарлаж шийдвэрлэх талаар хууль зүйн үндэслэл тогтоогдвол анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд зааснаар зарим шүүгдэгч нарын хэргийг тусгаарлах эрхтэй бөгөөд заавал прокурорт буцаах шаардлагагүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1243 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Д, Д.Н, Ү.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлтэл Б.Дид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                Ц.ОЧ