Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/00925

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 20 өдөр

            Дугаар 183/ШШ2017/00925

                        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 31-17 тоотод байрлах, “Ванлий хаус” ХХК /Регистрийн дугаар:5636671/-гийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсан стадион оргил, 29 дүгээр байр, 24 тоотод байрлах, “Роксолид констракшн” ХХК /Регистрийн дугаар:5676444/-д холбогдох 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ванлийхаус” ХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнэ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

 

Нэхэмжлэгч “Ванлийхаус” ХХК, захирал Д.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Роксолид констракшн” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр харилцан тохиролцож Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Тэмүүжин өрлөг” сургуулийн хичээлийн шинэ байрны барилгын гадна тохижилтын ажлыг 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр “Барилгын гадна тохижилтийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр барилгын ойр орчмын талбай, ногоон байгууламж, явган хүний автозам, хаяавч, нүүрэн хэсгийн шатны довжоо хэсэг зэрэг нийт 3800 мкв талбайг нэг метр квадратыг  20,000 төгрөгөөр тооцон нийт ажлын хөлсөд 60,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Уг үнэ зөвхөн ажлын хөлсний үнэ бөгөөд гэрээгээр түүхий эд материалыг “Роксолид констракшн” ХХК хариуцаж байсан.

Ажлыг гүйцэтгэх явцад захиалагч талаас барилгын урд хэсэг, гаражны хаалганы амыг бетондож цутгах, зүүн тийм харсан хаалганы гарцыг цутгаж битүүлэх ажлыг нэмэлтээр хийж гүйцэтгэхээр хүссэний дагуу харилцан тохиролцож 850,000 төгрөгний ажлыг нэмж хийсэн.

          Бид ажлыг 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэн. Захиалагч талын материалын нийлүүлэлт удааширснаас шалтгаалж ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хойшилж нийтдээ уг ажлыг 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүрэн дуусган, гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь гүйцэтгэж ажлаа хүлээлгэн өгсөн. Уг барилгыг улсын комисс хүлээн авч, одоо сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ хугацаанд 2014 оны 8 дугаар сарын 01-нд 1,000,000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 05-нд 1,500,000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 25-нд 15,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 20-нд 5,000,000 төгрөг нийтдээ 22,500,000 төгрөгийг төлсөн байна.

Ажлыг хүлээлгэн өгсний дараа 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г хоёр тал үйлдэж, “Роксолид констракшн” ХХК нь 38,350,000 төгрөгний өртэй байгааг баталгаажуулсан. Ажлыг хүлээлгэн өгөхөд акт үйлдээгүй. Харин маргааш нь тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан нь хүлээж авсан  гэдгийг илэрхийлж байгаа. Үүнээс хойш төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч санхүүжилт орж ирсний дараа төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Иймд тус компаниас 38,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Роксолид констракшн” ХХК шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч “Ванлий хаус” ХХК нь “Роксолид констракшн” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38,350,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “Роксолид констракшн” ХХК нь нэхэмжлэлийн хувийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гардан авч, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн өнөөдрийн шүүх хуралдааны товыг хүргэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

Нэг талаас нэхэмжлэгч “Ванлийхаус” ХХК, нөгөө талаас “Роксолид констракшн” ХХК харилцан тохиролцож, Гүйцэтгэгч нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Тэмүүжин өрлөг” сургуулийн хичээлийн шинэ байрны барилгын гадна тохижилтийн ажил буюу гэрээнд заасан нийт 3800 мкв талбайн тохижилтийн ажлыг захиалагчийн материалаар Барилгын тухай хууль, норм, дүрэмд нийцүүлэн 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх, Захиалагч нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалыг нийлүүлэх, нэг мкв талбайг 20,000 төгрөгөөр тооцон нийт 60,000,000 төгрөгний хөлсийг ажил эхлэхээс өмнө 20 хувь, ажлын явц 60 хувь хийгдсэн үед 50 хувь, ажлыг дуусгасны дараа үлдэх 30 хувиар тус тус хуваан хөлсийг төлөхөөр тус тус харилцан тохиролцож 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 01 тоот “Барилгын гадна тохижилтийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулжээ. /хх 6-7/

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх ба хуульд зааснаар захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлсийг гүйцэтгэгчид төлөх үүргийг хүлээх тул нэхэмжлэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн, ажлын хөлс 60,000,000 төгрөг авахаас 22,500,000 төгрөг хүлээн авсан, захиалагчийн хүсэлтээр гэрээний хугацаанд 850,000 төгрөгний нэмэлт ажлыг хийж гүйцэтгэсэн, гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулаагүй ч амаар энэ тухай харилцан тохиролцож нэмэлт ажлыг хийсэн, тооцооны үлдэгдэл баталгаажуулсан актад дээрх нэмэлт ажлын хөлсийг нэмж тооцсон байдлаас захиалагчийн хүсэл зоригийн дагуу нэмэлт ажил хийгдсэн гэдэг нь батлагдана гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлав.

Хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан актад талуудын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны хоёр байгууллагын өгсөн авсан зүйлийг нийлж үзвэл хариуцагч “Роксолид констракшн” ХХК нь “Ванлийхаус” ХХК-д 38,350,000 төгрөгний өртэй болохыг баталж, улмаар тус байгууллагын тамга тэмдэгээр баталгаажуулсан байна.  /хх-8/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээх бөгөөд хариуцагч нь дээрх төлбөр тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан баримтын талаар шүүхэд маргаагүй байна.

Иймд хариуцагчаас 38,350,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

      

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар “Роксолид констракшн” ХХК-иас 38,350,000 /гучин найман сая гурван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ванлийхаус” ХХК-д олгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 349,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            О.ОДГЭРЭЛ