Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/113

 

          

 

 

 

  2022         02          10                                    2022/ШЦТ/113

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Галхүү,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-н Т-т холбогдох эрүүгийн 2109000001647 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Өнгөлөг хот Пасад угаалгын төвд угаагч  ажилтай, ам бүл 2, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 22-50 тоотод оршин суух хаягтай Бангаанхан овогт Г-ын Т /РД:0000000000/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Черригийн 22 дугаар байрны 50 тоотод согтуурсан үедээ өөрийнхөө гэрт байсан иргэн Т.Ц-г хутга барьж ална хэмээн айлган сүрдүүлсний улмаас түүнийг 3 давхрын тагтнаас үсэрч амиа хорлоход хүргэж, улмаар эрүүл мэндэд нь бүсэлхийн хоёрдугаар нугалмын дээд ирмэгийн сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

-Мөн тухайн өдөр дээрх тоотод түүнийг үл ойлголцлын улмаас зодож эрүүл мэндэд нь баруун доод, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн хөхлөг сэртэн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруу болон хууль хэрэглээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Черригийн 22 дугаар байрны 50 тоотод согтуурсан үедээ өөрийнхөө гэрт байсан иргэн Т.Ц-г хутга барьж ална хэмээн айлган сүрдүүлсний улмаас түүнийг 3 давхрын тагтнаас үсэрч амиа хорлоход хүргэж, улмаар эрүүл мэндэд нь бүсэлхийн хоёрдугаар нугалмын дээд ирмэгийн сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

-Мөн тухайн өдөр дээрх тоотод түүнийг үл ойлголцлын улмаас зодож эрүүл мэндэд нь баруун доод, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн хөхлөг сэртэн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Ц-ын өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 21 цагийн үед хамаатны дүү болох Мтэй уулзахаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 22 дугаар байрны 50 тоотод ганцаараа ирсэн бөгөөд намайг очиход М ганцаараа байсан бөгөөд удалгүй М, Ч 2 орж ирсэн. Ч, М 2 нэлээд согтолттой байсан бөгөөд Ч нь над руу хараад юун эрэгтэй хүн байгаа юм гэж хэлээд миний цээж рүү 2 удаа цохисон. Тэгэхэд М наад хүч чинь манай хамаатны ах шүү дээ гэж хэлэхэд Ч нь уучлаарай хөгшөөн би одоохондоо хадмын талын хүмүүсээ сайн таньдаггүй юм гэж хэлсэн. Тэгээд бид 2 адууны талаар ярилцаж байтал Ч шууд миний зүүн шанаа руу цохиод дараа нь орилж байгаад миний цээж болон зүүн чих рүү нэг нэг удаа өшиглөсөн бөгөөд М,  М нар голоор орж салгасан бөгөөд М надад хандаж, Мг аргадаж байх хооронд чи чимээгүйхэн гараад явчих гэж хэлсэн. Тэгээд би хажуугаар нь гарах гэтэл Ч дахиад миний хөл рүү өшиглөөд орон дээр суу гэхээр нь би суусан. Тэгэхэд Ч гэрийнхээ хаалгыг цоожлон өөрөө гэрийнхээ түлхүүр аваад надад тамхи асааж, өгөнгөө нэг аяга шар айраг өгөөд наад тамхи, шар айраг хоёр чинь чиний сүүлийнх байх болно гэж хэлээд шүүгээнээс хутга гаргаж ирэхэд М, М хоёр урдуур нь орсон ба Ч хэлэхдээ та хоёр холдохгүй бол өртөнө шүү гэж хэлсэн. Энэ үеэр миний ард тагт байсан ба би Чгөөс айхдаа шууд тагтан дээр гараад доошоо үсэрсэн. Тэгээд босоод хувцасныхаа тоосыг гөвөөд зогсож байтал хажуугаас нэг ах хөөе чи чинь яадаг хүүхэд бэ үхлээ шүү дээ гэж хэлсэн. Тэр үед Ч тагтан дээр гарч ирээд чамайг ална гээд хутгаа барьчихсан орилж байсан. Тэгээд би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Мгийн өгсөн “...Нөхөр Г.Тийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 22 дугаар байрны 3 давхар 50 тоот гэртээ 23 цагийн үед гэртээ орж ирэхэд М үл таних залуутай хамт байсан. Тухайн үед манай нөхөр бид 2 жаахан шар айраг уучихсан байсан бөгөөд манай нөхөр Мийг гэртээ танихгүй эрэгтэй хүн авч ирсэн гэж уурлаад нөгөө залууг цохиод авсан. Тэгтэл М энэ хүн чинь манай хамаатны ах гэж хэлсэн бөгөөд тэгэхэд би манай хамаатны Т.Ц гэдгийг мэдэж авсан ба өмнө нь би уулзаж байгаагүй болохоор огт таньдаггүй байсан. Ингээд шар айраг уугаад сууж байхад Ц ах Т-т хандан “Би чамд хурдан даага өгнө” гэж хэлэхэд манай нөхөр “...хэдий би юм мэдэхгүй ч гэсэн энэ хээлтэй гүүний зураг байна, чи доромжлоод байна уу...” гэж уурлаад “...Би чамайг ална, энэ чиний татах сүүлийн тамхи байх болно...” гэж хэлээд гал тогооны шургуулгаас хутга авах гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-54/-р тал,

Хохирлын мөнгө төлсөн талаарх баримт /хх-ийн 38/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Тийн яллагдагчаар өгсөн “...Т.Ц нь надад хурдан даага бэлэглэнэ гэж хэлчхээд хээлтэй гүүний зураг үзүүлсэнд би уурласан юм. Тэгээд би чамайг ална гэж хэлсэн. Би тухайн үед ална гэж хэлэхдээ гартаа хутга барьчихсан байсан. Мөн би Т.Ц-ын нүүрэн тус газар руу 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 5/-р тал зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч Г.Тийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч Г.Тийг тухайн гэмт хэргийн үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дүгнэлт хийхдээ “...Хохирогчид харгис, хэрцгий хандсан, эсхүл нэр төр алдар хүндийг нь байнга гутаан доромжилсон...” гэсэн ерөнхий 2 агуулгаар авч үзэж болно.

Харгис хэрцгий хандах гэдэг нь гэм буруутай этгээдээс “...хохирогчтой байнга өрөвдөх хайрлах сэтгэлгүйгээр хандахыг...” ойлгох бөгөөд энэ нь өөрийн хэр хэмжээний хувьд өргөн ойлголт, үнэлэмжийг өөртөө багтаана.

 Өөрөөр хэлбэл хохирогчид сэтгэл зүйн болон биеийн хүнд дарамт учруулсан байхыг ойлгох бөгөөд үүн дотроо зодох, тарчлаах, доромжлох, хоол, хүнс, ус, унд болон амьжиргаа, эмнэлгийн тусламжаас нь салгах, хүнд хөдөлмөрөөр дарамтлах, орон байрнаас нь хөөх, мөрдөн мөшгөх зэрэг шууд чиглэсэн гэм буруутай санаатай үйлдлүүд хамаарна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь аливаа гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог нэгэн төрлийн зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

Түүнчлэн гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үзэх бөгөөд гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар гаднын ямар нэгэн нөлөөгүйгээр тухайн хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харвал шүүгдэгч Г.Т нь хохирогч Т.Ц-г ямар нэгэн учир шалтгаангүйгээр зодож, дарамталсан, хутга барин айлган сүрдүүлсэн гэх үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай дээрх үйлдэл болон хохирогч Т.Ц-н 3 давхраас үсэрсэн үйлдэл хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой, тухайн гэмт хэрэг гарахад бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч Г.Тийн хохирогч Т.Ц-г зодож, дарамтлан, хутга барин ална гэж айлган сүрдүүлж байгаа үйлдлийг хохирогчийг хий сүрдүүлсэн сүрдүүлэг гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Тийн гэм буруутай үйлдэл нь бусдыг дарамталж, өөрийн эрхшээлдээ оруулах, хохирогчийг тарчлаан зовоох гэсэн идэвхтэй үйлдлээр илэрч байгаагийн зэрэгцээ ярилцах замаар ойлголцох ямар ч бодолгүй байгаагийн илэрхийлэл юм.

Нөгөөтээгүүр хохирогч Т.Ц нь шүүгдэгч Г.Төөс айхдаа 3 давхраас үсэрсэн талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх бөгөөд хамгийн гол нь хохирогч үсэрснээр амиа алдах бүрэн боломжтой гэдгээ ойлгож, ухамсарлаж байсан ч аргагүй эрхэнд хийсэн үйлдэл мөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл бусдыг амиа хорлоход хүргэх гэдэгт заавал хэн нэгний гэм буруутай хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас сэтгэл санааны хямралд орсон хохирогч этгээдийн аргагүй эрхэнд хийсэн өөрийн амь, нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц бүхий л үйлдлүүд хамаарна.

Түүнчлэн шүүгдэгч Г.Т нь хохирогч Т.Ц-г зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №11557 дугаартай дүгнэлт болоод шүүгдэгч Г.Тийн “...Би тэр залуугийн нүүрэн тус газар 2-3 удаа цохисон гэх мэдүүлэг...”, гэрч Т.Мгийн “...Манай нөхөр уурлаад Ц ахын нүүрэн тус газарт нь цохисон...” гэх мэдүүлэг, хохирогч Т.Ц-ын “...Ч гэх залуу энэ юун эрэгтэй вэ гэж хэлээд миний цээж рүү 2 удаа цохисон, дараа нь миний шанаа хэсэг рүү, зүүн чих рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд улсын яллагчаас шүүгдэгчийн дээрх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн...” гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  03 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлэх...” саналыг гаргасан бол шүүгдэгч Г.Тийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.  

Шүүхээс шүүгдэгч Г.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлөгдсөн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 сарын зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 02 жил, 03 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Гурав. Бусад

Хохирогч Т.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгчээс ямар нэгэн төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Г.Т нь хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд шүүхээс шүүгдэгч Г.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн хохирогч Т.Ц нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Т нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан болохыг дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Т-ыг “...Хүнийг амиа хорлох нөхцөл байдал хүргэх...” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-“...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч Г.Тт 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 сарын зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Тийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 02 жил, /хоёр/ 03 /гурав/-н сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт оногдуулсан 02 жил, /хоёр/ 03 /гурав/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Т.Цогтбаяр нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Г.Төөс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

6. Шүүгдэгч Г.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР