| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2022/0013/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/133 |
| Огноо | 2022-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/133
2022 02 14 2022/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагч Я.Мөнхзаяа,
Шүүгдэгч, хохирогч *******,
Шүүгдэгч, хохирогч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Б, Т овогт Д-ийн М нарт холбогдох эрүүгийн 2109 01270 1494 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, худалдааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн дэнжийн 1-4 тоотод оршин суух хаягтай, Товогт Д-ийн М /РД:00000000/,
Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, холбооны баг мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 34-28 тоотод оршин суух хаягтай, Б овогт Б-ын Б /РД:00000000/,
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч******* нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хусхан” Паб-д хохирогч *******тай “тооцоо хийсэнгүй” хэмээн маргалдаж, зүүн гарыг нь хумсалж, чигчий хурууг нь арагш дарж, зүүн чигчий хурууны 2-р үеийн суналт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хусхан” Паб-д хохирогч*******тай “тооцоо хийсэнгүй” хэмээн маргалдаж, түүнийг заамдах, нүүр рүү нь цохих зэргээр зодож, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, хүзүү, баруун гарын 3-р хуруу, баруун шилбэний зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар******* нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хусхан” Паб-д хохирогч *******тай “тооцоо хийсэнгүй” хэмээн маргалдаж, зүүн гарыг нь хумсалж, чигчий хурууг нь арагш дарж, зүүн чигчий хурууны 2-р үеийн суналт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хусхан” Паб-д хохирогч*******тай “тооцоо хийсэнгүй” хэмээн маргалдаж, түүнийг заамдах, нүүр рүү нь цохих зэргээр зодож, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, хүзүү, баруун гарын 3-р хуруу, баруун шилбэний зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******-гийн гэрчээр өгсөн “...Маралтуяа нь тооцооны асуудлаас болж текний араар орж ирээд миний гар утсыг булааж аваад газар шидчихээр нь би ээждээ хандаж энэ хүүхнийг гаргаад өгөөч гэхэд цаад талын гал тогооноос манай ээж гарч ирээд нөгөө хүүхнийг гар гээд хөөтөл шууд манай ээжийг өшиглөөд үүд рүү унагаачихсан. Тэгэхээр нь би уурлаад гар гэж хөөхдөө цамцнаас нь зууртал миний чигчий хурууг хумслаад гарын чигчий хурууг хумслаад арагш нь дарчихсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч*******-гийн өгсөн “...Паб-д хамт ажиллаж байсан тэр хөгшин эгч хүртэл намайг зодох гэж дайрсан. Текний ард сууж байсан хүүхэн шууд над руу гараараа цохисон. Хэдэн удаа ч цохисон талаар би мэдэхгүй байна. Яг зодоож болж байхад манай 2 найз гадаа байсан болохоор яг юу болсон талаар сайн хараагүй. Миний биед учирсан зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, хүзүүний гэмтлийг текний ард сууж байсан 30 орчим насны хүүхэн учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.О-ийн өгсөн “...Нэг өдөр охин Б ээж гэж дуудахаар нь яваад очтол нэг хүүхэн төлбөрөө төлөхгүй байна гээд бөөн хэл ам болчихсон байж байсан. Тэгээд би тэр хүүхнийг гаргах гээд эгчийн дүү одоо гар, маргааш хүрээд ир гэхэд намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би гар гээд үүд рүү түлхэхэд намайг татаж ирээд үүдний шат руу араас өшиглөсөн. Тэгсэн цаанаас нь миний охин миний ээжийг чи яагаад өшиглөж байгаа юм гээд заамдаж аваад ноцолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/-р тал,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1074 дугаартай “...*******-гийн биед зүүн чигчий хурууны 2-р үеийн суналт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44/-р тал,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 9199 дугаартай “...Д.М-гийн биед зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, хүзүү, баруун гарын 3-р хуруу, баруун шилбэний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 14-15/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Ц.О-н өгсөн “...Зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацар хүзүүний гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун гарын 3-р хуруу, баруун шилбэний зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 41/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,
Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Өөрөөр хэлбэл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.О “...Шүүгдэгч*******гийн хохирогч *******гийн эрүүл мэндэд учруулсан зүүн чигчий хурууны 2-р үеийн суналт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл болоод шүүгдэгч *******гийн хохирогч*******гийн эрүүл мэндэд учруулсан зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, хүзүү, баруун гарын 3-р хуруу, баруун шилбэний зулгаралт, цус хуралт гэмтэл зэрэг нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос нэр бүхий шүүгдэгч нарын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.
Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харвал хэрэг учрал болсон өдөр******* нь *******гийн биед, ******* нь*******гийн биед халдсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд тэдгээрийн халдсан үйлдлийн улмаас хэн алиных нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Нөгөөтээгүүр нэр бүхий шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрсдийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй, өөрсдийн гэм бурууг хэн нэгний дарамт шахалтгүйгээр сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдвал зохино.
Иймд, шүүгдэгч*******г хохирогч *******гийн эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч *******г хохирогч*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгуулын ял оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлсан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч*******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт ял шийтгэл оногдуулах тухай улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч*******, ******* нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ялын шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарлаж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзсэн болно.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,*******, ******* нар нь тухайн гэмт хэргийн улмаас учирсанд тооцож, хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Д-ийн М-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч Б овогт Б-ын Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүгдэгч*******, ******* нарт тайлбарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.
5. Шүүгдэгч*******, ******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР