Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
Хэргийн индекс | 185/2022/0151/Э |
Дугаар | 2022/ШЦТ/178 |
Огноо | 2022-02-22 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | М.Сүхчулуун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/178
2022 02 22 2022/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагч М.Сүхчулуун,
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Д-ын Х-т холбогдох эрүүгийн 2109008910145 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнд машин механизмын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр , 2 хүүхдүүдийн хамтаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 21-25 тоотод оршин суудаг, урьд
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/1021 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 877 дугаартай магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэггүй болгож шийдвэрлэсэн,
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 719 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж уг ялыг бүрэн биелүүлсэн Т овгийн Д-ын Х /РД:0000000000/,
Холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.Х нь 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” зочид буудлын 1210 тоот өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч М.Б-г түүний зүүн гарын шууны дотор талыг асаагуураар түлсэн гэж дургүйцэн, онц, харгис, хэрцгийгээр зэвсгийн чанартай зүйл хэрэглэн М.Б-гийн зүүн зулай, зүүн нүдний орчим пивоны шилээр цохиж, нүүрний хэсэгт гараараа цохих зэргээр эрүүл мэндэд нь хүч хэрэглэн халдаж, хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, зүүн зулайн хуйх, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхины шарх, баруун дээд үүдэн 1-р шүдний хазах гадаргуун дотор булангийн эмтрэл зэрэг гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдаснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Д.Х нь 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянгол” зочид буудлын 1210 тоот өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч М.Б-г түүний зүүн гарын шууны дотор талыг асаагуураар түлсэн гэж дургүйцэн, онц харгис, хэрцгийгээр зэвсгийн чанартай зүйл хэрэглэн М.Б-гийн зүүн зулай, зүүн нүдний орчим пивоны шилээр цохиж, нүүрний хэсэгт гараараа цохих зэргээр эрүүл мэндэд нь хүч хэрэглэн халдаж, хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, зүүн зулайн хуйх, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхины шарх, баруун дээд үүдэн 1-р шүдний хазах гадаргуун дотор булангийн эмтрэл зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн “...2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр,... ариун цэврийн өрөөний шал, цус мэтийн хүрэн өнгийн зүйлээр бохирдсон. Ариун цэврийн өрөөнөөс гарч том өрөө лүү ороход газарт дэвссэн дрож, 2 орны цагаан хэрэглэл, ширээ бусад эд хогшил цус мэт зүйлээр бохирдсон ширээн дээр улаан өнгийн зүйлээр бохирдсон алчуур зэрэг байсан. Цонхны дэргэд байсан ширээн дээр цус мэтийн зүйлээр бохирдсон алчуур, тамхины иш зэргийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авсан. Ширээний дэргэд 10 см зайд байрлах суудлын диван болон газарт хагархай, цус мэтийн зүйлээр бохирдсон шилний хагархай хэсэг байх бөгөөд уг шилнүүдийг ул мөрийн баримтаар хурааж авсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 18-19/-р тал
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Наранжаргалын өгсөн “...Миний бие “Баянгол” зочид буудлын А корпуст зочин угтагчийн ажил хийдэг, өчигдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн орчимд утсаар үл таних эрэгтэй хүн залгаж “өрөө захиалъя” гэж өрөө захиалсан бөгөөд 22 цагийн орчимд үл таних 2 хүн ирж захиалсан буудлын өрөө болох 1210 дугаартай өрөө рүү орсон. Ингээд 01 цаг 20 минутын үед өөр нэг ирж тухайн 1210 дугаартай өрөө рүү орсон. Миний бие 1210 дугаартай өрөө рүү удаа дараа залгаж “3 хүн байж бодлохгүй, 1 хүн нь явах ёстой” гэтэл үл тоож тухайн өрөөнд 3-уулаа хоносон. Өглөө 08 цаг 05 минутад 1210 дугаартай өрөөнөөс анх ирсэн 2 залуугийн жижиг биетэй залуу нь гарч явсан бөгөөд миний бие 08 цаг 10 минутын орчимд 1210 дугаартай өрөөнд орж мини барны өрөөний зургийг дарж аваад буугаад байж байтал тухайн 2 залуугийн нэг нь “ цус гараад тогтохгүй байна” гэх зүйлийг ярьж би энэ дагуу давхрын жижүүр лүү ярьж 1210 дугаартай өрөөг шалгахад цус нэлэнхүй дээ асгарсан байдалтай байна гэж цагдаагийн байгууллага болон, эмнэлгийн тусламж дуудсан. Миний мэдэж байгаагаар өшлөө 08 цаг 05 минутад 1210 дугаартай өрөө рүү ороход ямар нэгэн зодоон болсон шинжгүй, бүх зүйл хэвийн байсан, тэдгээр 3 хүний Баяраа гэх хүн нь бичиг баримтаа үзүүлж буудлын бүртгэлд орж өрөө захиалсан. Зодуулсан хүн нь тухайн өрөө захиалсан Баяраа гэх хүн бөгөөд зодсон байж болзошгүй хүн нь сүүлд 01 цаг 20 минутын үед ирсэн эрэгтэй байсан. Уг хүнийг цагдаагийн байгууллагын ажилчид саатуулсан болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/-р тал,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 6518 дугаартай “...Баруун зүүн нүдний дээд, доод хөхөлбөр өнгийн цус хуралттай. Зүүн чамархайд мэс заслын оёдлын бүхий шархтай. Зүүн хөмсөгт мэс заслын 6 ширхэг оёдол, зүүн хацарт мэс заслын 1 оёдол бүхий шархтай. Зүүн дээд 3, 4 дүгээр шүд хазах гадаргуу эмтэрсэн. 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “Мед трамуа” эмнэлгийн толгойн КТГ-н шинжилгээний хариунд: Дух болон зулайн зүүн талд болон зүүн нүдний ухархай, хацар, эрүү орчмын эргэн тойронд зөөлөн эдэд 1,5 см хүртэл зузаантай цус хуралт болон сул хийн өөрчлөлтэй,... Суурь болон гавал яасанд хугаралгүй, бүтцийн өөрчлөлтгүй..., хамрын хянга ясанд болон хамрын таславч өмнөд хэсэгт бага зэрэг зөрүүтэй хугаралтай хамрын таславч зүүн тийш мурийлттай.
1. М.Баярмаагийн биед хамрын хянга яс болон таславчийн зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн чамархай, хөмсөг, хацарт шарх, зүүн дээд 3, 4 дүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42/-р тал,
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн “...2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №6518 дугаартай дүгнэлтэд дурдагдсан зүүн дээд 3,4 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдохгүй байна. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр М.Б-гийн биед хийсэн комисс шинжээч нарын хамтарсан үзлэгээр зүүн дээд 3-р шүд ёзоор төдий болсон, хорхойтож үрэвссэн, 4-р шүд буйлны түвшинд түүшин хэсэг үлдсэн эмгэг өөрчлөлттэй. М.Б-гийн биед хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, зүүн зүлайн хуйх, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхины шарх, баруун дээд үүдэн 1-р шүдний хазах гадаргуун дотор булангийн эмтрэл гэмтэл учирчээ. Уг баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл гэмтэл хэзээ үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 67-70/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Хын яллагдагчаар өгсөн “...Миний хувьд түүнийг цохихын хувьд цохисон. Бид хоорондоо харилцан цохилцсон. Тухайн үед хажууд хүн байгаагүй, Дондов аль эрт гараад явсан. Биднийг маргалдаж зодолдохыг харсан хүн байхгүй,... гэх мэдүүлэг /хх-ийн 79/-р тал зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн зүгээс өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550.000 төгрөгийн торгуулийн ял санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд шүүгдэгч Д.Хт холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс шүүгдэгч Д.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Гурав. Бусад
Шүүгдэгч Д.Х нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Д-ын Х-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /Таван зуун тавин мянга/-н төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Д.Х нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР