| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2022/0045/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/68 |
| Огноо | 2022-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/68
2022 01 12 2022/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,
Улсын яллагч И.Мөнхцэцэг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Ж-ын Э-т холбогдох эрүүгийн 2109 01615 0007 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, ойжуулагч мэргэжилтэй, Алтан Хийморь хоршоо ХХК-д үйлчлэгч, эсргүүчин ажилтай, ам бүл 2, охины хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 16-67 тоотод оршин суух хаягтай, Б овогт Ж-ын Э /РД:0000000000/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 17-21 тоотод 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Л.Атай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, ир үзүүртэй зүйл болох хутгаар хатгаж баруун дал хэсэгт сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 17-21 тоотод 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Л.Атай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, ир үзүүртэй зүйл болох хутгаар хатгаж баруун дал хэсэгт сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Аын өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед хамтран амьдрагч Э-н хамт найз А-н гэр болох Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь ирсэн. Бид гурав 2 шил 0.75 литрийн архи хувааж уугаад 18 цаг 30 минут өнгөрөөд Энхцэцэгтэй хамт гэр рүүгээ очоод хоол идчихээд унтах гэхэд намайг унтуулахгүй болохоор нь би А-д очиж хонолоо гээд гараад явсан. Би А-д 19 цагийн үед ирчхээд байж байхад Э ирээд намайг дуудаж гаргаж ирээд намайг алчихъя гээд хутга барьсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би намайг алуул алахгүй юу гэж хэлээд А-ийн гэр рүү эргэтэл Э миний нуруу хэсэг рүү цохих шиг болсон. Тэгээд А-хийн гэрт ороход А надад хандан чиний нуруунаас цус гараад байна гэж хэлэхээр нь цамцаа тайлаад хартал миний далан дээр хутгалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Б-ын өгсөн “...намайг очих үед нэг залуу намайг тосоод хашааны гадна хүлээж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад эхнэр зүсчихсэн гэж ярьж байсан бөгөөд цамцыг нь сөхөөд үзэхэд баруун далны доод хэсэгт 2-3 см орчим өнгөц зүсэгдсэн шархтай байсан бөгөөд би шархыг нь ариутгаад 2 оёдол тавьж өгсөн. Тухайн шарх нь амь наснаас хол цээжний хөндий рүү нэвтрээгүй тул дүүргийн амбулаториор явж үзүүлэх шаардлагатай гэдгийг зөвлөж бичиж өгөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/-р тал,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12042 дугаартай “...Л.А-ын баруун даланд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45/-р тал,
Хохирогч Л.А-ын гаргасан “...Хамтран амьдрагч *******-т ямар нэгэн гомдол, санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн /-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн “...Амаржаргал руу очиход буцаад А-н гэр рүү орсон. Тэгэхээр нь би араас нь далан дээр нь хутгаараа нэг удаа цохисон. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/-р тал,
Шүүгдэгч *******-ийн “...Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 61/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Хохирогч болон шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн торгуулийн ял санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргийг судалж үзээд шүүгдэгч *******-т холбогдох хэргийг прокурорын саналын хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч Л.А нь шүүгдэгч *******-т ямар нэгэн байдлаар гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Гурав. Бусад
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж-ын Э-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР